УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын талаар УИХ-ын дарга Г.Занданшатар танилцууллаа. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: Коронавирус энэ тэр гээд яваад байсан асуудлууд үүсээд байна. Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Ш.Цогтоо, Д.Солонго нар 2013 оны арванхоёрдугаар сарын 26-нд томилогдсон байна. Бүрэн эрхийн хугацаа нь энэ оны арванхоёрдугаар сард дууссан байна. Бүрэн эрхийн хугацаа нь дуусаад бараг хагас жил болж байна. Ингээд яваад байж болдог юм уу. Яагаад Дээд шүүх хүмүүсээ оруулж ирэхгүй байгаа юм бэ. Дээд шүүх хууль зөрчиж байна гэж үзэж болох уу. Дээд шүүх саналаа өгөх нь өөрсдийнх нь эрх байх. Тэгвэл УИХ өөрийнхөө эрхийн хүрээнд чөлөөлөөд явж болдоггүй юм уу. Цэц нь хууль зөрчөөд яваад байхаар яах вэ. Цэц нь ийм шийдвэр гаргаад, ашиг сонирхолтой хүмүүс нь янз бүрийн шийдвэрт оролцоод яваад байна. Цэц дээр Засгийн газартай холбоотой хоёр маргаан болсон. Нэг нь өчигдрийн яригдсан 1991 оноос өмнөх хуулиудтай холбоотой. Нөгөө нь АМНАТ тэглэсэнтэй холбоотой асуудал. Аль алийг нь хугацаа дууссан хүмүүс шийдвэр гаргаад байна. Үүний цаана ямар эрх ашиг байгаа вэ гэж хардахаас аргагүй байдалд орж байна. Хэн гацаагаад байгаа юм бэ.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: 2020 оны хоёрдугаар сард Улсын дээд шүүх рүү Цэцийн хоёр гишүүний хугацаа дууссан дараагийн хүнийг оруулж ирнэ үү гэсэн бичиг явуулсан. Энэ долоо хоногт дахин нэг бичиг хүргүүлсэн. Өнөөдрийн байдлаар хариу ирээгүй байна. Үндсэн хуульд Цэцийн гишүүдийн бүрэлдэхүүн ямар байгууллагаас санал болгосноор томилох зохицуулалттай. Цэцийн дарга, гишүүн хууль зөрчвөл анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн УИХ эргүүлэн татаж болно гэсэн хуультай. Тэгэхээр чөлөөлөх эрх нь тэнд байгаа. Бид шууд чөлөөлөх зохицуулалт байхгүй. Дээд шүүх дараагийн хүмүүсийг томилох саналыг оруулж ирээгүй нь хууль зөрчиж байгаа. Ирэх долоо хоногт Дээд шүүхийн ерөнхий шүүгчийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оруулж та бүхэнд мэдээллийг хүргэе.
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: Цэцийн гишүүд бол парламентаас томилогдсон субъект. Энэ хүмүүсийн хугацаа хэтэрсэн тохиолдолд УИХ чөлөөлөөд явах нь хууль зөрчинө гэж бодохгүй байна. Бүрэн эрхийн хугацаа дууссан бол хугацаа дууссан гэдэг байдлаараа л явах нь зөв биз дээ. Тэгэхгүй зургаан сарын дотор шийдвэр гаргаад яваад байна. Хугацаа нь дууссан хүмүүс шийдвэр гаргаад явмааргүй байна. Эсвэл сунгаад томил. Анхаарал суларсан хойгуур иймэрхүү зүйлээ хаацайлаад яваад байж боломгүй байна. Эд нар чинь ил далд хэлбэрээр юм хийгээд яваад байгаа нь тодорхой байгаад байна.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Бид хаацайлж байгаа зүйл байхгүй. Холбогдох албан газарт нь хоёр удаа бичиг хүргүүлсэн. Дээд шүүхийн даргатай холбогдож байнгын хорооны хуралдаанд ирэхийг хэлье.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Нямбаатар даргын ярьдаг хариуцсан байгууллага, эрх бүхий албан тушаалтан гэдэг үгийг хэрхэн тайлбарлахаас асуудал шийдэгдэнэ. Зарчмын хувьд хугацаа дусаад орны хүнээ оруулж ир гэдэг бичиг явуулаад гурав, дөрвөн сар болж байна. Дээд шүүх хүсвэл энэ асуудлыг хэдхэн хоногийн дотор оруулж ирнэ.
УИХ Дээд шүүх, Ерөнхий прокурорын талаар янз бүрийн юм ярьж болохгүй. Харин яг ийм асуудлыг асуух эрх нь УИХ-д байгаа. Яагаад Үндсэн хуулийн зургаан жилийн заалт зөрчигдөж байхад Дээд шүүх орны хүнээ оруулж ирэхгүй байгаа юм бэ. Энэ бол цэвэр Дээд шүүхийн асуудал. Үндсэн хуулийн Цэцийн хууль бус бүрэлдэхүүнээр шийдвэр гаргаж байна. Хоёр сард бичиг явуулсан дөрвөн сард чуулган эхэлсэн. Одоо сар боллоо. Хүсэхгүй байна. Дээд шүүх нь Үндсэн хуулиа мөрдөхгүй юм уу. Дээд шүүхэд удаа дараа ийм асуудал гарч байна. Дээд шүүхийн ерөнхий шүүгчтэй саналаа хурдан ирүүл гэдэг асуудлыг ярьсан.
УИХ-ын дарга Г.Занданшатар: Дээд шүүхийн ерөнхий шүүгчтэй энэ асуудлаар ярьсан. Хугацаатай порцетуурын асуудлууд байгаа гэж илтгэсэн. Ирэх долоо хоногт шийдэгдэнэ гэж бодож байна. Хууль зүйн байнгын хороо ирэх долоо хоногт прокурорын сонсголтой энэ асуудлыг хамтад нь хэлэлцэж нэг тийш болгохыг үүрэг болгож байна.