Open iToim app
Үйл явдал | 2 мин уншина

З.Цогтгэрэл: Ажил хаялт зогсоогүй, нийслэлийн 59 сургууль нэгдсэн

З.Цогтгэрэл: Ажил хаялт зогсоогүй, нийслэлийн 59 сургууль нэгдсэн
Нийтэлсэн 2018 оны 9 сарын 7
Засгийн газраас өчигдөр ажил хаялтыг зогсоох талаар хэлэлцээр хийх саналыг МҮОЭХ-нд хүргүүлсэн билээ. Уг саналд ажлын хэсэг байгуулах болон цалингийн зөрүүтэй байдлыг засах, цалинг нэмэгдүүлэх зэрэг таван асуудлыг тусгажээ. Эдгээр саналыг хүлээн авах боломжтой эсэх болон өнөөдрийн байдлаар ажил хаялт ямар цар хүрээтэй үргэлжилж байгааг Ажил хаялтыг удирдан зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч З.Цогтгэрэлээс тодрууллаа.
Тэрээр хэлэхдээ “Улсын төсөвт тодотгол хийж багш нарын цалинг нэмэгдүүлэх байр суурийг баримтална. Талууд төрийн албан хаагчдын цалингийн асуудлаар хамтарсан ажлын хэсэг байгуулж, тооцоо судалгаа хийж саналаа нэгтгэх тал дээр тохиролцоонд хүрч амжаагүй байна. Засгийн газрын хүргүүлсэн саналыг өнөөдөр буюу есдүгээр сарын 7-нд хэлэлцэнэ. Өнөөдөр хэлэлцээр хийж тохиролцоонд хүрэх эсэхийг шийднэ.  Ямар шийдвэр гарах талаар одоо мэдээлэл өгөх боломжгүй. Ажил хаялт өнөөдрийн байдлаар үргэлжилж, хүрээгээ тэлж байгаа. Өнгөрсөн өдрүүдэд нийслэлийн 47 сургууль нэгдээд байсан бол өнөөдөр 12 сургууль нэмэгдлээ. Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд 59 сургууль ажил хаялтад нэгдсэн байна.  Цаашид ч ажил хаялтад сургууль, цэцэрлэгүүд нэгдэнэ ” гэсэн юм.
Өнөөдрийн 11 цагийн байдлаар ажил хаялтад нэгдсэн мэдээллээ ирүүлсэн 12 сургуулийн жагсаалт:
-СХД 107-р сургууль, 82-р сургууль, 81-р сургууль
-ХУД 52-р сургууль
-БГД 28-р сургууль, 13 сургууль
-БЗД 87-р сургууль, 88-р сургууль, 68-р сургууль
-ЧД 5-р сургууль
-СБД-31-р сургууль, 4-р сургууль
Засгийн газрын зүгээс төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх чиглэлээр хүргүүлсэн 5 санал:
1. Төрийн албан хаагчдын цалинг 2019 оны 1 дүгээр сарын 1-ээс эхлэн нэмэгдүүлэх эх үүсвэрийн талаар байр сууриа нэгтгэн, 2019 оны улсын төсвийн төсөлд тусгуулах;
2. Төрийн албан хаагчдын цалинг 2014 онд нэмэгдүүлэх арга хэмжээ авахдаа боловсролын болон эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинд зөрүүтэй байдал үүсгэснийг засах;
3. Боловсрол, эрүүл мэндийн салбарын ажлын байранд хийсэн үнэлгээнд үндэслэн эмч, багш нарын ангилал, зэрэглэлийг шинэчлэх талаар санал нэгдэх;
4. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо хооронд 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан салбарын нэмэлт хэлэлцээрийн зорилт, МБШУҮЭХ-оос одоо тавиад байгаа шаардлагад тусгагдсан зөрүүтэй асуудлаар салбарын нэмэлт хэлэлцээг эхлүүлэн байр сууриа нэгтгэх;
5. Ажил хаялтын нөхцөл байдлын талаар 2018 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулсан бөгөөд Ерөнхий сайдаас ойрын хугацаанд улсын болон салбарын хэлэлцээг хийж, зөвшилцөлд хүрэх чиглэл өгсөн болно. Түүнчлэн Монгол Улсын Шадар сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга нартай Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын удирдлагуудтай уулзалт хийх чиглэл өгсний дагуу уулзалтын цаг товлох.
Шаардлагатай гэж үзвэл талууд төрийн албан хаагчдын цалингийн асуудлаар хамтарсан ажлын хэсэг байгуулж, тооцоо судалгаа хийж саналаа нэгтгэх нь зүйтэй гэж үзэж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн