Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эхлүүлсэн. Уг үндэсний хөдөлгөөнтэй холбоотойгоор модыг хэрхэн тарих, юуг анхаарах, юу дутагдаж байгаа талаар талаар МУИС-ийн Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн Доктор, дэд профессор Ц.Батчулуунтай ярилцлаа.
-Бид модыг суулгаад орхичихвол ургачих юм шиг хандаад байна. Тэгвэл модыг суулгаснаас хойш хэр хугацаа зарцуулсны дараа арчилгаа шаардхааргүй болдог юм бэ?
-Мод үрнээс бий болдог. Үрийг мод үржүүлгийн газар буюу үйлвэрлэлийн обьектуудад тарьдаг. Тарьсан үрнүүд 3-4 жилийн дараа 20-30 см тарьц болно. Бид богино хугацаанд сайн тарьцыг гаргаж авах ёстой. Тиймээс таатай орчныг бий болгох хэрэгтэй. Монгол орны ой 150-160 орчим хоног ургадаг. Бусад үед нь өвөл болчихно шүү дээ. Энэ хугацаанд ургалтыг сайжруулахын тулд таатай орчныг нь бий болгох ёстой. Үүний дараагаар 3, 4 настай тарьцыг хүлэмжнээс нь гаргаж бойжуулах талбай буюу ил газар дасгана. Нэг ёсондоо хүүхдийн цэцэрлэг шиг сургуульд ороход нь бэлдэж байна гэсэн үг. 5, 6 настай болох үед нь цэцэрлэг, зориулалтын талбайдаа тарьж болно. Ингэж явсаар мод 20-30 настай болж байж арчилгаа шаардахгүй болно. Хүн насанд хүрч, их сургуулиа төгсөөд бие дааж амьдардагтай адилхан мод ч гэсэн насанд хүрч бие даан амьдарч эхэлж байна гэсэн үг. Тэгэхээр 20-30 нас хүртэл нь буюу 20,30 жил арчилна.
-Тэрбум мод хөдөлгөөн эхлээд удаагүй байна. Дөнгөж суулгаж байгаа шүү дээ. Тэгвэл бид ингэж суулгаж, мод тарихдаа юун дээр анхаарах ёстой вэ?
-Нэгд, тухайн мод тарих гэж байгаа газрынх нь ус их чухал. Мод болгон өөрийн гэсэн хими, биологийн тогтоц, эргэлтүүдийг авах шинж чанартай байдаг. Жишээлбэл, Нарс гэх мод усны, хөрсний pH5 гэсэн орчинд ургана. Тэгэхээр энэ хэмжээний ус байна уу гэдэг асуудал үүснэ. Хүчил, шүлтийн хэмжээ их эсвэл бага байвал таатай орчин үгүй болно. Иймд усалж байгаа усаа мэдэж байх шаардлагатай. Ус бол бол ус биш. Тарих гэж байгаа модныхоо усыг тодорхойлж, өөрсдийнхөө хийж байгаа усыг таарах эсэхийг мэдэх хэрэгтэй. Хоёрт, хөрсний асуудал. Тухайн ургамал, мод шаварлаг, элсэрхэг зэрэг ямар хөрсөнд ургадаг эсэхийг тодорхойлно. Жишээ нь, нарс бол элсэрхэг агаартай хөрсөнд ургадаг. Үүнээс гадна дагалдах нөхцлүүд үүснэ. Яаж арчлах юм, хүний нөлөө байгаа юм уу, мал идэх юм уу гэх мэт. Мөн манайхан хамаагүй ус аваачиж услаад л байдаг. Гэхдээ тэр ус нь хүчиллэг, шүлтлэг гэдгээ мэдэхгүй байгаад байна.
-Модыг уулын өндөрт тарих тохиолдол байдаг. Уулын өндөрт тарихаар өнөө арчилгаа, услагааг хэн хийх вэ, уул руу хэн ус зөөх вэ?
-Үүнийг шийдэх л ёстой. Жишээлбэл, бороожуулах, хоолой, насос, усалгааны арга хэрэгслүүд бий.
-Тэр болгоныг шийдэхэд төсөв хөрөнгө хязгаартай учраас бид яах вэ?
-Мод тарихад нэг чухал зүйл нь газарзүйн байрлал. Газарзүйн байрлал орчин гэдэг бол тухайн модыг ургуулах орчныг бий болгодог. Одоогоос 5.5-23.5 сая жилийн өмнө уулын өгөгдлүүд бий болсон. Үүнийг даган усны голдирол зэрэг нөхцлүүд үүсч уулын ар хэсгээр мод ургаж байсан юм. Хоёрт, говьд яагаад заг ургаад байна. Хангайд яагаад заг байхгүй байна. Энэ чинь газар зүйн байрлалтай холбоотой. Тохирох газар нь тохирох модыг тарих ёстой болохоос дуртай газраа мод тарина гэсэн үг биш. Иймд судалгаа, тооцооны үндсэн дээр байршлыг сонгох хэрэгтэй.
-Тэрбумыг модыг тарихад мэргэжилтнүүд дутмаг байгаа энэ үед яаж мэргэжилтнүүдийг хэрхэн нэмэгдүүлэх вэ?
-Мэргэжилтэн маш чухал. Монгол орны хувьд ойн мэргэжилтэй хүний тоо хэмжээ маш бага. Өнөөдрийн байдлаар ХААИС, МУИС, ШУТИС цөөн мэргэжилтэн бэлтгэж байна. Бид үүнийг хэрхэн нэмэгдүүлж бэлтгэх чиглэлээр ажиллаж байна. Улсын хэмжээнд өнгөрсөн даваа гаригаас мянган сургагч багш бэлтгэх цахим сургалт эхлүүлээд байна. Эдгээр сургагч багш нар жинхэнэ ойн инженер, ойн мэргэжилтэн биш ч мэргэжлийн тодорхой дадалтай тул өөр хүмүүст зааж, сургаж явна. Засгийн газрын гаргадаг нэн шаардлагатай мэргэжлүүдийн тавдугаарт энэхүү ойн аж ахуйн инженер мэргэжилтэн багтсан байдаг. Энэ хүрээнд их сургуулийн хэмжээнд өөр мэргэжлийн баклаврын зэрэгтэй хүмүүсийг элсэлтийн шалгалтын оноо шаардахгүй элсүүлж байна. Одоогоор 100 гаруй хүн бүртгүүлсэн байна. Мөн мэргэжлийн сертификат олгох сургалтыг зохион байгуулах гэж байна.
-Манай улс 2050 он гэхэд цэвэр усны нөөцгүй болно гэдгээ зарлачихсан. Гэтэл тэрбум модыг нэг жилд услах ус Хөвсгөл нууртай дүйцнэ гэсэн судалгааг ШУТИС-ийнхан хийсэн байсан. Энэ үнэн үү?
-Тооцооллыг янз бүрийн аргаар хийж болно. Тухайн судлаачид ямар өнцгөөс хийсэн гэдгээс шалтгаална. Гэхдээ модыг усална гэдэг усыг өдөржин гол шиг урсгана гэсэн үг биш. Тодорхой цагт, тодорхой хэмжээгээр усална. Мөн норм гэж бий. Нэг тарьцад нэг услахдаа 50-60 литр усыг зарцуулна. Ингэхдээ өглөө 05-07 цагийн хооронд нэг, орой нар буусны дараа нэг усална. Дунджаар 100 литрийг өдөрт зарцуулна гэсэн үг. Усны эх үүсвэрийг олон янзаар ашиглах ёстой. Зүгээр усаа хийх өөр, бороожуулах өөр шүү дээ. Сүүлийн үед усалгааг үндэсний буюу хөрсний гадаргаар хийх болсон. Учир нь, дээгүүр бороожуулж байгаа усны 20 гаруй хувь нь хөрс нь дээр буухаасаа өмнө агаарт ууршиж алга болж байна. Цаашдаа энэ агаарын усалгаа багасна. Тиймээс усалгааны ямар арга хэрэглэх, ямар нормын дагуу хийх үү гэдгээс хамаарна.
-Мод услахад давтамж нь ямархуу байдаг юм бол?
-Халуун нартай өдрүүдэд өглөө, орой усална. Өдөрт багадаа 100 литр ус хэрэглэнэ. Хөрснийхөө шинж чанарын байдлаас хамаарна. Гэхдээ говь, хээрийн бүсэд их, хангайн бүсэд арай бага байна. Хүмүүс мод тарих хөдөлгөөний үед ногоон орчинтой болно гэдэг гоё байна. Харин энэ үед мэргэжилтнүүд зөвлөж, чиглүүлэх ёстой.
-Тэрбум мод хөдөлгөөнтэй холбоотой танай тэнхимээс ямар сургалт судалгаа, шинжилгээ хийж ажиллаж байна вэ?
-Тэрбум мод хөтөлбөртэй уялдуулан мод тарих ажиллагаатай холбоотой сургалт, гарын авлага, видео контент хийж байна. Мөн ус, үр, хөрсний чиглэлийн судалгаа хийж байгаа. Одоо бүс бүсэд тохирсон мод үржүүлгийн комплекс үйлдвэрлэлийн судалгааг эхлүүлэхээр ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, мод тарих, суулгах материалуудаа тухайн орчинд тохирсон тарьцуудыг гаргаж авах ёстой. Хэнтийд ургаж байгаа тарьцыг өөр газарт таривал орчин нь өөр болохоор ургах, ургахгүй байх асуудал гарна. Энэ нөхцөл байдалтай уялдуулан тухайн газарт тохирсон мод үржүүлгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх онолын үндэслэлүүдийг хийж байна.
-Иргэдийн хувьд мод тарихдаа заавал бордоо хийх ёстой гэх нийтлэг ойлголттой байдаг. Бордоог заавал хийх ёстой юу, үгүй юу?
-Бордоо гэдэг бол хөрсний шим тэжээлийг сайжруулна. Шим тэжээл сайн байна гэдэг нь тарьцны хоол хүнс сайжирч, хурдан, өсөлт сайтай болно гэсэн үг. Түүнийг сайжруулахын тулд бордоо хийх ёстой юу гэдгээ мэдэх ёстой. Ингэхдээ судалгаа шинжилгээ хийх хэрэгтэй. Хөрсний дээжийг авч макро, микро элементүүд, эрдэсийн хэмжээ хэр байгааг тогтоох шаардлагатай. Ер нь таамгаар тарих нь хамгийн аюултай. Иргэд мод тарих хөрс нь кали ихтэй, фосфор ихтэй байгааг нь мэдэхгүйгээр бордоо л хийвэл үржил шим сайн болдог гээд хийгээд байдаг. Энэ нь хийж болдог асуудал. Гэхдээ ямар тун хэмжээтэй байх нь чухал.
-Таны хувьд тэрбум мод үндэсний хөдөлгөөнд дээр авч хэрэгжүүлээсэй гэсэн ямар зүйл байна вэ?
-Судлаач, багш хүний хувьд харагдаж байгаа маш олон зүйл байна. Мод тарихад мэргэжлийн хүн дутмаг болчихоод байна. Бид энд тэнд мод тарих гэж байгаа хүмүүст зөвлөгөө өгч байгаа ч хүчин чадал бага байна. Тиймээс сургалтуудыг өргөн хүрээнд хийх нь чухал. Мод тарьж, хэрэгжүүлэхэд механикжуулалт, инженерчлэл маш чухал. Мөн гаднаас орж ирж байгаа хил гаалийн асуудал дээр бодлого, хөнгөлөлт хэрэгтэй. Бүсчилсэн мод үржүүлгийн комплексүүдийг бий болгох ёстой. Үүнийг хийх гэж байгаа үндэсний хэмжээний компаниудад хөнгөлөлттэй зээл олгох хэрэгтэй. Ингэснээр ажлын байр, орчин, ААН хөгжих бүрэн боломжтой. Мөн судалгаа шинжилгээний үндэслэлтэй хийхгүй бол хийсэн ажлууд нь үр дүнгүй болох магадлалтай байна.