АТГ-аас өчигдөр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн охин компани болох Тавантолгой төмөр зам компанийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалын ажлын байранд нэгжлэг хийснийг мэдээлсэн. Тэгвэл уг асуудлаар АТГ-аас мэдээлэл хийлээ.
АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын ажилтан Н.Тэмүүлэнгийн хэлснээр, Тавантолгой төмөр зам ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэн АТГ-аас нэгжлэг хийсэн байна. Гэвч Н.Удаанжаргал нь ажлын байрандаа байгаагүй, гадаад явсан хойгуур нь нэгжлэг хийсэн аж. Мөрдөн шалгах ажиллагаа тасралтгүй үргэлжлэх ёстой учир хэргийг үргэлжлүүлэн шалгана гэж мэдээллээ.
Үүнээс гадна Богдхан төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой асуудлаар АТГ-аас 33 объектод нэгжлэг хийж, мөрдөн шалгасан байна. Мөрдөн шалгалтын хүрээнд дөрвөн хүнийг 48 цагийн хугацаатай баривчилжээ.
Н.Удаанжаргалын хөрөнгө орлогын мэдүүлгийг хүргэж байна.
Тэрээр 2018 онд тэрбумаар үнэлэгдэх орон сууцтай байсан бол 2019, 2020, 2021 онд 380 сая болж буурчээ.
Түүний өөрийн орлого 2018 онд 28 сая байсан бол 2019 онд 354 сая, 2020 онд 167 сая, 2021 онд 155 сая болжээ.
Гэр бүлийн орлого 2018 онд 95 сая байсан бол 2019 онд 137 сая, 2020 онд 190 сая, 2021 онд 170 сая болсон байна.
2018 онд 70 саяын тээврийн хэрэгсэлтэй байсан бол 2019, 2020, 2021 онд 252 сая болж нэмэгджээ.
Мөн 2018 онд 560 саяар үнэлэгдэх малтай байсан бол 2020 онд 617 сая болж өссөн. Харин 2021 онд 585 сая болж буурав.
Нийт 70 саяар үнэлэгдэх газартай, 157 саяар үнэлэгдэх үнэт эдлэлтэй, 119 сая төгрөгийн хадгаламжтай, 186 саяын зээлтэй байна.