Манай улсын хавдраар өвчилсөн эмэгтэйчүүдийн нийт нас баралтын шалтгааны хоёрдугаарт умайн хүзүүний хорт хавдар ордог. Эл өвчний шинж тэмдэг, урьдчилсан сэргийлэлтийн талаар Анагаах ухааны доктор, Эх барих эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор Б.Болорчимэгтэй ярилцлаа.
-Манай улсад умайн хүзүүний хорт хавдар их байгаагийн шалтгаан нь юу вэ?
-Умайн хүзүүний хорт хавдар нь манай улсын эмэгтэйчүүдийн хавдрын нас баралтын хоёрдугаар байранд ордог. Энэ хавдар нь Монгол төдийгүй дэлхийн эмэгтэйчүүдийн ноцтой асуудлуудын нэг юм. Умайн хүзүүний хорт хавдрын 90 орчим хувийг хөхөнцөр вирус үүсгэдэг. Энэхүү вирусийг эмэгтэй хүн бэлгийн харьцаанд орох үедээ бэлгийн хамтрагчаасаа авдаг. Гэхдээ халдвар авсан хүн бүхэн умайн хүзүүний хорт хавдраар өвчилнө гэсэн үг биш. Ямар тохиолдолд өвддөг вэ гэвэл бэлгийн хамтрагчаа олон солих, эрт бэлгийн харьцаанд орох, мэс ажилбар хийлгэж умайн хүзүүний халдвар цааш гүнзгий нэвтрэх боломжтой болсон тохиолдолд өвчилдөг. Хүний хөхөнцөр вирус нь олон жил хучуур эсэнд амьдарч, хучуур эсийн генетикийн мэдээллийг хоорондоо солилцсоноор урт хугацаанд умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэдэг. Ковидын халдвар авсан тохиолдолд 1-3 хоногийн дараа шинж тэмдэг илэрдэг бол умайн хүзүүний хорт хавдрын шинж тэмдэг богино хугацаанд илэрдэггүй тул бид зайлшгүй анхаарах ёстой. Манай улс бусад орныг бодвол энэхүү өвчний чиглэлээр олон арга хэмжээ авч байгаа орнуудын тоонд ордог. Учир нь манай улс 30-60 насны эмэгтэйчүүдээс гурван жилийн зайтай умайн хүзүүний эсийн шинжилгээг авдаг. Ингэснээр умайн хүзүүний хорт хавдрыг оношлох боломжоор хангаж байгаа хэрэг юм. Эсийн шинжилгээг ихэнх эмэгтэйчүүдийн эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв авч байна. Сүүлийн үед эцэг, эхчүүд болон хүүхэд өөрөө зөвшөөрсөн тохиолдолд анхдагч урдчилан сэргийлэх арга хэмжээ буюу вакциныг 9-13 насныханд хийж байна. Энэхүү вакциныг 2000 оны эхээс хийж эхэлсэн. Уг вакцин нь хоёрт, дөрөвт, ест гэж байдаг. Эдгээр нь хурдан хугацаанд умайн хүзүүний хорт хавдар үүсгэдэг хөхөнцөр вирусийн хувилбаруудын эсрэг вакцин гэж ойлгож болно. Жишээлбэл, коронавирусийн Дельта, Омикрон хувилбартай адил хөхөнцөр вирусийн онцгой хувилбаруудад зориулсан вакцин юм. Манай улс 2013 оноос Эрүүл мэндийн яамны сайдын тушаалаар энэхүү вакциныг жил гаруй хугацааны турш охидуудад хийж эхэлж байсан. Тухайн үед улс төр болон бусад асуудлаас үүдэн вакцинжуулалтыг зогсоосон. Харин одоо судалгаатай, баталгаатай тул эцэг, эхчүүд зөвшөөрвөл хөхөнцөр вирусийн эсрэг вакцин хийлгэх боломж бүрдэж байгаад талархаж байна. Учир нь 9-13 насны охидуудыг бэлгийн харьцаанд ороогүй байхад вакцин хийвэл дархлаа тогтож, анхны бэлгийн харьцаанаас халдвар авсан ч өвчлөхгүй байх боломжтой юм.
-Уг өвчнөөр хэдээс хэдэн насныхан илүүтэй өвчилж байна вэ?
-Өмнө нь умайн хүзүүний хорт хавдраар ахимаг насныхан түлхүү өвчилдөг байсан. Умайн хүзүүний хорт хавдар нь 5-15 жилийн дараа урт хугацаанд үүсдэг. Сүүлийн үеийн ажиглалтаар 28, 29 настай 30 гарч буй эмэгтэйчүүдэд умайн хүзүүний хорт хавдар биш ч хавдрын урьтал эмгэг илэрч байна. Энэ нь хүүхдүүдийн сэтгэлгээ өөрчлөгдсөнтэй холбоотойгоор охид, бүсгүйчүүд бэлгийн харьцаанд эрт орж байх магадлал өндөр байгаатай холбон тайлбарлаж болно. Мөн ахимаг насны эмэгтэйчүүдэд тохиолддог байсан нь одоо ч хэвээр байна. Тиймээс вакцин эрчимтэй хийгдэж эхэлбэл умайн хүзүүний хорт хавдраас сэргийлж, өвчлөлийг бууруулах боломжтой юм.
-Умайн хүзүүний хорт хавдар хэдэн үе шаттай байдаг вэ. Мөн манай улсад өвчилж байгаа иргэд аль шат нь дээрээ эмчид хандаж байна вэ?
-Манай улсын хувьд цөөн урдчилан сэргийлэх үзлэг хийдэг орнуудын нэг. Дэлхийн 200 гаруй улсын 30 гаруй нь умайн хүзүүний хорт хавдрыг илрүүлэх үзлэгтэй. Харин манай улсын хувьд 2000 оны эх, 2010 он хүртэл “Мянганы сорилтын сан” гэх мэт том хөтөлбөрүүд хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой умайн хүзүүний хорт хавдрын эсийн шинжилгээ, хөхний хорт хавдрыг эрт илрүүлэх арга хэмжээг өрх, сумын бүх түвшинд авах боломжтой болсон. Ингэснээр умайн хүзүүний хорт хавдар харьцангуй эрт оношлогдох болсон. Умайн хүзүүний хорт хавдрыг тодорхой үечлэлтэй авч үзэх болсон шалтгаан нь нэгдүгээрт эрт илрүүлэх боломжтой, хоёрдугаарт бүрэн төгс эмчлэх боломжтой хавдар болохоор тэр юм. Хэрэв толгой өвдөж байвал иргэн өөрөө мэдэж эмнэлэгт ханддаг. Тэгвэл умайн хүзүүний хорт хавдрын гол онцлог нь хожуу шатандаа шинж тэмдэг нь илэрдэг учир эрт илрүүлгийн шинжилгээг авч буй юм. Уг хавдраар өвдсөн хүмүүс урдчилан сэргийлэх үзлэг 2010 оноос хойш тогтмол хийж байгаатай холбоотой умайн хүзүүний хорт хавдар эрт шатандаа оношлогдох болсон. Гэсэн хэдий ч эмэгтэйчүүдийн хувийн хариуцлагаас их зүйл шалтгаална. Эсийн шинжилгээндээ хамрагдахгүй байгаа хүмүүс ихэвчлэн хожуу шатандаа буюу гурав, дөрөвдүгээр шатанд оношлогддог.
-Өвчилсөн гэдгээ яаж мэдэх вэ. Ямархуу шинж тэмдэг илэрдэг юм бол?
-Охидууд 15-16 насандаа бэлгийн харилцаанд орж байгаа гэж үзвэл 10-15 жилийн дараа дархлаа унах, ядрах, сульдах, стрессдэх гэх мэт олон зүйлээс шалтгаалж нөхцөл нь бүрдвэл эрт өвчлөх магадлалтай. Хэрэв өвчлөөгүй тохиолдолд гурван жил тутамд эсийн шинжилгээнд хамрагдвал зохино. Хоёрдугаарт шинж тэмдэг бүдэг тул хожуу шинж тэмдэг илрэх боломжтой. Ихэвчлэн хожуу илрэх шинж тэмдэг нь бэлгийн харьцаанд ороход өвдөх, бэлгийн харьцаанд орсны дараа цус гарах шинж тэмдгүүд юм. Дэлхий дахинд болон манай улсад бэлгийн харьцаанд орсон бол гурван жилийн дотор эсийн шинжилгээ өгөхийг зөвлөдөг. Энэ нь умайн хүзүүний хорт хавдраар өвчлөхөөс урдчилан сэргийлж, өвдсөн тохиолдолд эрт илрүүлж эмчлэх чухал ач холбогдолтой юм. Эмэгтэйчүүдэд зөвлөхөд бэлгийн харьцаанд орсон бол эсийн шинжилгээ өгөхийг зөвлөж байна. Магадгүй 21 насандаа бэлгийн харьцаанд орсон бол 24 наснаасаа өмнө эсийн шинжилгээ өгөх ёстой. Заавал 30 насыг хүлээх хэрэггүй. Манай улсын хувьд нийгэм, эдийн засгийн байдалдаа тохируулж 30-аас дээш насны эмэгтэйчүүдээс гурван жилийн зайтай эсийн шинжилгээг авч байна. Иргэдийн эрүүл мэндийн боловсрол сайжирч байгаатай холбоотой хүмүүс эрт шинжилгээнд хамрагдаж, эрүүл мэнддээ анхаарч байгаа нь сайшаалтай.
-Эм, эмчилгээний хувьд ямар эмчилгээг хаана хандаж хийлгэх вэ?
-Умайн хүзүүний эсийн шинжилгээг эмэгтэйчүүдийн эмнэлгүүд болон Гахаймшигт эмэгтэйчүүд эмнэлэг бүгд авч байна. Манай улсын эмэгтэйчүүд хөтөлбөрт хамрагдах нас нь тохирч 30-аас дээш буюу 33, 36, 39 настай бол өрхийн эрүүл мэндийн төвд эсийн шинжилгээг үнэ төлбөргүй өгөх боломжтой. Хэрэв эсийн ямар нэг өөрчлөлт гарах эсвэл хавдрын урьтал болж эмчлэгдэх боломжгүй болсон тохиолдолд дараагийн шат болох Хавдар судлалын үндэсний төв рүү шилжүүлж эмчилгээ оношлогоо болон дараагийн арга хэмжээг авна. Умайн хүзүүний хорт хавдар нь 100 хувь эмчлэгдэх боломжтой. Гэхдээ энэ нь эрт оношлогдсон тохиолдолд юм. Эмэгтэйчүүд гэр бүл, ойр дотны хүмүүсийнхээ төлөө эсийн шинжилгээгээ эрт өгөх шаардлагатай. Эсийн шинжилгээний зах зээлийн үнэ боломжийн тул бага зардлаар том хавдраас сэргийлэх юм.
-Вакциныг бэлгийн харьцаанд орохоос өмнө хийлгэх нь зүйтэй гэсэн тэгвэл бэлгийн харьцаанд орчихсон 20 гаруй насныхан хийлгэх боломжтой юу?
-Энэ чиглэлээр маш олон төрлийн судалгаа байдаг. Жишээлбэл 2010 онд намайг Сөүлийн их сургуульд суралцаж байх хугацаанд хоёрт, дөрөвт вакциныг туршиж байсан юм. Тэр үед ахимаг насныхан энэхүү вакциныг хийлгэж байсан. Ингэхдээ хөхөнцөр вирусийг PCR гэх шинжилгээгээр тодорхойлж хөхөнцөр вирусийн халдвар аваагүй байвал вакцин хийх боломжтой хэмээж байсан. Манай улсын хувьд вакцины талаар нухацтай ярьж, ТББ-уудтай хамтран оруулж ирж эцэг, эх нь зөвшөөрвөл тодорхой хэмжээний төлбөртэй хийлгэх боломжтой. Олон улсын эмнэлгүүдэд зөвлөхөөр ажиллаж байхад бололцоотой айлууд хүүхдээ Солонгос, Тайвань, Тайланд, Сингапурт хөхөнцөр вирусийн эсрэг вакцин хийлгэчихдэг. Харин амьдралын боломж тааруу, эмзэг бүлгийнхэн, дундаас доош түвшний иргэд энэ төрлийн тусламж үйлчилгээг авах боломжгүй байна. Тиймээс энэ онд вакцин хийгдэх боломжтой болсон нь тун сайшаалтай.