Есөн орны хэлээр ярьдаг Б.Оргилтой ярилцлаа. Тэрээр Лондон хотод ажиллаж, амьдардаг бөгөөд интернэтэд боловсролын контентууд хийж залууст өөрийн хэл сурсан мэдлэг, мэдээллээ хуваалцдаг юм.
-Таны хувьд үеэлтэйгээ таван хэлээр харилцан ярьж байсан бичлэг олон нийтэд хүрч хүмүүсийн сэтгэлд хүрсэн байдаг. Одоо яг хэдэн хэлээр ярьдаг вэ. Хамгийн сурахад хэцүү хэл юу байсан бэ?
-Миний хувьд хэл сурах маш сонирхолтой одоогийн байдлаар нийт есөн орны хэлийг сурсан байна. 20 нас хүртлээ зөвхөн монгол, англи хэлтэй байсан. Миний англи хэл монгол хэлээс илүү. Яагаад гэвэл арван жил болон их сургуулийн боловсролоо англи хэл дээр эзэмшсэн юм. Миний хэл сурах сонирхол 2016 онд найз маань хэлний аппликейшн танилцуулж өгснөөс эхэлсэн. Би франц хэлийг хэзээ ч сурна гэж бодож байгаагүй. Харин тэр аппликейшны маш сонирхолтой ойлгомжтой байсан учир франц хэлийг сурч эхэлсэн, одоо ч гэсэн сурсаар байна. Өөрийнхөө хувьд хамгийн хэцүү, сурахгүй гэж байсан хэлээ мэдэж эхэлснээр өөр хэл сурах хүслүүд улам их болсон.
-Сурахад хамгийн хэцүү хэл ямар хэл вэ?
-Хамгийн хэцүү хэл орос хэл байсан. Учир нь, багаасаа монгол хэлээр ярьж, уншиж өссөн болохоор кирилл үсэг хараад миний тархи автоматаар монголоор унших гээд байдаг. Франц хэл бол хэцүү. Гэхдээ орос хэл бол монгол хэл шиг тийн ялгалтай, үйл үгнүүд нь хувирдаг гэх мэт маш олон мэддэг зүйлүүдээ арилгаж байж сурах шаардлагатай байсан учир хэцүү байсан.
-Хэлийг ямар аргаар сурвал илүү ойлгомжтой, хурдан сурах боломжтой байдаг вэ?
-Энэ асуултад би хоёр шатаар хариулмаар байна. Эхний шат, шийдвэрийг бат гаргах хэрэгтэй, ингэхгүй бол тухайн хэлийг сурна гэж байхгүй. Жишээ нь, би орос хэл сурах гэж маш олон жил гацсан. Сурахгүй байна гэж бууж өгөөгүй эцэст нь тархи маань гэнэт нэг өдөр онгойсон. Үүнээс харахад тэр гацалтуудыг хүмүүс давж чадахгүй дундаас нь хаяж, шантардаг. Тэгэхээр өөрчлөгдөх боломжгүй гэсэн шийдвэрийг гаргасан хүн хэцүү хэл байсан ч сурах боломжтой. Шийдвэр гаргаж чадахгүй бол тэр хүн хэчнээн потенциалтай, авьяастай байсан ч дундаас нь шантардаг учир сурахгүй. Хэл сурахад тодорхой хэмжээний цаг хугацаа шаардагдах учир "шийдвэр гаргах буюу бууж өгөхгүй байх" гэдэг бол хамгийн чухал нь. Энэ байгаа цагт дараа нь яаж үр дүнтэй хурдан сурах вэ гэдэг арга руу орж болно. Энэ арга нь сурах гэж байгаа хэлээ жижиглэж хуваах хэрэгтэй. Хамгийн их хэрэглэдэг үйл үгнүүд, холбоос үгнүүдийг маш сайн ажиглаж сурах юм бол ярьж сурна. Хүмүүс олон үг цээжлэх гэдэг дээр анхаараад байдаг нь алдаа болдог. Хэчнээн олон мянган үг цээжлээд олон жил болсон ч ярьж чаддаггүй хүмүүс байдаг шүү дээ.
-Хэл сурч байгаа хүмүүсийн түгээмэл гаргадаг алдаанууд байдаг уу?
-Ер нь бол маш их алдаанууд харагддаг. Хамгийн эхний алдаа бол дээр хэлсэнчлэн хүчтэй шалтгаан, хүсэл байхгүй учраас дундаас нь шантрах тохиолдлууд байна. Мөн шийдвэр гаргаагүйгээсээ болж өөртөө гутрах, өөрийгөө авьяасгүй гэж бодох гэж эхэлдэг учир энэ бол хамгийн том алдаа. Дараа нь хүмүүс хэлний аялга дээр маш их алдаа гаргадаг. Өөрийн яриад сурсан авиануудаас гарч дараагийн шинэ авиануудыг сурахын тулд маш их тухгүй байдалд орно, буруу дуудна, маяглаж ярьж байгаа мэт санагдана. Эдгээр зүйлүүд өөрт мэдрэгдэж эхэлснээс болж бусдаас санаа зовох, хэтрүүлж авиаг нь дуудахгүйгээр өөрт тухтай монгол хэлнийхээ дуудлагаар дуудаад үлдчихдэг. Би бусдад зөвлөхдөө сурч байгаа хэлээрээ ярихдаа хэт маягла франц хүнээс илүү франц хүн шиг маяглаж ярих хэрэгтэй. Энэ нь сурсны дараа угаасаа багасчихдаг учир санаа зовох зүйлгүй. Үүнээс гадна хүмүүс ойрын хугацаандаа хэт том зорилго, шаардлагыг өөртөө тавьдаг. Тухайлбал долоо хоногийн дотор тэдэн зуун үг цээжлэх ёстой гэх шаардлага тавьдаг энэ нь мэдээж боломжгүй. Сүүлийн 10 гаруй жилээ хэл сурахад зориулж байгаа миний хувьд ч энэ шаардлага нь боломжгүй байдаг учир шинээр эхэлж байгаа хүнд бүр боломжгүй. Хэт өндөр шаардлагадаа хүрээгүйгээс болж бууж өгөх, өөрийгөө голох зэрэг асуудлууд үүсдэг учир жижиглэж хуваагаад өдөрт ганцхан өгүүлбэр дээр ажиллах, үүнийгээ жилдээ 60 удаа ашиглах гэх мэт өөртөө зөөлөн хандах хэрэгтэй.
-Боловсролын контент хийх болсон шалтгаан юу вэ?
-Залууст зориулсан боловсролын контент хийх болсон хоёр шалтгаантай. Нэгд, намайг маш сайн хөгжүүлдэг, өөрийн гэсэн карьераа бий болгох гэх мэт өөрт маань маш олон давуу талуудыг бий болгож өгдөг. Хоёрт Монгол улс өнөөдөр ядууралтай, боловсрол, нийгэмдээ маш олон асуудалтай байгааг хүн бүр ярьдаг. Миний хувьд тэр асуудлууд ярьж суухаас илүү засах, өөрөө хувь нэмэр оруулах вэ гэдэг дээр анхаардаг. Тийм учраас оруулж буй контентуудаараа монгол залуусын боловсрол бага ч болов хувь нэмрээ оруулахыг хүссэн.
-Таны контентуудаас суралцаад үр дүн гаргаж байгаа маш олон залуус байдаг байх?
-Өдөр бүр маш олон хүмүүс үр дүнтэй байгаа талаар бичдэг. Хэл сураад тэтгэлэг авсан, франц хэлний хичээлүүдийг үзээд хэлээ сураад франц улсад ажиллаж байгаа залуус байдаг учир надад их урам өгдөг. Хүний амьдралд нэмэр болж байгаагаа мэдрэх их сайхан байдаг.
-Адилхан контент хийдэг хүмүүсээс юугаараа давуу талтай гэж хардаг вэ?
-Миний давуу тал бол хэл сурах гэдэг зүйл дээр 40 гаруй мянган цагийг зарцуулсан хүн. Би арван хэлээр ярьж чаддаг гэж байгаа ч гэсэн хорь гаруй хэлийг сурах гэж оролдож үзсэн. Өөрөөр хэлбэл, сурч чадаагүй 10 хэл дээр бүтэлгүйтсэн явж байгаа учраас анхан шатны хүмүүсийн асуудлыг маш сайн мэдэрдэг. Хэл бүрээ өөр өөр аргаар сурч, ой санамжуудын аргуудыг туршиж үзнэ. Ганцхан хэл биш спорт, техник технологи гэх мэт зүйлийг янз бүр аргаар сурдаг. Ер нь бол сурах гэдэг зүйл дээр суралцдаг хүн. Түүнчлэн, Лондонд хүүхдүүдэд монгол хэл заадаг. Эдгээр сурах, заах процессууд нэгтгээд үр дүнтэй аргуудыг бусдад хүргэж байгаа юм.
-Лондонд хүүхдүүдэд монгол хэл заадаг гэлээ. Ер нь гадаад хүмүүс монгол хэлийг сурахад хэр хүнд хэл гэж ярьдаг вэ?
-Монгол хэл бол хамгийн хэцүү хэл. Маш олон тийн ялгалтай герман хэлэнд 4 байдаг, орос хэлэнд 6, монгол хэлэнд 8 байдаг. Маш олон дүрэмтэй байдаг учир монгол хүүхдүүд арван жилээ төгстлөө дүрэм үздэг. Миний хувьд есдүгээр ангиасаа эхлээд англид сурсан. Сурах хугацаанд ямар ч дүрэм заагаагүй оронд нь шекспирыг задлах ч юм уу, сонин, сэтгүүлд нийтлэл бичихдээ хэрхэн хүнийг татах вэ гэх мэт зүйлсийг заадаг байсан. Англиар хэлд орсон хүнд монгол хэл маш хэцүү байдаг. Дуудлага, утга зүй, дүрэм гээд маш баялаг хэл. Миний хувьд хамгийн эхлээд монгол хэлд орсондоо маш их баярладаг шинээр монгол хэл сурах даалгавар авсан бол маш олон жилийг зарцуулах байсан байх.