Open iToim app
Анализ | 3 мин уншина

С.Шаарийбуу: Миний охин өндөр боловсролтой, гэр бүлийнхээ хамгийн ухаалаг нь байсан

Нийтэлсэн 2019 оны 1 сарын 31
undefined
2006 онд Малайз улсад орчуулагчаар ажиллаж байсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа онц хэрцгийгээр бусдын гарт амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Арван гурван жилийн дараа онц ноцтой энэ хэрэгт холбоотой томоохон шүүх хурал 2019 оны нэгдүгээр сарын 22 өдөр Малайзад эхлээд байгаа юм. Шүүх хуралд нэхэмжлэгч талыг төлөөлж талийгаачийн аав МИУС-ийн зөвлөх профессор, шинжлэх ухааны доктор С.Шаарийбуу оролцож мэдүүлэг өгсөн байна. Шүүх хурал өнөөдөр шийдвэрээ гаргана.
Талийгаач Алтантуяаг Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разак болон түүний зөвлөх Абдул Разак Багинда нарын орчуулагчаар ажиллаж байх үед нь Малайзын нийслэл Куала Лумпур хотод  толгойн тус газар нь буудаж, дараа нь биед нь тэсрэх бөмбөг суулган дэлбэлсэн онц ноцтой хэрэг гарсан юм.
Энэ хэрэгт Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разак болон түүний зөвлөх Абдул Разак Багинда нарыг буруутгаж, тэднийг захиалагч хэмээн сэжиглэж байгаа. Талийгаачийн үхлийг Нажиб Разак болон Абдул Разак Багинда нарын зэвсгийн наймаатай холбодог. Учир нь талийгаач Алтантуяа тэдний бизнестэй холбоотой оруулагчийн ажлыг хийж байхдаа амь насаа онц хэрцгийгээр алдсан юм. Нажиб Разак болон Абдул Разак Багинда нар нь удаа дараа энэ хэргийг улстөржүүлж, үгүйсгэсэн. Сая, Нажиб Разак шүүх танхимд мэдүүлэг өгөхдөө талийгаач Алтантуяатай өмнө нь огт тааралдаж байгаагүй, танихгүй гэсэн тайлбарыг өгчээ. Нажиб Разак нь хохирогч талын гэрчүүдийн Нажиб Разак, Абдул Разак Багинда болон талийгаач гурвын хамт авахуулсан зургийг харсан гэх мэдүүлгийг удаа дараа үгүйсгээд, түүнтэй андуурагдсан байж болохуйц төстэй царайтай бүсгүйтэй авахуулсан зургаа үзүүлсэн байна.
Энэ хэрэгт талийгаачийн үеэл Бурмаа гэрчийн мэдүүлэг өгөхдөө эл зургийг хуурамч эвлүүлэг болохыг таньсан байна. Учир нь тэрээр яг энэ зургийг өмнө нь харж байсан бөгөөд тухайн үед талийгаач Алтантуяа зурганд байжээ. Харин Нажиб Разакийн талаас гаргаж ирсэн зургийн хувьд хэн ч харсан эвлүүлэг гэдэг нь мэдэгдэхээр байна гэжээ.  
undefined
Энэ хэргийг гардан үйлдсэн этгээд болох Азила Хадри болон Сирул Азхар Умар гэгч Малайз улсын цагдаа нар байсан. Тэд хэргээ хүлээж цаазаар авахуулах ялаар шийтгүүлсэн юм.
Монгол Улсын иргэн Шаарийбуугийн Алтантуяагийн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг 2006 оноос хойш 13 жилийн турш бүрэн шийдвэрлэгдээгүй юм. Энэ хэрэгт Малайзын Холбооны Улсын шинэ Засгийн газрын зүгээс анхаарч, тодорхой ахиц  гарч хэргийг дахин шалгаж, талийгаачийн гэр бүлд тохиолдсон уй гашуу, гарз хохирлыг барагдуулах анхны шүүх хурал Малайзын Куала Лумпур хотноо энэ өдрүүдэд болж байгаа юм. 
undefined
Талийгаачийн аав С.Шаарийбуу шүүх танхимд хандан хэлсэн үгийг тоймлон хүргэж байна.
Тэрээр “Охиноо алдсан өдрөөс хойш бидний амьдрал утга учиргүй болсон. Тэр минь гэр бүлдээ хамгийн өндөр боловсролтой, хамгийн ухаалаг нь байсан. Охин минь хоёр хүүхэд болон гэр бүлээ тэжээдэг ганц хүн нь байсан” гэжээ.
Талийгаач Алтантуяаг амь насаа алдахад түүний том хүү нь 10 настай, бага нь 4 настай байжээ. Бага хүү нь төрөлхийн бие муутай байсан бөгөөд явж чаддаггүй, байнгын асаргаа сувилгаа шаардагддаг байсан байна. Тиймээс талийгаач Алтантуяа бага хүүгээ өдөр бүр дасгал хөдөлгөөн хийлгэж асарч тойглон, гадаад улсуудад эмчлүүлэхээр олон удаа явжээ. Түүнийг онц хэрцгийгээр бусдын гарт хөнөөгдсөн гэдгийг бага хүүд нь хэлж зүрхлээгүй бөгөөд ээж нь хол явсан гэж тайлбарладаг байсан гэж С.Шаарийбуу гуай шүүх танхимд илэрхийлжээ. Тэрээр “Баярын өдрүүдэд бэлэг бэлдэж, ээж нь хүүдээ бэлэг явуулжээ” гэж аргалдаг байсан. Бага хүү нь түүнийг өдөр бүр санадаг байсан юм. Гэсэн хэдий ч 2017 оны нэгдүгээр сард хүүгийн бие улам муудсаар харамсалтайгаар нас барсан байна.
С.Шаарийбуу гуай өнчирч хоцорсон хүүхдүүдийн төлөө чадах бүхнээ хийсээр ирсэн бөгөөд нас барсан хүүгийн эмчилгээнд зориулж амьдарч байсан байраа хүртэл зарсан аж. Мөн ээжид нь тохиолдсон явдлаас болж өдрөөс өдөрт доройтож байсан амьдралдаа тус дэм болохын тулд том хүү нь бага наснаасаа ажил хийж эхэлсэн байна. Талийгаачийн аав С.Шаарийбуу шүүх танхимд “та бүхэн намайг их сургуулийн профессор гэхээр хангалуун амьдардаг гэж бодох байх. Гэвч Монголд профессорууд тухайн үед сарын 700 ам.долларын цалинтай байсан. Одоо бол 800 ам.доллар болсон. Миний орлого охины минь үлдээсэн амьдралыг авч явахад хэзээ ч хүрэлцэж байгаагүй” гэжээ.
Талийгаачийн ар гэр болох аав С.Шаарийбуу, ээж Алтанцэцэг, том хүү Мөнгөншагай, бага хүү талийгаач Алтаншагай нар 2007 онд Малайзын Засгийн газраас зуун сая рингит буюу 24.3 сая ам.доллар нэхэмжлээд байсан юм. Гэвч хоёр жилийн өмнө бага хүүг нь нас барсны дараа нэрийг нэхэмжлэгчээс хассан байна.
Эх сурвалж: thestar, stratstimes
Бэлтгэсэн: О.Мөнхбат
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн