Эрчим хүчний зохицуулах хорооноос цахилгааны үнийг кВт.ц тутамд гурван төгрөгөөр нэмэх шийдвэр гаргажээ. Уг шийдвэр энэ сарын 8-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн юм байна.
Тодруулбал, айл өрхийн цахилгааны тариф 1 кВт.ц нь 119 төгрөг болж байна. Улсын хэмжээнд нэг өрхийн сарын дундаж хэрэглээ 220 кВт.ц байдаг аж. Үүнд дээр гурван төгрөг нэмж бодоход нэг өрхийн сарын цахилгааны хэрэглээ 660 орчим төгрөгөөр нэмэгдэж байгаа юм байна.
Энэ талаар Эрчим хүчний зохицуулах хорооны Үнэ тариф, зах зээлийн газрын дарга Б.Болор-Эрдэнээс тодруулахад “Эрчим хүчний салбарын хувьд 2015 оноос хойш цахилгааны үндсэн тариф нэмэгдээгүй. Үүнээс хойш эрчим хүчний салбарын тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд үнэ тариф нэмэгдүүлэх, цахилгаан, дулааны үнэд өөрчлөлт орох шаардлагыг тавьсаар ирсэн. Эрчим хүчний зохицуулагч хорооноос цахилгааны тарифыг тогтмол барих дотоод зохицуулалтаар арга хэмжээ авч байсны үндсэн дээр цахилгааны тарифт өөрчлөлт ороогүй байсан. Гэвч сүүлийн жилүүдэд нүүрсний үнэ, түүний тээврийн зардал, гадаад валют, хэрэглээний үнийн индекс, ашиглалтын усны үнэ өссөн зэргээс хамаарч тарифыг цаашид үе шаттай индексжүүлэх шаардлага гарсан. Хэрэглэгчийн хувьд аж ахуйн нэгж, байгууллага, айл өрхийн цахилгааны төлбөр гурван төгрөгөөр нэмэгдсэн.
Тухайлбал, дунджаар сард нэг айл ахуйн хэрэглээндээ 220 кВт.ц цахилгаан хэрэглэдэг. Энэ айлын цахилааны төлбөр сард НӨАТ-тай 30400 орчим төгрөг төлдөг. Гурван төгрөгийн өөрчлөлт ороход НӨАТ-тай 31100 төгрөг төлөх юм. Нэг өрхийн сарын цахилгааны төлбөрт ойролцоогоор 700 төгрөг нэмэгдэж байгаа гэсэн үг. Ер нь айл өрхийн хувьд бодит өртгөөс доогуур үнээр цахилгаан эрчим хүч хэрэглэдэг. Нэг айл дунджаар 8000-9000 төгрөгийн хөнгөлөлт сар бүр эдэлж байна. 2018 онд улсын хэмжээнд 63 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн. Айл өрхүүдийн цахилгааны төлбөрт гурван төгрөгийн өөрчлөлт оруулсан ч хөнгөлөлт эдэлнэ” гэж ярилаа.