Open iToim app
Дэлхий | 4 мин уншина

Он цагийн хэлхээ: 1989 оны Тиананмений бослогын ард

Он цагийн хэлхээ: 1989 оны Тиананмений бослогын ард
Нийтэлсэн 2019 оны 5 сарын 31
Хятадын Коммунист намын эрх баригчид 1989 онд Бээжин хотын Төв талбай болох Тиананмений талбайд ардчиллын төлөө бослого гаргасан иргэдийг нэгхэн шөнийн дотор зэвсгийн хүчээр цус асгаруулан дарсан билээ. Харин маргааш өглөө нь цус асгаруулсан ямар ч ул мөргүй бүх зүйл хэвийн үргэлжилсэн гэдэг.
Үүнээс болж яг хэдэн хүн амь үрэгдсэн талаар баттай тоо баримт одоо хэрнэ байхгүй ч 3,000-9000 орчим хүн нас барсан гэж судлаачид үздэг. Энэхүү гунигт явдлыг ирэх зургадугаар сарын 4-нд эргэн дурсаж, амь үрэгдсэн нэр нь үл мэдэгдэх тэмцэгчдийн гэгээн дурсгалыг хүндэтгэх юм.
Хэдий 30 жил өнгөрсөн ч энэ үйл явдал нь Хятадын хувьд нэн эмзэг асуудал хэвээр байж дэлхий дахинд шүүмжлүүлдэг томоохон сэдэв болсоор ирсэн. Сүүлийн үед ч Дундад улсад ардчиллын хөдөлгөөн ахин идэвхжиж эхэлснийг олон улсын судлаачид дурдах болсон. Мөн үүнийг Хятадад тун удахгүй гарч болох эрх мэдлийн дахин хуваарилалттай ч холбон тайлбарлаж байна.
Тиймээс 1989 оны дөрөвдүгээр сарын 17-нд эхэлсэн Хятадын ардчилсан хувьсгалын түүхэн он цагийн хэлхээг хүргэж байна. 
1978 онд Коммунист намын удирдагч Дэн Сяопин Хятадын эдийн засаг, улс төрийн реформыг эхлүүлэв.
1986-1987 онд Дэн Сяопины эхлүүлсэн шинэчлэл эх оронд нь ахицтай өөрчлөлт авчрахгүй байгаад сэтгүүл дундуур байх сэхээтнүүд олширч, оюутнууд ЗХУ-д Михаил Горбачёвын эхлүүлсэнтэй ижил эрс өөрчлөлтийг шаардан тэмцэл өрнүүлж эхлэв.
1988 онд Хятадын Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ху Яаобангийг намын бодлогоос гажууд, ардчилал эрс шинэчлэлийг ил тод ярьж, оюутнуудын эсэргүүцлийн хөдөлгөөнийг дэмжсэн гэж үзэн үүрэгт ажлаас нь огцруулав. Мөн тухайн үед дэлхий дахинд өрнөж байсан нийгмийн өөрчлөн байгуулалт болон Хятадын Коммунист намын хэрэгжүүлж байсан шинэчлэлийн бодлогын зогсонги байдлаас үүдэн Хятадын эдийн засаг эмх замбараагүй байдалд орж инфляцын төвшин 30 хувьд хүрч ард түмний амьдрал илт доройтсон нь хувьсгал эхлүүлэх дохио болж байв.
undefined
1989 оны дөрөвдүгээр сарын 15 – Оюутнуудын хувьд Хятадын ардчиллын билэг тэмдэг болж байсан Ху Яаобанг төрийн ордонд боловсролын шинэчлэлийн талаарх уулзалтад оролцож байхдаа гэнэт зүрх нь зогсож нас барав.    
Дөрөвдүгээр сарын 17 – Нийслэл Бээжин хотод Ху Яаобангийн гэгээн дурсгалыг хүндэтгэж, гашуудал илэрхийлэхээр Тиананмений талбайд оюутнууд цуглаж эхлэв. Цагдаа нар тэднийг сайн дураараа тарахыг шаардсан боловч оюутнууд улам бүр нэмэгдэн улс төрийн эсэргүүцлийн жагсаал болж хувирав. Тэд тэр шөнөө Коммунист намын удирдлагуудад хүргүүлэх долоон зүйл бүхий шаардах бичгийг тунхаглав.
Дөрөвдүгээр сарын 22 –Хятадын Коммунист намын төв байрны гадаа болсон Ху Яаобангийг эцсийн замд нь үдэх ёслолын үеэр 50,000 оюутан цугларч түүнд хүндэтгэл үзүүлэв. Энэ үеэр гурван оюутан эрх баригчдад шаардах бичиг хүргүүлсэн боловч намын удирдлагууд хүлээн авахаас татгалзав. Ингээд эсэргүүцлийн арга хэмжээ өргөжиж Шиань болон Чанша хотуудад эхлэв.
Дөрөвдүгээр сарын 25 – Бээжин хотод багш, оюутнууд хичээл хаялт зарлав.
Дөрөвдүгээр сарын 27 – Дахин 50,000 орчим оюутан Тиананмений талбайд болж буй тэмцэлд нэгдэв. Жагсагчдын тоо нэг сая давсан гэсэн албан бус тооцоо гаргав.
Тавдугаар сарын 2 – Шанхай хотод 10,000 жагсагч хотын удирдлагын төв байрны гадаа эсэргүүцлийн хөдөлгөөн эхлүүлэв.
Тавдугаар сарын 4 – Японы түрэмгийллийн эсрэг 1919 оны тавдугаар сарын 4-нд эхлүүлсэн эсэргүүцлийн хөдөлгөөний 70 жилийн ойн өдөр Хятадын есөн хот Барууны хэв маягтай ардчилсан тогтолцооны төлөөх хөдөлгөөнд нэгдэв.
Тавдугаар сарын 13 –Тиананмений талбайд хэдэн зуун оюутан тэмцлийн хурц хэлбэрийг сонгож өлсгөлөн зарлав.
Тавдугаар сарын 15-18 – ЗХУ-д эрс өөрчлөлт хийж буй Михаил Горбачёв БНХАУ-д айлчлав. Оюутнууд түүнийг ардчиллын элч төлөөлөгч гэж уриалгахан хүлээн авч түүнийг дагалдан ирсэн гаднын хэвлэлүүдээр Хятадын Коммунист намыг ил тод шүүмжлэн, “Интернационал” дууг дуулж байв.
undefined
Тавдугаар сарын 19 - Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга Жао Зиян Хятадын Ерөнхий сайд Ли Пэн болон ирээдүйн Ерөнхий сайд Вен Жиабао нартай хамт Тиананмений талбайд ирж оюутнуудыг эсэргүүцлээ зогсоон, тайван замаар асуудлыг шийдвэрлэхийг уриалав. Гэвч тэд хүлээн аваагүй юм. Энэ нь Жао Зияны олон нийтийн өмнө харагдсан сүүлийн тохиолдол байсан бөгөөд тэрээр удалгүй улс төрөөс бүрэн арчигдаж дууссан.
Тавдугаар сарын 20 - Ерөнхий сайд Ли Пэн Бээжин хотын зарим хэсэгт цэргийн дэглэм тогтоож байгаагаа зарлав. Тухайн үед тэмцэгчид түүнийг Бээжингийн яргачин гэж дуудаж байв.
Тавдугаар сарын 23 - 100,000 орчим оюутан Ли Пэнийг огцрохыг шаардан жагсаал цуглаан өрнүүлэв.
Тавдугаар сарын 30 - Оюутнууд Тиананмений талбайд 10 метрийн өндөр ардчиллын охин тэнгэр буюу эрх чөлөөний хөшөөний дуураймал загварыг босгов.
Тавдугаар сарын 31 - Засгийн газраас эсэргүүцлийн жагсаалыг сөргүүлж өөр нэгэн оюутны жагсаалыг зохион байгуулав. Хятадын Коммунист намын санхүүжилтийг авсан жагсагчид ардчиллын төлөө тэмцэгчдийг урвагчид, дээрэмчид, харгислагчид гэж дуудаж байв.
Зургадугаар сарын 3 - Иргэд болон Хятадын Ардын чөлөөлөх армийн хооронд мөргөлдөөн эхлэв. Эхэндээ цэргүүд зөвхөн нулимс асгаруулагч хий ашиглан оюутнуудыг нэн даруй тарахыг шаардав. Гэвч шаардлагыг хүлээн аваагүй учир оройн 10 цаг 30 минутад цэргүүд Бээжин хотоос гарах бүх гарцыг хааж, Тиананмений талбай руу танк хөлөглөн нэвтрэн орж, тааралдсан хүн бүр лүү гал нээн бослогыг цус асгаруулан дарах ажиллагааг эхлүүлэв. Энэ үед Тиананмений талбайгаас гарахыг оролдсон оюутнуудыг буцаан оруулж байжээ. Харин бослогыг зохион байгуулагчид адилхан Хятад ахан дүүс болох цэргүүдийн өөдөөс тэмцэхгүй байж, хүч хэрэглэхгүй байхыг жагсагчдад уриалж байв.
Зургадугаар сарын 4 - Үүрийн дөрвөөс таван цагийн үед цэргүүд Тиананмений талбайг бүрэн мэдэлдээ авч жагсагчдыг цус асгаруулан дарав. Үүнээс ердөө нэг цагийн дараа буюу 5 цаг 40 минут гэхэд талбайг бүрэн цэвэрлэсэн байжээ.
Зургадугаар сарын 6 - БНХАУ-ын Төрийн зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Юуан Мү телевизээр дамжуулан бослогыг дарах үед нийт 241 хүн амь үрэгдсэний ихэнх нь цэргүүд байсан бөгөөд ердөө 23 оюутан нас барсан гэж мэдэгдсэн байна. Хятадын эрх баригчид чухам хэдэн хүн тухайн өдөр амь насаа алдсан талаар одоо ч гэсэн нууцалсан хэвээр байгаа юм.
Зургадугаар сарын 9 - Хятадын удирдагч Дэн Сяопин цэргийн удирдагч нараа магтаж, энэ бүхэнд буруу номт хувьсгалчдыг буруутгав.   
Үүний дараа НҮБ Хятадын эрх баригчдыг буруутгаж ард түмнээсээ уучлалт гуйхыг шаардаж дэлхийн олон орнууд тэдэнд янз бүрийн хориг тавьсан юм. Гэвч Коммунист нам одоо хэрнэ буруугаа хүлээгээгүй байна. Энэ бүхний дараа байдал улам дордож хэдэн зуун сая ном, хэвлэлийг устган, олон зуун сонин, сэтгүүл, телевизийг хааж, хэдэн мянган сэтгүүлч, редактор, уран бүтээлчдийг хэлмэгдүүлсэн билээ.
Эх сурвалж: Reuters
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн