Хөгжлийн банкнаас авсан зээлээ хугацаанд төлж барагдуулаагүй, чанаргүй болж шүүхийн шатанд шилжсэн зээлдэгчдийг зарласан. Эдгээр компанийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллийн сангаас шалгаж үзвэл дараах компаниуд улстөрчид болон томоохон компаниудтай хамааралтай байна. “Монгема” ХХК нь 2017 онд Хөгжлийн банкнаас муур, нохойн хоол үйлдвэрлэх тоног төхөөрөмж авах, Япон болон бусад экспортлохоор 10.4 тэрбум төгрөгийн зээл авсан. Үүнээс 580 сая гаруйг нь төлсөн бөгөөд үндсэн төлбөр, хүүгийн үлдэгдэл нь 12.6 тэрбум болоод байна. Тус компани 38 сараар зээлээ хэтрүүлжээ.
“Монгема” ХХК-ийн цорын ганц эзэмшигч Дамбалын Лхагвадорж нь тус компанийг 2006 оны тавдугаар сард байгуулжээ. Үүнээс хоёр сарын дараа Д.Лхагвадорж нь гадаад худалдааны чиглэлээр “Монтоно” ХХК-ийг байгуулсан байна. “Монтоно” ХХК-ийг Д.Лхагвадоржоос гадна Ж.Од захиралтай “М Си Эс Хотел” ХХК эзэмшдэг байна. “М Си Эс Хотел” ХХК нь “М Си Эс монголиа” ХХК охин компани болох “М Си Эс Пропертийз Холдинг” ХХК-ийн харьяа компани юм.
2. “Нью яармаг хаусинг прожект” ХХК
Төрийн орон сууцны корпораци ТӨХХК болон “Нью яармаг хаусинг прожект” ХХК нар нь Хөгжлийн банкнаас “Шинэ яармаг” орон сууцны хороолол барих төсөл хэрэгжүүлэхээр 2015 онд 142.44 тэрбум төгрөг авчээ. Үүнээс 59.44 тэрбумыг төлж, 56 сараар зээлийн хугацааг хэтрүүлсэн байна. Тус компаниудын зээлийн үндсэн төлбөр, хүүтэйгээ 117.9 тэрбум төгрөг болжээ.
“Нью яармаг хаусинг прожект” ХХК-ийг Сингапурт төвтэй “Mongolian Properties Investment Holding” Pte.Ltd гэх компани эзэмшдэг. ТУЗ-ийн дарга Ц.Ууганбаяр нь 2017 онд Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг сонгогдсоны дараа Гэр хорооллын барилгажилтийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөхөөр томилогдон ажиллаж байжээ.
Засгийн газрын 2014 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн 69 дүгээр тогтоолоор Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд орших Төмөртэйн ордоос Ерөө суманд орших Хандгайт өртөө хүртэлх 33.4 км дэлгэмэл урттай төмөр замыг барих концессийн гэрээг “Кью Эс Си”ХХК-д шилжүүлсэн. Тус компани 2014 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдрөөс Эдийн засгийн хөгжлийн яамтай концессийн гэрээг байгуулсан байна. “Кью Эс Си” ХХК нь суурь дэд бүтцийн ажил болох Хандгайт-Төмөртэйн чиглэлийн төмөр замыг барьж байгуулсан.
Ингэхдээ Хөгжлийн банкнаас 2014 оны арванхоёрдугаар сард 203.12 тэрбум төгрөг зээлсэн юм. Үүнээс 112.95 тэрбумыг төлсөн бөгөөд зээлийн хугацаа нь 44 сараар хэтэрчээ. Одоо зээлийн үлдэгдэл нь 212.4 тэрбум болоод байна.
“Кью Эс Си” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Энхбаярын Шижир ажилладаг. Тэрээр “Ти Ар Эм Эксплорэйшн” ХХК-ийн харьяа “Юу Би Си Эл” ХХК гэх компанийг мөн удирддаг. “Ти Ар Эм Эксплорэйшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал нь Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга болох Д.Эрдэнэбилэг юм.
2014 онд “Монлаа” ХХК Хөгжлийн банкнаас төмрийн хүдрийг нойтон аргаар боловсруулах үйлдвэр барихаар 5.6 тэрбум төгрөг зээлжээ. Үүний 880 сая орчмыг төлсөн бөгөөд үлдэгдэл нь 7.6 тэрбум болсон байна.
Тус компанийн хувь эзэмшигчдийн нэг нь Мөнхжаргалын Ганбагана бөгөөд “Ачлал групп” ХХК-ийг УИХ-ын гишүүн асан М.Билэгтийн хамт эзэмшдэг байна.
Алт-2 үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд “Эрд хул” ХХК 2017 онд 700 сая төгрөгийн зээл авчээ. Үүнээс 300 саяыг нь төлж, зээлийн хугацаа 43 сараар хэтрэн нийт зээлийн өрийн үлдэгдэл 600 саяд хүрсэн байна. Тус компанийн үйл ажиллагааны чиглэл нь тоосгоны үйлвэрлэл, гадаад худалдаа, аялал жуулчлал эрхлэх байсан байна. Харин зээлийн чиглэл болох ашигт малтмал ашиглалтын зөвшөөрлөө 2018 оны хоёрдугаар сард авсан байх аж.
Компанийн хувьцааг 100 хувь эзэмшигч Доржсүрэнхорлоогийн Мөнхбаатар нь ЦЕГ-ын тусгай ажиллагааны газарт бүлгийн даргаар ажиллаж байсан. Хөрөнгө орлогын мэдүүлгийг нь харвал зээл авсны дараа түүний хөрөнгө өссөн байна. Тодруулбал, 2017 онд тэрээр 1.4 тэрбумын орон сууц, барилгатай байсан бол 2019 онд 3.87 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх орон сууц, барилгатай болжээ. Мөн 2017 онд 15 сая төгрөгийн Toyota Alphart машинтай байсан бол 2019 онд 200 саяар үнэлэгдэх Toyota, Land Cruiser 200-тай болсон байна. /ХОМ-ийг ЭНД дарж үзнэ үү/ “Эрэл” ХХК угсармал орон сууц барихаар Хөгжлийн банкнаас хоёр удаа зээл авчээ. Эхний удаад 2013 оны наймдугаар сард 65.5 тэрбумыг авсан бол хоёр дахь удаад 2014 оны долдугаар сард 39.4 тэрбумыг зээлжээ. Нийт 104.9 тэрбум зээлснээс 27.29 тэрбумыг барагдуулсан байна. Эхний зээлийг 55 сараар, удаах зээлийг 91 сараар хэтрүүлжээ.
Тус компанийг Даваахүүгийн Сэргэлэн эзэмшдэг бөгөөд гүйцэтгэх захирлаар нь УИХ-ын гишүүн асан Б.Эрдэнэбатын хүү Э.Жаргалан ажиллаж байна.
“Бишрэлт групп” ХХК-ийн харьяа компаниуд Хөгжлийн банкнаас зээл авчээ. 2018 онд “Монгол эм импекс концерн” ХХК, Бишрэлт групп” ХХК нар хатуу тунгагдсан эм болон дуслын шингэний үйлдвэр байгуулах төсөл хэрэгжүүлэхэд 7.27 тэрбум төгрөг зээлсэн байна. Үүнээс 5.55 тэрбумыг төлсөн ба зээлийн эргэн төлөлтөө 31 сараар хоцроож, нийт өрийн үлдэгдэл нь 4.9 тэрбум болсон байна.
Түүнчлэн 2017 онд “Бишрэлт групп” ХХК-ийн харьяа “Бишрэлт пропертиз” ХХК, “Веллмарт” ХХК “Монгол мах экспо” ХХК-тай хамтран мах боловсруулах цогцолбор төв байгуулах төсөл хэрэгжүүлэхэд 31.9 тэрбум төгрөг зээлжээ. Зээлийнхээ 8.4 тэрбумыг барагдуулж, зээлийн хугацаа 31 сараар хэтрэн өр нь 38.6 тэрбумд хүрчээ. Тодруулбал, “Бишрэлт групп” ХХК-ийн харьяа компаниудаараа дамжуулан нийт 39.17 тэрбум төгрөг зээлснээс, 13.95 тэрбумыг төлсөн байна. Одоо нийт зээлийн өрийн үлдэгдэл нь 43.5 тэрбум болсон байна..
“Бишрэлт групп” ХХК-ийг УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн хөвгүүд болох А.Чинсанаа, А.Чинбишрэлт нар эзэмшдэг. Зээл авсан “Монгол эм импекс концерн” ХХК-ийг УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн төрсөн дүү Б.Болормаа, “Веллмарт” ХХК-ийг хүү А.Чинбишрэлт удирддаг. Харин “Монгол мах экспо” ХХК нь “Эй Би Трейд Групп” ХХК-т харьяалагддаг бөгөөд Б.Даваасүрэн гэх хүн гүйцэтгэх захирлаар ажилладаг.
Хөгжлийн банкнаас чанаргүй зээлдэгчдийг зарласны дараа “Бишрэлт групп” ХХК-аас мэдэгдэл гаргасан. Мэдэгдэлд “Хөгжлийн банкнаас нэрлэсэн Бишрэлт группийн бусад компаниуд тус банкнаас ямар нэгэн зээл аваагүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Монгол Мах Экспо ХХК-ийн хувьцааг нь “Эй Би Трейд Групп” ХХК 100% эзэмшиж байгаа бөгөөд тус компани энэхүү зээлийг бүрэн төлж барагдуулна” гэсэн байна.