"Ковид-19" вирусийн тав дахь давлагаа эхэлж байгаатай холбогдуулан шат шатны эрүүл мэндийн байгууллагуудын ачаалал эрс нэмэгджээ. Тэр дундаа хүүхдийн өвчлөл ихэссэн тул Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн /ЭХЭМҮТ/ үйл ажиллагаа, ачаалал, нөхцөл байдлыг сурвалжиллаа.
Хүн, машин нь багтаж ядсан олны нэрийдэх эх нялхас. Усан борооноор “Энд биш, тэнд ч биш. Хойд хаалгаар, зүүн хаалгаар, захиргааны барилгаар дамж” гэх залхам байдалд төөрцгөөх иргэд хаа саагүй. Арай гэж амбулаторийг нь олж очиход улаан туузаар хашаалсан “засвартай” гэсэн бичиг угтана. Хоосон хаалга “мөргөсөн” иргэд эмнэлгийн цагаан, цэнхэр халаадтай хүн л таарвал түүнийг бараадаж заалгуулцгаах нь тэр. Ийн өглөөний 10.00 цагийн орчимд ЭХЭМҮТ-ийн үүдээр орвол хүүхдээ тэвэрсэн, хөтөлсөн, аргадсан, уйлсан, утасдсан олны хөлд дарагдсан байв.
Тэд эхний ээлжид цаг авах ёстой. Иймд иргэд үүдний баруун хэсэгт байрлах бүртгэл, цаг олгох хэсгийг бүчнэ. Дараалан зогсох бодол тэдэнд үгүй. Зарим нэг нь урдуур нь шургаж сэргэлэн гэх завшаанч байдлаа ашиглан түрүүлж цагаа бичүүлж аваад явцгаана. Цаг авсан иргэд хэдэн тийшээ тарж эмнэлгийн коридороор хана түшин ээлжээ хүлээн зогсохдоо үйлчилгээ, сэтгэл ханамж, бодит байдлын талаар ам уралдуулна. Тэд ярихдаа,
Иргэн 1: Цаг авсан ч цагтаа үзүүлж чадахгүй дахиад л оочерлоод зогсож байна. Ингэж удаан зогсоод ч цагтаа амжиж үзүүлж чадахгүй байхад цаг авсны ашиг юунд байна вэ. Яг миний цаг болсон гээд ордог бол амар байна. Тэгэхгүй бол түрүүлж ирснээрээ би гэж байна шүү дээ энд чинь. Энэ их дараалал эмч мэргэжилтнүүд дутмаг байгаагаас үүдэлтэй. Тэрнээс мэргэжилтнүүд нь элбэг байсан бол би үзээд өгье гээд хүнээ булаацалдана биз дээ.
Иргэн 2: Энэ цаг авах соёлын талаар ойлгодоггүй. Би хоёр сарын өмнө буюу тавдугаар сарын дунд үед цаг бичүүлсэн. Одоо л үзүүлэх гэж байна. Өглөө 10.30-д цаг авсан. Гэсэн ч ажлынхаа цагийг зохицуулаад ирэхэд оочерлоод ор гэх жишээний. Жил бүр ийм байдалтай. Манай хүүхэд эмчийн хяналтад байдаг учраас тогтмол ирдэг. Эрүүл мэндийн салбар нийтээрээ л иймэрхүү хэцүү байх шиг байна. Хэрэв хүн үхэх гээд байхад цаг аваад үзүүл гэх юм уу. Үхэхээ түр байж бай, хүлээж бай гэх юм уу. Мэдэх юм алга. Хүүхдийн бие хүндрээд байхад долдугаар сарын 28-ний өдөр цагтаа ир гэх нь холгүй байна. Бас болоогүй хоёр сар хүлээж байгаад үзүүлэхэд ганц, хоёрхон эмч бичиж өгөөд л болчихдог. Ийм л үйлчилгээтэй байна.

Иргэн 3: Эмнэлгүүдийн үйлчилгээний талаар яривал олон юм байна. Өнөө өглөө хүүхэд өвдлөө гээд ирсэн. Яаралтай түргэн тусламж дээр нь очиход цахим бүртгэл ажиллахгүй байна гээд үүдээрээ дүүрэн 20-30 нярай хүүхэд орилуулаад байж байна. Бүртгэлийн ажилтан нь сүүлдээ эцэг, эхчүүдийг загнаж, би ажлаа хийхгүй гээд хаяад явах жишээтэй. Цаг гаран оочерлуулж байснаа нэг эмэгтэй гараараа бүртгэхээс гээд гараар бүртгэж эхэлсэн. Хэрэв гараар бүртгэж болдог байсан юм бол өглөө хүмүүсийг оочерлуулж, бухимдуулах ямар хэрэг байна. Мөн дугаарлан байж үзлэгийн эмч дээр нь ороход шинж тэмдгийг нь бодож, эргэлзэж байснаа явж нарийн мэргэжлийн эмчид үзүүл гээд явуулж байна. Нарийн мэргэжлийн эмч дээр нь ирэхэд хэчнээн сарын өмнө цаг авсан 30,40 хүн дугаарлачихсан байна. Хэрэв ингэж цаг алдана гэдгийг мэддэг байсан бол шууд нарийн мэргэжлийн эмч дээр нь ормоор байна шүү дээ. Шат шатандаа хүнд сурталтай, хүний эрүүл мэндийн төлөө биш, ажлын цаг дуусаагүй байхад хүнээ үздэггүй хүндрэлтэй байна хэмээн иргэд бухимдалтай байв.
Тэдний хувьд ихдээ 14 хоногоос хоёр сар хүртэлх хугацаанд үзүүлэх цагаа хүлээж буй хүмүүс. Харин үүдний шатан дээр тав орчим насны охиноо дагуулсан эмэгтэйн “Хоёулаа гуравдугаар эмнэлэг орчихоод буцаж ирээд энд үзүүлэх юм байна” гэх өгүүлбэр иргэдийн өгүүлсэн хүнд суртал бусад зүйлсийг баталж болохуйц. Мөн хөдөө орон нутгийн иргэдэд ч уг үзлэгийн цаг авах, авсан цагаараа үзүүлэх нь асуудал болно. Тухайлбал, бага насны хүүхдээ үзүүлэхээр мал хуйгаа орхин ирэх орон нутгийнхан сар биш юм аа гэхэд 3-7 хоног хүлээх нь элбэг. Энэ хугацаанд ард үлдсэн амьдралаас гадна нийслэлд хоног төөрүүлэх нь ч асуудал. Нийслэлд хамаатан садан, төрөл төрөгсөд цөөн нэгэнд гадаа эсвэл машинд гэх сонголт л үлддэг байж болох.

Ийн эмнэлгээс гарч, ЭХЭМҮТ-ийн “Амьсгалын замын эмгэг” гэх тасгийн дэргэдүүр өнгөрлөө. Тус тасгийн гадна иргэд хүлээлтийн байдалтай. Зарим нь дотор багтахгүй учир гадна хүлээж буй нь нэгийг өгүүлнэ. Ийн нийслэл,хөдөө орон нутгийн бүхий л хүүхэд багачуулыг үзэх, улсын хамгийн том төв ЭХЭМҮТ-ийн ачааллын дүр зураг иймэрхүү. Иргэдийн хувьд нэн тэргүүний хүндрэл нь цаг авах болжээ. Иймд цаг авах гэж нэг дугаарлуулж, цаг авсан ч үзүүлэх гэж дахин дугаарлуулж байхын оронд нэг бол цагаараа, нэг бол оочероороо үзүүлдэг байя.