Open iToim app
Хуулийн цаг | 9 мин уншина

Танилц, өнөөдрөөс мөрдөгдөх хуулиудын гол өөрчлөлтүүд

Танилц, өнөөдрөөс мөрдөгдөх хуулиудын гол өөрчлөлтүүд
Нийтэлсэн 2018 оны 11 сарын 1
Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганаар батлагдаж, өнөөдрөөс мөрдөгдөж буй зарим хуулийн шинэчилсэн найруулгын онцлох заалтуудыг танилцуулъя.
Энгийн гадаад паспортын хүчинтэй хугацааг 10 жилийн хугацаатай олгоно
Иргэний улсын бүртгэлийн тухай хууль
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 6.1-д заасан бүртгэл болон хуульд шинээр нэмэгдэж байгаа бүртгэл тус бүрээр иргэдээс бүрдүүлэх баримт бичиг, бүртгэх байгууллага, бүртгэл хийх журмыг нарийвчилж, тохиолдол бүрээр тогтоосон байна. Ингэхдээ иргэн улсын бүртгэлд бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичгийн жагсаалтаас бүртгэлийн байгууллагын мэдээллийн санд байгаа мэдээлэл бүхий баримт бичгийн хуулбар, лавлагаа зэрэг 3-4 төрлийн баримт бичгийг хасаж, улсын бүртгэгч мэдээллийн нэгдсэн сан дахь мэдээлэл, нотлох баримт бичигт үндэслэн бүртгэлийг хөтлөх, түүнтэй холбоотой зохицуулалтыг нэмж тусгажээ.
  • Мөн иргэний улсын бүртгэлд бүртгүүлэх одоо мөрдөгдөж байгаа хугацааг хэвээр хадгалж, иргэний бүртгэлийн байгууллагаас баримт бичгийг хүлээн авч бүртгэлийг хөтлөх хугацааг судалгааны үндсэн дээр боломжит байдлаар тогтоож, бүртгэл тус бүрийн хугацааг хуульд тодорхой заасан;
  • Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүний иргэний улсын бүртгэлийн асуудлыг холбогдох бусад хуультай нийцүүлэх чиглэлээр бүртгэл тус бүрт өөрчлөлт оруулсан;
  • Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, түүний орон нутаг дахь улсын бүртгэлийн газар, хэлтэс, тасгийн улсын бүртгэгч, хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрын иргэний бүртгэл хариуцсан ажилтны иргэний улсын бүртгэл хөтлөх үйл ажиллагааг тодорхой болгон өргөжүүлж, зарим төрлийн иргэний улсын бүртгэл хийх боломжийг шинээр бүрдүүлсэн;
  • Шилжилт хөдөлгөөн, Монгол Улсын харьяат болсон, харьяатаас гарсан, иргэний харьяаллаа сэргээн тогтоосны, хүйс өөрчлөгдсний, овог, нэр өөрчлөлтийн бүртгэлээс бусад бүртгэлийг засаг захиргааны нэгжийн харьяалал харгалзахгүй бүртгэх;
  • Зарим төрөл (овог, эцэг/эх/-ийн нэр, нэр өөрчилсөний, гэрлэлт цуцалсаны, үрчилсний)-ийн бүртгэлд бүртгэлийн гэрчилгээг олгодог зохицуулалтыг хасаж, зөвхөн төрсний, гэрлэсний, нас барсны бүртгэлд гэрчилгээ олгож байхаар, бусад бүртгэлд зөвхөн лавлагаа олгох;
  • Иргэн овог, эцэг /эх/-ийн нэрийг хуульд заасан үндэслэлээр өөрчлөх хүсэлт гаргах, өөрийн нэрийг нэг удаа өөрчилж болохоор, мөн бүртгэлийг хөтлөхөд Засаг даргын шийдвэрийг үндэслэдэг байсныг өөрчилж, бүртгэлийг улсын бүртгэгч бүртгэх;
  • Иргэнийг сураггүй алга болсонд тооцсон гэж шүүхийн шийдвэр хүчингүй болсон бол гэрлэлт сэргээсний бүртгэлд бүртгэх;
  • Оршин суух хаяггүй иргэний хүсэлт мөн хүмүүнлэгийн тусламж, хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын хүсэлтийг үндэслэн байгууллагын хаяг дээр бүртгэн иргэний үнэмлэх олгох;
  • Энгийн гадаад паспортын хүчинтэй хугацааг 10 жилийн хугацаатай олгох зэрэг харилцааг тусган хуульчилжээ.
Нэр авах хүсэлтийг нутаг дэвсгэрийн харьяалал харгалзахгүй гаргахаар биечлэн, эсвэл цахим хэлбэрээр гаргана
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль
Уг хуулиар хуулийн этгээдийг шинээр болон өөрчлөн байгуулсан, татан буулгасныг улсын бүртгэлд бүртгэх болон хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэх, иргэн, хуулийн этгээд болон эрх бүхий байгууллага, албан тушаалтанд лавлагаа, мэдээлэл олгохтой холбогдсон харилцааг зохицуулна. Хууль 8 бүлэг 28 зүйлтэй.
  • Шинээр үүсгэн байгуулж буй хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэх хугацаа ажлын 15 өдөр байсныг сунгаж, 30 хоног болгожээ.
  • Шинээр байгуулагдаж буй гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжийг бүртгэх хугацаа ажлын 10 өдөр байсныг ажлын 5 өдөр болгон богиносгосон.
  • Бүртгэлийн мэдээлэлдээ нэмэлт өөрчлөлт оруулахтай холбоотойгоо хугацааг уян хатан зохицуулсан.
  • Нэр авах хүсэлтийг нутаг дэвсгэрийн харьяалал харгалзахгүй гаргахаар биечлэн, эсвэл цахим хэлбэрээр гаргаж болохоор хуульчилсан.
  • Олон улсын гэрээ хэлэлцээрээр байгуулагдсан Засгийн газар хоорондын байгууллага, түүний төөлөгчдийн газруудыг бүртгэхээр болжээ.
1. Хуулийн этгээдийн хэлбэрийг Иргэний хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн өөрчилсөн байна. Ингэснээр хуулийн этгээдийг дор дурдсан хэлбэрээр улсын бүртгэлд бүртгэнэ. Тухайлбал, нөхөрлөл, компани, холбоо /төрийн бус байгууллага/, сан, хоршоо, шашны байгууллага, нийтийн эрх зүйн хуулийн этгээд, төрийн байгууллага, албан газар, улсын төсөвт үйлдвэрийн газар, аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг бүртгэх аж.
2. Улсын бүртгэлийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд хөнгөвчлөх зорилгоор улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийг цахим хэлбэрээр авах, лавлагааг цахим хэлбэрээр өгөх, цахим гэрчилгээ олгох, хуулийн этгээдийн нэр авах хүсэлтийг цахим хэлбэрээр гаргах зэрэг зохицуулалтыг хуульд тусгажээ. Ингэснээр иргэн, хуулийн этгээд дээр дурдсан үйлчилгээг цахим хэлбэрээр, эсвэл цаасан хэлбэрээр сонгон авах боломжтой болсон байна. 
3. Улсын бүртгэл хийхдээ иргэн, хуулийн этгээдээс хуульд тухайлан заагаагүй баримт бичиг авч ирэхийг бусад дүрэм, журмын хүрээнд шаарддаг байсныг өөрчлөн зөвхөн хуулиар тогтоосон баримт бичгийг шаардахаар зохицуулсан. 
4. Зарим төрлийн бүртгэлийн үйлчилгээг үзүүлэх хугацаа тодорхойгүй байснаас иргэн, хуулийн этгээдийг чирэгдүүлдэг байсан тул хуульд хугацааг тодорхой зааж өгөх, зарим төрлийн үйлчилгээ, тухайлбал, хуулийн этгээдийн гэрчилгээ, тамга тэмдгийг дахин авах зэрэг асуудал хуулийн зохицуулалтгүй байснаас ойлгомжгүй байдал үүсгэж, хүндрэл учруулж байсныг өөрчилсөн. 
5. Хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газрыг 2019 оны наймдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тухайн салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагаагаа явуулах нутагт дэвсгэрт нь улсын бүртгэлд бүртгэхээр болсон. 
6. Хуулийн этгээд санхүүгийн тайлангаа найм ба түүнээс дээш улирал дараалан гаргаагүй бол санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хасах талаар нийтэд зарлах бөгөөд ийнхүү зарласнаас хойш зургаан сарын дотор хуулийн этгээдээс бичгээр санал, гомдол гаргаагүй, дампуурлын хэрэг үүсгээгүй, санхүүгийн тайлангаа гаргаагүй, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон өр, төлбөргүй бол уг хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хасдаг байхаар зохицуулалт шинээр орсон. 
7. Хуулийн этгээдийн хэлбэрийг Иргэний хуульд нийцүүлэн өөрчилсөнтэй холбогдуулан хэлбэрээ өөрчлөн бүртгүүлэх шаардлагатай хуулийн этгээдүүд хууль хүчин төгөлдөр болсноос хойш хоёр жилийн дотор бүртгүүлэхээр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд тусгажээ. 
8. Компани, нөхөрлөл, хоршоог холбогдох хуулийн дагуу үүсгэн байгуулснаас хойш улсын бүртгэлд бүртгүүлэх хугацаа 7-10 хоног байсныг 15 өдөр болгон уртасгаж, холбогдох өөрчлөлтийг Компанийн тухай, Нөхөрлөлийн тухай, Хоршооны тухай хуульд тус тус тусгасан байна.
Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг орчны нэгж талбарын дугаарт үндэслэн бүртгэх зохицуулалт шинээр оржээ
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль
Уг хууль нь 5 бүлэг, 39 зүйлтэй. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн зорилтыг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг улсын бүртгэлд бүртгэхтэй холбогдсон харилцааг зохицуулахаар тодорхойлсон бөгөөд дараах зарчмын шинжтэй зохицуулалтыг хуульд шинээр тусгажээ. Үүнд:
  • Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрхийг өмчийн хэлбэр, өмчлөгчийн иргэний харьяалал харгалзахгүй бүртгэхээр тусгасан.
  • Үл хөдлөх эд хөрөнгийн /барилга, байгууламж/ өмчлөх эрхийг түүний доорх болон орчны нэгж талбарын дугаарт үндэслэн бүртгэх зохицуулалт шинээр оржээ. 
  • Түүнчлэн иргэн, хуулийн этгээдээс эд хөрөнгийн эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэх мэдүүлгийг цахим хэлбэрээр авах, бүртгэлийн байгууллагаас холбогдох лавлагаа, мэдээллийг цахим хэлбэрээр өгөх зохицуулалтыг хуульд тусгасан. 
  • Улсын бүртгэлийг цахим хэлбэрээр хийх боломжийг бий болгосонтой холбогдуулан нотариатч нь улсын бүртгэлийн байгууллагатай гэрээ байгуулсны үндсэн дээр бүртгэлийн мэдээллийн санд хандаж, иргэн, хуулийн этгээдийн өмнөөс цахим бүртгэл хийх, зуучлалын үйл ажиллагаа явуулах боломжтой болсон. 
  • Иргэний хуультай нийцүүлэн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх болон түүнтэй холбоотой бусад эрх үүсэхээр хуульчилж, улсын бүртгэлийн байгууллага өмчлөх эрхийг бүртгэлд бүртгэснийг нотолж, гэрчилгээ олгохоор тусгажээ.
  • Иргэнээс газар эзэмших, ашиглах хүсэлтийг газрын албанд гаргасан тохиолдолд аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, газрын даамал Улсын бүртгэлийн ерөнхий хуульд заасан дундын мэдээллийн санд хуульд заасан мэдээллийг оруулсны үндсэн дээр цахимаар мэдүүлэг гаргах бөгөөд улсын бүртгэлийн байгууллага дундын мэдээллийн санд нэвтэрч уг мэдээллийг нягталж, шалгаад газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэж, улсын бүртгэлийн дугаарыг дундын санруу илгээх бөгөөд газрын алба, газрын даамал улсын бүртгэлийн дугаарыг газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээнд тусган иргэн, хуулийн этгээдэд олгохоор хуульчилсан байна. 
  • Эд хөрөнгийн эрхийн бүртгэл хөтлөх улсын бүртгэгч мэргэжлийн хариуцлагын даатгалд даатгуулах зохицуулалтыг нэмж тусгасан. 
Лавлагаа, мэдээллийг цахим хэлбэрээр олгох бөгөөд энэ нь эх нотлох баримт бичгийн нэгэн адил хүчинтэй байхаар болжээ
Улсын бүртгэлийн ерөнхий хууль
Улсын бүртгэлийн ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/ нь 5 бүлэг, 24 зүйлтэй. Уг хуульд дараах зарчмын шинжтэй шинэ зохицуулалтыг нэмж тусгасан байна. Үүнд:
  • Хуулийн зарим ойлголт, нэр томьёог нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй болгох, нарийвчлан тодорхойлох үүднээс хуулийн нэр томьёоны тодорхойлолтыг тусгайлан зүйл болгон оруулжээ.
  • Хуульд бүртгэлийг улсын бүртгэл, төрөлжсөн бүртгэл гэж ангилж, улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоог иргэний улсын бүртгэл, хуулийн этгээдийн улсын бүртгэл, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлээс бүрдэхээр тусгасан байна.
  • Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан нь иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн эх нотлох баримт бичгийн архив, цахим мэдээллийн сангаас бүрдэнэ. Бүртгэлийн зарим үйлчилгээг цахимаар үзүүлэх, улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас лавлагаа, мэдээллийг цахим хэлбэрээр олгох бөгөөд энэ нь эх нотлох баримт бичгийн нэгэн адил хүчинтэй байхаар хуульд тусгажээ.
  • Цахим мэдээллийн санд мэдээлэл хүлээн авах, оруулах, сангийн хадгалалт, хамгаалалт, мэдээлэл, технологийн асуудал хариуцсан нэгжийн эрх, үүрэг, иргэн, хуулийн этгээдэд тус сангаас ашиглуулах мэдээллийн төрлийг тогтоох асуудлыг зохицуулж, дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн мэдээллийн санг хадгалуулах, төвөөр дамжуулан мэдээллийг бусад байгууллагатай солилцох боломжтой болжээ.
  • Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн мэдээллийг иргэн, хуулийн этгээдэд нээлттэй, хаалттай, хязгаартайгаар өгөх бөгөөд хязгаартай өгөх мэдээллийг тухайн иргэний зөвшөөрлийн дагуу үнэ төлбөртэйгөөр, мөн хуулиар тусгайлан эрх олгосон байгууллагын эрх бүхий албан тушаалтанд иргэний зөвшөөрөлгүйгээр үнэ төлбөргүй олгоно.
  • Улсын бүртгэлийн байгууллага нь иргэн, хуулийн этгээдэд мэдээлэл өгөхдөө хуульд заасан нээлттэй, хаалттай мэдээллээс бусад мэдээллийг тухайн иргэн, хуулийн этгээдийн зөвшөөрлөөр, эсхүл хязгаартайгаар буюу нотариатчаар дамжуулан өгөх бөгөөд үйлчилгээний хөлсний хэмжээг Засгийн газар тогтооно.
  • Нотариатч үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, иргэний хэргийн шүүх, арбитрт гомдол, нэхэмжлэл гаргах, хаягийн мэдээллийг авах зорилгоор Улсын бүртгэлийн байгууллагатай гэрээ байгуулан бүртгэлийн мэдээллийн санд нэвтрэх эрх авч болно.
Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэм хэрэгжиж эхэллээ
Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмийн гол өөрчлөлтүүдийн дурдвал:
Явган зорчигч нь зорчих хэсгээр явж байхдаа:
  • Утсаар ярих,
  • Гар утас болон түүнтэй ижил төстэй тоглоом, хэрэгсэл оролдож ширтэх,
  • Зохицуулагчийн шүглийн чимээ, бусдын дуут дохио, анхааруулгыг сонсох боломжийг хязгаарласан чихэвч зүүх,
  • Ном, сонин гэх мэт зүйл унших”,
  • Зорчих хэсэг дээр дугуйт тэшүүр, дугуйт хавтан болон түүнтэй ижил төстэй, биеийн тамир, спорт, тоглоомын зориулалттай хэрэгслээр явахыг хориглосон байна.
Хороолол дотор гүйцэж түрүүлэх үйлдэл хийхийг жолоочид хоригложээ
  1. Жолооч явган хүний гарцаар гарч байгаагаас гадна мөн гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгөх үүрэг хүлээнэ.
  2. 10 нас хүрээгүй хүүхдийг насанд хүрсэн харгалзах хүнгүйгээр тээврийн хэрэгсэлд үлдээхийг хоригложээ.
  3. 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана.
  4. Харааны бэрхшээлтэй хүний цагаан таяг нь харанхуй үед гэрэл ойлгодог буюу гэрэлтдэг гадаргуутай байх шаардлагыг тусгажээ.
  5. Явган зорчигчийн гэрлэн дохио харааны бэрхшээлтэй хүмүүст явган хүний гарцын байршлыг мэдэгдэх нэмэгдэл дуут дохиотой байж болно.
  6. Өөрийн үйлдлийг хянах чадваргүй хөгжлийн бэрхшээлтэй /сэтгэцийн өвчтэй/ хүнийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй..
  7. Автобусаар зорчигчийн аюулгүй байдлыг хамгаалах үүднээс хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглолоо.
  8. Зорчигчийг суурин газрын доторх чиглэлийн тээврийн хэрэгслээр тээвэрлэхээс бусад тохиолдолд зогсоогоор нь тээвэрлэхийг хориглосон байна.
  9. Трактор болон өөрөө явдаг машин, механизмд зорчигч тээвэрлэхийг хориглолоо.
  10. Жолоочийн өвөр дээр, эсвэл суудлын ба ачааны автомашины жолоочийн бүхээгт зорчигчийн өвөр дээр хүн тээвэрлэх, өөрийн үйлдлийг хянах чадваргүй (согтуурсан, мансуурсан гэх мэт) хүнийг урд суудалд, эсвэл жолоочоос өөр харгалзаж хамгаалах хүнгүйгээр тээвэрлэхийг хоригложээ.
  11. Замын зэргэлдээх нутаг дэвсгэр, ялангуяа явган хүний хөдөлгөөн ихтэй үзвэр, худалдаа үйлчилгээний талбайд цагт 20 км-ээс илүү хурдтай явахыг хориглов.
  12. Суудлын таксинд нэгдүгээр эгнээгээр зорчихыг зөвшөөрчээ.
  13. Зарим уулзварт баруун гар тийш эргэх тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнийг байнгын нээлттэйгээр зохион байгуулах эрх зүйн зохицуулалттай болов.
  14. Уулзварыг бүрэн гүйцэд нэвтрэн гарах боломжийг хязгаарласан түгжрэл, саатал бий болсон үед жолооч уулзвар руу орохыг хоригложээ.
 
 
undefined
undefined
undefined
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн