Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Филиппинд 10 өдрийн зайтай хоёр удаа хар шуурга болж, 3.8 сая өрх эрчим хүчгүй болжээ

Филиппинд 10 өдрийн зайтай хоёр удаа хар шуурга болж, 3.8 сая өрх эрчим хүчгүй болжээ
Нийтэлсэн 2020 оны 11 сарын 14
Филиппин улсад 10  өдрийн дотор том хэмжээний хоёр ч далайн хар шуурга болж, 270 гаруй өрх орон гэргүй болсон талаар “Associated Press” агентлаг мэдээллээ.
Вамко далайн хар шуурга Филиппиний зүүн хойд хэсгийн Патнанунган арлыг дайран өнгөрч лхагва гаригт нийслэл Манила хотод их хэмжээний хохирол учруулсан. Филиппиний Цаг уур, геофизик, одон орон судлалын агентлагийн мэдээлснээр хамгийн их хохирол учирсан Кесон мужид Вамко далайн хар шуурганы хүч 155 километр цагаас 255 километр цаг хүрч байжээ.
Филиппиний цагдаагийн байгууллагын мэдээлснээр лхагва гаригаас баасан гариг хүртэл гурван өдрийн турш үргэлжилсэн Вамко далайн хар шуурганы улмаас 53 хүн нас барж, 22 хүн ор сураггүй алга болоод байгаа аж. Одоогоор 25 мянга орчим алба хаагчид байгалийн гамшгийн хохирлоос аврах ажиллагааг үргэлжлүүлсээр байна. Филиппиний Засгийн газрын мэдээлснээр баасан гаригийн байдлаар тус улсад 3.8 сая өрх цахилгаан эрчим хүчгүй болж, 400 мянган хүнийг гамшгийн голомтоос нүүлгэн шилжүүлсэн байна.
Харин арван өдрийн өмнө Өмнөд Хятадын тэнгист Гони далайн хар шуурга дэгдэж Филиппиний мөн баруун эрэгт том хэмжээний хохирол учруулаад байсан юм. Гони далайн хар шуурганы улмаас тус улсад 30 гаруй хүн нас барсан бөгөөд хоёр дараалсан далайн хар шуурганы улмаас 270 мянган өрх орон гэргүй болоод байгаа аж. Филиппиний Засгийн газар Гони далайн хар шуурганы хохирлын хэмжээг 368 сая ам.доллар гэж тодорхойлсон юм. Харин Вамко далайн хар шуурганы учруулсан хохирлын хэмжээг одоогоор нарийвчлан тодорхойлоогүй байна.
undefined
Вамко далайн хар шуурга 165 километр цагийн хурдтайгаар  Вьетнамын арлыг чиглэсэн бөгөөд ням гариг гэхэд тус улсын зүүн эргүүдэд хүрэх төлөвтэй байгаа талаар орон нутгийн цаг уурын агентлаг мэдээлжээ. Тиймээс Вьетнамын Ерөнхий сайд Нгуен Суан Фук бямба гаригт онц байдал зарлаж 468 мянган иргэнийг нэн даруй нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлсэн байна. Японы Цаг уурын агентлагийн тооцоолж байгаагаар Вамко далайн хар шуурга Вьетнамаас цааш Лаосын өмнөд хэсэг, Камбожийн хойд хэсгийг дайрч Тайландад хохирол учруулах төлөвтэй байгаа аж.
Эх сурвалж: CNN, Associated Press, Reuters
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн