УОК-ын Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяраас ковидын нөхцөл байдлын талаар тодрууллаа.
-Ковидын шинжилгээний тоо огцом өсөөгүй ч томуугаар өвчилсөн хүн ихэсжээ. Коронавирусийн шинэ давлагаа эхэлчихэв үү?
-Коронавирусийн давлагаа буурсан. ДЭМБ-ын ерөнхийлөгч “Цар тахал хумигдаж байна” гэж мэдэгдэл хийснийг иргэд шүүмжилж байна. Омикрон вирус дараа дараагийн мутацдаа ороод явах боломжтой юм. Гэхдээ одоо ковидын бус томуу төст өвчний давлагаа ихэсч байна.
-Томуу төст өвчин улирлын чанартай дэгдэв үү?
-Тийм. Түүнээс гадна цар тахлын үед хэвшүүлсэн гараа угаах, амны хаалт зүүх, агаар орчин сэлгэх, чийгтэй цэвэрлэгээ хийх зэрэг дэглэм алдагдсанаас болж идэвхжлээ. Үүнд голлон хүүхдүүд өртөж байна. Томуу төст өвчний дараагийн хүрээ нь томуугийн А, В хүрээний өвчин болж хүндэрдэг.
-Томуугийн давлагаа эхэлнэ гэж ойлгож болох уу?
-Өвөл хүйтэн болдог улс орнуудад томуу, томуу төст өвчлөлийн давлагаа нэлээд хүндэрдэг. Жинхэнэ томуу бол одоо манай улсад давлагаалаад буй томуу төст өвчнөөс хамаагүй хүнд хэлбэртэй байдаг. Аравдугаар сарын дунд үеэс томуугийн маш том давлагаа эхэлнэ. Тиймээс иргэд цар тахлын үед мөрддөг байсан дэглэмээ үргэлжлүүлэн мөрдөх шаардлагатай.
Томуу бол вирусээр үүсгэгддэг өвчин бөгөөд вирустэй хүн ханиах, найтаах үед агаар дуслын замаар бусдад халддаг. Шинж тэмдгүүд ихэвчлэн 3-5 өдөр үргэлжлэх бөгөөд ихэнхдээ бүрэн эдгэрдэг ч зарим хүн хүндээр өвддөг. Томуугийн шинж тэмдэг нь хоолой өвдөх, ханиалгах, толгой өвдөх, үе мөч, булчин өвдөх, халуурах, ядарч сульдах зэрэг юм.
-Тэгэхээр иргэдэд ковидын эсрэг вакцин хийлгэх шаардлагагүй гэсэн үг үү?
-Тийм. Одоо томуугаас сэргийлж томуугийн вакцин хийлгэж өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Томуугийн вакцины түрүүч нь хил дээр орж ирж байгаа. Гэхдээ одоогоор А, В хүрээний томуу эхлээгүй байна. Одоогоор томуу төст өвчин дэгдсэн байгаа тул томуугийн давлагаа гарах гэж байгаатай холбогдуулаад өөрсдийгөө хамгаалан томуугийн вакцин хийлгэх хэрэгтэй.
Томуугаас сэргийлэх зөвлөмж:
Ханиад эсвэл томуу хүрсэн эсэхээ мэргэжлийн эмчид хандан оношлох
Гараа халуун бүлээн усаар тогтмол савандаж угаах
Ханиад, томуутай хүнтэй зайнаас харилцах
Гэр орон, албан тасалгаандаа чийгтэй цэвэрлэгээ хийх