УИХ-ын гишүүн С.Ганбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-2.4 их наядын алдагдалтай төсвийг Их хурал хэлэлцэж байна. Төсвийн алдагдал гэдэг бол бидний тавих өр. Зарлагаа танаад алдагдалгүй төсөв баталж болдоггүй юм уу?
-Та хамгийн чухал асуултыг асууж байна. Төсвийг алдагдалтай батална гэдэг ойлголт байх ёсгүй. Төсөв гэдэг орлого, зарлага л гэсэн үг. Орж байгаа орлого, зарлага хоёр тэнцэх ёстой. Төсвийн тэнцвэржүүлэлт гэдэг бол төсвийн орлого, зарлага хоёр тэнцэж байна гэсэн үг. Төсвийн тодотгол гэж байдаг. Олно гэж төлөвлөсөн орлого ямар нэгэн хүчин зүйлээс шалтгаалаад нэмэгдвэл төсөвтөө тодотгол хийдэг. Бидний тооцоолж байснаас их орлого ороод ирлээ үүнийгээ хадгалах уу, сургууль, цэцэрлэг барих уу, ажлын байранд зарцуулах уу, үйлдвэр барих уу гэдгийг төсвийн тодотголоор шийддэг. Мөн тооцоолж байснаас бага орлого олвол хийхээр тооцсон хөрөнгө оруулалтаа мөн л төсвийн тодотголоор хасдаг.
16 их наядын орлого олж, 18 их наядыг зарцуулна гэдэг дарга нар их иднэ гэсэн үг. 2.4 их наядын төсвийн алдагдал бол нэргүй татвар. 16 их наяд төгрөгт 2.4 их наядыг тооцвол 15 хувийн нэргүй татвар Монголын ард түмэн дээр тавьж байна гэсэн үг. Нөгөө талаар, төсвийн алдагдал гэдэг бол өнөөдрийн үеийнхэн үр хүүхдүүдээсээ мөнгө хулгайлж байна гэсэн үг. 2.4 их наяд төгрөгийн алдагдлаа яаж нөхөх вэ гэж асуухаар 1.6 нь гадаадын зээлээр нөхнө гэж байгаа. Харин үлдсэнийг нь Тогтворжуулалтын сангаас авна гэсэн. Б.Жавхлан сайдын үед төсвийн алдагдал харин ч багассан байна. 2020 онд 4.5 их наядын алдагдалтай төсөв баталсан. Яагаад гэхээр энэ онд сонгууль болсон. Монголын ард түмний төсвийн мөнгөөр сонгуульдаж, эд ялсан байна гэсэн үг. 2021 онд 3.6 их наядын алдагдалтай төсөв баталсан. Энэ онд Ерөнхийлөгчийн сонгууль болсон. Эд мөн л төсвийн мөнгөөр сонгуульдаж ялсан.
-Шаардлагагүй хөрөнгө оруулалт маш их байна гэж байна. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум усан бассейнтай ч дахин нэг бассейн барихаар тойргийн гишүүд нь санал өгсөн байна. Энэ мэт шаардлагагүй хөрөнгө оруулалтыг танавал төсвийн алдагдлыг бууруулах боломжтой биз дээ?
-1.7 их наяд төгрөгийн шаардлагагүй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт байна гэдгийг би судалгааны тайлангаас харлаа. Уг нь үүн дээр Аудитын байгууллага олигтой хяналт тавьж, ажиллах ёстой. Ер нь улс төрийн хамгийн хэцүү зүйл бол мөнгөний зарцуулалт, шийдвэр гаргахад улстөрчдийг хянах нь болчихоод байна. Төсөв баталж, зарцуулж байгаа хүмүүсийн хулгайг яаж хянах вэ гэдэг өнгөрсөн 200,300 жилийн хүн төрөлхтний зовлон байсан. Өмнөх 500 жил загалмайтны аян дайн гэж шашны дайн байсан. Төр, шашин хоёр нэг учраас шашны хоорондын мөргөлдөөнөөс болж төр самуурдаг. Яг үүнтэй адилхан өнөөдөр төр, мөнгө хоёр гэрэлчихээд хулгай хийгээд байгаа учраас энэ хоёрыг яаж салангид хяналттай байлгах вэ гэдэг нь зовлон болчихоод байна. Өнөөдөр төсвийн мөнгөнөөс хулгай хийх магадлалтай эрх баригч, дарга нар төсвийн мөнгөнд хяналт тавьдаг Аудитын дарга нарыг томилдог. Өөрөөс нь томилгоо авдаг, тушаалаар нь ажилладаг хүмүүс өөрийг нь хянадаг тогтолцооноос болж бид энэ хулгайнаас салж чадахгүй байгаа. Төсөв тойрсон маш их хулгай байдаг. Бассейн, онгоцны буудал гэх мэт хүн мэдэхгүй зүйлүүд дээр хулгай их явдаг. Онгоцны буудлын асфальт ямар стандарт, технологитойг хэн ч мэддэггүй. Тэндээс хулгай хийгээд тайлан тавьчихсан байхад шалгах хүн байхгүй. Хүний мэддэггүй зүйлээс хулгай хийгээд гаршчихсан хүмүүс бассейнаа барих л сонирхол байдаг байх нь. Бассейн нь гол биш харин үүгээр түрий барьж мөнгө идэх нь гол байна.
-Төсвийн тэгш бус хуваарилалт гэж маш их ярьдаг. Хэнтийнхэн улс төрд "том дарга" болсноос хойш Хэнтийд хамгийн их төсөв тавьдаг нь нууц биш болсон. Ирэх жил гэхэд Хэнтийн хоёр суманд нисэх буудал барихаар тусгасан байна. Үүнийг гишүүд яагаад эсэргүүцдэггүй юм бэ?
-Төсөв гэдэг бол эрх баригчдын дарга нарын дахин сонгогдох хэрэгсэл болсон гэдэг нь эндээс харагдаж байна. Тойрог дээрээ төсвийг ахиухан тавьж ард түмэндээ таалагдсанаараа 3.3 сая монголчуудын болон төрөөгүй байгаа ирээдүйн үр хүүхдээсээ ахиухан хулгай хийж, тойргтоо аваачсан хүн дахин сонгогдох магадлалтай. Энэ бол Засгийн газар гишүүдэд өгч байгаа хахууль. Өөрийнхөө хувь эрх ашгийн төлөө улсын мөнгийг зарцуулж байгаа явдал. Өнөөдөр 76 гишүүн 76 улсаас ирчихсэн Элчин сайд шиг тойрог руугаа яаж хамгийн их мөнгө зулгаах вэ гэдгээ ярьдаг, хэлцдэг болчихож. Үүнээс эрх баригч нарын хамгийн том дарга нар нь ахиухан авч байна. Хамгийн гол нь үүний цаан нийтийн эрх ашгийг хангасан том, том төслүүд нь хаягддаг. Яагаад зэс хайлуулах үйлдвэр, ган хайлуулах төмрийн үйлдвэр, нэг ширхэг төрөх эмнэлэг социализмаас хойш баригдсангүй вэ гэдэг бол өнөөдөр нэгдсэн бодлого байхгүй, гишүүд нь дахин сонгогдохын төлөө тойрог руугаа хувийн эрх ашгийн төлөө улсын мөнгийг зарцуулдаг явдал гаарчихсан байгаа. Үүнийг Аудит ярих ёстой. Сөрөг хүчний бид байдгаараа л ярьдаг. Энэ мэдээллийг аваад ард түмэн дүнгээ тавина гэж итгэж бид энэ бүхнийг ярьж байгаа.
-Та гишүүдийн тойргийн мөнгийг хахууль гэж байна. Ирэх жилийн төсөвт нэг гишүүнээс дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын саналыг Засгийн газар авсан. Засгийн газар огцорчихгүйн тулд гишүүдийн тойргийн мөнгийг бүр хоёр дахин нэмчихэж, хахуульдаж байгаа юм уу?
-Тийм ээ. Надад бас дөрвөн тэрбумыг Орхон аймагт хуваарилсан. Би үүнийг хэлэх ёстой. Энэ системд би дургүй. Би энэ асуудлаар байнгын хороон дээр байр сууриа хэлсэн. “Та нар 76 хүнд аманд ч үгүй, хамарт ч үгүй дөрөв, дөрвөн тэрбумыг өгч, 300 тэрбум төгрөг цацаж байснаас энэ мөнгөөрөө урьдчилгаа хийгээд нэг том цахилгаан станцаа хөдөлгөөнд оруулж болно. Эсвэл 300 тэрбум төгрөгөөр Монголын бүх эмнэлгийг тоног төхөөрөмжөөр хангавал ард иргэдэд хэрэгтэй. Энэ систем нь буруу шүү” гэдгийг хэлсэн. Би тойрог дээр ковидын эсрэг тэмцэж байгаа хүмүүст 900 саяын тоног төхөөрөмж авахаар тавьсан. Мөн гэр хороолол руу инженерийн барилга байгууламж барих, жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжихэд хөрөнгө оруулалт тавиулсан байгаа. Энэ бүхний тендер зарладаг, шалгаруулдаг хүмүүс нь МАН-ын комисс байгаа. Тэнд надад 10 хувь, 20 хувь ч гэдэг билүү тийм юм ярих ямар ч үндэс байхгүй. Харин тэднийг хамаатныхаа компанид өгчихвий гэж хянах нь миний ажил болчихоод байна.
-Тойрог, тойрог руугаа бага, бага мөнгө татаад төсөв тарамдаж байна гэж олон жил ярьж байгаа боловч ямар ч өөрчлөлт гараагүй. Тэгвэл гишүүд тойргийнхоо мөнгөнөөс татгалзаад улсад хэрэгтэй нэг юм уу, хоёр төслөө санхүүжүүлье гэвэл та энэ мөнгөнөөсөө татгалзаж чадах уу?
-Хамгийн түрүүнд гарын үсэг зурна. Би тойргийнхондоо тайлбарлана. Яагаад гэвэл хамгийн түрүүнд манай Эрдэнэтэд томоохон бүтээн байгуулалт хийх мөнгө орж ирэх учраас би тойргийнхоо мөнгөнөөс татгалзаж чадна.
-Танай тойргоос гурван өөр газраас нэр дэвшиж байсан хүн сонгогдсон. Тойргийн хөрөнгө оруулалтын саналаа өгөхдөө гурвуулаа ярилцсан уу?
-Н.Алтанхуяг гишүүн бид хоёр ярилцдаг. Орхон аймаг өнөөдрийг хүртэл нэгдсэн хөгжлийн төлөвлөгөөний зураггүй. Нийслэлийн дараа ордог том хот нь ямар ч төлөвлөлтгүй, нүүдэлчин сэтгэлгээгээр асуудалд хандаж болохгүй гээд бид нийлж төлөвлөлтийн зураг төслийн мөнгө тусгаж байгаа. Нөгөө гишүүн бол тэртээ тэргүй Орхон аймгийн бүхэл бүтэн баг тэр хүний төлөө ажиллаж байгаа учраас бидэнтэй одоохондоо уулзаагүй байна.
Ардчилсан нам удахгүй мандан бадарна
-Таны элссэн шинэ нам хуваагдаад байсан ч бүр нэмээд бүлэг нь хуваагдчихлаа. Та бүлгийн гишүүний хувьд энэ асуудалд ямар байр сууринаас хандаж байна вэ?
-Бүлгийн гишүүний хувьд гэж асуусанд баярлалаа. Ихэнх нь “та бүлгээсээ хөөгдөөд сайхан байна уу” гэж асуух юм байна шүү дээ. Би албан тушаал, сайд, хувийн эрх ашиг гэж бодсон бол арай өөр сонголт хийх байсан. Гэхдээ сайдын төлөө нүдээ ухаад өгөхөөс буцахгүй хүмүүстэй харьцуулахад би өөр хүн. Би бол зарчимтай. Эрдэнэтийн ард түмэн намайг хяналт тавьж, эрх баригчдыг хазаарлаарай гэж сонгосон болохоос эдэнтэй нийлээд амьдралаа бодоод алга болоорой гэж сонгоогүй. Энэ утгаараа би МАН-ын эрх баригчдын багт ороогүй. Харин гудманд ганцаардаад, ядраад, тамга, тэмдгээ булаацалдаад, эрх баригчдын тоглоом болоод явж байгаа Ардчилсан намд орсон. Үүний шалтгаан нь ардчилалд хайртай олон зуун мянган гишүүд дэмжигчдэд би найдвар болж, ардчилалд хайртай хүн байдаг юм шүү гэдгийг үзүүлэхийн төлөө энэ сонголтыг хийсэн. Түүнээс өөрийгөө ардчилал гээд бодчихсон, энэ намын нэрээр хагартлаа баяжчихсан, Ардчилсан намын нэрээр өндөр албан тушаалд байсан, одоо хутгуур хийж байгаа луйварчдыг бодож ороогүй. Тиймээс би сонголтоо зөв хийсэн гэдэгт итгэлтэй байгаа. Одоо эд Ардчилсан намын бүлгийн дарга болох гээд уралдаж байна. Үүнийг хараад би инээд хүрч байна. Хоёр үг хэлмээр байна. "Тунгалаг тамир" кинон дээр Түгжил Цахиур Төмөрийг араас нь хутгалдаг. Ингэхэд Цахиур Төмөр “Хэдэн адсганаас болж хүн алах нээ” гэдэг. Үүн шиг жижиг сажиг албан тушаалаас болж хүнээ байхнээ дээ энэ хүмүүс. Ингэж болохгүй.
Дилова хутагтын номонд Гэгээн Мэрин хүү Гималайд аялж байв. Гэтэл нэг хүнтэй таарлаа. Хүйтэн, ойн төгөлд нэг хүн сууж байлаа. “Та чинь ядаж нэг урц овоохой барьчихгүй яагаад ингэж даарч, хөрөөд сууж байгаа юм бэ” гэж асуув. Мэрин хүү Есүс тэр хүнд “Урд би нэг мэргэн хүнтэй таарсан. Би 700-хан жил энэ хорвоо дээр амьдрах юм гэсэн. 700-хан жил энэ хорвоо дээр байгаад буцахын хооронд тэгж их төвөг удаж, төвхнөх хэрэг байна уу даа” гэж хариулсан гэж гардаг. Өнөөдөр албан тушаалын төлөө нүдээ ухаж өгөхөд бэлэн байгаа энэ хүмүүст хэлэхэд энэ хорвоо дээр ирсэн хүмүүст буян тус болохын төлөө хичээхэд л болох зүйл шүү дээ.
-Ер нь анх бүлэг юунаас болж хагарсан юм бэ?
-Бүлгийг хагалах сонирхол эрх баригч нарт байдаг. Эрх баригчдын гар хөл болж, тэднээс ашиг хонжоо харж бүлгийг хутгадаг, өөрийгөө дарга гээд итгэчихсэн зарчим хүнийг араас нь хатгадаг, шөвөгддөг мунхаг лойдруудын явуулгаар юм зүйл үүсч байгаа. Би маш аз жаргалтайгаар үүнийг ажиглаж байгаа. Харин ардчиллын төлөө амьдралаа зориулсан олон мянган гишүүд, дэмжигчдийн өмнөөс ичиж, санаа зовж, шаналж байгаа. Харин энэ бүхнийг хутгаж байгаа хүмүүсийг хараад инээд хүрч байгаа.
-Та бүлгийн хуралд оролцож байгаа юу?
-Би бүлгийн хуралд тааллаараа орж байгаа.
-Цаашдаа Ардчилсан нам босч ирж чадах уу. 13-хан хүнтэй бүлэг нь хоёр хуваагдчихаар нэгдэж, нийлнэ гэдэг итгэл найдвар байна уу?
-Ардчилалд хайртай, ардчиллын төлөө зүтгэдэг жирийн монгол иргэд ялна. Үүнд би итгэлтэй байна. Өнөөдөр өөрийгөө ардчилал гээд бодчихсон зарим нэг хүн удахгүй үхнэ. Хүн дээшээ өндөр үсрэхийн тулд эхлээд жаахан бөхийдөг. Тиймээс Ардчилсан нам удахгүй мандан бадарна. Өөрийгөө ардчилал гээд бодчихсон, ардчиллын буянаар хагартлаа баяжсан, луйварчин, хутгууруудын тоглоом юу ч биш. Муу юмнаас сайн юм үүсдэг гэдэг үг байдаг. Линхуа цэцэг өмхий ногоон балчиг дотроос ургадаг болохоос хээр талын эрүүл хөрсөнд ургадаггүй юм. Өөрийгөө ардчилал гээд бодчихсон, луйварчин, хутгууруудад нэг зөв юм байна. Тэдний буянаар ардчилал улам дархлаатай, улам хүчирхэг болно. Монголын ардчилалд итгэдэг хүмүүсийн сайхан сэтгэл ялна.