Open iToim app
Бүтээгч | 4 мин уншина

Бог малын ясаар монгол ахуй шингэсэн, оюун ухааны тоглоом үйлдвэрлэдэг Ж.Дэмбэрэл

Бог малын ясаар монгол ахуй шингэсэн, оюун ухааны тоглоом үйлдвэрлэдэг Ж.Дэмбэрэл
Нийтэлсэн 2019 оны 5 сарын 2
Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би
Хөмсгөн сарны аялах алсын алс тойрогт
Холын хоёр одны тохиох бяцхан чөлөөнд
Хоёр нүдний үзүүрт цэнхэрлэх төдий тэртээд
Хөх манхан тэнгэрийг эзэгнэхэн төрлөө би хэмээн эхлэх нэрт яруу найрагч Б.Явуулхулан гуайн “Би хаана төрөө вэ” шүлгийн мөрүүдийг төмөр утсаар биежүүлэн, оюун ухааны тоглоом бүтээсэн Монгол Улсын шилдэг зохион бүтээгч Ж.Дэмбэрэл гуайг iToim агентлаг “Монгол хүний гараар бүтээв” булангийнхаа ээлжит зочноор урилаа.
Тэрээр 40 жилийн хугацаанд хөдөлмөрийн багшаар ажиллаж, монгол ардын тоглоом наадгай урладаг, тоглодог олон мянган шавь нарыг төрүүлжээ. Өдгөө ч шавь нар нь багшдаа ирж, тоглоомынхоо хариулт, аргачлалыг шалгуулдаг байна.
Ж.Дэмбэрэл 1967 онд буюу тухайн үеийн Багшийн их сургуулийг төгссөн цагаас монгол ардын тоглоом наадгайг төмөр утсаар урлаж эхэлжээ. Төмөр тоглоомыг никелээр өнгөлөх боломж Монголд байхгүй учраас тоглож байгаа хүний гар төмөр болоод байснаас үйлдвэрлэлээ түр зогсоож байсан аж. Гэсэн хэдий ч монгол хүүхдүүд зайлшгүй тоглох тоглоом хэмээн санаж, бог малын ясаар дахин урлаж эхэлсэн байна. Оюун ухааны тоглоомоо модоор урлаж болох байсан ч эх нутгийнхаа тачирхан үлдсэн модыг хайрлаж, малын ясаар хийх санааг олж, ийнхүү урлаж байгаа аж.
undefined
Ясан тоглоом бүтээхэд ур ухаан, нарийн мэдрэмж шаарддаг
Түүний оюун санаанаас зөвхөн монгол ахуйдаа түшиглэн бүтсэн 20 гаруй нэр төрлийн монгол ардын оюун ухааны тоглоом бий. Ж.Дэмбэрэл гуай бог малын чөмөг, шагай, тойг голдуу ясаар Чингисийн найман шарга, Ээрүүл, Амгай зэрэг Монгол Улсынхаа давтагдашгүй түүх, соёл, уламжлалт арга ухааныг шингээсэн тоглоом наадгайг урлажээ. Тэрээр “Тоглоом наадгайг урлах бог малын ясаа боловсруулахдаа эхлээд тосыг авч, буцалгах нь л гол ажил байдаг. Мод шиг өнгөлж будах, лакдах асуудал байхгүй. Гэхдээ ясаа бэлдчихээд тоглоом бүтээх ажилд ур ухаан, нарийн мэдрэмж шаарддаг. Маш болгоомжтой, цэгцтэй ажиллахгүй бол яс нь хугарч, бүтээл болохгүй байх талтай” хэмээн ярьж байлаа.
Ясаар урласан тоглоомыг олон янзаар тоглож болох арга ухаанаар бүтээжээ. Тухайлбал, Чингисийн найман шарга шагайн тоглоомоор морь уралдаж, хонь хариулах зэрэг хэд хэдэн янзаар тоглож болох юм. Уг тоглоомоор тоглосон хүүхдийн ажиглалт сайжирч, сэтгэн бодох чадвар нь хөгждөг байна.
undefined
undefined
Малчин ардын амьдрах ухаанаас суралцах зүйл маш их байдаг
Ж.Дэмбэрэл гуайн ясан тоглоомоор морь уралдах, хонь хариулахаас гадна гэр барих, бөх барилдах, шагай харвах, өнчин цагаан ботгыг ингэтэй нь уулзуулах зэрэг маш нарийн ажиглалт, ухаан шаардах тоглоомуудыг хоёр наснаас дээших бүх насныхан тоглож болох аж. Тэрээр тоглоомынхоо санааг ихэвчлэн нүүдэлчин Монголын ахуй амьдралаас сэдэвлэдэг байна. “Хөдөөний боргил амьдралд өсөх маш сайхан. Би малчин айлын хүүхэд учраас Монгол түмний ахуй амьдрал ялангуяа малчин айлын ахуй амьдралаас ясан тоглоомын санаагаа ихэвчлэн олж авдаг. Малчин ардын амьдрах ухаанаас суралцах зүйл маш их байдаг” хэмээн өгүүлж байсан юм.  
Оюун ухааны тоглоомоор тоглосон хүүхэд түүхээ мэддэг болохоос гадна сэтгэн бодох чадвар нь хөгждөг
Мөн Монгол ахуйгаас улбаатай тоглоом наадгайгаар тоглож хүмүүжих хүүхэд нэгд, улсынхаа түүх, соёлыг мэддэг болно. Хоёрт, тухайн хүүхдийн ажиглах чадвар маш сайн хөгжинө. Ингэснээр аливаа зүйлийг олон талаас нь харж, өндөр төвшинд сэтгэдэг болно. Ямар нэг зүйлд эв зүйтэй ханддаг, маш нарийн мэдрэмжтэй хүн болж, хүмүүждэг болохыг тайлбарлаж байсан юм.
Монгол хүүхдийн оюун ухааны хөгжилд үнэтэй хувь оруулах ардын уламжлалт тоглоом наадгайг Ж.Дэмбэрэл гуай гэртээ гэргийн хамтаар үйлдвэрлэж, Улсын их дэлгүүрт өөрийн боломжийн хэрээр худалдан борлуулдаг аж.
undefined
undefined
undefined
Амгай тоглоомыг Гиннесийн номд бүртгүүлэхийг хүсч байгаа
Хамгийн гол нь Ж.Дэмбэрэл гуай нарийн ухаан зааж, төмрөөр урласан “Амгай” тоглоомыг монгол хүүхдүүд нийтээрээ тоглодог болоосой гэж хүсдэг байна. Тухайн тоглоомыг тоглох өөрийн гэсэн томьёотой, маш чамин урлажээ. Монгол хүмүүний уран ухаанаар бүтсэн дэлхийд ганцхан “Амгай” тоглоомоо Гиннесын дээд амжилтад бүртгүүлэхээр хөөцөлдөж яваа ч хэл усны бэрхшээлээс болоод олигтой ажил болгож чадахгүй байгаагаа бидэнд өгүүлж байсан юм.   
Мөн “монгол ардын тоглоом наадгайгаа үйлдвэрлэх жижиг байшин барих газар нийслэлд алга байна. Тэгсэн хэрнээ архи, пивоны мухлагийн газар олдоод байх шиг байгаа юм. Манайхан үйлдвэр гэхээр хэчнээн давхраар нь төсөөлөөд байна. Би уг жижигхэн газар л хүсээд байгаа юм. Монгол ахуйгаа шингээсэн, оюун ухааны тоглоомоор тоглодог хүүхэд орчин үед алга. Тийм учраас ардын уламжлалт тоглоомыг хөгжүүлэх шаардлагатай. Энэ нь Монгол хүүхэд, Монгол улсын хөгжилд маш тустай” хэмээн ярьж байлаа.  
Ж.Дэмбэрэл гуай Өмнийн говь нутгийнхаа бүсгүйтэй ханилж, өдгөө үр ач, зээгээ харж, тэдэндээ ясан тоглоомоо тоглуулж, энх тунх амьдарч байгаа юм. Тэдний хүүхдүүд “Цагаан сар”, наадам зэрэг баяраар ирэхдээ өвөөгийнхөө урласан тоглоомоор тоглож, өвөөгийнхөө тоглоомон бэлгийг авах хүсэлдээ автдаг тухай хошигнож байсан. Түүний урласан тоглоомоор тоглож өссөн хүүхдүүд нь аливааг олон талаас нь харж, сэтгэн боддог, ажиглах чадвар сайтай хүмүүс болж, өдгөө тус тусын салбартаа амжилттай ажиллаж байгаа юм байна.
Монголын шилдэг зохион бүтээгч Ж.Дэмбэрэл гуайтай ярилцаж байхад техник технологийн хөгжлийн хэрээр хүүхдүүд сошиал орчинд цагаа зарцуулах болсон энэ үед эцэг, эхчүүд хүүхдүүдээ багаас нь монгол ахуй шингэсэн, оюун ухааны тоглоомоор тоглож сургавал улсын хөгжилд нэмэртэй санагдаж байлаа.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн