Гачууртын эцсээс хойш 12 км-т орших Шар хоолой хэмээх газарт нэг их том биш ч хөөрхөн тохижилттой эко мухлаг бий. Энэ дэлгүүрийг дандаа эко бүтээгдэхүүн зардаг, Жангүмын дэлгүүр гэдгээр нь тэр хавийнхан андахгүй. Дэлгүүрээр нь үйлчлүүлсэн, ороод гарсан хүмүүст атга чихэр, ааруул ээзгий өгөөд, “Жангүм”-ынд ирсэнд баярлалаа гэх энэ эмэгтэйг Алтангэрэлийн Одончимэг гэдэг.
БНСУ-ын олон ангит киноны гол дүр Дэ Жангүмыг та бүхэн мэдэх байх. Тэр маш сайхан хоол хийдэг, өвдөж зовсон нэгнийг анагааж, үргэлж тусалж дэмжихийн төлөө байдаг. Тэгвэл Дэ Жангүмын тэр л мөн чанар А.Одончимэгт байх тул найзууд, танилууд нь түүнийг Жангүм гэж нэрлэжээ.
Хотын төвөөс 30 км орчим, хүнгүй хээр шахам байдаг газар ч энэ дэлгүүрээр хүн тасрана гэж үгүй. “Таны хийсэн хоолыг идэх гэж ирсэн юм” гэсэн олон хүн ирж байв. Энэ бүхэн нь Жангүмд огтхон ч тээртэй санагдахгүй бөгөөд ирсэн нэгэнд гарын хоол, сүү цагаан идээгээ өгөөд явуулна.
Дэ Жангүмын дүр өвдөж зовсон нэгэнд их тусархуу. Үүнтэй адил Монгол Жангүм ч мөн зовсон нэгэнд тусалж дэмждэг. Тэрээр дэлгүүрийнхээ ашгийн 30 хувийг сайн үйлсийн аянд хандивладаг байна. Мөн энэ амралтын өдрүүдийн орлогоороо Цагаан давааны хогийн цэг дээр хоёр хүүтэйгээ амьдардаг нэгэн эхэд шинэ гэр бэлгэлэхээр болсноо ярьж байлаа.
Түүний нэг өдөр тун ч завгүй өнгөрнө. Өглөө босоод лангуу дүүрэн бүтээгдэхүүнтэй дэлгүүрээ нээнэ. Ингэж нээхийн тулд шөнө нь нөхөртэйгөө хамт шар тосоо хайлуулж, боорцгоо хайрч, талхаа жигнэж, Сарлагхан зайрмагаа хөлдөөж, мэхээртэй тосоо хэвлэж, буузны мах гурилаа бэлдэнэ. Шөнийн 03.00 цагийн үед энэ ажлууд нь дуусахад зургаан цаг унтаж аваад дэлгүүрээ нээнэ. Дэлгүүрээ нээнгүүт түүнийг гэж зорьж ирсэн хүмүүс угтан булаацалдах шахам аваад дуусгана. Үүний ард нөхөр, хүүхэд, ач зээ нар нь үргэлжлүүлэн ажиллаж, дэлгүүрийн лангууг дүүргэвч, дүүргэсэн даруйдаа л дуусаад өгнө.
Хотод хуурамч бүтээгдэхүүн их байдаг тул органик бүтээгдэхүүн худалддаг
Одончимэгийн амьдрал үргэлж өрхийн үйлдвэртэй холбоотой байжээ. Анх Сэлэнгийн Хөтөлд “Амтлаг” гэх цайны газраа байгуулснаар өрхийн үйлдвэрлэлтэй болох ажил нь эхэлжээ. Дараа нь Шаргалжуут рашааны орчим 25 жилийн турш ирсэн хүмүүст хоол хийж өгч, өрхийн үйлдвэрлэлээ үргэлжлүүлсээр байсан байна.
Үүнээс хойш “Монгол Жангүм” эко хүнсний дэлгүүрээ байгуулаад зургаан сар болж байгаа бөгөөд 32 нэр төрлийн бүтээгдэхүүн гаргадаг аж. Түүний байгуулсан энэ дэлгүүр бол 30 жилийн хөдөлмөрийнх нь үр шим.
Улаанбаатар хотод нүүж ирснийхээ дараа нэг удаа аарц худалдаж автал дотор нь гурил хийчихсэн, тогоонд наалдаад байж гэнэ. Дараа нь шар тос худалдаж авахад дийлэнх хувьд нь ус хийсэн байж. Энэ бүгдийг хараад тэр дэлгүүртээ дандаа органик бүтээгдэхүүн худалдана гэж сэтгэл шулууджээ. Сүү, цагаан идээ бол түүний үйлдвэрлэлийн гол түүхий эд, орц. Тиймээс энэ бүгдээ органик байлгахын тулд Баянхонгор аймгийн малчдаас Эмээлт зах руу хүргүүлэн өөрсдөө тосож авдаг байна.
Түүний хийдэг хэд хэдэн бүтээгдэхүүн нийслэлд брэнд болжээ. Үүнийг нэг нь “Сарлагхан” гэх хүүхдийн массаж зайрмаг. Анх тэрээр энэ зайрмагийг хэл ярианы бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан хийж байжээ. Хэл ярианы бэрхшээлтэй хүүхдүүд өдөрт 50 удаа хэлнийхээ үзүүрийг хамартаа хүргэдэг дасгал хийдэг юм байна. Гэтэл хүүхдүүд өөрсдөө энэ дасгалаа хийдэггүй учир зайрмаг долоолгох байдлаар хийлгэдэг аж.
“Сарлагхан” массаж зайрмагны орцод сарлагийн аарц, зөгийн бал, үзэм, самар, аньс, нэрс, чацаргана ордог тул хүүхдийн биед муугаар нөлөөлөхгүй. Нэг зайрмагийг долооход 130-150 удаа долоодог учир хэл ярианы бэрхшээлтэй хүүхдүүдэд маш сайн дасгал болж өгдөг байна. Энэ зайрмагийг долоосноор хүүхдийн шүд цоорохгүй бөгөөд хоолойн ангена, бамбай булчирхайд сайнаар нөлөөлдөг. Хүүхдэд янз бүрийн химийн хортой чихэр, зайрмаг өгч байхын оронд органик бүтээгдэхүүн өгч байх хэрэгтэй гэж Жангүм ярьсан юм.
А.Одончимэг: Хөдөлмөрч, тууштай байж чадвал хүссэндээ хүрдэг юм байна
-Таны мухлаг хөөрхөн тохижилттой юм аа. Үүнийг босгоход хүндрэлтэй байв уу?
-Гайгүй дээ. Хотод бол мөнгө нь л байвал юу ч хийж болохоор болж. Эгч нь хар нялхаасаа аймгийн төв ч биш, сумын төв ч биш бүр хөдөө амьдарч байсан. Тэнд юм хийхэд их хэцүү, тээврийн зардал их гардаг. Хэрвээ энэ дэлгүүрээ Шаргалжуутад байгуулсан бол тээврийн зардалдаа шатна, их зардал гарах байсан байх.
Улаанбаатар хотод ирээд энэ юмнуудаа хийхэд маш их урамтай байна. Органик бүтээгдэхүүний зах зээл дээр өрсөлдөөн алга. Одоо юм бүхэн хуурамч болчихсон энэ үед үнэхээр чанартай, органик бүтээгдэхүүн хийж чадвал хүмүүст их авахаар байна. Гэтэл хүмүүс хийхгүй байгаа. Залуус их залхуу болсон байна. Нөгөө талаар залуусыг залхуу болгох юмаа эцэг эхчүүд нь өөрсдөө хийж байна. Хоёр хүн суухад нэг талаас нь машин, нөгөө талаас нь байшинг нь аваад өгчихдөг. Аль нэгийг нь дутуу аваад өгчихвөл тэрнийхээ төлөө хөдөлмөрлөж, мөнгөө хадгална шүү дээ.
-Өрхийн үйлдвэрлэл хийх нь таны дуртай зүйл байсан уу?
-Тийм ээ. Хүн дуртай зүйлээ хийж чадаж байвал болохгүй зүйл байхгүй. Бэлэнчлэхгүйгээр олж авсан амьдрал бол хамгийн амттай, аз жаргалтай. Хүн хөдөлмөрлөж олсон болгондоо хайртай байдаг юм. Монгол Улсын иргэн болгон ажилтай байж, өрх болгон үйлдвэрлэгч болж чадвал амархан л Азийн бар байдаг юм уу хүлэг нь байдаг юм уу болчихно.
Хөгжсөн улс орнуудыг хараад байхад хөдөлмөрлөдөггүй, өрхүүд нь юм хийхгүй байна гэж алга. Бид хөдөлмөрлөх дээрээ л гацаж байна. Биднийг жаахан байхад сур, сур бас дахин сур гэдэг байлаа. Одоо би залуустаа хөдөлмөрлө хөдөлмөрлө бас дахин хөдөлмөрлө гэж хэлмээр байна. Дипломтой болъё гэхээсээ илүү ажилтай болъё гэж бод. Ажлын байр бол хүний амьдралын насан туршийн баталгаа. Ер нь тууштай хөдөлмөрлөж чадвал хүссэндээ хүрдгийг би 55 насанд хүрч, өөрийн гэсэн ажлын байртай болохдоо л мэдэрлээ. Залуу байхад юу ч мэдэхгүй л явдаг байж дээ. Хүн гэдэг амьтан хожим л ухаарах юм. Залуус төрийн алба гээд л хошуураад байх юм. Төрийн албаны цалингаар яаж амьдрах вэ. Тэрний оронд өрх бүр үйлдвэрлэгч болмоор байна. Энэ нь жаахан зүйл юм шиг боловч улсын хөгжилд их том зүйл.
-Тийм шүү. Өрхийн үйлдвэрлэл улсын хөгжилд маш чухал гэдгийг мэргэжлийн хүмүүс ч хүртэл хэлдэг шүү дээ?
-Харин тийм. Одоо бол иргэн бүр УИХ-ын гишүүн болж, УИХ-ын гишүүн бүр төрийн гурван өндөрлөгийн нэг болох хүсэлтэй болжээ. Ичмээр нь өөрийгөө голохоо байсан байна. Бүгдээрээ миний хүүхэд байсан бол нэг сайн сургаад авах сан. Ингэхийн оронд урдах юмаа сайн, чанартай хийж өөрийнхөө хариуцсан зүйлд эзэн байх хэрэгтэй. Улсын хөгжлийг үүрч явдаг хүмүүс бол бидэн шиг үйлдвэрлэгчид байдаг юм. Залуусдаа захихад хийж байгаа зүйл часхийтэл чанартай хийхэд л амьдрал аандаа тэгширнэ дээ.
Үйлчлүүлэгчид хотын төвд нүүж ирэхийг урьдаг
Жангүмын дэлгүүр хотын төвөөс нэлээн зайдуу тул үйлчлүүлэгчид нь хотын төв рүү ирэхийг урьдаг аж. Та хотын төв рүү нүүх үү гэж асуухад “Би хотын төвд амьдарч чадахгүй юм билээ. Энд амар тайван тааваараа ажилладаг. Өрхийн үйлдвэрлэл гэдэг өөрийнхөө хэр хэмжээгээр л ажилладаг. Би 30 жил шахам жижигхэн өрхийн үйлдвэрлэлийн мухлагтай болох юм сан гэж хүсэж явсаар боломж нь таарахгүй одоо 55 хүрээд л өөрийн гэсэн юмтай боллоо. Урьд нь түрээс төлдөг байх үед үнэхээр хэцүү байсан. Бүтэн сар зовж, нойр хоолгүй хийсэн юмаа сарын эцэст түрээсэндээ өгчихдөг байлаа. Одоо бол хэн ч намайг хөөж загнахгүй, өөрийнхөө тааваараа ажиллаж байна” гэсэн юм.