Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Нийгмийн даатгалын хэлтсийн мэргэжилтэн Б.Ундрамаас гадаадад ажиллаж буй иргэд нийгмийн даатгалын шимтгэл төлж, тэтгэвэр тогтоолгох үедээ гадаадад ажилласан жилээ нэгтгэн тооцуулах тухай тодрууллаа.
-Юун түрүүнд манай улс ямар улсуудтай нийгмийн хамгааллын хэлэлцээр хийж, нийгмийн даатгалын шимтгэлийг өөр улсаас төлж, тэтгэвэрт гарах үедээ Монгол болоод гадаадад ажилласан жилээ нэгтгэн тооцуулах боломжтой болсон уу?
-Манай улс одоогийн байдлаар дөрвөн улстай нийгэм хамгааллын хэлэлцээр байгуулсан. Тодруулбал, ОХУ-тай 1981 онд, БНСУ-тай 2006 онд, Унгар улстай 2017 онд, Польш улстай 2019 оны долдугаар сард, хамгийн сүүлд Бүгд Найрамдах Чех улстай хэлэлцээр хийж, энэ оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар баталсан байгаа. Энэхүү хэлэлцээрийг хийснээр гадаадад байгаа иргэд нийгмийн даатгал төлсөн хугацаа тасалдахгүй, тухайн улсад ажилласан жилийг, Монгол Улсад ажилласан жилтэй нэгтгэн тооцуулж, тэтгэвэр тогтоолгох боломжтой юм.
-Тэгвэл тэдгээр улсад нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөд явж буй хэчнээн иргэн байна вэ?
-Хилийн чандад ажиллаж, оршин сууж байгаа 175 мянга гаруй хүн байгаа бөгөөд тэдгээрээс ОХУ-ын 719, БНСУ-ын 620 гаруй, Унгар улсын 34 иргэн мэдээлэл солилцож, нийгмийн даатгалын шимтгэлээ төлж байна.
-Гадаадад ажиллаж буй иргэд нийгмийн даатгалын шимтгэл төлөхийн тулд хаана хандах хэрэгтэй вэ?
-Юун түрүүнд иргэддээ нэг зүйлийг анхааруулъя. Зарим иргэд хэлэлцээр эхлэхээс өмнө хугацаанд ажилласан жилээ тооцуулах хүсэлт гаргадаг. Хэрэв таны ажилласан жил, хэлэлцээр хэрэгжиж эхлэхээс өмнө байвал гадаадад ажилласан жилийг нэгтгэн тооцох боломжгүй гэдгийг анхаарах хэрэгтэй байна. Харин гадаадад ажиллаж байгаа иргэд нийгмийн даатгалын шимтгэл төлөхийг хүсвэл ажиллаж буй улсынхаа манай улстай байгуулсан хэлэлцээрийг хэрэгжүүлэхтэй холбоотой удирдлагын тохиролцоонд бүрдүүлэх бичиг баримт болоод бусад шаардлагыг нарийн тусгасан байдаг учир тэрхүү материалыг харах хэрэгтэй. Тухайлбал, БНСУ-д ажиллаж буй иргэд гэрчилгээ бөглөснөөр манай улс болон БНСУ-ын нийгмийн даатгалын хэлтэс мэдээлэл солилцдог болдог юм. Тэрхүү гэрчилгээгээр тэтгэвэрт гарах хувь хэмжээ баталгааждаг гэсэн үг. Ер нь улс орон бүрийн шаардлага харилцан адилгүй байдаг учир иргэд ажиллаж буй улсынхаа нийгмийн даатгалын газарт биечлэн очиж л хандах хэрэгтэй. Тухайн улсынхаа нийгмийн даатгалын газарт очиж манай улсын Нийгмийн даатгалын газартай мэдээлэл солилцох байдлаар гэрээ байгуулснаар ажилласан жилээ нэгтгэн тооцож тэтгэвэрт гарах боломжтой болно гэсэн үг.
-Гадаадад ажиллаж буй иргэний цалинг төгрөг рүү шилжүүлж тооцсоноор нийгмийн даатгалын шимтгэлээ төлөх үү?
-Тийм. Жишээ нь, БНСУ-ын хувьд буцаан авах шимтгэлийн хэмжээ гэж тодорхой гарсан байгаа. Тус улсын хувьд хөдөлмөрийн насанд хүрсэн суралцагчид, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсад, түр болон удаан хугацаагаар зорчсон хүмүүс, Солонгос Улсын ААН байгууллагад ажиллагсад зэрэг олон иргэд хамрагдах боломжтой.
-Цаашид ямар ямар улсуудтай хэлэлцээр хийхээр төлөвлөсөн байна вэ?
-Турк улстай хэлэлцэх шатны хэлэлцээр хийж байна. Одоо удирдлагын тохиролцоогоо батлуулчихвал хэрэгжиж эхлэх юм. Харин Казахстан улстай гурван удаа уулзсан бөгөөд хэлэлцээр төслийн шатандаа үргэлжилж байна. Мөн ОХУ-тай хийсэн 1981 оны хэлэлцээрийг шинэчлэхээр болсон. Цаашид Шведийн хаант улс болон АНУ-тай хэлэлцээр хийхээр төлөвлөсөн байна.