Монгол Улсын шоо эвлүүлгийн хэд хэдэн төрөлд хоёр болон зургадугаарт эрэмбэлэгддэг “Монгени” цогцолбор сургуулийн 11а ангийн сурагч Б.Ринчинноров /Б.Р/, М.Сумъяабазар /М.С/ нартай ярилцлаа.
-“Монгени” цогцолбор сургуулийн сурагчид “Оюун ухааны академи”-тай хамтраад нэлээд жил өнгөрлөө. Энэ хугацаанд шооны спортод орж, улсдаа тэргүүлэх тамирчид болжээ. Амжилтынхаа талаар уншигчдад мэдээлэл өгөхгүй юү?
Б.Р: Анх шоог долоон жилийн өмнө барьж үзэж байсан. Харин гурван жил гаруйны өмнөөс тууштай хичээллэж, тамирчин болох зам руу орсон. Гурвалжин шоо эвлүүлгээр улсдаа 2.16 доолиор хоёрдугаарт, 2*2 шоогоор мөн хоёрдугаарт 1.90 доолиор эрэмбэлэгддэг.
М.С: Би ч мөн адил тууштай хичээллээд гурван жил гаран болж байгаа. Монголд болдог тэмцээний төрлүүд дэлхийн бусад улс орныг бодвол хязгаартай байдаг. Нэг тамирчин хэдэн төрөлд бүртгүүлэх вэ гэдгээс шалтгаалж төрөл нэмэх эсэх нь тодорхой болдог. Миний хувьд Монгол дахь шооны төрлүүдээс таван төрөлд “Топ-10”-ын тоонд багтдаг. Тэр дундаас онцолж хэлбэл 3*3-тай шоог нэг гараар эвлүүлэхэд рекорд нь 13.63 гэсэн хугацаатайгаар зургаад эрэмбэлэгдэж байгаа.
-Тэмцээнд орох үед сандрах тохиол олон гардаг байх. Сэтгэл зүйгээ хэрхэн бэлддэг вэ?
-Б.Р: Хаа сайгүй шоогоо эвлүүлдэг боловч тэмцээн дээр эвлүүлэхэд шал өөр байдаг. Тэмцээн дээр маш их сандардаг. Сандарлаа дарахын тулд ямар ч нөхцөлд эвлүүлэх чадвартай болтлоо л бэлдэх хэрэгтэй.
М.С: Тэмцээнд ороход сандрал хамгийн хэрэггүй зүйл. Сандарснаас болж гар, хөл чичирнэ. Үүнээс болоод гараас шоо халтирч унах эрсдэлтэй. Гар чичрээд байхаар өөрийн хүссэнээрээ шоогоо эргүүлж чадахгүй, гацах байдалд хүрнэ. Шооны спортод нэг секунд, нэг дооли бүрт анхааралтай байхгүй бол болохгүй. Шоогоо ширээн дээрээс аваад тавих хүртлээ орчлон дээр ганцаархнаа юм шиг болоод шоондоо л төвлөрөх хэрэгтэй.
-Шоог эвлүүлэхдээ хамгийн гол анхаарах зүйл юу вэ?
-Б.Р: Шоог эвлүүлэхэд сэтгэл зүй маш чухал. Хамгийн чухал нь тэр. Үүгээр л анхаарлаа төвлөрүүлж чадах эсэх шийдэгдэнэ. Сандарлаа дарж сэтгэл зүйгээ тогтвортой байлгах хэрэгтэй.
-Анхаарлаа төвлөрүүлэхдээ ямар арга ашигладаг вэ?
Б.Р: Олон удаа тэмцээнд орчихвол сүүлдээ сандрах нь харьцангуй багасдаг. Тэмцээн уралдаанд орох бүртээ туршлага сууна, айдас нь багасна. Тэгэхээр тэмцээнд түрүүлэх түрүүлэхгүйдээ биш айдас, сандарлаа дарж сурахын тулд орж ч болно. Анхны тэмцээн дээр өөртөө итгэлтэй байсан ч сандарна. Тэгэхээр сандарлаа дарж сурах чухал.
-М.С: Тэмцээнд гарахынхаа өмнө чихэвчээ зүүгээд хөгжим сонсоно. Өөр зүйлд сатаарахгүй байхыг, аль болох сандрахгүй байхыг л хичээх, хүн хүн өөрөө ямар үед тайван байдаг тэр аргаа хэрэглэх нь зүй.
-Шоо эвлүүлэх дуртай хэр нь сонирхогчийн байр суурин дээрээ л байгаад байдаг хүмүүс олон бий. Тамирчин болохоос эргэлздэг хүмүүст хандаж үг хэлнэ үү?
Б.Р: Хүн дуртай зүйлээ хийхдээ жаргалтай байдаг. Түүнийгээ хийж байхад хэзээ ч там шиг санагдахгүй. Энэ зөвхөн шооны спортоор ч хязгаарлагдахгүй.
М.С: Шооны спорт ямар нэг насанд баригддаггүй. Дэлхийн топ таван тамирчны нэгэнд 11 настай хүүхэд ч багтдаг. Би жаахан юм чинь, би хөгшин юм чинь гэж огт бодох хэрэггүй. Хамгийн гол нь тууштай байх л чухал.
-Шооны хэчнээн төрөл байдаг вэ?
-М.С: Анх сонирхож байгаа хүүхдүүд шоо эвлүүлж байгаа аргаа л зөв тодорхойлох хэрэгтэй. Анхнаасаа буруу аргаар явчих юм бол зөв арга руу эргэж орохдоо дахин эхнээс нь шинээр эхлэх болно. Миний хувьд хүмүүсийн нэг бүрчлэн эвлүүлдэг аргыг мянгатын арга гэж нэрлэдэг. Энэ нь маш уддаг. Эхлээд нэг өнгө эвлүүлээд тэрнээсээ хөөгөөд явчихдаг. Харин бидний хэрэглэдэг арга бол “хурдны арга” юм. Энэ аргыг дэлхийд маш олон тамирчин ашигладаг. Дэлхийн рекорд ч энэ аргаар тогтоогдсон л доо. Мянгатаар эвлүүлж байгаад CFOP буюу хурдны арга руу шилжихээр өмнө нь шоо эвлүүлж байсан цаг хугацаа хий дэмий байсантай адил болж байгаа юм. Мянгатын аргаар эвлүүлэх хурдны аргаар эвлүүлэх хоёрын ялгаа нь шоог хэрхэн эвлүүлж дуусгаж байгаа төгсгөлд мэдэгддэг.
Б.Р: Гурвалжин шоон дээр ч мөн 3*3 шоотой ижил хурдны арга гэж байдаг. Тэр аргыг мөн сурах хэрэгтэй.
-Ирэх жил сургуулиа төгсөх юм байна. Ямар мэргэжлээр сурахаар төлөвлөж байна вэ, цаашдын зорилгоосоо хуваалцаач?
Б.Р: Мэргэжлээ сонгоогүй ч багаасаа бодож явсан, ажиллахыг хүссэн салбар байгаа. Их сургуульд сурахаас гадна Монгол Улсдаа шоогоор нэгд эрэмбэлэгддэг болъё гэсэн зорилго бий. Энэ миний ойрын зорилго.
М.С: Би IT-ийн чиглэлээр мэргэжлээ сонгоно. Үүнийгээ шооны спорттой холбож, оюун ухаан хөгжүүлэх программ зэргээр мэргэжлээ шоотой уялдуулна гэж боддог.
Б.Р: Бид нэгдүгээр ангиасаа хойш арван нэг дэх жилдээ найзалж байгаа. Шоог бас сонирхол нэгтэй найзууд учраас хамт явж эхэлсэн. Ганцаараа явмааргүй санагдаад биенээ уруу татсан.
-Олон улсын тэмцээн уралдаанд оролцох боломж хэр байдаг вэ, тулгамддаг асуудал бий юү?
-Б.Р: Олон Улсын тэмцээн уралдаан Монголд болдог. Бид дотоодын тэмцээнүүдэд л түлхүү ордог юм. Учир нь олон улсын тэмцээнд орох гэхээр дэмжлэг байдаггүй учраас бүх зардлаа хувиасаа гаргах болдогт асуудал бий. Шоо эвлүүлнэ гэхээр хүмүүс зүгээр л зугаа, тоглоом гэж ойлгоод байдаг. Яг үнэндээ энэ бол оюуны спорт юм шүү дээ. Тиймдээ ч манай улсын тамирчид шооны спорт харьцангуй орой хөгжсөн.
-М.С: Гаднын улсад очиж тэмцээнд орно гэхээр санхүүгийн бэрхшээл тулгардаг. Ивээн тэтгэх байгууллага байхгүй. Өөрсдөө л цаг заваа гаргаж, бэлтгэл хийх орчин, буудаллах буудал зэргээ өөрсдөө хангах нь биднийг олон улсын том тэмцээнд ороход тулгардаг бэрхшээл юм.
-Шоонууд нь өөр, өөр ангилалтай байдаг юм билээ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Б.Р: Гадуур тоглоомын дэлгүүр болон барааны дэлгүүрт зарагдаж байгаа шоонууд нь хүүхдийн тоглоом гэдэг зориулалттай. Үүгээр анх эвлүүлж сурах гэж байгаа хүүхдүүд түлхүү хэрэглэдэг. Харин хурдны шоо нь илүү дээд түвшний хүмүүс хэрэглэдэг. Гар утас, спорт хувцас шиг дотроо брэндтэй. Энэ дундаас хурдны шоочид өөрсдөдөө таарах таарахгүйг сонгож авч хэрэглэдэг. Хурдны шоо гэдэг утгаараа жирийн шооноос үнэтэй байдаг.
-Анх шоо эвлүүлж сурч байгаа хүүхдүүд ямар шоог хэрэглэвэл илүү тохиромжтой вэ?
-М.С: Анх шоо эвлүүлж байгаа хүүхдүүд шоондоо их гамгүй байдаг учраас хурдан элэгддэггүй байх хэрэгтэй. Хуулга наачихсан шоонууд хуулгыг хуулна, өнцгийг нь хагалах зэргээр гэмтээгээд байдаг. Ингэхээр анхны шоогоо муухай байдлаар нь харчхаар дургүй болох хандлага мэр сэр байдаг. Ер нь 10-20 мянган төгрөгөөр зарагддаг бага зэргийн бөх шоо зүгээр.
-Хэдий шоо эвлүүлэх нь та хоёрын дуртай зүйл мөн ч гэлээ шантрах үе гардаг байх. Энэ үеэ хэрхэн давж байв.
-Б.Р: Анх шоо сурчхаад дөрөв, таван тэмцээнд орсон ч огт байр эзлэхгүй байсан. Тэгээд л өөрийгөө сайжрахгүй байгаа юм байна гэж бодоод шантарч байсан. Хэдий шантраад байгаа боловч намайг бүр илүү хурцалж байсан.
М.С: Шоо эвлүүлэхээ больё гээд шантрах үе надад хэд хэдэн удаа тулгарч байсан. Орон нутгуудад тэмцээн болдог. Өмнөговь, Дорноговь руу хамт тэмцээнд ороод огт байр эзлээгүй. Тэгээд зардал мөнгө гаргаад хичээгээд байгаа боловч амжилт гаргахгүй, байр эзлэхгүй байгаадаа гутраад болимоор санагддаг байсан. Гэхдээ дуртай учраас хаяагүй. Яг тэр нэг шантрах үе дээрээсээ илүү хичээсэн учраас одоогийн өөрийнхөө сайжруулсан хувилбар дээр ирсэн болов уу гэж боддог.
Яг ийм нэг шантрах үе дээрээ бүх л хүмүүс өөрсдийн тэмүүлж буй зүйл рүүгээ илүү хичээгээд үзээсэй. Энэ бол тамирчны, тухайн хүний сэтгэлийн хүчний асуудал ч байж мэдэх юм.