Open iToim app
Анализ | 7 мин уншина

Сурвалжлага: Өдөрт 60 кг гүзээлзгэнэ, хоёр тн өргөст хэмх хураадаг Монголын анхны хүлэмжээр зочиллоо

Сурвалжлага: Өдөрт 60 кг гүзээлзгэнэ, хоёр тн өргөст хэмх хураадаг Монголын анхны хүлэмжээр зочиллоо
Нийтэлсэн 2018 оны 9 сарын 28
Түм түжигнэж бум бужигнасан их хотын төвөөс Партизаны сангийн аж ахуйг зорилоо. Улаанбаатарын төвөөс холдох тусам агаар тунгалагшиж, түгжрэлгүй, нам гүм орчин мэдрэгдэнэ. Ар гүнтийн засмал дагуу модод шаргалтан, навчис унаж намар болсныг илтгэнэ. Байгалийн жамаар бол өдийд цэцэг жимс хагдран унаж, өвс ногоо цасанд дарагддаг. Харин бид байгалийн жамыг сөрөн, өвөл зунгүй шинэхэн ногоо тариалах дэвшилтэт технологийг нэвтрүүлж, Монголдоо анх удаа гүзээлзгэнэ жимсийг ургуулж байгаа “Элбэг Ургац”  болон хөрсгүй, усалгаагүй аргаар өргөст хэмх тариалах “Төгс Ургац” компанийн хүлэмжтэй танилцаж, үйл ажиллагааг сурвалжиллаа.
“Төгс Ургац” болон “Элбэг ургац” хүлэмждээ гидропоник арга технологи нэвтрүүлж  өргөст хэмх болон гүзээлзгэнийг тавцан дээр ургуулж байв. Энэ нь байгалийн шороон хөрс ашиглахгүй учраас элдэв шавьж, хорхой үүрлэхгүй, түүнээс сэргийлэх хор, химийн бодис ашиглахгүй гэдгээрээ давуу талтай.  Тус хоёр хүлэмж өглөө бүр 06.00 цагт ургацаа хурааж, 11.00 цаг гэхэд И-Март(E-Mart)  дэлгүүрт шинэхнээр нь хүргэдэг байна.  Хугацаа уртасгагч бодис хэрэглэдэггүй учираас шинэхэн ногоо, жимсийг И-Март (E-Mart) дэлгүүр өдөрт нь худалдаалах шаардлагатай болдог ажээ.
undefined
Гүзээлзгэнэ жимсний “аав” Д.Наранбаатар: Хүүхэд шиг арчилгаа шаарддаг их эмзэг жимс
Монголд гүзээлзгэнэ жимс тариалж буй хамгийн том компани болох “Элбэг Ургац”-ын хамт олон биднийг угтан өөрсдийн үйл ажиллагааг танилцуулав. Захирал Д.Давааням хэлэхдээ, “2013 онд ХХААЯ-аас зарласан “Гүзээлзгэнэ” хөтөлбөрт хамрагдаж, одоо тав дахь жилдээ жимс тариалж байна. Манай компани хоёр технологиор жимсээ тариалдаг. Нэгд, эх орныхоо хөрсөн дээр, хоёрт, газар тариалангийн сүүлийн үеийн технологи болох гидропоник аргаар тариалж байна. Бидний ажил хүн ирээд харахад амархан юм шиг боловч нарийн ажиллагаа ихтэй, цаг наргүй алба юм. Тариаланчид маань энэ их ажлынхаа зэрэгцээ борлуулалтаа хийх нь хамгийн хүнд ажил. Харин “И март” байгуулагдсан цагаасаа манайхтай гэрээ байгуулан ажилласан учраас борлуулалтад санаа зовохоо больж, зөвхөн тариалалт, арчилгаагаа анхаарсанаар ургац арвин, чанартай сайн байна” гэв.
Монголд гүзээлзгэнэ нутагшуулах оролдлого хийж эхэлсэн буюу 2008 оноос эхлэн сорт гаргаж авах, тариалах туршилт хийх гээд бүхий л шатанд ажилласан мэргэжилтэн Д.Наранбаатар нь “Элбэг ургац” компанид хүлэмж хариуцсан даргаар ажилладаг юм байна. Тэрээр хэлэхдээ, “Гүзээлзгэнэ” хөтөлбөр зарлахад 20 орчим байгууллага нэгдэж байсан ч одоо тэндээс тав нь тогтмол үйл ажиллагаа явуулдаг. Монголын нөхцөлд ургах боломжтой дөрвөн улирлын сортыг гаргаж авахын тулд олон жил, олон туршилт явуулсан. Энэ сортыг зөвхөн Монгол Улсад зориулсан гаргасан гэж ч хэлж болно. Шаардлага хангасан хүлэмжтэй бол өвөл, зунгүй шинэ гүзээлзэгэнэ тариалж болно. Одоохондоо бид арваннэгдүгээр сард тариалалтаа зогсоож, дөрөвдүгээр сард үйл ажиллагааагаа эхлэж байна. Дараа жилээс шинэ хүлэмжүүд ашиглалтад орж бүх улиралд ургацаа хураах боломжтой болно. Өдөрт есөн хүлэмжээс 60 орчим килограмм гүзээлзгэнэ хураадаг. Мэдээж захиалгадаа бүрэн хүрэхгүй, өөрийнхөө нөөцөөр л нийлүүлэлт хийж байна. Одоо бол И-Март сүлжээ дэлгүүрт бүгдийг нь хүргэж өгөөд таардаг. Дараа жилээс үйл ажиллагаагаа илүү өргөжүүлж, амт чанартай экологийн цэвэр бүтээгдэхүүнийг зах зээлд хүргэнэ” хэмээлээ.
Алхам тутамдаа гүзээлзгэнийнхээ талаар ярих Д.Наранбаатар мэргэжилтэн хүмүүсийг хүлэмждээ оруулах тун дургүй ажээ. Энэ удаа л онцгой тохиолдол гэж оруулъя. Учир нь гүзээлзгэнэ бол яг нялх хүүхэд шиг жимс. Танихгүй хүн хүлэмжид орвол хөлсддөг. Хурц үнэртэй бараа бүтээгдэхүүн хэрэглэсэн хүн орвол, элдэв дуу чимээ гарвал, агаар бохирдолтой бол ургацад муугаар нөлөөлдөг. Тэрээр  “Архи уусан хүн орох гэвэл маш их уурладаг. Үнэртэй ус түрхсэн хүн бол бүр оруулж болохгүй гүзээлзгэнэ харшил авна. Өглөө бүр хүлэмждээ ороод “сайхан амарцгаасан уу” гэж хэлээд орой гарахдаа “за та нар минь сайхан амраарай” гэхэд цаадуул чинь мэддэг байхгүй юу. Мэдээж галзуу юм шиг сонсогдож байж магадгүй. Гэхдээ би ургамал бүхэн амьтай гэдэгт итгэдэг. Ярьдаггүй л болохоос амьд организм юм шүү дээ. Тариаланчид бүгд мэднэ. Хөгжим тавихад баярладаг. Жанцанноров гуайн аялгуут хөгжмийг тавихаар ургалт сайжирч байна ч гэж би итгэдэг. Амьтай голтой ургамал тариалж байгаа хүн бүхий л сэтгэлээ зориулж байж үр шимийг нь хүртэнэ. Ямар ч жимсэнд хөрс, ус, агаар маш чухал. Партизаны сангийн аж ахуй бол Улаанбаатар хоттой хамгийн ойр, үржил шим сайтай хөрстэй газар. Энд биднээс гадна 20 гаруй аж ахуй тариалан эрхэлж байна.  Мөн түүнчлэн манайх хавар  хөрсөн дээр гүзээлзгэнэ тарихдаа малын хөхөрсөн бууц авчирч 30 хувиар хольдог. Нэгд, сайн чанарын бордоо болдог, хоёрт хөрсөө сэвсийлгэж өгдөг. Мөн монгол аргаар бордоо хийж хөх бууцаар усалгаагаа исгэж 7 хоногт нэг удаа хөрсөө борддог. Тиймээс ургалт ч сайн төдийгүй амт чанар сайн байж чаддаг. Гүзээлзгэнийг хамгийн их стресстүүлдэг зүйл нь дуу чимээ. Дан ялангуяа засмал замын дэржигнэсэн чимээ жимсний ургалтад сөрөг нөлөөтэй. Дэргэд нь мотор ажлуулаад, чанга чанга хашхираад байвал жимсний ургалт илт мууддаг. Тиймээс манайх замаасаа зайдуу, ажилчид нь тайван амгалан ажилладаг. Ургамал бүхэн амьд гэхдээ  гүзээлзгэнэ жимсийг нялх хүүхэдтэй зүйрлэж болно. Илүү их арчилгаа шаарддаг эмзэг жимс шүү дээ” гэж тэр их л аз жаргалтайгаар хэлж байв.
Мөн Д.Наранбаатар гуайг олон сонирхолтой зочид зорин ирдэг гэнэ. Гүзээлзгэнэ 80 хувь нь С витамин байдаг учир дархлаа сайжруулдаг. Тиймээс эмэгтэйчүүд бол хамгийн үнэнч “фанатууд” нь ажээ. Мөн элэгний өвчтэй хүмүүс их зорин ирдэг байна. Мөн өглөө нар гараагүй буюу үүрийн 04.00 цагт ирж эднийхийг зорин ирж гүзээлзгэнэ идсэн тохиолдолд ч бий гэнэ. Энэ нь харшлыг эдгээдэг гэж үйлчлүүлэгч нь түүнд тайлбарлажээ. Хамгийн гол нь манайх өглөөний 06 цагаас хураалтаа хийж эхлээд шууд И-Март руу хөдөлдөг. Өглөө дэлгүүр нээхэд лангуун дээр шинэхэн гүзээлзгэнэ тавигддаг. Тиймээс зардал чирэгдэл учруулалгүй тэндээс нь аваад идсэн ч шинээрээ байгаа. Хадгалах бодис ашигладаггүй төдийгүй гүзээлзгэнэ маш эмзэг жимс учир нэг хоногийн дараа л өнгө зүсээ алддаг. Дашрамд дурдахад, гүзээлзгэнэ тариалаад зогсохгүй энэ жил бөөрөлзгөнийн бут суулгаж, усан үзмийн хүлэмж байгуулан туршиж байгаа нь ч амжилттай болсон байна. Энэ мэтээр Монголд ургадаггүй жимс, жимсгэнүүдийг туршиж, зах зээлд нэвтрүүлснээрээ импортыг орлох, ялангуяа Монголчуудаа химийн бодис ашиглаж хэрэглэх хугацаа уртасгаагүй шинэ жимсээр хангах зорилт тавин ажиллаж байна. Анх И-Март дэлгүүр нээгдэхдээ “Монгол хүн та 100 наслаг” гэсэн уриа дэвшүүлсэн байдаг. Энэ зорилгынхоо дагуу ч тариаланчид биднийг дэмжин ажиллаж байгаад баяртай байна гэсэн юм.
undefined
Дусал, дуслаар тэжээгдэх өргөст хэмхийг Голландаас хянаж байдаг
Тариалалтын А болон Б гэх хоёр заал болон үрслэгээний С гэх нэг заалнаас бүрдэх “Төгс Ургац” хүлэмж өнгөрсөн оны гуравдугаар сард нээлтээ хийсэн бөгөөд одоогоор нийтдээ 40 гаруй ажилчинтай. Хүлэмжээр зочлоход тавцан дээр эгнүүлэн тавьсан жижигхэн савнуудаас эгц дээш ургуулан татсан өргөст хэмхний бутнууд харагдана. Хамгийн сонирхолтой нь сав бүр рүү дуслын системийн үзүүр шиг хар хошуутай зүйл шигтгэн хийжээ. Энэ талаар Үйлдвэрийн дарга Б.Батжаргалаас тодруулахад, “Нэг дор их хэмжээгээр услахад шим тэжээлээ авч чаддаггүй учир дусал, дуслаар усалдаг. Энэ дусалд шим тэжээл, өргөст хэмхэнд шаардлагатай бүхэн бий. Өдөр бүр шинэхэн өргөст хэмх хураан авдаг "Төгс ургац" ХХК-ийн хүлэмж 24 цагийн бүрэн автомат үйл ажиллагаатайгаар өглөө бүр дунджаар 750 кг голланд өргөст хэмх хураан авдаг. Бүрэн автомат үйл ажиллагаатай учир өглөө бүр нэг стандарттай өргөст хэмхүүд гарна гэсэн үг юм. Эднийх Монголд үйл ажиллагаа явуулж буй хамгийн том өргөст хэмхний хүлэмж гэдгээрээ онцлогтой. Мөн Европын Голланд загварын бүрэн автомат хүлэмж юм. Голланд мэргэжилтнүүдээс байнга зөвлөгөө авч ажилладаг. Мөн Голландаас энэхүү хүлэмжийн программыг хянан ажилладаг. Мананжуулалт, температуртай холбоотой мэргэжлийн зөвлөмжүүдийг байнга манайд мэдээлдэг. Бүрэн автомат технологиор ажилладаг учраас хортон шавжаас 100 хувь сэргийлж чаддаг. Тиймээс элдэв шавьж устгах бодис ашиглах шаардлагагүй болдог” хэмээлээ.
undefined
Өргөст хэмхний стандарт хэмжээ нь 350 грамм байдаг бөгөөд “Төгс ургац” хүлэмжийн өргөст хэмхийг ургуулалтын стандартын дагуу энэ хэмжээгээр ургадаг байна.  Мананжуулалт, сүүдрэвч, хэм бүгд цаанаасаа хяналтын дагуух  шилэн хүлэмжинд өргөст хэмх бүрэн боловсорч хэрэглэгчдэд хүрэх хүртэл нийтдээ үрслэгээний, арчилгааны, хураалтын, савлагааны гэсэн дөрвөн хэсгийг дамжин эцсийн түгээлт борлуулалтын хэсэгт очих бөгөөд түгээлтийг И-Март худалдааны төв бүрэн хариуцдаг юм байна.
“Төгс ургац” компанийн маркетингийн менежер Д.Ариунболор, “Өглөө бүрийн 06.00 цагт ургацаа хурааж 09.00 цагт И-Март дэлгүүр лүү хүргэдэг. Бүтээгдэхүүн маань хямд өртгөөр эрүүл, шинээр хэрэглэгчдэд хүрч чаддаг. Харин энэ жилээс эхлэн нөгөө талдаа шинэ хүлэмж барьж байна. Үүний үр дүнд жилдээ 1000 тонн өргөст хэмх хурааж авах хүчин чадалтай болно” гэсэн юм.
“И март” худалдааны төвийн хамт олон “Монгол хүн та 100 наслаг” уриан дор эх орны хөрсөнд ургасан эрүүл, найдвартай хүнсийг хэрэглэгчдэдээ хүргэх зорилгоор “Фермерүүдийг дэмжих” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгааг “И Март” худалдааны төвийн маркетинг, төлөвлөлтийн хэлтсийн дарга Т.Алтанхундага хэлсэн юм. Тэрээр “Энэхүү хөтөлбөрт одоогоор зургаан хүлэмж болон мах сүүний фермүүд хамрагдаж байгаа юм байна. Эдгээр хүлэмж, фермерүүдтэй хамтран ажилласнаар Монголчууддаа импортын биш, эх орны хөрсөн дээр ургасан, эрүүл, шинэ хүнсээр өглөө бүр хангах зорилгодоо хүрч чадна. Манай байгууллага хүнсний аюулгүй байдлыг эрхэм зорилгоо болгон ажилладаг” хэмээлээ.
undefined
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн