Open iToim app
Дэлхийн монгол | 27 мин уншина

Д.Дэлгэрдалай: Биткойны хөөсрөлийн үед олон хүнийг их хэмжээний мөнгө алдах эрсдэлээс сэргийлж чадсан

Д.Дэлгэрдалай: Биткойны хөөсрөлийн үед олон хүнийг их хэмжээний мөнгө алдах эрсдэлээс сэргийлж чадсан
Нийтэлсэн 2019 оны 9 сарын 16
АНУ-д хэд хэдэн гарааны бизнес амжилттай удирдаж, одоо Нью-Йоркт криптовалютын чиглэлд бичил хөрөнгө оруулалтын бизнес эрхэлж буй Д.Дэлгэрдалайг “ДЭЛХИЙ МОНГОЛ” буландаа урьж, ярилцлаа. Тэрээр сургуулиа төгсөөд АНУ-ын нэгэн технологийн компаниас хичээлийнхээ хажуугаар хийсэн зээлийн картын луйвар илрүүлэх программаа зарах саналыг, ажиллах урилгын хамтаар хүлээн авсан байна. Мөн гарааны бизнесийн олон төсөл дээр ажиллаж байсан туршлагатай нэгэн аж. Тэрээр өөрийн байгуулсан криптовалютын компаниараа дамжуулан биткойны хөөсрөлийн үеэр олон хүнийг их хэмжээний мөнгөө алдахаас сэргийлж чадсан байна. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэж байна.
-Д.Дэлгэрдалай гэж хүн яаж яваад АНУ-д криптовалютын компани байгуулав гэдгээс ярилцлагаа эхэлье?
-Би оюутан байхаасаа криптовалютыг идэвхтэй судалж, сонирхдог байсан. Тухайн үед “Bitcoin” өнөөдрийнх шиг эсвэл хоёр, гурван жилийн өмнөх шиг ингэж тэсрэлт хийгээгүй, хүмүүс тэр бүр мэддэггүй, ойлгодоггүй, сонирхдоггүй байсан. Ингээд 2011 оны үеэс энэ талаар сонирхож, зав зайгаараа энэ талын жижиг төслүүд дээр ажилладаг байсан.
Дараа нь Америкт хэд хэдэн гарааны бизнес эхлүүлж үзсэн. Харин хоёр жилийн өмнөөс ажлынхаа хажуугаар хийж байсан криптовалюттай холбоотой төслүүд маань миний оролцоогүйгээр олон хэрэглэгчтэй болж байгааг анзаараад, энэ талын төслүүд дээрээ илүү анхаарахаар шийдсэн юм.
-Монгол залуу Америкт нэг бус хэд хэдэн гарааны бизнес удирдаж байсан гэхээр сонирхолтой санагдаж байна. Тэгэхээр та эхлээд гарааны бизнес буюу “Start-Up” бизнес гэж яг юуг хэлдэг юм бэ гэдэг дээр товч тайлбар хийж өгөөч. Учир нь зарим хүн өмнө нь огт бизнес хийж үзээгүй хүн юм хийж эхлэхээр тэр нь гарааны бизнес гэсэн буруу ойлголттой байдаг л даа?
-Гарааны бизнес гэдэг нь маш хурдтайгаар өргөжиж, олон хэрэглэгчтэй болж чадах бизнес загвартай төслийг хэлдэг. Ямар бизнесүүд ингэж чаддаг вэ гэдэг гэхээр  “олон хүнд тулгарч буй асуудлыг технологийн тусламжтайгаар шийдэж чадсан бизнесүүд хурдтай өсч чаддаг” гэсэн тодорхойлолт байдаг. Түүнээс биш кофешоп, ресторан нээх, зөвлөх үйлчилгээ үзүүлж эхлэх зэрэг бол шинэ бизнес болохоос гарааны бизнес биш. Үүнийг л хүмүүс андуурдаг байх.
-Таны хувьд “Coinseed” компанийг байгуулах хүртэл юу, юуг даван туулж хэрхэн энд ирэв. Америкт хэрэгжүүлж байсан гарааны бизнесүүд нь ямар, ямар онцлогтой байв гэдгээр яриагаа үргэлжүүлэе?
-Миний бага нас Завхан аймагт өнгөрч, арван жилээ ч тэндээ төгссөн. Дараа нь МУИС болон Японд онолын физикийн чиглэлээр сурсан. Үндсэндээ бол би онолын физикч мэргэжилтэй. Байгалийн үндсэн хүчнүүд болон эгэл бөөмсийн талаарх судалгааг илүү сонирхдог. Тэгээд их сургуулийн дараа хоёр жил гаруй “стандарт модел ба түүнээс цааш” гэх сэдвээр судалгааны ажил хийсэн.
Стандарт модел гэдэг нь байгальд байдаг үндсэн дөрвөн хүчний гурав нь болох цахилгаан соронзон, цөмийн сул ба хүчтэй гэсэн гурван хүчийг нэгтгэсэн онол юм. Эрдэмтэд уг онолын дагуу маш олон эгэл бөөмсүүдийг урьдчилан таамаглаж туршилтаар баталсан боловч “Хигссийн бозон” гэж ганцхан эгэл бөөмсийг туршилтаар олоогүй байсан.
Харин манай судалгааны баг энэхүү Хигссийн бозоныг огт байхгүй гэх шинэ механизм, ухагдахууныг гарган тавьж өөр байдлаар тайлбарлах гэж оролдсон. Харамсалтай нь нэг л өдөр “Хигссийн бозон” байдаг гэдгийг туршилтаар баталсан. Би  энэ дээр хоёр жил л ажилласан хүн. Харин манай судалгааг удирдаж байсан багш маань яг энэ төсөл дээр 15 жил ажиллачихсан хүн байсан. Шинжлэх ухаан гэдэг бол ийм л хэцүү салбар. Нэг эрдэмтний 15 жилийн хөдөлмөр ямар ч хэрэггүй байсныг өөр нэг эрдэмтэн судалгаагаар нотлох нь энгийн л зүйл юм.
Ингээд нэгэнт миний судалгааны ажил амжилтгүй болсон юм чинь цаашид хэрхэх вэ гэдэг асуулт надад тулгарсан. Тэр үед нэг бол судалгааны ажлын сэдвээ солих эсвэл өөр юм шинээр хийж үзэх, суралцах гэсэн сонголтуудын өмнө тулж ирсэн.
Тухайн үед надад АНУ-д үргэлжлүүлэн суралцах боломж гарсан юм. Гэвч би “IT”, технологийн чиглэлийн сонирхлоо дагаад энэ чиглэлд явах нь зүйтэй юм байна гэсэн шийдвэрт хүрсэн. Дээрээс нь судалгааны ажлынхаа хажуугаар хийж байсан кредит зээлийн картын луйврыг илрүүлэхэд чиглэгдсэн төслийг маань АНУ-ын нэгэн технологийн компани худалдан авах саналыг тавьсан. Тэд манайд ажиллаж өөрийн төслөө хэрэгжүүлээч гэсэн урилгыг мөн ирүүлсэн нь энэ шийдвэрийг гаргахад том нөлөө үзүүлсэн. Нууцлалын гэрээтэй болохоор энэ талаар дэлгэрэнгүй ярьж болохгүй учир хүлцэл өчье.
Ингээд нэг жил ажиллах хугацаанд төсөл маань уг компанийн нэг бүтээгдэхүүн болоод цааш хөгжөөд явсан. Би ч өөрөө юм хийх нь зүйтэй гэж үзсэний үндсэн дээр ажлаа орхиод хамт ажиллаж байсан хоёр залуутайгаа нийлж гарааны бизнесийн ертөнцөд хөл тавьсан даа.
Хамгийн анх бид видео тоглоом хөгжүүлэгч компани байгуулаад их л амархан ажилтад хүрчих юм шиг санасан. Тэгсэн юуных нь амжилтад хүрэх байх вэ. Видео тоглоом бол амжилтад хүрэхэд маш хэцүү салбар юм байна гэдгийг бид нэлээдгүй хугацаанд хийж үзэж байж ойлгосон. Үүнээс болж их ч стресстэж, их мөнгө үрсэн. Тэгээд бид санаагаа өөрчлөөд боловсролын салбарт хүч үзэхээр шийдсэн юм.
Ихэнх хүүхдүүдийн хувьд юм сурна, сургуульд явна гэдэг бол тийм ч зугаатай зүйл биш. Үүнээс зугаатай маш олон зүйл байгаа. Бараг юу ч хийлгүй зүгээр суух нь зарим сурагчдын хувьд хичээл хийснээс хамаагүй дээр байдаг шүү дээ. Үүний дээр найзуудтайгаа уулзах, кино үзэх, тоглох гээд зөндөө гоё зугаацах сонголт тэдэнд бий. Боловсролын салбарт хийсэн гарааны бизнес маань энэ асуудлыг шийдвэрлэхийг зорьж яаж тэднийг илүү идэвхтэй суралцуулах вэ гэдэгт чиглэсэн.
Тэгээд бид хүүхдүүдэд урамшуулал олгох буюу мөнгө өгөх замаар суралцах идэвхийг нь нэмэгдүүлэх санааг гаргаж ухаалаг гар утасны аппликейшн бүтээсэн. Мэдээж бид юм сурч байгаа хүүхэд бүрт мөнгө өгөөд байж чадахгүй. Тиймээс мөнгөний эх сурвалж эцэг эхүүдээс гарна. Өөрөөр хэлбэл эцэг эхчүүд хүүхдүүддээ тогтмол өгдөг халаасны мөнгөө зүгээр өгөхийн оронд манай апп-аар дамжуулж шинэ зүйл сурах, дүнгээ ахиулах бүрд нь бага багаар өгөх юм.
Бид энэ төсөл дээрээ жил гаруй хугацаанд ажиллахдаа хоёр ч сургууль дээр амжилттай туршиж үзээд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтыг татаж чадсан. Харамсалтай нь бусад үүсгэн байгуулагчидтайгаа болон хөрөнгө оруулагчтайгаа үл ойлголцол үүсээд, өөрийн хувиа зараад энэ бизнесээс гарсан.
Үүний дараа жуулчдад зориулсан онлайн худалдааны гарааны бизнес байгуулсан. Энэ бизнес маань Токио, Нью-Йорк зэрэг том хотуудад очсон жуулчдад тулгамддаг дэлгүүр хэсэх гэдэг ажлыг хөнгөвчлөхөд чиглэгдсэн байсан. Мэдээж жуулчид гаднын орнуудад цөөн хоногоор очдог. Үзэх юм ихтэй. Гэтэл бас дэлгүүр хэсмээр байдаг. Хэрэв дэлгүүрүүдээр явбал маш их цаг, илүү зардал гарна. Удаан төлөвлөж, их мөнгө зарлагадаж хийсэн аяллаа дэлгүүр хэсч ядарсаар байгаад дэмий өнгөрөөвөл хэнд ч харамсалтай. Мөн жуулчид тухайн очсон хотынхоо онлайн дэлгүүрүүдээр үйлчлүүлэх, авсан зүйлсээ хүргэлтээр авна гэдэг маш хязгаарлагдмал байдаг.
Тиймээс бид жуулчдад тухайн хотдоо аяллаар очихоосоо өмнө бүх дэлгүүрүүдийнх нь хувцсыг манай онлайн худалдааны аппликейшнээр дамжуулаад захиалах боломжийг олгосон. Харин бид тэднийг ирэхээс өмнө зочид буудлынх нь өрөөнд захиалгыг нь бэлдээд тавьчихдаг. Тэгээд тухайн хүн маань ирмэгцээ захиалсан хувцаснуудаа бодитоор өмсөж үзээд таалагдсанаа аваад, таалагдаагүйгээ зочид буудалдаа орхиод явах боломжтой. Нэгд, энэ бол жуулчдын цагийг асар их хэмнэнэ. Хоёрт, үнийн хувьд худалдан авалт хийж буй дэлгүүртэй нь яг ижил байх бөгөөд бид хэрэглэгчдээсээ биш цаад талын дэлгүүрүүдээсээ тодорхой хэмжээний шимтгэл аваад явах юм. Энэ үйлчилгээ нь бизнес, ажил хэргийн шугамаар жуулчилж буй хүмүүст маш хэрэгцээтэй байдаг. Тиймээс бид эхний ээлжинд ийм хүмүүс дээр төвлөрч нэг жилийн хугацаанд чамлахааргүй амжилттай ажиллаж байтал “Amazon”-ын зүгээс манайхтай ижил төсөл дээр ажиллаж эхэлсэн юм. Тэгээд ямар дэлхийн хамгийн том компанитай өрсөлдөж чадах биш миний өмнө ахиад л яах вэ гэдэг сонголт гарч ирсэн.   
Яг энэ үедээ криптовалютын чиглэлээр хийсэн зүйлс маань тодорхой хандалт аваад миний оролцоогүй хэрэглэгчидтэй болоод яваад байгааг анзаарсан. Тэгээд л үүндээ анхаарах нь зүйтэй юм байна гэж үзээд “Coinseed” компаниа үүсгэн байгуулсан.
-Тэгвэл таны одоо ажиллаж буй “Coinseed” гарааны бизнесийн онцлог, давуу тал юу вэ?
-Би 2011 онд анх биткойны талаар сонирхож эхэлж байх үедээ нэлээд их мөнгө алдсан, түүнээсээ ч болоод юм уу их эрсдэлтэй гэдгийг нь ойлгосон. Тэгээд яавал эрсдэлийг багасгах вэ гэж бодсоны үндсэн дээр “Coinseed” гэх гарааны бизнесээ эхлүүлсэн. Энэ нь “Micro Investment” буюу бичил хөрөнгө оруулалтын стратеги дээр суурилдаг. Уг стратеги нь криптовалют шиг өндөр эрсдэлтэй зах зээлд яг таарсан стратеги юм.
Ихэнх хүмүүсийн эрсдэл даах чадвар маш бага байдаг. Их мөнгөн дээр сэтгэл зүй асар их нөлөөлдөг. Харин бага хэмжээний мөнгөн дээр энэ нь харьцангуй бага байдаг. Тиймээс ч сэтгэл зүйгээсээ болоод яарч буруу шийдвэр гаргах магадлал багатай байдаг.
Хамгийн энгийнээр тайлбарлавал, хүмүүс задгай мөнгөө мөнгөний гахайд хийж хадгалдаг. Мөнгө цуглуулдаг гахайд та өөрөө л нэмж мөнгө хийхгүй бол яг л тэр хэвээрээ байсаар байна. Тэгвэл тэр мөнгөөрөө ямар нэгэн хөрөнгө оруулалт хийвэл энэ нь харьцангуй эрсдэл багатай ч, өгөөж өгч чадахаар хөрөнгө оруулалт байх болно. Энэ л манай компанийн хэрэглэгч нартаа санал болгох үйлчилгээ юм.
Энэ санаагаа олмогцоо маш хурдтай ажиллаж нэг сарын дотор гэхэд аппликейшнээ хийж дуусгасан. Хоёр жилийн өмнө гэхээр цаг хугацааны хувьд ч хурдан өсөж дэвшихэд таатай үе байсан. Тухайн үед “Bitcoin”-ын тэсрэлт ид өрнөөд, хүмүүс үүнийг чухам юу болох талаар нь төдийлөн сайн мэдэхгүй байсан ч хамаагүй худалдан авч, хөрөнгө оруулж байсан үе.   
Ингээд 2017 оны арванхоёрдугаар сард “Bitcoin”-ын ханш унаж эхлэх хүртэл хангалттай олон хэрэглэгчидтэй болж чадсан. Өнгөрсөн жилийн хувьд зах зээл муу байсан ч хэрэглэгчдийн тоо тогтмол өссөөр байгаа. Одоогоор бид 25.000 орчим хэрэглэгчидтэй болоод байна. Эдгээр нь бүгд Америкийн хэрэглэгчид байгаа. Өнгөрсөн наймдугаар сарын байдлаар 40 орчим сая ам.долларын арилжаа хийгээд байсан.
Манай компанийн нэг онцлог нь бид нэлээдгүй уян хатан, хөнгөн ажилладаг. Боловсон хүчний хувьд ердөө хоёр хүний бүрэлдэхүүнтэй.
-Анх энэ бизнесээ эхэлж байсан дурсамжуудаасаа хуваалцаач. Хөрөнгө оруулалт хэрхэн авсан бэ?
-Хамгийн сайн санаж байгаа зүйл гэвэл маш хурдтай эхэлсэн. Дөнгөж санаагаа олмогцоо компанийн нэрээ бараг нэг цагийн дотор л сонгоод, вэбсайтын нэрээ худалдаж авсан. Логогоо ч бас тэр дор нь хийсэн. Санаа маань надад маш их таалагдсан болохоор тэр байх л даа. Тэгээд апп-аа сар орчмын дотор хийгээд, эхний 7 хоногт ямар ч сурталчилгаагүйгээр 1000 орчим хэрэглэгчтэй болсон. “Reddit” гээд вэбсайт дээр “Би ийм апп хийж байгаа шүү, сонирхоод үзээрэй”  гэж бичээд л тэр шүү дээ.
Хөрөнгө оруулалтын хувьд “ICO” хийх замаар хөрөнгө оруулалт авсан. Энэ бол криптовалют хөрөнгө оруулалт гэсэн үг. Мөнгөн дүнгийн хувьд харьцангуй боломжийн буюу нэг сая орчим ам.доллар байсан.
-Хоёрхон хүн криптовалтын зах зээлд сард 40 сая ам.долларын арилжаа хийнэ гэдэг сонирхолтой л юм. Технологийн давуу тал гэдэг нь л энэ болов уу. Танай компани үйл ажиллагааныхаа чиглэлд технологийн ямар шийдлүүдийг ашиглаж байна вэ?
-Ер нь л технологийн компаниуд харьцангуй хөнгөн, хүн цөөнтэй ажилладаг болчихсон. Яагаад гэхээр шинээр гар утасны аппикейшн, вебсайт хийхэд ашиглагддаг хэрэглэгдэхүүнүүд нь ерөнхийдөө их амархан болсон. Тэгээд ч бид олон зүйлийг автоматжуулах чиглэлд ажилладаг. Энэ нь ч хамгийн зөв шийдэл гэж харж байгаа.
Мөн гарааны бизнесийн хувьд үүсгэн байгуулагчид нь хүртэл анхандаа өөрсдийнхөө яг юу хийх гээд байгаагаа бүрэн ойлгодоггүй. Ердийн бизнесүүдийг бизнесийн сургууль төгссөн хүн амжилттай удирдаад явчих магадлал өндөр шүү дээ. Харин гарааны бизнесийн хувьд тийм биш. Өөрсдөө эхнээс нь шинээр туршиж, юу нь болж байна, юу болохгүй байна гэдэг дээр бүх юмаа өөрчилж үзэж байгаад болгодог арай нэг өвөрмөц төрлийн бизнес байдаг.
Тиймээс ялангуяа технологийн гарааны бизнесүүд цөөн хүн ажилладаг хөнгөн байх нь давуу тал болдог. Хоёрт, хөрөнгө оруулалт талаасаа бодоод үзсэн ч ийм байхаас өөр арга байхгүй.
undefined
-Гарааны бизнесээ эхлүүлж буй зарим хүнийг харахад, тэр дундаа криптовалют гэхээр л өнөө маргаашгүй баяжаад нэг, хоёрхон жилийн дотор хөлөө олчихдог гэж хардаг. Тэгээд Марк Цукерберг шиг ч юм уу тийм ер бусын хүлээлтийг үүсгээд байдаг. Энэ тал дээр та ямар бодолтой байдаг вэ?
-Мэдээж тийм амжилтын түүх зөндөө байгаа шүү дээ. Гэхдээ кино болох хэмжээнд бол зуун мянгад нэг л тохиолдох жишээ байх. Ерөнхийдөө статистикаар бол шинэ гарааны бизнесүүдийн 90 хувь нь амжилтгүй болдог. Ингээд бодохоор тийм амархан зүйл бол яагаад ч биш.
Хэрвээ гарааны бизнес эрхэлж буй бол ердийн бизнестэй харьцуулахад наад тал нь хамаагүй олон цагаар ажиллах хэрэгтэй болно. Гаргаж буй эрсдэл нь ч их. Жишээ нь гарааны бизнес эрхэлж буй хүн ямар ч цалин авахгүй нь тодорхой. Тэгээд дор хаяж амьдралынхаа хоёр жилийг амралтгүйгээр өдөр бүр дор хаяж 10 цаг ажиллах шаардлагатай. Цаана нь хэрэв амжилтгүй болбол өчнөөн их мөнгө алдаж болно. Хөлөө олох хүртэл чинь дор хаяж хоёр жилийн хугацаанд хэн ч чамд цалин өгөхгүй гээд бодоход л үүний цаадах асуудлууд юу билээ.  
Гэхдээ нөгөө талаас нь бодвол бас тийм ч эрсдэлтэй зүйл биш. Яагаад гэхээр хэрвээ чиний гарааны бизнес амжилтад хүрвэл хангалттай хэмжээгээр ашиг олж чадна. Хоёрт, үүнийг хийх хугацаанд маш их зүйлийг сурдаг. Зүгээр өөр ажил хийсэнтэй харьцуулшгүй их юм сурна. Учир нь бүх л үйл ажиллагааг чи өөрөө л хийхээс өөр аргагүй. Тэр бүгдээсээ суралцана. Программ бичнэ, сурталчилгаа хийнэ, хууль судална, гэрээ хийнэ, хүмүүс ажиллуулна гэх зэрэг.
-Гарааны бизнес эрхлэх, таны одоо хийж буй бизнесийн утга учир ч эрсдэлтэй нягт холбоотой юм байна. Тэгвэл эрсдэл гэж таныхаар юу юм бэ. Хийж байгаа зүйлдээ дуртай байх нь гарааны бизнес эрхлэхэд хэр чухал вэ?
-Нэгэнт л бид ирээдүйг урьдчилан харж чадахгүйгээс хойш, бидэнд муу зүйлс тохиолдож болно гэдгийг ойлгох, тэдгээрийн үр нөлөөг хэрхэн багасгах вэ гэдэг талаар бодож сурах нь чухал байх. Ер нь бол бидний өдөр тутмын амьдрал тэр чигтээ эрсдэл дунд өрнөж байдаг. Зүгээр гудамжаар алхана гэдэг ч хүртэл нэг төрлийн эрсдэл.  Яг үнэндээ Улаанбаатарт амьдарна гэдэг ажлаасаа гараад компани байгуулахаас ч илүү эрсдэлтэй байж магадгүй. Хамгийн муу жишээг авахад, зүгээр явган хүний гарцаар, ногоон гэрлээр зам хөдлөн гарч яваад л үхэх эрсдэл маш өндөр байна шүү дээ. Үүнтэй харьцуулахад бол гарааны бизнес хийнэ гэдэг бол тийм том эрсдэл биш санагддаг.
Үнэхээр авьяастай, олон талын мэдлэгтэй хүн бол юу ч хийсэн амжилтад хүрч магадгүй байх л даа. Гэхдээ хүн хийж байгаа юмандаа дуртай байна гэдэг нь илүү чухал санагддаг. Өөрийн амьдралынхаа дор хаяж хоёр жилийн хугацаанд ямар ч орлогогүй, өдөр шөнөгүй хамаг зүйлээ зориулж ажиллахаар шийднэ гэдгээс л тухайн зүйлдээ ямар дуртай, цаашид тохиолдох элдэв бэрхшээлүүдэд шантрахгүй хэр зэрэг тууштай байх эсэх нь бэлэн харагдаж байгаа болов уу гэж боддог. Тэгээд ч дуртай зүйлээ хийж байгаа үед хүмүүс арай аз жаргалтай, стресс багатай, илүү бүтээлч сэтгэдэг гээд л амжилттай болох магадлалыг ихэсгэх олон давуу талтай байдаг байх.
-Та өмнө нь Монголдоо бизнес хийж байсан уу?
-Оюутан байхдаа зуны амралтаараа Монголдоо ирээд хэд хэдэн зүйл хийж байсан. Хамгийн хөгжилтэйгөөс нь дурдвал би 2009, 2010 оны хавьцаа “Болзоо” гээд Монголын бараг хамгийн анхны танилцах вебсайтыг хийж байсан.
Тухайн үед сошиал нетворк өнөөдрийнх шиг ийм өргөн тархаагүй, хүмүүс төдийлөн хэрэглэдэггүй зүйл байсан. Хамгийн идэвхтэй юм нь “ТВ чат” л байлаа. Тэгээд танилцах вебсайтаа хийгээд үзсэн. Гэхдээ асуудал нь юу байсан гэхээр баахан эрэгтэй хүмүүс танилцахаар бүртгүүлсэн. Эмэгтэй хэрэглэгчтэй  болохгүй байсан. Дээрээс нь хүмүүс өнөөдрийнх шиг зургаа сошиалд тавих ч тийм дуртай байгаагүй.
Ингээд хэсэг хугацааны дараа ашгүй нэлээд олон эмэгтэй хэрэглэгчид орж ирсэн. Тэр үед нь би “өө ашгүй энэ одоо л болж эхэлж байна” гэж бодтол хөгжилтэй ч гэх юм уу, харамсалтай ч гэх юм уу нөгөө эмэгтэйчүүд маань “мөнгө олох сонирхолтой” хүмүүс байж таарсан. Тэгээд би "за за энэ бүтэхгүй юм байна" гээд вебсайтаа хаасан. Тухайн үед манайд энэ төрлийн зүйл арай эрт байсан байх.
-Таныг хараад байхад огт зүгээр суудаггүй их шаргуу хөдөлмөрч хүн юм. Зуны амралтаараа ирэх хугацаандаа хүртэл янз бүрийн зүйл хийж туршдаг. Болохгүй бол огт шантрахгүй дараагийн ажилдаа ханцуй шамлаад л ордог юм байна. Та энэ тал дээр өөрийгөө юу гэж тодорхойлох вэ. Ажиллах арга барилынхаа талаар хуваалцаач?
-Шаргуу ч юу байх вэ. Би зүгээр л дэмий суух дургүй. Шинэ юм хийж, туршиж үзвэл надад зугаатай санагддаг. Үүндээ ч дуртай. Технологид сонирхолтой. Өөрийгөө туршиж, сорих дуртай.  
Технологийн нэг давуу тал нь өөрийн олсон санаагаа тэр дор нь туршиж үзэх боломжтой. Харин шинжлэх ухаан бол маш хэцүү. Нэг санаа олдог. Тэрийгээ туршилтаар батлах хэрэгтэй. Ингэхийн тулд хэдэн 10, 20 жил судалгааны ажил хийнэ. Хэдэн арван тэрбум ам.доллар ч хэрэг болж мэднэ. 
Технологийн хувьд нэг асуудлын шийдлийг оллоо гэхэд тэр дор нь туршиж, шалгах боломжтой. Тэр нь надад сонирхолтой санагддаг. Өөрийгөө олон талд зэрэг сорих боломж олгодог. Шинэ юм хийж үзнэ гэдэг зугаатай шүү дээ.
Миний ажиллах арга барилын хувьд давуу тал нь шинжлэх ухаан, физикээр сурсантай холбоотой байж болох юм. Ер нь аливаа асуудлыг шинжлэх ухааны аргачлалаар судалж, ойлгоно гэдэг их чухал гэж би боддог.
Хамгийн энгийнээр тайлбарлавал, эхлээд олж харсан асуудлаа сайн судалж, яг ямар асуудал байгаагаа нарийн тодорхойлж ойлгох хэрэгтэй. Тэгээд судалгаан дээрээ үндэслэн уг асуудлыг шийдэх таамаглал/шийдэл дэвшүүлдэг. Гарсан таамаглалаа үнэн эсэхээ туршилт хийж шалгана. Хэрэв туршилт таамаглалтай таарч байвал үүнийгээ хэрхэн сайжруулах вэ гэдэг дээр ажиллаж эхэлдэг. Хэрэв туршилт амжилтгүй болбол дахиад эхнээс нь өөр шийдэл хайдаг. Үүнийг шинжлэх ухааны аргачлал гэдэг.  
-Тэгэхээр сэтгэлгээний ийм зарчмаар таны хийж байгаа бүхэн явдаг байх нээ?
-Тийм ээ. Би үүнийг гарааны бизнес эрхлэхэд их тохирсон арга барил гэж боддог. Угаасаа л байнга шинэ зүйл туршиж үзэх хэрэгтэй болдог.
-Америкийн технологийн бизнесүүд “Цахиурын хөндий”-д төвлөрдөг. Гэтэл та Нью-Йорк хотод бизнес эрхэлдэг нь их сонирхолтой санагдаж байна. Энэ хот бол амьдрахад маш өндөр өртөгтэй, дэлхийн том хотуудын нэг шүү дээ. Тэнд технологийн бизнес эрхлэх нь Цахиурын хөндийд юм хийхээс ямар ялгаа болон давуу талтай вэ?
-Тийм ээ, Нью-Йорк хот бол АНУ-ын санхүүгийн төв гэдгийг бид бүгд мэднэ. Тэр утгаараа банк санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлийн технологийн компаниуд тэр дундаа “Fintech” компаниуд нь тэндээ бас төвлөрдөг. Харин цэвэр технологийн компаниуд нь “Цахиурын хөндий”-д төвлөрдөг.
-Нью-Йоркт бизнес эрхлэхэд монгол хүнд ямар бэрхшээл тулгардаг вэ. Тэндхийн компаниуд ажилчиддаа ямар шаардлага тавьдаг вэ?
-Нью-Йорк бол дэлхийн хамгийн олон үндэстний хүмүүс амьдардаг интернейшнл хот. Тиймээс чи монгол байна уу, Ази байна уу, хаанаас ирсэн ямар, гарал үүсэлтэй гэдгээс илүү юу хийж байна гэдэг нь л чухал байдаг. Тэнд чиний тарган, туранхай, өндөр, нам, харагдах байдал, хаана сургууль төгссөн, ямар боловсролтой байх нь тийм чухал биш.
Мэдээж төгс газар гэж хаа ч байхгүй. Нью-Йоркт ч их бага хэмжээний асуудал тулгарна. Гэхдээ бизнес эрхлэхийн хувьд хууль дүрмийг нь мөрдөөд явахад янз бүрийн асуудал тулгарах нь харьцангуй бага байдаг. Харин чи юу хийж чадаж байна вэ гэдэг л чухал.
Жишээ нь тэнд програмист чиглэлээр ажиллаж буй хүмүүсийн  20-30 хувь нь их сургууль төгсөөгүй хүмүүс байгаа. Тэгсэн ч чадвараа үнэлүүлээд бусадтай яг ижил боломжтой, өрсөлдөөд явдаг. Ер нь Америкт ялангуяа технологийн компаниуд ажил горилогч нарт шаардлага тавихдаа боловсрол болон бусад зүйлс гэхээс илүүтэй чадвар, хувь хүн талаас нь илүүтэй анхаарлаа хандуулдаг болсон. Харин манайд хараахан ингэж төлөвшиж эхлээгүй байх шиг анзаарагдсан. Цаашид ийм чиглэлд явах байх.
-Криптовалют бол дийлэнх Монголчуудын хувьд  тийм сайн мэдэхгүй салбар. Энэ талаар тодорхой ойлголт өгөөч?
-Монголд, Америкт ч гэлтгүй дэлхийн аль ч улсад энэ талаарх ойлголт иргэдийн дунд төдийлөн хангалттай биш байдаг. Ихэнх хүмүүс энэ технологи хэрхэн ажилладаг талаар ямар ч ойлголтгүй яваа. За юутай ч үнэ нь өсөөд байдаг, мөнгө олж болдог зүйл л гэж боддог. Яах вэ ингэж сонсоод үүнээс мөнгө олсон хүн их байгаа. Ихээр алдсан хүн ч байгаа. Монгол гэлтгүй технологийн мэдлэг харьцангуй багаасаа болж алдсан хүмүүс дэлхий дээр хаа сайгүй байна.
Тиймээс энэ талаар тодорхой ойлголт өгөх нь мэдээж чухал. Криптовалют бол өмнө нь огт байгаагүй цоо шинэ төрлийн технологи. Нэг талаараа бол мөнгө ч юм шиг. Нөгөө талаараа үнэт цаастай ч төстэй юм шиг дундын бүтээгдэхүүн байгаа юм. Үүний ард ажиллаж байгаа блокчейн технологи нь өөрөө маш шинэлэг, бараг энэ салбарт хувьсгал авчирсан гэж ойлгож болохуйц зүйл юм. Жишээ нь, фэйсбүүк дээр байгаа хэрэглэгчдийн мэдээлэл бол бараг л тус компанийн өмч шүү дээ. Харин блокчейн нь мэдээллийг хэн ч бие даан эзэмших боломжгүйгээр олон тархмал байдлаар хадгалдаг. Хүн болгоны хамгийн сайн мэддэг криптовалют буюу “Bitcoin” дээр жишээ авъя.
Биткойн бол блокчейн технологид суурилсан, программчилж болохуйц цахим мөнгө юм. Өнөөг хүртэл бидний хэрэглэж заншсан мөнгө шилжүүлэх, төлбөр төлөх процесс голдуу хэн нэгэн гуравдагч этгээд, эсвэл банкаар дамжуулагдаж ирсэн. Харин биткойны сүлжээнд холбогдсон хэрэглэгчид хоорондоо ямар ч гуравдагч этгээдийн шаардлагагүйгээр мөнгө шилжүүлэх боломжтой байдаг. Хамгийн чухал нь биткойныг хэн нэгэн хүн эсвэл компани, бүр аль нэг Засгийн газар ч удирддаггүй бөгөөд таны биткойныг танаас өөр хэн ч удирдах боломжгүй. Мэдээж та хакердуулчихгүй бол шүү дээ. Харин банкны дансыг бол аль нэг хуулийн байгууллага, эсвэл зүгээр л таны хэрэглэдэг банк ч царцаах, хаах боломжтой. Дээр нь Төв банкнаас хязгааргүй хэмжээний мөнгө ч хэвлээд гаргачихаж чадна. Тэгвэл таны дансан дахь мөнгө зүгээр л ямар ч үнэгүй цаас болж хувирна шүү дээ. Венесуэл, Зимбабве гээд олон жишээнүүдийг бид мэднэ. Манай улс ч гэсэн нэг их дээрдээд байхааргүй жишээ байх. Биткойны хувьд бол зөвхөн олборлох гэдэг процессоор, ойролцоогоор 10 минут тутамд шинээр биткойнууд үүсдэг.
-Олон хүмүүс энэ олборлох процессийн талаар дутуу ойлголттой байдаг юм шиг санагддаг. Энэ маань яг ямар процесс вэ?
-Банкаар мөнгө шилжүүлэхэд уг гүйлгээг банк баталгаажуулдаг. Гэтэл биткойны сүлжээг хэн ч удирддаггүй болохоор хоёр хэрэглэгчийн хоорондох гүйлгээг үнэн зөв гэдгийг батлах хэрэгцээ гарна. Тэр баталгаажуулах процессыг олборлох гэж нэрлэдэг бөгөөд энэ нь үндсэндээ математикийн нэг бодлогын хариуг уралдаж таах процесс юм. Биткойны хэрэглэгч бүр олборлогч болж олборлох процесст оролцох боломжтой бөгөөд хамгийн түрүүнд зөв хариуг нь олсон олборлогч шинээр үүссэн биткойнууд болон гүйлгээний шимтгэлийг авдаг.
Өөрөөр хэлбэл олборлох гэдэг процесс маань биткойны гүйлгээнүүдийг баталгаажуулах л процесс бөгөөд үүнд оролцохыг нь урамшуулахын тулд шинээр биткойн үүсдэг. Гэхдээ шинэ биткойн үүсэх явц нь мөнхөд үргэлжилнэ гэсэн үг биш юм. Шинээр үүсэх биткойны хэмжээ тодорхой хугацаа өнгөрөх бүрд хоёр дахин багасдаг бөгөөд хамгийн ихдээ 21 сая биткойн л байхаар програмчлагдсан байгаа. Хамгийн энгийнээр тайлбарлавал инфляцын хэмжээ нь тодорхой тогтмол, бас тэгээд 21 саядаа хүрэх үед инфляцгүй болно гэсэн үг юм.
-Блокчейний ард байгаа төвлөрсөн бус (decentralized) систем гэж юу вэ? Энэ нь юугаараа төвлөрсөн системээс ялгаатай вэ?
-Тэгэхээр “мөнгө гэж юу юм бэ” гэдэг асуултаас эхэлье. Энэ бол бараа, үйлчилгээ авахад хэрэглэгддэг төлбөр тооцооны хэрэгсэл. Мөнгөн дэвсгэрт гэдэг бол тухайн улсын Засгийн газар болон Төв банкнаас гаргадаг нэг бүтээгдэхүүн л юм. Харин үүний урсгал гэдэг ч юм уу, хэр их хэмжээгээр гаргах вэ гэдгийг цөөн хэдхэн эрх мэдэлтэй хүн хүрээллээрээ шийддэг. Энэ нь маш эрсдэлтэй төвлөрсөн систем. Өөрөөр хэлбэл энэ нь хэн нэгэн болон байгууллагаас хараат систем юм. Ийм системийн дутагдалтай тал нь шийдвэр гаргаж буй албан тушаалтан юм уу, байгууллага нь ямар нэгэн асуудалтай болчихвол түүнийг дагаад бүтцээрээ тэр чигтээ асуудалд ороход хялбар байдаг. Дэлхийн санхүүгийн хямралуудыг аваад үзэхэд бүгд л системийн аль нэг хэсэг дэх алдаатай үйл ажиллагаанаас болж бүхэлдээ асуудалд орсон байдаг. Жишээ нь манайх шиг Төв банк нь цөөн хэдэн улс төрийн хүнээс хараат байдаг тохиолдолд тухайн хүмүүсийн үзэмжээр бүх асуудал шийдэгдэнэ гэсэн үг.
Харин шинэ технологийн хувьд энэхүү системийн төвлөрсөн байдлаас болоод гарах эрсдэлийг багасгаж, аль болох байхгүй байлгахад чиглэгдсэн. Үүний тулд маш олон ижил эрхтэй хэсгүүд ард нь ажиллаж байдаг.
Төвлөрсөн системийн хувьд жишээ нь Монголбанк нэг буруу шийдвэр гаргахад л дагаад сөрөг нөлөө нь арилжааны банкуудад, улмаар харилцагч компаниудад нь нөлөөлсөөр, эцэст нь бүх ачаа нь ард иргэд бидэн дээр тусна.
Харин блокчейн шиг төвлөрсөн бус системийн хувьд аль нэг бүрэлдэхүүн хэсэг нь доголдлоо, муу ажиллалаа гэхэд хэн нэгнээсээ харилцан хамааралгүй учир нийтээрээ доголдох асуудал үүсэхгүй.
-Биткойныг голдуу хууль бус зүйлд ашигладаг гэсэн ойлголт түгээмэл байдаг. Энэ хэр үнэн бэ?
-Нэгэнт л биткойныг хэн ч удирддаггүй, биткойны гүйлгээг зогсоох боломжгүй, хэн хаанаас хаана байгаа хэнд шилжүүлснийг мэдэхэд хэцүү учраас хууль бус зүйлд ашиглах явдал нэлээд түгээмэл байдаг. Гэхдээ бүх гүйлгээний мэдээлэл нь олонд нээлттэй байдаг болохоор нөгөө талаараа энэ нь хууль бус зорилгоор ашиглавал баригдах эрсдэлийг бүр ихэсгэдэг, ялангуяа их хэмжээний мөнгөний хувьд. Тиймээс ч ойрын жилүүдэд хууль бус зүйлд ашиглах нь эрс багасаж байгаа бөгөөд энэ оны байдлаар зөвхөн нийт гүйлгээний 1% нь л хууль бус зүйлсэд ашиглагдаж байгаа гэсэн судалгааны дүн гарсан байгаа. Эсрэгээрээ жирийн банкуудын гүйлгээг хянах байтугай хэрэглэгчийн мэдээллийг олж авна гэдэг нь өөрөө хуулийн нэлээн хэцүү ажил байдаг. 
-Тэгвэл криптовалютын хувьд өөр ямар давуу талууд байна вэ. Блокчейн технологийг өөр юунд амжилттай ашиглаж байна вэ?
-Нэг чухал давуу тал нь ямар ч хил хязгааргүй, дэлхийн хаанаас ч маш бага хугацаанд, хямд шимтгэлтэйгээр гүйлгээ хийх боломжийг нээж өгсөн. Ингэснээр та хаана ч байсан гэсэн дэлхийн эдийн засагт оролцож, хувь нэмрээ бодитоор оруулах, өгөөжийг нь хүртэх боломжтой гэсэн үг. Харин уламжлалт банкны системийн хувьд улс хоорондын гүйлгээ нь маш өндөр шимтгэлтэй, багадаа ажлын 2-3 өдөрт шилжүүлэг хийгддэг. Энэ нь бидний маш олон боломжуудыг хязгаарлаж байгаа хэрэг юм. Жишээ нь, Монголоос гаднын орон руу бараа зардаг онлайн дэлгүүр ажиллуулъя гэж бодвол, төлбөр хүлээж авах ямар ч боломж байхгүй байна.
Криптовалют бол блокчеинийг хэрэглэсэн нэг л жишээ бөгөөд өөр маш олон зүйлсэд ашиглах боломжтой юм. Жишээ нь, эд хөрөнгийг токен-жуулах (asset tokenization) буюу цахим өмчлөлд шилжүүлэх гэдэг зүйл нэлээд хүчээ авч байгаа. Өөрөөр хэлбэл аливаа зүйлийн өмчлөлийг батлахын тулд цаасан дээр хэвлээд, тамга дардаг байхын оронд цэвэр цахим хэлбэрт шилжүүлснээр уг өмчлөлийн эрхийг шилжүүлэх, худалдах, хэн эзэмшиж байгааг нь баталгаажуулах зэрэг процессууд нь маш амархан, бас хуурамчаар хийх боломжгүйгээр найдвартай болж байгаа юм. Бас дахиад сануулахад энэ бүхэн маань хил хязгааргүй, глобал сүлжээн дээр байх болно. Ингэснээр та дэлхийн аль ч өнцөгт байгаа хүнтэй худалдаа хийх, өөрт байгаа эд хөрөнгөө зарах, хөрөнгө оруулалт хийх, авах боломжтой болж байгаа юм. Жишээ нь, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, компанийн хувьцаа, урлагийн бүтээл зэргийн өмчлөлийг цахим хэлбэрт шилжүүлж болно.
Өөр бас нэг сонирхолтой жишээ бол тогтвортой-койн (stablecoin), энэ бүтээгдэхүүн нь ердийн мөнгөн тэмдэгтийг цахим хэлбэрт шилжүүлж, яг л криптовалют шиг болгосон бүтээгдэхүүн юм. Ингэснээр биткойн болон бусад криптовалют шиг үнэ нь өөрчлөгдөхгүй, харин ч тогтмол үнэтэй байхаас гадна криптовалютын хил хязгааргүй, хурдан, бага шимтгэлтэй зэрэг давуу талуудыг бүгдийг нь агуулж байдаг. Манай компани ч бас энэ чиглэлээр ажиллаж эхлээд байгаа.
-Дэлхийн улсууд үүнийг өөр өөрсдийнхөөрөө л хянах гэж үзэж байна. тэр дундаа Япончууд криптовалютыг хууль эрх зүйн орчинд зохицуулах чиглэлд тэргүүлж байх шиг байна. Монголд энэ бүхэн ямар төвшинд явж байна гэж та харж байна вэ?     
-Монголд бол одоохондоо энэ чиглэлд хууль зүйн зохицуулалт байхгүй юм шиг байна. Ер нь манайд криптовалют гэлтгүй санхүүгийн бүтээгдэхүүнүүдтэй холбоотой хууль эрх зүйн орчин их сул байж магадгүй. Харин байгаа хэдэн зүйлдээ хэтэрхий их хязгаарлалт тавьсан шиг санагддаг. Өмнө нь хадгаламж зээлийн хоршоонуудаас маш олон санхүүгийн луйврууд гарсан. Тиймээс ийм чанга байгааг үгүйсгэх нь нэг талдаа өрөөсгөл байх. Гэхдээ энэ нь шинэ юм хийхэд улам л хэцүү болгоод байх шиг санагддаг.
Хэрэв би компаниа Монголд байгуулах гэсэн бол бараг боломжгүй байх. Харин Америкт яг төгс сайн гэж хэлэхгүй ч манайхтай харьцуулахад нээлттэй. Ер нь өндөр хөгжсөн орнуудын хууль тогтоогчид нь шинэ технологитой хөл нийлүүлсэн хууль дүрэм гаргаж чадахгүй бол, ядаж л хөгжил дэвшилд нь гай болохгүйхэн шиг байх гэсэн зарчим баримталдаг юм шиг санагддаг.
undefined
-Монголд “Coinseed” компаниа нэвтрүүлэхээр судалж байгаа гэж дуулсан энэ талаараа хуваалцаач. Ямар төрлийн үйлчилгээ нэвтрүүлэх вэ?
-Тийм ээ. Манай компани Америкаас бусад орнууд руу бизнесээ тэлэхээр ажиллаж байгаа. Мэдээж Монгол маань эхний хэдэн улсуудын нэг. Одоохондоо Монголчууд маань манайхаар дамжуулан зөвхөн криптовалютад хөрөнгө оруулах боломжтой. Тун удахгүй Америкийн хөрөнгө оруулалтын зах зээл, үнэт металлын биржид арилжаа хийх боломж нээлттэй болох байх.  
Эх орондоо ирэх бүрдээ ажигладаг нэг зүйл бол иргэдийн хөрөнгө оруулалт хийх боломж маш хязгаарлагдмал байдаг. Та бид шиг ердийн хүмүүсийн хувьд бол мөнгөө хадгалах хоёрхон сонголт байгаа. Нэгд, банкинд хадгалах. Банкинд хадгаллаа гэхэд төгрөгийн хадгаламж 11, 12 хувь. Гэхдээ 8-9 хувьтай байгаа инфляцаа бодоод үзэхээр жилийн 4-2 хувийн хүүтэй хадгаламж болж таарна. Дээрээс нь маш эрсдэлтэй. Энэ жилд гэхэд ахиад нэг банк дампуурлаа шүү дээ.
Хоёрт, хөрөнгийн биржээс хувьцаа худалдаж авах. Энэ нь банкнаасаа ч илүү эрсдэлтэй. Учир нь манай эдийн засаг харьцангуй хаалттай болохоор тэнд хөөсрөл явагдах магадлал өндөр. Дээрээс нь бирж дээр бүртгэлтэй компаниудын тоо нь цөөн. Хийж байгаа арилжаа нь бага. Монголын хөрөнгийн биржийн нийт арилжаа манай аппликейшнээс бага байгаа. Нөгөө талдаа компанийн засаглал маш муу, ил тод байдал бараг байхгүй шахуу. Мөн хууль эрх зүйн орчин их дутуу, зохицуулалт муутай. Жишээ нь Америкт нэг компани “IPO” гаргахаар боллоо гэхэд тодорхой хугацааны турш энэ талаар ярихгүй байх, компанитай холбоотой зарим мэдээллийг зарлаж болохгүй дүрэмтэй байдаг. Гэтэл манайд хэдэн сарын өмнөөс бараа таваар зарж байгаа юм шиг л ил тод сурталчлаад байдаг. Үүний дээр хөрөнгө оруулалтынхаа эрсдэлийг ярихаас илүүтэй эргүүлээд юу авах вэ, яаж мөнгө олох вэ гэдгийг л яриад байдаг. Энэ бол надад маш эрсдэлтэй харагддаг.  
Би санхүүгийн зөвлөгөө өгөх ёстой хүн биш л дээ. Гэхдээ өөрийнхөө хэмжээнд ярихад хамгийн чухал нь эрсдэлээ тооцоолох юм. Хүн болгоны сонссон хөрөнгө оруулалтын нэг чухал дүрэм байдаг. Бүх өндгөө нэг сагсанд битгий хий гэж. Харамсалтай нь үүнийг хэчнээн их сонссон ч гэлээ хүмүүс тэр бүр дагадаггүй. Тиймээс аль болох мөнгөө олон хуваагаад олон зүйлд хөрөнгө оруулах нь дээр. Гэтэл хүмүүс эрсдэлээ бодохоосоо илүүтэй ашгаа түрүүлж бодоод байдаг. Үүнээсээ ч болж алддаг байх. Нэг талдаа хөрөнгө оруулалт хийнэ гэдэг бол мөрийтэй тоглож байгаагаас ялгаагүй зүйл шүү дээ. Алдвал байхгүй болно. Оновол ашигтай байна.
Гэхдээ бид өнөөдөр цалингаас цалингийн хооронд бүгд л лизингтэй, их бага хэмжээний өртэй амьдарч байна. Харин манай компанийн хувьд угаас зөвхөн нэг юманд их хэмжээний хөрөнгө оруулалт хийх боломжгүй байдаг. Хэрэглэгчдийнхээ хөрөнгийг нэг зүйлээс хэт хараат болохоос үргэлж сэргийлдэг.  
Америкт бол хамгийн багадаа “Coinseed”-д таван ам.долларын хөрөнгө оруулалт хийх боломжтой байдаг. Хэрэглэгчдийн маань банкны карт манайхтай шууд холбогдсон байдаг. Тиймээс гүйлгээ болгоных нь хариулт мөнгө ч юм уу цалингийнх нь маш бага хувь нь автоматаар ороод явдаг.
Харин Монголд технологийн бэрхшээлүүдээс болоод шууд автоматжуулалт хийх боломжгүй болов уу гэж харж байгаа. Тийм болохоор багадаа 1.000-50.000 төгрөгийн хооронд хэрэглэгчид маань мөнгө шилжүүлээд хөрөнгө оруулах боломжтой.
Хүмүүс криптовалютад хөрөнгө оруулахдаа эрсдэлээ тооцохгүй ашгаа бодоод их хэмжээний мөнгө хийчих гээд байдаг. Гэхдээ яг үнэндээ “Bitcoin”-ын өсөлт мөнх үргэлжилнэ гэж хэзээ ч байхгүй. Тэгэхээр үүнээс сэргийлж бид мөнгө хийх дээд хязгаарыг хэрэглэгчиддээ тавьж өгдөг. Яг “Bitcoin”-ын ханш 20.000 ам.доллар хүрч байх үед бид мөнгө хийх дээд хязгаараа багасгаад таван ам.доллар болгосон. Тухайн үед хэрэглэгчид маань дургүйцсэн сэтгэгдлээ маш ихээр илэрхийлж байсан ч энэ өсөлт ердөө 2, 3 долоо хоног л үргэлжилсэн. Харин бид энэ үйлдлээрээ тухайн үед хангалттай олон хүнийг их хэмжээний мөнгөө алдахаас нь сэргийлж чадсан.
-Ердөө хоёрхон хүнтэй компани санхүүгийн үйлчилгээ үзүүлнэ гэхээр хүмүүст их эргэлзээтэй санагдах байх. Энэ талаар яриач?
-Энэ нь өөрөө бидэнд олгож буй технологийн маань давуу тал юм. Бид өөрөө гараараа хийдэг юм гэж нэг ч байхгүй. Манай бүх юм автоматаар ажилладаг. Тэгэхээр хүний тоо хамаагүй болов уу гэж бодож байна.
Ер нь хүн хүнээ хуурдаг болохоос, технологи хүнийг хуурна гэж байхгүй шүү дээ. Энэ бол блокчейн технологийн үндсэн зарчим. Манай “Coinseed”-ын үндсэн протоколыг хэн ч өөрчлөх боломжгүй. Би өөрөө ч үүнийг өөрчлөх ямар ч боломжгүй. Ер нь энэ чиглэлийн бүх программууд ийм байдаг.
Харин төвлөрсөн системийн хувьд хэн нэг хүнд заавал итгэх хэрэгтэй. Тэр нь хуурвал бүх зүйл баларна. Харин технологи бол өөр. Мэдээж технологи алдаа гаргана. Гэхдээ энэ нь харьцангуй тогтмол бөгөөд алдаа гарвал ахиж доголдохгүйгээр засах боломжтой. Энэ нь бас л нэг давуу тал юм уу даа.
 -Хиймэл оюун ухааны адилаар Блокчейн бол ирээдүйн технологи, бизнес гэдэг нь хэнд ч эргэлзээгүй. Чухам яагаад ийм чухал зүйл болохыг тайлбарлаж өгөөч. Мөн энэ чиглэлээр дэлхий дахинд амжилттай хэрэгжүүлж буй жишээнүүдээс дурдаач?
-Түрүүн хэлсэнчлэн ямар ч технологи хүн төрөлхтний өмнө тулгамдаад буй асуудлуудыг шийдвэрлэх зорилготойгоор бүтээгддэг. Шийдвэрлэх ёстой асуудал байна гэдэг маань хэрэгцээ байгааг харуулж байгаа юм. Технологи өөрөө маш хурдацтай хөгжиж сайжирдаг онцлогтой. Нүд ирмэх зуур л том, том өөрчлөлт хийгддэг шүү дээ. Жишээ нь, “Bitcoin” гарч ирээд дөнгөж 10-хан жил л болж байна.
Блокчейн, криптовалютыг зохицуулах хууль аль ч оронд бүрэн утгаараа байхгүй байгаа гэдгийг бас хэлсэн. Энэ бол хууль тогтоох бүтэц болон тэнд ажиллаж буй хүмүүс нь өөрсдөө технологийн хурдыг гүйцэхгүй байгаатай холбоотой гэж дүгнэж болохоор.
Түүнээс блокчейн технологи маань өөрийнхөө асуудлыг өөрөө шийдвэрлээд, зохицуулаад явж байгаа хэд хэдэн зүйл бий. Жишээ нь дээр дурдсан цахим өмчлөл, ухаалаг гэрээ (smart contract)-ын шийдэл юм. Тухайлбал, байгаа криптовалютаа барьцаалаад мөнгө зээлдэг ухаалаг гэрээ(smart contract)-нүүд байдаг. Ихэнх хүмүүс үүнийг хэрхэн яаж ажилладаг болохыг мэдэхгүй. Гэтэл цаана нь тодорхой хэмжээний анхнаасаа заагдсан хүүд тохирсон мөнгийг зээлнэ гэсэн алгоритм л явж байдаг. Үүнийг хэн ч өөрчлөх боломжгүй.
-Тэгвэл үүнийг ашиглаад шүүх засаглалыг төвлөрсөн системээс гаргаж болох уу. Тухайлбал Үндсэн хуулийг цахим гэрээ болгоод дагалдах бүх хуулийг эрүүгийн хууль, иргэний хууль гэх мэтээр нь ялгаж зүйл анги бүрээр нь технологид шилжүүлж гэмт хэрэг хийсэн хүнд гаднын ямар ч оролцоогүйгээр ял оноох боломжтой юу?
-Технологийн хувьд бүрэн боломжтой. Манай хууль өөрөө ингэвэл тэгнэ, тэгвэл ингэнэ гээд шийтгэл нь дэс дараатай нэлээдгүй тодорхой байдаг. Тиймээс бүр ч боломжтой.
Мэдээж нэлээд болгоомжтой хандахгүй бол бас буруу зүг рүү явах магадлал ч ихтэй. Америк ч юм уу барууны өндөр хөгжилтэй орнуудад хууль хэрэгжих тогтолцоонд хиймэл оюун ухааныг маш өргөнөөр ашиглаж эхлэх болсон. Тухайлбал, хүмүүсийн царайг таних технологийн тусламжтай гэмт хэрэгтнийг шуурхай илрүүлэх зэрэг. Гэхдээ мэдээж асуудлууд гарч байгаа. Жишээ нь, Америкт хэрэгжүүлж буй нэг төсөл дээр хиймэл оюун ухаан нь Африк гаралтай иргэдийг илүүтэй гэмт хэрэгтэн байх маш өндөр магадлалтай гэж тооцоолж байсан.
Асуудал нь юу байна вэ гэхээр, уг төслийг гүйцэтгэж байгаа компани нь яг ямар хиймэл оюун ухааны алгоритм ашиглаж байна вэ, хиймэл оюун ухаанаа дасгалжуулахдаа ямар төрлийн мэдээлэл ашиглаж байна гэдэг нь бүгд нууц. Дасгалжуулж байгаа мэдээлэл нь хэр сайн шүүгдсэн, бидэнд байдаг элдэв өрөөсгөл хандлагууд ороогүй байх зэрэг нь маш чухал байдаг. Энэ бүгдийг ил болгохгүйгээр, бусад хүмүүс хянах бололцоогүйгээр хийвэл энэ нь эргээд маш их муу үр дагавартай байх болно.
-Та маш олон удаа унаж, боссон хүн. Тиймээс гарааны бизнес эрхлэгч залууст өөрийн туршлага, алдсан алдаагаа хэрхэн засаж байсан зэргээсээ хуваалцаач гэж хүсмээр байна? 
-Миний хувьд эхлүүлсэн бизнес амжилтгүй болох, нэг шинэ санаагаа туршиж үзээд амжилтгүй болох бол болж л байдаг. Гэхдээ яг ингээд бодоод үзэхээр томоор алдаж байгаагүй юм шиг санагдаж байна.
Гарааны бизнес эрхэлж буй залуустаа хандаж хэлэхэд, хүнтэй хамтарч ажиллаж байгаа бол өөрийнхөө болон хамтрагчийнхаа үүрэг, оролцоо, эцсийн шийдвэрийг хэн гаргах юм гэдгээ анхнаасаа нарийн ойлгомжтой болгох хэрэгтэй. Мэдээж мөнгө оролцож байгаа, бизнес хийж байгаа л юм чинь хууль эрх зүйн талаасаа ч бүх зүйлээ тодорхой болгох хэрэгтэй.
Санал зөрөлдөх, маргах зүйл гарч ирж л таарна. Тэгээд санал зөрөлдсөн үедээ хоёр талаасаа яаж ажиллана гэдгээ анхнаасаа ойлголцохгүй бол гарааны бизнест асуудал болдог. Учир нь хоорондоо маргаж суух зуур шийдвэр гаргах хэрэгтэй болдог. Гарааны бизнест хэн ч 2, 3 долоо хоногоор шийдвэр гаргахыг чинь хүлээдэггүй. Тиймээс хурдан шийдвэр гаргаж асуудлаа шийдэхэд чинь харилцан ойлголцол  маш чухал. Тэгэхгүй бол дараа нь харамсах зүйл их гардаг.
Гарааны бизнес хийж байхад бүтэлгүйтэх зүйл мэдээж гарна. Маш олон тохиолдоно. Гэхдээ хамгийн бүтэлгүй зүйл бол огт оролдож үзэхгүй байх явдал л байх. Оролдоод үзлээ гэхэд болох, болохгүйг нь мэдэхгүй ч гэсэн итгэл найдвар байдаг нь сайхан. Ядаж л дараа нь харамсахгүй.
-Ер нь манай бизнес эрхлэгчид Монголд зах зээл жижиг байгаа талаар их ярьдаг. Мөн гаднын том зэх зээлд гарах тухай. Энэ тал дээр гарааны бизнес эрхлэгчдэд юуг хэлэх вэ. Гаднаас хөрөнгө оруулалт татахад юу хэрэгтэй вэ?
-Монголд сошиал нетворк ажиллууллаа гэхэд томроод томроод хоёр сая хүн л хэрэглэнэ. Гэтэл фэйсбүүк хоёр тэрбум хэрэглэгчтэй. Мэдээж тухайн гарааны бизнес сайн бол хөрөнгө оруулалт авахад харьцангуй амархан. Манайхны нэг буруу хийгээд байгаа зүйл нь эхлээд Монголдоо хийж байгаад дараа нь гадагшаа гаръя гэдэг байх. Уг нь хаашаа гарахыг хүсэж байгаа юм тэр зах зээлдээ л шууд төвлөрч ажиллах хэрэгтэй. Учир нь Монголд зүгээр хэрэгжиж байсан бизнес олон улст хэрэгжихгүй байх магадлал маш өндөр. Харин олон улсуудад ажиллаад байгаа зүйл Монголд ажиллах магадлал нь үүнтэй харьцуулахад арай өндөр юм.
Ер нь манайх шиг жижигхэн, хүн ам цөөнтэй улсад зориулж хийсэн бүтээгдэхүүн дэлхийн зах зээл дээр шууд амжилт олох их хэцүү байдаг. Учир нь тэр бүтээгдэхүүнд тухайн жижиг улсын онцлог шингэсэн байгаа шүү дээ. Тэрийг нь дэлхий нийт ойлгож, хүлээн авах магадлал бага байдаг. Харин дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч байгаа зүйлийг аль ч оронд хүлээж авдаг. Мэдээж юм болгон заавал ийм байх албагүй л дээ.
Мөн технологийн салбарт манайд программист, мэргэшсэн боловсон хүчин их дутмаг байна гэж харагддаг. Дээрээс нь программистууд маань ур чадварын хувьд сайн боловч хэлний мэдлэг зэрэг хувийн жижиг асуудлаасаа болоод дэлхийд өрсөлдөж чадахгүй байна. Ер нь Англи хэлний мэдлэг сайтай л бол дэлхийн хаана ч ажиллах боломж программистуудад нээлттэй байдаг. Ядаж л зайнаас ажиллаад байж болно.
-Ер нь технологийн салбарт ажиллахад хэр байдаг вэ. Энэ талаар явах чиглэлтэй залууст анхааруулж хэлэх, мэдээлэл болгох зүйлс танд байвал хуваалцаач?
-Харьцангуй өндөр цалинтай салбар. Дээрээс нь ажлын цаг их уян хатан. Заавал нэг компанид ажилладаггүй юм гэхэд хувиараа юм хийгээд байх боломжтой. Мэдээллийн технологийн инженер гэдэг мэргэжил Монголд гэлтгүй дэлхий дахинд л их дутагдалтай байгаа. Учир нь өнөөдөр энэ салбарын хүн биш байлаа ч гэсэн технологийн талаар тодорхой хэмжээний ойлголтгүй л бол ямар ч ажлын талбарт тэр нь дутагдалтай тал болж байна.
Тиймээс хурдан хугацаанд код сурахад чиглэгдсэн “Bootcamp”-ууд манай улсад ч хэд хэдээрээ эрчимтэйгээр хөгжиж байх шиг байна. Код бичиж сурна гэдэг тийм хялбар биш. Гэхдээ математик, физик, анагаах ухаан зэргийг бодвол харьцангуй амархан зүйл. Ер нь арван жилийн хүүхэд ч сураад мэргэжлийн төвшинд ажиллах боломжтой. Тиймээс энэ салбарт улам олуулаа ороосой. Орсон ч гэсэн нэг компанид ажиллахаасаа илүүтэй хувиараа юм хийж үзээсэй л гэж боддог. Бид алийн болгон баян хүмүүсийг улам мөнгөтэй болгох гэж ажиллах вэ дээ. Өөр өөрсдийнхөө төлөө ажиллах хэрэгтэй байх. Тэгээд ч энэ талын бизнес төр болон бусад хүмүүсээс тийм ч их хараат биш. Интернэтэд хил хязгаар гэж байхгүй. Чи юм хийж л чадаж байвал түүнийг чинь үнэлэх, хэрэглэх хүмүүс дэлхийн хаа нэгтээ байж л байгаа.
-Та юуны тулд бизнес хийдэг юм бэ. Би ийм зүйлийг зорьж байгаа гэдэг ч юм уу. Өөрийгөө хэрхэн зоригжуулдаг вэ. Учир нь та үргэлж л урагш тэмүүлсээр байх юм?        
-Нэгд, би ямар ч байсан өөрийн дуртай, хүссэн юм аа хийгээд явж байна. Энэ бол хангалттай шалтгаан. Хоёрт, тодорхой хэмжээний хувийн зорилго бий.
-Та ирээдүйд Монголдоо суурьших төлөвлөгөөтэй юу?
-Яг энэ талаар төлөвлөсөн зүйл одоогоор байхгүй л байна. Магадгүй ирээдүйд эх орондоо ирэх байх. Гол нь миний хийж байгаа зүйл надад чухал байх ёстой. Түүнээс хүн өнөөдөр дэлхийн хаанаас ч ажиллах боломжтой шүү дээ.
-Сонирхолтой бизнесийнхээ тухай ярилцаж, туршлагаасаа хуваалцсан танд баярлалаа. Амжилт хүсье.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн