Open iToim app
Зочин | 9 мин уншина

Б.Гансүх: Миний бүтээсэн дүрүүд бүгд л би шүү дээ. Тэдгээрээс “Дуучин Ганаа”-д илүү дуртай

Б.Гансүх: Миний бүтээсэн дүрүүд бүгд л би шүү дээ.  Тэдгээрээс “Дуучин Ганаа”-д илүү дуртай
Нийтэлсэн 2022 оны 9 сарын 17
“Молпедиа”-ийн жүжигчин Б.Гансүхтэй ярилцлаа. Биднийг очиход тэрээр зураг авалттай байв.
-Таны гол дүр бүтээсэн “Молко” ОАУСК саяхан нээлтээ хийсэн. Нэг том ажлын ард гараад амарч байгаа болов уу гэтэл зураг авалттай байж таарлаа?
-Тийм ээ. Дууны клипний зураг авалттай байна. Саяхан киноныхоо нээлтийг хийсэн. Одоогоор өдөрт нь киноныхоо идэвхжүүлэлтийг хийх ажилд анхаарч, оройдоо өөрийн ажиллуулдаг “Молуушийн газар” дээрээ ирдэг. Бусдаар бол онцын зүйлгүй дээ. Ажиллаад, амьдраад л, бахь байдгаараа байж байна.
-“Молко” ОАУСК-ны эхний хоёр анги цацагдсан. Үзэгчид өндөр хүлээлттэй байх шиг байна. Цаашид кино яах бол?
-Миний хувьд киноны 50 гаруй хувьд нь орсон. Миний байхгүй хэсэг маш их байгаа гэсэн үг. Зохиолтойгоо 100 хувь танилцаагүй, зөвхөн өөрийнхөө тоглох хэсэгтэй танилцаж, өөрийнхөө зураг авалтад л оролцож байсан. Яах вэ, ямархуу болж байгаа талаар нь чиг баримжаатай байгаа ч өөрийнхөө оролцоогүй хэсэг дээр юу гарахыг нарийн сайн мэдэхгүй. Үзэгчдэд монгол киноноос авдгаас арай өөр мэдрэмжийг өгөх байх гэж найдаж байна. Гэхдээ хүлээлтээ нэг их өндөрсгөөд хэрэггүй болов уу. Ер нь амьдрал дээр ямар нэг зүйлд хүлээлт үүсгээд, томоор төсөөлчихөөд байж байтал тэр нь бүтэлгүйтчихээр урам хугардаг шүү дээ. Тэрний оронд хүлээлтээ хамгийн бага дээр нь байлгаж байгаад эсвэл юу ч хүлээхгүйгээр үзвэл гоё. Үзэгчдийг ч бас ингэж бодоосой гэж хүсэж байна. Гэхдээ хүлээлттэй байгаа хүмүүсийн урмыг хугалахгүй байх гэж их найдаж байна.
-Киног зүгээр л мэдрээд өнгөрөөсэй гэж хэлэх гээд байна уу?
-Тийм ээ. Ер нь миний ажигласнаар хүмүүс ямар нэг бүтээлээс заавал нэг зүйл ойлгох гээд, ухаарах гээд байдаг юм. Манай кинон дээр тийм зүйл нэг их байхгүй болов уу. Яг таны хэлдгээр зүгээр мэдрээд л үзээрэй гэж хэлье дээ.
-Та“Молко” ОАУСК-д Сүхээгийн дүрийг бүтээсэн. Ер нь Сүхээ ямархуу залуу вэ?
-Анх шинэ жилээр “Молко” нэг ангит УСК-г цацсан. Уг киноны зохиолыг Б.Төгөлдөр, Г.Хатанбаатар нар бичсэн юм. Тухайн үед Сүхээгийн дүрийг яг надаар төсөөлөөд л бичсэн юм шиг байна лээ. Жинхэнэ амьдрал дээр байдаг намайг л дүр болгосон юм шиг санагдсан. Тиймээс тэр дүрд тоглох тийм ч их хэцүү байгаагүй. Өөрөөрөө байхад л болоод байсан гэх үү дээ. Мэдээж тохиолдож байгаа түүх нь өөр. Сүхээгийн ааш, характер, ямархуу хүн бэ гэдэг нь надтай их төстэй.
-Дараагийн ажилдаа орсон уу?
-Яг таг орсон зүйл байхгүй. Контент бүтээдэг “Skywoker”-ийн залуустай хамтраад “Мал тал тосгон” нэртэй найман ангит анимейшн хийх гэж байна. Нэг анги нь 23 орчим минут үргэлжилнэ. Одоо хөрөнгө босголт болон хаагуур цацахаа шийдэх ажил үргэлжилж байна. Энэ бүхэн бүтвэл хамжиж туслаад явъя гэсэн бодолтой байна. Тэд нар маш гоё юм хийх гээд байгаа байхгүй юу. Би ч бас тэдний хийх гээд байгаа зүйлийг үзэхийг хүсдэг. Тэгээд тэднийг дэмжээд чадах зүйлээрээ туслаад явъя гэсэн бодолтой байна. Хөрөнгө нь босохгүй бол бүтэлгүйтэх магадлал бас өндөр.
-Та цаашдаа кино урлагтаа ажиллах уу?
-Би багаасаа кино урлагийг сонирхож, жүжигчин найруулагч болохыг хүсдэг байсан. Энэ хүртэл ямар нэг зүйл хийсээр байгаад л кино урлаг руу орлоо. Бага насны мөрөөдөлдөө бага багаар хүрч байна гэх үү дээ. Анх би Оскарын шагнал авна гэж мөрөөддөг байлаа. Тэгээд шантраад миний мөрөөдөл монгол хүн Оскарын шагнал авахыг харах болсон. Амьдралд нухлагдаад, бодож байсан зарим зүйл байхгүй болоод л байна.
-Одоо юу мөрөөдөж байна?
-Гоё кино хийх л юм даа.
-Цаашдаа найруулагч болох уу?
-Мэдэхгүй юм даа. Болмоор санагдвал сурах хэрэгтэй байх. Надад кино хийх их хэцүү санагдсан. Ер нь тэгээд амар юм гэж юу байхав дээ, бүх юм нь хэцүү. Сураад мэргэжлийн болчихвол арай өөр байх болов уу.
-Таны хувьд контентуудаар дамжуулаад “Дуучин Ганаа”, “Молсүх гишүүн” зэрэг олон дүр бүтээсэн. Энэ дүрүүдийнхээ алинд нь илүү дуртай вэ?
-Миний бүтээсэн дүрүүд бүгд л би шүү дээ. Зарим хүн намайг жинхнээсээ УИХ-ын гишүүн гэж боддог. Дүрүүдээсээ “Дуучин Ганаа”-д дуртай. Дуу хийх гоё санагддаг. Ер нь ямар зүйл хийгээд тэр нь хүмүүст таалагдвал гоё мэдрэмж төрдөг.
-Таалагдахгүй бол гоё мэдрэмж төрөхгүй гэж үү?
-Таалагдахгүй байсан ч гоё мэдрэмж төрнө. Ямар нэг зүйл хийсэн гэдэг чинь өөрөө гоё мэдрэмж.
-Зүгээр л сууснаас дээр гэж үү?
-Тийм.
-Та өөрийгөө нийгэмд ямархуу байр суурь эзэлдэг гэж боддог вэ?
-Мэдэхгүй ээ. Согтохоороо их хүчтэй юм шиг санагддаг. Гэхдээ эрүүл үедээ яг үнэндээ хэн ч биш юм шиг мэдрэгддэг. Ер нь бол тэгээд хэн ч биш л дээ. Би нэг удаа Бээжинд очоод жинхэнэ амьдрал яаж өрнөдгийг мэдэрсэн. Үүрийн 05.00 цагаас шөнийн 12.00 цаг хүртэл тэр хотыг анзаараад, хүмүүсийг нь ажиглахад ямар ч эгогүй санагдсан. Тэд амьдрахын төлөө ямар шургуу хөдөлмөрлөж, яаж ажиллаж байгааг харсан. Монголд бол эсрэгээрээ шүү дээ. Монголчууд ямар билээ, бүгд л мэднэ. Өөрчлөлтийг өөрөөсөө гэж хэлдэг. Гэвч би өөрөө ч өөрчлөгдөж чадахгүй л байна. Болно доо. 
-Гэхдээ та бас нийгмийг өөрчилье гэж хичээдэг юм шиг санагддаг. Молпедиагийн контентуудыг харахад ихэвчлэн нийгэмд чиглэсэн байдаг шүү дээ?
-Хичээсэн ч гэсэн ханаж болохгүй юм билээ. Ханачихвал бүх үзүүлэлт нь буурчихдаг. Би яг тэрийг мэдэрч байсан. Ингээд үзчих юм сан гээд үзэнгүүт одоо яах вэ гэдэг асуулттай тулгардаг. Тэгээд цаашаа яах вэ гэдгээ мэдэхээ болихоор унаад байдаг юм байна лээ. Зөндөө л тэгж бүтэлгүйтэж байсан. Бид унаж боссоор л ирсэн.
-Согтохоороо хүчтэй юм шиг санагддаг гэсэн дээ. Хэр их уудаг вэ?
-Гайгүй ээ. Хааяа, хааяа ууна. Хамгийн гол нь уучихаад “toxic” байж болохгүй юм байна гэдгийг ойлгосон. Эрүүл байхад ч гэсэн “toxic” хүмүүс л хамаг уур амьсгал эвддэг. Согтуу болчих юм бол агсан тавиад л, галзуу солиотой юм шиг байдаг хүмүүс бий. Миний хувьд ч тийм байсан үе бий. Тэгээд өөрийгөө тийм гэдгийг мэдрээд их муухай санагдсан. “Молуушийн газар”-ыг нээснээс хойш ганц хоёр пиво уучихаад харьдаг болсон. Ер нь тааруулах нь их чухал.
Нөгөө талаар хүмүүс буруу зүйл хийчихээд архи ууснаас боллоо гэж хэлдэг. Манай монголчууд бүр архинаас болоод л бүх зүйл болохгүй, бүтэхгүй байна гэж хэлээд байдаг. Тухайн хүнд уухгүй байх, тохируулж уух сонголт бий. Бүр шахуулаад уусан ч байлаа архинаас болж муу зүйл болно гэж байхгүй. Уг хүний жинхэнэ хүн нь архи уухаараа гараад ирдэг байх. Тэрнээс биш даруухан байсан хүн архи уугаад даруухан биш болно гэсэн зүйл байхгүй л дээ.
undefined
-Таныг томоохон жагсаал цуглаан дээр үзэл бодлоо илэрхийлээд явж байхыг харж байлаа. Та өөрийнхөө нийгмийн оролцоог ямархуу гэж боддог вэ?
-Ер нь гайгүй шүү. Тулгамдсан асуудал дээр оролцоно. Гэхдээ юм болгонд гүйгээд байх дургүй. Миний санаж байгаагаар “No naadam”, “Ажлаа хий” гэсэн хоёр жагсаалд оролцож, үзэл бодлоо илэрхийлсэн.
“No naadam” жагсаал болж байхад бүх зүйл үнэхээр ла*рын байсан л даа. Бүх үйлчилгээний газруудыг корона тараах гээд байна гээд хаачихсан хэрнээ өөрсдөө наадам зохион байгуулж олон мянган хүн цуглуулна гээд байгаа нь үнэхээр шударга бус санагдсан. Үйлчилгээний газар ажиллуулдаг, үйлчилгээний байгууллагаар амьжиргаагаа залгуулдаг олон хүн түрээсээс эхлээд эд хөрөнгө, сэтгэл санаагаар хохирсон. Тиймээс жагсаалд оролцсон.
“Ажлаа хий” жагсаалд мөн нэр төртэйгөөр, хоёр өдөр оролцсон. Үнэхээр л тэд ажлаа хийж чадахгүй байсан шүү дээ. Жагсаалын хоёр дахь өдөр Л.Оюун-Эрдэнэ гарч ирж үг хэлсэн. Би тухайн үед өөр газар явж байсан. Тэгээд үг хэлж байгааг нь хараад талбай руу явсан. Хамгийн гол нь, Л.Оюун-Эрдэнэ гарч ирээд бидэнтэй нийлээд “Харин тийм ээ, би ойлгоод байна. Угаасаа бүгд болохгүй байна аа. Амьдрал хэцүү байна. Хэдүүлээ хамт бидний дээр байгаа хүмүүстэй тэмцье” ухааны юм ярьсан. Тэгээд төсвөө хэмнэе, том машинууд унахаа больё гэж шийдсэн л дээ. Удалгүй долоо хоног өнгөрөв үү, үгүй юү буцаад л том машинуудаа унаад эхэлсэн. Чи тэр жагсаалд оролцож байсан уу гээд хэн нэгэн асуувал оролцож байсан л гэж хэлнэ.
Гэхдээ би одоо улс төр энэ тэр сонирхохоо больсон. Сонирхоод ч нэмэр байхгүй юм шиг санагдах болсон. Өөрийгөө ч тэгж нервтүүлээд яах вэ гэж боддог боллоо. Жаахан залхсан байх аа. Бид зүгээр л сошиал ороод нервтэж байна. Аль болох тийм зүйлээс хол баймаар санагдаж байна даа.
-Улс төрийн нөхцөл байдалд санаа зовохгүйгээр тайван амьдрахыг хүсэж байна уу?
-Тийм ээ. Улс төр бодож стресстэхгүй байхаар шийдсэн. Угаасаа л амьдрал биднийг хангалттай стресстүүлж байна. Ер нь ядарч байна. Ийм байхад өөр зүйлд стресстэж энергиэ үрэх шаардлагагүй санагдаж байна. Урдах ажлаа л хийгээд явж байвал болно.
-Залуус яг ингэж л улс төрд сонирхолгүй болж улмаар сонгуульдаа ч оролцохоо больдог байх?
-Тэр угаасаа ойлгомжтой л доо. Миний саналаар дутахгүй дээ, угаасаа зөв гэж бодсон хүндээ саналаа өгсөн ч гардаг хүмүүс нь л гарна даа гэсэн бодолтой байдаг шүү дээ. Тийм болохоор сонгуулиа өгөх сонирхолгүй байх.
Нөгөө талаар манай улсын сонгуульд оролцож, саналаа өгөх хууль нь маш сонин. Заавал иргэний үнэмлэх дээрх хаяг дээрээ очиж байж саналаа өгдөг. Залуус хөдөөнөөс ирээд ажил хийгээд амьдралаа болгох гээд энд тэнд явж байхад заавал сум орон нутагтаа очиж саналаа өгөхийг шаарддаг. Заавал саналаа өгөхийн тулд хаа байсан Хөвсгөл рүү зардлаа төлөөд очоод саналаа өгчихөөд зардлаа төлөөд буцаад ирнэ гэж байхгүй. Хэн ч явахгүй шүү дээ.
Зүгээр л би Монгол Улсын хаана ч явж байхдаа санал авч байгаа газарт нь иргэний үнэмлэхтэйгээ очоод л саналаа өгмөөр байна. Үүнийг зөвшөөрдөггүй нь залуусын оролцоог маш их багасгадаг. Чи ер нь нутаг руугаа явж саналаа өгч байсан уу?
-2020 оны сонгуульд саналаа өгөх гэж бүр Увс аймаг руу зорьж очсон. Харин 2021 оны сонгуульд бол саналаа өгөөгүй. Ирж очих зардал өндөр л дөө.
-Тийм байхгүй юу. Сонгуульд саналаа өгөх гэж зардал төлөөд явж байсны оронд зардлаа хадгалсан нь дээр биз дээ. Миний хувьд сонгуульд битгий оролц, саналаа битгий өг гэж хэлээд байгаа юм биш. Сонгуульдаа харин ч оролцох ёстой. Харин залуус ч гэлтгүй иргэн бүр саналаа хаанаас ч өгөх боломжийг нээгээд өгөөсэй гэж хүсээд байгаа юм. Тэгвэл оролцоо нэмэгдэнэ. Гэхдээ л гардаг нь л гардаг шүү дээ.
-Таны хувьд 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Д.Энхбатыг дэмжиж байгаа гэдгээ илэрхийлж байсан. Тэрнээс болж “Гардаг нь л гардаг” гэж хэлж байгаа юм уу?
-Хэн гарах нь ойлгомжтой байсан. Гэхдээ тэгэхгүй байх гэсэн итгэл бидэнд байх хэрэгтэй байх. Угаас ойлгомжтой байсан ч гэсэн ямар нэг зүйл хийх. Яаж ч бодсон тэр өрсөлдөөнөөс Д.Энхбат гарна гэж байхгүй.
-Та ер нь улс орноо цаашид яана гэж боддог вэ, хөгжинө гэж боддог уу?
-Хоёулаа ч улс төр ярьж өгч байна даа. /инээв/ Цаашдаа манай улс яахыг ёстой мэдэх юм алга. Гэхдээ хөгжинө гэсэн итгэл найдвараа хаяж болохгүй. Ирээдүйд бүх зүйл сайхан болно гэсэн бодолтойгоо байх хэрэгтэй байх. Юу ч болсон бай бидний л төрсөн улс. Бидний амьдрал энд үргэлжилж байна. Эх орныхоо үнэгүй агаар, ус, ой мод бүгдийг нь хэрэглэж байгаа. Гоё болох байх өө.
-Хүнд сэдвээр их ярьчих шиг боллоо. Таны хувийн амьдралыг сонирхож болох уу. Одоо хэдэн настай билээ. Яах вэ, хэлэхгүй байсан ч болно доо?
-Юуг нь нуух вэ, 27-той.
-Ганц бие байх. Гэр бүлээ хэрхэн төлөвлөж байна вэ?
-Тийм. Ганц бие. Одоогоор миний толгойд ажил, мөнгө, яаж амьдрах вэ л гэж бодогдож байна. Яваандаа хүнтэй гэрлэж, хүүхэдтэй болох байх. Түүнээс өмнө өөрийнхөө амьдралыг босгох хэрэгтэй юм шиг байгаа юм. Яарсан зүйл байхгүй ээ.
-Өөр юу байна даа?
-Ямар ч байсан амьд л байна.
-Ярилцсанд баярлалаа.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн