Open iToim app
Үйл явдал | 2 мин уншина

VIII Богд Жавзандамба хутагтын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

VIII Богд Жавзандамба хутагтын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
Нийтэлсэн 2021 оны 11 сарын 26
Бүгд найрамдах улсаа тунхагласан түүхэн эл өдөр Монгол Улсын баатар, Монголын Ардчилсан холбооны гишүүд, дэмжигчид Монгол Улсын сүүлчийн эзэн хаан VIII Богд Жавзандамба хутагтын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.
Монголын шашин төрийн тэргүүн VIII Богд Жавзандамба хутагтын орчин үеийн Монгол Улсын үндэс суурь, улмаар Монгол Улсын анхдугаар Үндсэн хууль батлагдах үйл явцын эхлэлийг тавьсан түүхэн гавьяаг хойч үед үнэн зөвөөр ойлгуулан таниулах зорилгоор тус арга хэмжээг зохион байгуулжээ.
Монголчууд 1911 онд Манж Чин гүрний хараат байдлаас гарч, тусгаар тогтнолоо сэргээн VIII Богд Жавзандамба хутагтыг  Монгол Улсын эзэн хааны сэнтийд өргөмжлөн, улсын цолыг Монгол, оны нэрийг Олноо өргөгдсөн, Их хүрээг Нийслэл Хүрээ хэмээн нэрийдсэнээр XX зуунд дэлхийд Монгол Улс сэргэн мандсан шинэ түүх эхэлсэн билээ.
1913-1918 онд Богд хааны зарлигаар Монгол Улсын Хууль зүйлийн бичиг 65 дэвтрийг зохион хэвлэсэн нь орчин үеийн Монголын хууль ёсны эхлэл болсон юм. Богд хаант Монгол Улсын эрдэмтэн мэргэд 1914 онд Англи, Америк, Япон, Норвеги, Швейцарь улсынҮндсэн хуулийг орчуулан иш болгож, “Богд хаант Монгол Улсын үндсэн хууль”-ийн төслийг боловсруулан бэлэн болгосон гэж тэмдэглэсэн байна.
Улс орныхоо эдийн засгийн бие даасан бодлогыг хэрэгжүүлж, тусгаар тогтнолоо бэхжүүлэхийг эрмэлзэж байсан  Богд хааны засгийн газрын эрх мэдлийг Хятадын цэргүүд баривчлан шоронд хорьсон боловч богинохон хугацааны дараа Оросын Барон фон Унгерн-Штенберг шоронгоос суллан, Хүрээг хятадын цэргүүдээс 1921 оны хоёрдугаар сарын эхээр чөлөөлсөн. Улмаар 1921 оны хоёрдугаар сарын 22-нд Монгол Улсын эзэн хааны ширээнээ дахин залсан билээ.
1921 оны долдугаар сарын ээхээр Нийслэл хүрээнд орж ирсэн Монгол ардын журамт цэрэг, Зөвлөлтийн улаан армийнхан Богдын Засгийн газрын гишүүдийг баривчлан, засгийн эрхийг Ардын засагт шилжүүлжэ. 1921 оны долдугаар сарын 11-ний өдөр VIII Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын хэмжээнд цаазат эзэн хаанаар өргөмжилж, хааны зарлигаар Засгийн газраа эмхлэн байгуулсан ч Богд хаан 1924 оны тавдугаар сарын 20-нд таалал болсноор Монголд хаант засаглалыг халж, Бүгд найрамдах засаглалыг тунхагласан билээ.
Үндэсний эрх чөлөөний удирдагч, өнө эртнээс улбаатай төрт улс, Монгол тусгаар тогтнолыг сэргээн мандуулах их үйл хэрэгт онцгой гавьяа байгуулсан түүхэн хүний бодит гавьяаг мөнхжүүлэх зорилгоор Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр Монгол Улсын эзэн хаан, VIII Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойг орон даяар тэмдэглэн олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Төрийн ордонд зохион байгуулж, архивын баримт, гэрэл зургийн үзэсгэлэн, түүхийн ном, уран сайхны кино бүтээсний зэрэгцээ Богд хааны хөшөө бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулсан юм.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн