Open iToim app
Зочин | 5 мин уншина

У.Ганбаяр: Амьд байгаль, амьдтын зургийг дэргэдээс нь авна гэдэг үнэхээр гайхамшигтай байдаг

У.Ганбаяр: Амьд байгаль, амьдтын зургийг дэргэдээс нь  авна гэдэг үнэхээр гайхамшигтай байдаг
Нийтэлсэн 2018 оны 11 сарын 7
"Хүрээлэн" амьд ертөнц цуврал нэвтрүүлэг үзэгчдийн хүртээл болсоор таван жилийн хугацааг үджээ. Энэ хугацаанд 160 мянга орчим километр газар аялж, 138 хөхтөн амьтдын 70 шахам зүйл, 500 орчим жигүүртэн шувуудын 230 зүйлийг хамруулан 80 гаруй нэврүүлгийн дугаар бэлтгэн хүргээд байгаа аж. Тэд таван жилийн ойг угтаж “Энержи Ресурс” компанитай хамтран “Говийн таван гайхамшиг” төслийг хэрэгжүүлж, контент бүтээж үзэгчдийн сонорыг мялаахаар төлөвлөжээ. Ингээд “Хүрээлэн” төслийн удирдагч У.Ганбаяртай цөөн хором ярилцсанаа бэлтгэн хүргэж байна.
-Ирэх оноос “Говийн таван гайхамшиг” цуврал нэвтрүүлэг гарч эхлэх юм байна. Энэ удаагийн “Говийн таван гайхамшиг” төслийн ажил нь “Хүрээлэн” төслийн хэд дэх ажил нь болж байна вэ?  
-“Хүрээлэн” төслийн хувьд “Говийн таван гайхамшиг” нь дөрөв дэх дэд төслийн нэг нь юм. Өмнө нь “Хүрээлэн” амьд ертөнцийн цуврал телевизийн нэвтрүүлэг хийсэн. “Адуу монгол хоёр” гэдэг адуу, адуучны тухай төсөл, “түүхэн жимээр” гэдэг төслийн хүрээнд халимаг, торгууд уран бүтээлчийн тухай кино хийсэн. Харин энэ удаагийн төсөл нь зөвхөн говийн бүс нутгийн тухай төсөл юм.
-“Хүрээлэн” төслийг ямар зорилгоор эхлүүлж байсан юм бэ?        
-Байгальд дуртай, аялах дуртай, амьтан ажиглах дуртай залуус нийлж, амьтдын тухай зураг бүтээл хийж, тухайн бүтээлээрээ дамжуулан хойч үе маань эх орноо таних, ан амьтны тухай мэддэг болж, эх орон, байгалиа хайрлах, бахархах, хамгаалах сэтгэлтэй болоосой гэдэг үүднээс эхлүүлсэн. Хүн танихгүй, мэдэхгүй зүйлээ хайрладаггүй. Тиймээс эх орноо хайрлуулахын тулд таниулъя. Таньж мэдсэн хүмүүсээр нь хайрлуулж, хамгаалуулъя. Ингэхийн тулд мэдээлэл, мэдлэгт нь хувь нэмэр оруулье гэсэн зорилготой эхлүүлсэн. Энэ санаагаа  уран бүтээл, контентоороо дамжуулахыг хүсч байгаа.
-“Хүрээлэн” төслийн хүрээнд өөр сэдвийн ажлуудыг зохион байгуулсан байна. Тэгэхээр төслийн сэдвээ яаж сонгодог юм бэ. Түүгээрээ ямар утга агуулгыг илэрхийлдэг юм бэ?
-Тухайлбал, National Giographic нэвтрүүлэг нь маш олон сэдвийг хөнддөг. Хүмүүс, байгаль гээд олон сэдэв дотроо хэд хэдэн дэд сэдвээс бүрддэг. Үүн шиг олон төрлийн сэдвийг хөндсөн төсөл хэрэгжүүлэхээр зорьж байгаа юм.
-Танд гайхалтай байгалийн үзэсгэлэн, өөр өөрсдийн онцлог шинж чанартай амьтдыг зурганд хадгалж үлдээх ажил хийх нь ямар байдаг вэ. Тухайлбал, амьтдын зургийг авахад л цаг хугацаанаас эхлээд маш олон зүйлийг тодорхойлсон байх шаардлагатай байдаг байх.
-Зарим тохиолдолд сайхан гэхээсээ илүү хэцүү ч байх явдал бий. Цас, бороо, салхи шуурга, халуун, хүйтэн гээд бэрхшээл ихтэй. Зураг авахад маш их тэсвэр тэвчээр шаарддаг. Үүнээс гадна амьтдыг эрж хайж, харна гэдэг чухал ажил байдаг. Харснаа зурганд буулгана гэдэг тэвчээр шаардсан ажил байдаг юм. Нэг талаараа бэрхшээл ихтэй ч сайхан. Тухайн амьтанд ойртож зураг авна гэдэг үнэхээр гайхамшиг.
undefined
-Таны зургийг харж байхад хурдан давхидаг амьтныг та бараг хажууд нь явж байгаад авсан юм шиг л харагддаг. Тэр амьтдын зургийг яаж авдаг юм бэ. Ямар амьтан хаана байгааг мэдэхэд судалгаа хэрэгтэй болдог уу. Яаж судалгаа хийдэг талаараа ярихгүй юу?
-Тухайн бүс нутагт ямар амьтад суурин байда, ямар нь нүүдэллэдэг вэ гэдгийг судална. Хэдийгээр ирдэг гэдгийг судалгааны үндсэн дээр л гаргаж байгаа юм. Үүнийг олж мэдэхэд биологийн судлаач, эрдэмтэд болон нутгийн ард иргэд чухал нөлөө үзүүлдэг. Ялангуяа нутгийн ард иргэд маш гярхай, ажигламтгай байдаг нь их тус болдог. Эдгээр хүмүүстэй  хамтарч ажиллахгүйгээр энэ ажлыг хийнэ гэж байхгүй. Тэдэнтэй хамтарч ажилласны үр дүнд амьтдын зан байдал, амьдрах орчныг судалж, тухайн амьтанд ойртон зургийг авна. Амьтад өөр өөрийн гэсэн зан ааш, амьдрах онцлогтой. Зарим нь улирал улирлаараа өөр, өөр байдаг. Тиймээс зураг авах цаг үе ч өөр хоорондоо адилгүй янз бүр байдаг юм. Орооны үед нь ойртож дөхөх боломж байна. Үүр, үр төлөөс нь хамааралтай үед нь дөхөж зураг авах эсвэл ус ундандаа ирэхэд нь сахиж байгаад зураг авах тохиолдол байна. Ингэхийн тулд тухайн амьтдын зан байдал, хоол унд, онцлог болон хаагуур ус ундандаа ирдэг зэргийг нарийн судална. Эдгээрийг ажиглаж мэдэхээс гадна өөрсдөө нүх оромж ухаж, камер хэрэгслүүдээ байрлуулахаас эхлээд маш олон ажил бий.
-Та амьтны зураг авахдаа ажиглалт, судалгаа их хийдэг юм чин тухайн амьтдыг нэлээн сайн мэддэг, ойлгодог болдог юм байна. Амьтдын үр төлөө өсгөж, өөр өөрсдийн оноосон орчин нөхцөлд зохицон амьдарч байгаа байдлыг хараад сэтгэл хөдөлж байсан олон тохиолдол байдаг байх. Үүнээсээ хуваалцахгүй юу?
-Шувуу гэдэг амьтан нь хөхтөн амьтдыг бодоход харьцангуй нүдэн дээр ил байдаг амьтан. Жигүүртэн дундаа том усны шувууд. Тогоруу, хун шувуу гээд сонирхолтой шувууд байна. Тогоруу шувуудын тухай баримтат кино хийх үедээ Монголд бүртгэгдсэн, Монголд ирж зусдаг тогоруу шувууны араас бид нэлээд явсан. Тогоруу шувууны өвөл очдог газрыг мэдэх гэж Энэтхэгийн баруун эрэгт хүртэл очиж байсан. Тогоруу шувууг ажиглахад маш гоё. Ялангуяа хаврын цагт өвөлжсөн газраасаа нүүж, ирээд хавар цагт хайрын бүжгээ хийх, үр төлөө гаргаж, түүнийгээ нэг нэгээрээ ээлжлэн дарж, хамгаалах нь үнэхээр сонирхолтой. Дэгдээхийнийх нь зургийг авахаар ойртоход үр төлөө хамгаалж буй эцэг, эх тогоруу нь өөрөө шархадсан, зовсон болж жүжиглээд шургаж унах, далавч нь хугар сан юм шиг байгаа зан байдал  гаргадаг. Үүнийг ажиглахад гайхамшигтай байдаг.
-Таны хувьд гайхалтай, өвөрмөц амьтад, газар усыг өөрийн биеэр үзэж, харж, мэдэрч зургаа дардаг байх. Ингэж явах үед тань ямар нэг байгаль, агшин, амьтны зургийг дахин, дахин дармаар санагдах хүртэл дурлуулж байсан удаа бий юу?
-Аль нэг амьтныг онцлохоос илүү бүх л амьтны зургийг авахад сонирхолтой, өвөрмөц, сорилт бэрхшээлийг дагуулж байдаг. Бид хандгай, ирвэс, мазаалай зэрэг амьтдын араас их хөөцөлдөж байсан ч хандгайн араас маш их цагийг зарцуулж явсан байдаг. Ингэж их хүч хөдөлмөр, цаг зарцуулсан ч хангалттай ойроос зураг авч чадаагүй удаа олон бий. Зурганд явах болгондоо хүссэн зургаа авна гэж байдаггүй. Хоосон явах нь битгий хэл хохиролтой явах нь зөндөө байдаг. Иймэрхүү зүйл байнга тохиолддог. Үүнийг даван туулж байж л зураг авдаг гэж боддог.
-Одоогоор монгол орноо хэчнээн тойрч, хэчнээн төрөл амьтдын зургийг аваад байна вэ?
-“Хүрээлэн” төслийн зураг авч эхэлснээс хойш 160 орчим мянган км зам туулсан байна. Ингэхдээ машин, морь, явган, мотоцикл, завь, онгоц, галт тэргээр гадаад дотоод ч явсан. Монгол оронд тэмдэглэгдсэн 138 төрлийн хөхтөн амьтдын 70 орчим зүйл, 500 орчим жигүүртэн шувуудын 200 гаруй шувуудын зургийг авсан. Одоогийн байдлаар Монгол Улсад бүртгэгдсэн 600 хөхтөн амьтны зургийг аваад байна.
-Энэ цаг үед Монголд ховордож байгаа амьтдаас ямар ямар амьтны зургийг авч, хадгалаад байна вэ?
-Хүдэр, ирвэс, мазаалай байна. Ер нь улаан номонд орсон томоохон хөхтөн амьтдын ихэнхийг нь зурагласан. Бидний хувьд нэг амьтны амьдралыг үе шат, хором мөч бүрээр нь зурганд буулгах нь илүү сонирхолтой, илүү ч том сорилт болдог.
-Зураг болгон өөр, өөр илэрхийлэлтэй байдаг. Ер нь амьтдын зургийг авахад сайхан зүйл нь юу байдаг юм бэ?
-Ан амьтад бол байгалийн баялаг гэж хэлж болно. Үүнийг зураг, дүрсэнд буулгаж үлдээнэ. Түүнд ойртож, хөөцөлдөнө гэдэг сайхан. Зүгээр нь нэг ойртож зургийг авахаас илүү тухайн амьтны зан байдлыг илэрхийлсэн зураг авах нь илүү сонирхолтой. Ааш авирыг нь гаргаж авах нь гол зорилго. Ингэж авсан зураг хамгийн сайн өгүүлэмжтэй, сонирхолтой байдаг.
-Залуу зурагчиддаа хандаж юу гэж хэлэх вэ?
-Зургаа аваад бай. Хамгийн гол нь тэвчээр.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
undefined
undefined
undefined
undefined
undefined
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн