Open iToim app
Зочин | 13 мин уншина

Э.Цэндсүрэн: 'Шинэ Монгол Коосэн' сургууль оюутнуудаа ирээдүйд чадвартай инженер, зөв хүн болгон төлөвшүүлэхийг зорьдог

Э.Цэндсүрэн: 'Шинэ Монгол Коосэн' сургууль оюутнуудаа ирээдүйд чадвартай инженер, зөв хүн болгон төлөвшүүлэхийг зорьдог
Нийтэлсэн 2020 оны 5 сарын 20
Шинэ Монгол Технологийн коллежийн захирал Э.Цэндсүрэнтэй ярилцлаа. Тэрээр өөрөө Шинэ Монгол сургуулийн төгсөгч бөгөөд Японы Мабүчи Моторс компанийн тэтгэлгээр тус улсад суралцаж, төгссөн нэгэн юм. Бид Коосэн боловсролын хөтөлбөрийн онцлог, давуу тал, хүүхдүүдийн мэргэжил сонголтын талаар ярилцлаа.
-Япон улсын хөгжлийн нэг тулгуур нь “Коосэн” загварын боловсролын тогтолцоо байсан гэдэг. Та энэхүү сургуулийн талаар тодорхой ойлголтыг өгөхгүй юу. Яагаад Японы хөгжлийн тулгуур гэж тодорхойлдог юм бэ?
-Коосэн сургууль бол Японы инженерийн дээд боловсролын байгууллага. Уг сургууль нь 15 настай хүүхдүүдийг элсүүлж, 20 настайд нь инженер болгон төгсгөдөг давуу талтай. Таван жилийн хугацаанд сурагчид онолын мэдлэгийг хөтөлбөрийнхөө 50 хувьд, туршилт, дадлагыг 50 хувьд нь үздэг. Тиймээс онолоо мэддэг хэрнэ, гагнуур, токер зэрэг мэргэжлийн ур чадварыг давхар эзэмшсэн, ажлын байранд бэлтгэгдсэн 20 настай инженерүүдийг хөдөлмөрийн зах зээлд гаргадаг онцлогтой хөтөлбөр юм.
Япон улсад1962 онд анхны Коосэн байгуулагдсан түүхтэй. Тухайн үед тус улсад аж үйлдвэр эрчимтэй хөгжиж эхэлснээр боловсон хүчний эрэлт, хэрэгцээ маш өндөр болж ирсэн байдаг. Тиймээс Япон улс эртнээс ирээдүйн боловсон хүчнээ бэлдэх зорилгоор Коосэн сургуулиудыг олноор байгуулсан нь маш их амжилт олж, олон талаараа улсын хөгжилд жинтэй хувь нэмрээ оруулсан гэж үздэг. Япончууд өнөөдөр Коосэнгийн төгсөгчид өнөөгийн дэлхийд тэргүүлэх тус улсын аж үйлдвэрийн хөгжлийн хамгийн том түлхэх хүч байсан гэж ярьдаг.
-Энгийнээр  бол Японы “Sony”, “Honda”, “Toyota” гэх том корпорацууд Коосэнгийн төгсөгчдийн нуруун дээр боссон гэж ойлгож болохнээ?
-Тийм. Коосэн сургуулиуд үйлдвэрүүдэд яг зургаа хараад юу хийхээ мэддэг, онол-дадлагаар мэргэжилдээ мэргэшсэн, аливаа бүтээгдэхүүнийг гардан бүтээдэг залуу боловсон хүчнийг маш ихээр амжилттай нийлүүлж чадсан байдаг. Ийнхүү Япон улс богино хугацаанд чадварлаг боловсон хүчнийг олноор бэлдсэнээр аж үйлдвэрлэл хурдан хугацаанд, өндөр хөгжиж чадсан.
-Япон улс өнөөдөр 60 жилийн өмнөх зорилтдоо хүрчихсэн хөгжлийнхөө бараг оргилд тулсан гэж хэлж болохоор болсон. Тэгэхээр Коосэнгийн хэрэгцээ шаардлага өнөөдөр хэр өндөр байгаа вэ?
-Япон улсын дэд бүтэц, үйлдвэрлэл гэх мэт бараг бүх салбар нь өндөр төвшинд хүрч, нийгэм нь тодорхой хэмжээнд “ханасан” байдалтай байна. Гэтэл дэлхий дахинд хөгжлийн нилээдгүй өвөрмөц чиг хандлага бий болж, өөр эрин зуун эхлэн хүн төрөлхтөн тэс өөр оюун санаа, өнгө төрхтэй болж ирж байна л даа. Япон улсад ч гэсэн энэхүү өөрчлөгдөн буй дэлхийд “гарч ирэх”, үүний тулд хуучин тогтолцоондоо шинэ салхи оруулах шаардлага үүсч байгаа юм. Япон улс өөрсдийн томоохон “брэнд” болох боловсролын загвараа гадагш экспортлох зорилт дэвшүүлсэн нь өнөөдөр туршилтаар хэрэгжүүлсэн эхний орон болох Монгол Улсад амжилттай хэрэгжиж, өнөөдөр зургаа дахь жилдээ Монголын гурван Коосэн сургууль үйл ажиллагаагаа үргэлжлүүлж төгсөгчдийнхөө чанар, амжилт, төгсөлтийн дараах карьераар бахархаад сууж байна. Энэ дашрамд, Монгол улсад инженерийн боловсрол олгох Коосэн сургууль маш олон хувь хүн, байгууллагуудын итгэл үнэмшил, нөр их зүтгэл, туслалцаа дэмжлэгтэйгээр байгуулагдсаныг дурдах нь зүйтэй байх.
-Монгол Улсын хувьд аж үйлдвэр хурдацтай хөгжих гараан дээрээ ирээд байгаа. Хүн амын бүтцийн хувьд ч дийлэнх нь залуучууд байна. Энэ утгаараа Японы Коосэн боловсролын систем манай улсад нэн шаардлагатай боловсон хүчнийг бэлдэхэд том түлхэц болж байгаа гэдэгтэй маргах хүн ховор байх. Энэ сургалтын хөтөлбөрийг Монголд хэрхэн авчирсан бэ?
-Монгол Улс эдийн засгаа тэлэх, аж үйлдвэрийг хөгжүүлэх бодлогыг эрчимтэй хэрэгжүүлж эхэлсэн. Тиймээс тэр хөгжлийг авчрах мэргэшсэн боловсон хүчнийг бэлдэх шаардлагын үндсэн дээр Японы Засгийн газрын (Монбушо) тэтгэлгээр тус улсын коосэн (коллеж) болон их сургуульд суралцсан төгсөгчид анх Монголд Коосэн сургууль зайлшгүй байх хэрэгтэй юм байна гэдэг зорилгод нэгдсэнээр энэхүү хөтөлбөрийг эх орондоо авчрах ажлыг эхлүүлсэн байдаг. Энэ асуудал 2008 оноос яригдсаар 2014 онд Монголд анхны Коосэн сургууль нээгдсэн түүхтэй.
-Коосэнд элсэн суралцах хүсэлтэй хүүхдүүд инженер болох хүсэл зорилгодоо хөтлөгдөхийн зэрэгцээ  Японд тэтгэлгээр суралцуулах боломжийг харж тус сургуульд элсдэг юм шиг санагддаг. Тэгвэл Япончууд яагаад хүүхдүүдээ Коосэн сургуульд сургадаг вэ? Мөн сургалтын төлбөр болон тус сургуулийн хүүхдүүд стипендэд хамрагддаг эсэх талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Япон улсад хүүхдээ эртхэн ажлын байран дээр гаргая гэсэн зорилготой, ажлын байран дээр цалин авангаа маш олон чадварт хүүхдээ сургах  хүсэлтэй, бүхий л түвшний айлууд Коосэнг сонгож хүүхдүүдээ суралцуулах тал их ажиглагддаг. Энэ нь нэг талдаа өсвөр насны хүүхдүүдээ эртхэн биеийг нь даалгуулчихдаг сайн талтай. Монголд ч гэсэн Коосэн сургуулийг үүсгэн байгуулах нэг зорилго нь хүүхдүүд эртхэн биеэ даагаасай, инженер болоод улс, эх орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцоосой гэдэг зорилго байсан. Манай улсад өнөөдөр хамгийн их биеэ даах хэрэгтэй байгаа хүмүүс нь эрэгтэй хүүхдүүд байна. Дээрээс нь Коосэн сургуулиуд инженерийн боловсрол олгож байгаа гэхэд төлбөрийн хувьд тийм ч өндөр биш,  аль ч давхаргын айлууд хүүхдүүдээ сургаад, өндөр боловсрол эзэмшүүлэхэд тохиромжтой байгаа. Анх сургалтын төлбөрөө тогтоохдоо Монголын нийгэмд судалгаа хийж дундаж давхаргын айлуудыг онцлон үзсэн нь ийм учиртай. Мөн Монголд байгаа гурван Коосэн сургуулийн хувьд ч энэ зорилгыг хангахын тулд тогтмол хамтран ажиллаж төлбөрөө ижилхэн аль болох бага байлгах тал дээр анхаардаг.
Ер нь өндөр хөгжсөн аль ч орны эдийн засаг, хөгжлийн гол тулгуур нь дундаж давхаргын айл өрхүүдийн нуруун дээр тогтдог. Япон улсын хувьд боловсролтой, мэргэшсэн, өндөр ёс зүйтэй, сахилга баттай дундаж давхаргыг олноор бий болгохын төлөө Коосэн боловсролын системийг төрийн бодлогоор бий болгосон. Нэгэнт чадварлаг дундаж давхарга бий болсноор ямар ч нийгмийг бүхэлд нь аваад явчихдаг. Энэ бол улсын хөгжлийн суурь нь боловсролын системээсээ эхэлдэг гэх олон жишээний нэг юм. Монголд өнөөдөр маш олон хүн дундаж давхаргыг олноор бий болгох ёстой, тэднийг дэмжих хэрэгтэй гэдэг зүйлийг ярьж байгаа. Энэ бол маш зөв. Тэр ч утгаараа Коосэн сургуулиуд Монголын ирээдүйн боловсролтой, өндөр ёс суртахуунтай иргэдийг бэлдэх ёстой гэх зорилго, концепцын доор байгуулагдаж, ажилласаар байна.
Стипендийн хувьд Коосэн сургуулийн оюутнууд нь дээд боловсрол эзэмшиж байгаа учир авдаггүй. Монгол улсын боловсролын тухай хуульд дээд боловсролын дөрвөн зэрэг байдаг. Үүнд: Дипломын, Бакалаврын, Магистрын, Докторын зэрэг багтана. Коосэнгийн оюутнууд нь Дипломын дээд  боловсролтой инженерүүд болж сургуулиа төгсдөг гэсэн үг. Иймд энэ нь МСҮТ-ийн сургалтаас огт өөр гэдгийг онцлох хэрэгтэй. Тэгэхдээ бид Коосэн сургуулийг сонгон суралцаж 20 наснаасаа эхлэн нийгэмд байр сууриа эзлэх эдгээр залуу боловсон хүчнийг төр, засгаас дэмжихийг маш их хүсч байгаа. Иймд ч энэ чиглэлээр санал, хүсэлт, дуу, хоолойгоо хүргэсээр ирсэн. Цаашид ч энэ төрлийн ажлыг улам идэвхжүүлж үр дүнд хүрэхийг тэргүүн эгнээнд зорьж ажиллана.
-Үнэхээр чадвартай боловсон хүчин байлаа гээд орчин үед хувь хүний хандлагыг чухалчлах болжээ. Шинэ Монгол сургуулийг хараад байхад дан ганц хичээл гэхээсээ илүү сурагчдын хувь хүний хөгжил, төлөвшилт, ёс зүй гэдэг зүйлд түлхүү анхаардаг шиг санагддаг. Манайд ийм давуу тал байна уу. Эсвэл Коосэн хөтөлбөрийн зарчим өөрөө ийм хүний хөгжилд чиглэсэн байдаг уу?
-Инженер болох гэж байгаа хүнд тодорхой зарчмууд шаардлагатай. Яалт ч үгүй өнөөгийн нийгэмд сахилга бат, хувь хүний хөгжилтэй холбоотой үндсэн зарчмууд дутагдалтай байгаа нь ажиглагддаг. Ер нь аливаа зүйлийг дээшлүүлэхийн тулд дутагдалтай байгаа зүйлийг сайжруулахад төвлөрдөг шүү дээ. Манай сургуульд янз бүрийн хүмүүжил, төлөвшилтэй  айлын хүүхдүүд өөр өөр сургуулиас есдүгээр ангиа төгсөөд элсэн орж ирдэг. Дээрээс нь манай сурагчдын 80 орчим хувь нь өсвөр насны эрэгтэй хүүхдүүд. Тэгэхээр яах ч аргагүй тэр тал дээр нь төвлөрч ажилладаг. Энэ нь тухайн хүүхэд амжилттай суралцахад цаашлаад хүнтэй төдийгүй нийгэмд тулгарах бүхий л  асуудалтай төвөггүй харьцаж сурахад нь чухал нөлөө үзүүлдэг.
Их, дээд сургууль бол зөвхөн мэргэжлийн хичээлээ үзээд явчихдаг. Коосэн сургуулийн хувьд Монголд ч тэр, Японд ч тэр дан ганц бүрэн дунд боловсрол, инженерийн боловсрол эзэмшүүлэхээс гадна цаашид амьдралд гараад яах вэ, хэрхэн зөв иргэн байх вэ гэдэг дээр түлхүү анхаардаг. Харин Монгол дахь Коосэн сургуулийн онцлог бол карьер төлөвлөлт, ирээдүйд хаана ажиллах, тухайн суралцагчийн өөрийнх нь зорьсон, чаддаг, давуу чиглэл нь юу байна гэдгийг тодорхойлж, түүнд нь тохируулж цаашид дэвшин суралцах сургууль болон амьдралаа эхлүүлэх компанийг нь олж өгч, зуучилж, ажлын ярилцлагад бэлдэх зэргээр төгссөнөөс нь хойших карьерыг бүрэн шийдэж өгдөг.
Учир нь манай суралцагчид ирээдүйд дан ганц инженер болохгүй. Бүгд эцэг, эхчүүд болно. Аливаа нийгмийн хамгийн бага, суурь нэгж нь гэр бүл байдаг шүү дээ. Тиймээс нийгмийн энэ  чухал нэгжийг хүүхдээр дамжуулж гэр бүл, нийгмийн боловсролыг бага ч болтугай түгээх нь нь Коосэн сургалтын хөтөлбөрийн нэгэн зорилго гэж хэлж болох юм. Ер нь боловсролын байгууллага гэдэг утгаараа манай сургууль дан ганц хүүхдийг боловсруулахаас гадна том зургаараа нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах ёстой гэх үзэл баримтлалтай байдаг. Мэргэжлийн чадвараас гадна бие хүний хувьд бүрэн төлөвшсөн ийм залуус Коосэн сургуулиар дамжин манай нийгэмд олноор төрөн гарч эхлээд байна.  Цаашид ч нэмэгдэх учир Монгол Улсын ирээдүйн хөгжил илүү гэгээлэг таатай байх болно гэдэгт итгэлтэй байгаа.   
undefined
-Монголын Коосэнгийн анхны элсэгчид 2019 онд төгссөн. Танай сургуулиас л гэхэд 53 төгсөгч төрөн гарч, аль хэдийн хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөж эхэлсэн байгаа. Зарим нь Японд мэргэжил дээшлүүлж, ажил хийж байгаа гэж дуулсан. Ер нь Япончууд манай 20 настай залуу инженерүүдийг Япон залуусаас юугаараа давуу болон сул талтай гэж дүгнэж байна вэ?
-Манай 53 төгсөгчийн 23 нь Японы их, дээд сургуульд үргэлжлүүлэн тэтгэлэгтэйгээр суралцаж, мөн технологийн компаниудад мэргэжлээрээ ажиллаж эхлээд байна. Японы ажил олгогчдын хувьд тухайн хүний дипломын дүнг төдийлөн онцолж хардаггүй. Голдуу хувь хүний хандлага, таван жилийн хугацаанд юу сурсан, мэдсэн, өөрийгөө хэрхэн, яаж илэрхийлж байна гэдгийг түлхүү хардаг. Мэдээж хүн бүр хувийн онцлог, давуу болон сул талтай ч Японы ажил олгогчид Монгол хүүхдүүдийг аливаад маш их зорилготой, нүд нь гялалзсан, нэг тийм эрч хүчээр дүүрэн гэж тодорхойлдгоор нь давуу талыг нь нэрлэж болох юм. Энэ ч утгаараа Япон компаниуд шинэ эрч хүчийг хамт олондоо нэмэх зорилготой байна гэдгээ илэрхийлдэг. Харин манай хүүхдүүд мэргэжлийн төвшинд яг анхнаасаа Япон хэл үзээгүй учир бага зэрэг хэлний бэрхшээл тулгардаг. Тэрийг сул тал гэж хэлж болох юм. Гэхдээ манай хүүхдүүд маш дайчин учир энэ сул тал бол хоёр талтай, түр зуурын зүйл юм. Японы компаниуд шинэ ажилтнуудаа эхний гурван жилд дадлагажуулаад авах шинэ ажилтны хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Ер нь Японд ажлын байран дээр мэргэжлийн чадвараа илүүтэй сурах ёстой, сургуулиас аливаад суралцах арга барил, хандлага, төлөвшлийг олж авах ёстой гэдэг системтэй орон. Тиймээс ажил дээр гараад суралцах учир шинэ ажилтан авахдаа гол нь хандлагыг нь хардаг. Шинэ Монгол Технологийн коллежийн хувьд ч суралцагчдаа хүн болгож төлөвшүүлэх, зөв хандлага, харилцаанд суралцуулах тал дээр түлхүү төвлөрдөгийг дахин дурьдъя. Өнгөрсөн хугацаанд хийсэн энэхүү сургалт маань Японы ажил олгогчдод ч өндрөөр үнэлэгдэж, манай төгсөгчдийг маш дуртай ажилд авч байгаа.
-Цоо шинэ хөтөлбөрийг ийм төвшинд амжилттай хэрэгжүүлж байгаа нь Шинэ Монгол Технологийн коллеж болон Монгол дахь Коосэн сургуулиудын хувьд маш том амжилт билээ. Шинэ Монгол Технологийн коллеж анхны бүтээгдэхүүнүүд чамгүй амжилт гаргаж эхэлсэн. Та тэдгээрийн заримаас дурдахгүй юу?
-Манай төгсөгчид бүгд төгсөлтийн дараах карьераа нэгэнт олсон байна. Японд төдийгүй Монголдоо технологийн чиглэлээр мэргэжлээрээ ажиллаж, их, дээд сургуульд дэвшиж суралцаж байна. Тухайлбал, хамгийн сүүлд Японы Тоёохаши технологийн сургуульд манай таван сурагч дэвшин суралцаж байна. Түрүү жил шалгалтаа өгөөд тэнцсэн хүүхдүүд байгаа. Сая дөрвөн сард тусгай үүргийн онгоцоор сургуульдаа явсан. Хүүхдүүд маань одоо 14 хоног карантилагдангаа сургуулийнхаа бэлтгэл хөтөлбөрт давхар хамрагдаад явж байна. Эдгээр хүүхдүүдийн дөрөв нь цаашаа шалгалт өгөөд Японы Засгийн газрын тэтгэлгийг авсан. Коосэн сургуулийн бас нэг онцлог бол 20 настайдаа сургуулиа төгсөөд их сургуулийн гуравдугаар курсээс шууд кредитээ дүйцүүлээд хоёр жил суралцаад бакалавраа авчихдаг давуу талтай. Цаашаа бол үргэлжлүүлж суралцах эсвэл ажиллаад явах бүрэн боломжтой. Нэг хүүхэд нь Японы “Жассо” гээд өөр тэтгэлэг авах гээд материалаа бүрдүүлээд явж байна.
Мөн Монголд үйл ажиллагаа явуулдаг “Dentsu Data Artist” гээд Япон компанид манай таван төгсөгч ажиллаж байгаа. Энэ компани нь Япондоо бол “Google” юм уу даа. Хиймэл оюун ухаан хөгжүүлдэг компани байгаа. Манай суралцагчид сургуулиа төгсөөд л энэ компанид ажилд орсон. Одоо хоёр хүүхэд нь төвшин ахиад явж байгаа. Цаашаа Японд мэргэжил дээшлүүлэх бүрэн боломжтой. Мэдээж хүний амьдралын чухал зүйл нь болох цалин, урамшуулал нь хүртэл өндрөөр үнэлэгдэж, нэмэгдээд явж байгааг нь харахад үнэхээр сайхан байна.  Мөн нэг төгсөгч маань Хаан банкинд мэдээллийн систем хариуцсан мэргэжилтэн болоод явж байна. Барилгын инженерээр төгссөн хүүхдүүд яг барилга дээр талбайн инженер, мөн зургийн компанид ажиллаж байна. Химийн инженерийн төгсөгчид маань өөрсдөө бүтээгдэхүүн гаргах зорилго тавиад ажиллаж байгаа зэргээр бүгдийг нь тоочоод ярьвал олон сайхан амжилт, үр дүн байна.
-Шинэ Монгол Технологийн коллежийн хувьд төгсөгчидтэйгөө нэлээд эргэх холбоотой ажиллаж байгаа юм байна гэж дүгнэхээр байна. Эдгээр чадварлаг боловсон хүчин ирээдүйд эх орондоо хувь нэмрээ оруулах нь хамгийн чухал шүү дээ. Энэ тал дээр сургууль хэрхэн ажилладаг вэ?
-Мэдээж суралцаж төгсөөд Японд туршлага хуримтлуулаад, мөн тухайн компани нь хүнийг сургаад авч байгаа болохоор компанидаа хувь нэмрээ оруулаад дор хаяж 5-10 жил ажиллачих хэрэгтэй. Тэгээд 20 настай төгсөөд явсан залуус ойролцоогоор 30 настай болоод Монголдоо буцаад ирэхэд бид төгсөгчидтэйгөө эргэх холбоотой байх нь чухал. Анхны төгсөгчдийн маань “Төгсөгчдийн холбоо” байгуулагдаад эргээд дүү нартаа туршлагаа хуваалцах зэргээр сургуулийнхаа үйл ажиллагаанд туслаад ажиллаж байна.
Эцэст нь манай төгсөгчид сурсан, мэдсэн, хуримтлуулсан туршлагаа Монголдоо авчирч, Монголынхоо хөрсөнд цэцэглэн ургах нь хамгийн чухал. Монгол хүний онцлог бол гаднын орны бүх юм нь бэлэн, бүх зүйл нь бүрдчихсэн орчинд баригдах гэдгээс илүүтэй эх орондоо хувь нэмрээ оруулахыг тэмүүлдэг. Бид суралцагчдаа гадаадад байхдаа өөрийн Монгол гэх үнэт зүйлээ улам бүр хурцалж, эргээд түүнийгээ эх орондоо зориулах хэрэгтэй шүү гэдгийг суулгахыг зорьдог. Усыг нь уувал ёсыг нь дага гэж үг бий. Японд сурсан оюутнууд цаг барих, өндөр хариуцлагатай байх зэрэг тухайн орны соёлоос асар ихээр суралцаад ирдэг. Тэгэхээр дан ганц боловсрол, мэдлэгээс гадна иргэн хүнийхээ төлөвшлийн хувьд бэлэн болсон залуусынхаа хүчийг эргээд Монголдоо ашиглах нь хамгийн чухал. Ийм ч учраас сургуулийнхаа уриаг “Өөрийн гараар улсаа бүтээнэ”  гэж тодорхойлсон. Энэ урианд минь татагдаж ирсэн элсэгчид манай сургуульд цөөнгүй байдгийг бас дурьдахад таатай байна.
-Шинэ Монгол Технологийн коллежийн элсэлт эхэлчихсэн үргэлжилж байгаа. Коосэн сургуулиудад элсэх өрсөлдөөн бараг их сургуулийн конкурсаас ялгаагүй өрсөлдөөнтэй болсон. Энэ жилийн хувьд элсэлтийн онцлогууд юу байна вэ?
-Есдүгээр анги төгссөн хүүхдүүд Коосэн сургуульд элсэх боломжтой. Тэгэхээр элсэх хүсэлтэй хүүхдүүдийн хувьд сургуулийн зарчим, ирээдүйн зорилгыг ойлгож байгаа хүмүүс цуглаж байна. Манай дөрвөн мэргэжлээр жилд 140 хүүхэд элсүүлэн авдаг. Өмнөх жилүүдэд элсэлт хяналтын тоондоо хүрсээр ирсэн. Элсэх хүсэлтэй хүүхэд маш их байдаг учраас энэ жилээс элсэлтийн шалгалтын журамдаа өөрчлөлт оруулж элсэгчдээс зан төлөв шинжилдэг сэтгэлзүйн тестүүд авч инженер хүн болох эсэхэд нэмэлт мэдээлэл болгохоор шийдсэн. Дээрээс нь эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ “Ярилцлагын шалгалт”-д хамт ордог болж байна. Сургуулийн зүгээс эцэг эхчүүдтэй яг хүүхдээ инженер болгох уу? Энэ хүсэл зорилго дээр нь дэмжиж ажиллах уу? Эсвэл зүгээр л сургуульд даатгаад таван жилийн дараа яасан бэ?  Инженер болсон уу? биш энэ бүх хугацаанд хүүхэдтэйгээ хамт байх ёстой шүү гэдгийг ойлгуулахыг зорьж байна. Энэ жилийн элсэлтийн бүртгэл онлайнаар явагдаж эхлээд байна. Шалгалтын хувьд 6-р сарын 12, 13-ны өдрүүдэд байхаар бид төлөвлөж байна.
Ер нь хүүхдүүд элсэлтийн шалгалтад нээлттэй хүрэлцэн ирээд, өөрсдийгөө сориод үзэх хэрэгтэй. Өөрийнхөө суралцах арга барил, ирээдүйн мэргэжлээ тодорхойлох тестүүдийг хийлгээд авах хэрэгтэй. Ялангуяа ахлах ангийн сурагчид ирээдүйд эзэмших мэргэжлээ эртнээс сонгож, бэлдэх хэрэгтэй учир манай сургуульд ирээд нээлттэй зөвлөгөө аваад би яг инженер болох хүн үү эсвэл хөгжимчин болох хүн үү, маркетингийн хүн юм уу гэдгийг ярилцаад, сургуулийн ирээдүйн зорилго чиний зорилготой нийлж байвал ирээд суралцаарай гэж хүсч байна. Бид хүүхдэд маш олон талын, нээлттэй, уян хатан байдлыг санал болгодог. Хамгийн гол нь манай сургуулийн хамт олон та бүгдийг ирээдүйн Монгол Улсын хөгжилд хэрэгтэй тийм боловсон хүчин болгох зорилттойгоор хүлээж байна.  Би ч гэсэн өөрөө Шинэ Монгол сургуулийн төгсөгч хүн. Энэ сургуулиас сурсан, мэдсэн зүйлээ илүү олон хүнд түгээх юмсан гэдэг хүсэлтэй байсан учир Шинэ Монгол Технологийн коллежийг удирдаад ажиллаж байна. Манай сургууль зөв хүн болж төлөвших, дээр нь мэргэжлийн ур чадвар авах гэдэг ийм энгийн хэрнээ маш чухал  хоёрхон зүйлийг нийт суралцагчдадаа өгөхийг зорьдог.
-Цар тахал өнөөдөр хүн бүхэнд бидний өмнө нь огт анзаардаггүй байсан зүйлсийг эргэн харах боломжийг олгож байна. Аливаа зүйлийг цагийг нь тулгахаас илүүтэй эртнээс бэлдэх нь ямар их давуу талтай байдаг вэ гэдгийг харуулж байгаа. Коосэн сургуулиуд Монголын хөгжлийн түүчээ болох ирээдүйн боловсон хүчнийг эртнээс бэлдэж буй. Хоёулаа боловсрол гэж чухам юу вэ гэх асуултаар ярилцлагаа өндөрлье?
-Боловсрол олгох гэдэг үйл явц бол маш урт хугацааны үр дүн. Өнөөдөр сурсан зүйл арван жилийн дараа хэрэг болдог. Хүн төлөвшиж явсаар квантын  тасралтын цэг гэж байдаг шиг яг нэг цэгт ирээд сургуульд сурсан бүх юм нь гарч ирдэг, түүнийгээ ашигладаг.  Тиймээс боловсролыг урт хугацаанд харах хэрэгтэй. Магадгүй өнөөдөр нэг сурагчид ойлгуулах гээд чадахгүй яваад байгаа тэр зүйлийг тухайн  хүүхэд сонсоод яваад байгаа нь хэзээ нэгэн цагт, ирээдүйд түүнд хэрэг болно гэдэг сэтгэл зүйтэйгээр манай багш, хамт олон чин сэтгэлээсээ ажилладаг. Ер нь бол нийтээрээ ийм байх ёстой гэж боддог. Тийм болохоор аливаа зүйлийн өмнө амархан шантардаггүй байх хэрэгтэй. Бид нар ер нь аливаа зүйлээс их хурдан үр дүн гарахыг хүлээж, шаардаад байдаг. Харин боловсрол бол өнөөдөр үр дүн нь гарахгүй ч гэсэн ирээдүйд тэр сурагчид зайлшгүй хэрэг болсон байдаг тийм л зүйл.
-Ярилцсанд баярлалаа.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн