УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар ахмадын тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх хуулийн төслийг хэлэлцэж дөнгөж сая дууслаа. Хурлын шийдвэрийн талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн болон ХНХ-ын сайд С.Чинзориг нар мэдээлэл хийлээ. Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Тэтгэврийн зээл нэг удаа тэглэхийг бүлгийн гишүүд дэмжлээ. Энэ долоо хоногт байнгын хороод чуулган нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн батална” гэв.
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Энэ мөнгөөр ажлын байр бий болгож болдоггүй юм уу?
-Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа иргэд тэтгэврээ барьцаалж зээл авч байгаа. Үүний 90 хувь нь зургаагаас доош зээл авч байгаа. Нэг үгээр хангалуун амьдралтай хүмүүс зээл авч байна гэж бодохгүй байна. Нөгөө талаар бүх тэтгэврээ зээлэнд өгөөд амьдралаа залгуулна гэдэг хүнд. Зээлээс зээлийн хооронд амьдарч байгаа иргэдээ нэг удаа төрөөс харж үзэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Нөгөө талаас төсөв санхүү гайгүй байгааг ашиглаж Засгийн газар ажлын байрыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
-Өгөөжөө өгч эхлээгүй байгаа орд дээр түшиглэж зээл тэглэнэ гэдэг нь хэр оновчтой вэ?
-Салхитын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг цуцласан асуудлаар Хятад компани шүүхэд гомдол гаргасан. Анхан болон давж заалдах шатны шүүх гомдлыг хүлээж авахаас татгалзсан. Тиймээс энэ орд төрийн мэдэлд байгаа. Нэг үгээр, тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудал дээр ямар нэгэн эргэлзээ байхгүй. Цагаан сарын өмнө Салхитын ордыг барьцаалж тэтгэврийн зээлийг тэглэнэ. Таван жилийн хугацаатай, зургаан хувийн хүүтэй, хаалттай бонд босгоно.
-180 мянган иргэн тэтгэврийн зээл аваагүй гэж байна. Энэ хүмүүст мөнгөн тэтгэмж олгох уу?
-180 мянган ахмадын асуудлыг одоогоор ярихгүй. ҮАБЗ-ийн зөвлөмж тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэнэ гэж байгаа.