Open iToim app
Зочин | 12 мин уншина

Б.Мөнхжин: Шинэ хүйтэн дайны уур амьсгал Монголын гадаад бодлогын хамгийн том сорилт болж байна

Б.Мөнхжин: Шинэ хүйтэн дайны уур амьсгал Монголын гадаад бодлогын хамгийн том сорилт болж байна
Нийтэлсэн 2021 оны 12 сарын 27
Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжинтэй Эрээн-Замын-Үүд боомтын нөхцөл байдал болон Монгол Улсын гадаад бодлогод тулгарч байгаа шинэ сорилтуудын талаар ярилцлаа.
-Та яг хариуцан ажиллаж байгаа хүний хувьд Эрээн-Замын-Үүд боомтын одоогийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөхгүй юу. Чингэлэг тээвэр хэзээ эхлэх вэ?    
-Нэгд, хоёр талаас халдвар хамгааллын дэглэмийг маш сайн баримтлах ёстой. Боомт дахиж хаагдахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх нь хамгийн чухал. Дараа нь, тээврийн урсгалыг жигдрүүлэх нь гол зорилго.
Эрээн талд боомт хаагдахаас өмнө гаалийн талбайд 130 ачаатай машин, 20 ачаагүй машин байсан. Дээр нь уул уурхайн техник хэрэгсэл, суудлын автомашинууд гээд 192 импортын буюу таваарын тээврийн хэрэгсэл байсан. Нийт 340 гаруй автомашин гэсэн үг. Хоёр талаас халдвар хамгааллыг шаардлагын дагуу хангасан гэж үзсэн учир арванхоёрдугаар сарын 10-наас боомтын хөдөлгөөнийг сэргээсэн.
Улмаар гаалийн талбайд гацсан байсан тээврийн хэрэгслүүдийг үе шаттайгаар оруулж ирэх ажил явагдаж байна. Хил хаагдахаас өмнө гаалийн талбайд гацсан тээврийн хэрэгслүүдийг оруулж, хилийн урсгалыг чөлөөлсний дараа чингэлэг тээвэр явагдаж эхэлнэ. Үүнтэй зэрэгцээд Эрээний гаалийн баталгаат агуулах дээр чингэлэгт бараа ачих процесс ид өрнөж байна.
Эрээн талд гацсан байсан машинууд өвлийн хүйтэнд бараг 60 хоног гадаа зогссон учир асахгүй байх зэрэг асуудал тулгарч байгаа. Хоёрт, ачаатай машинуудаа гаргах гэхээр хэт өндөр ачсан, эсвэл гаалийн мэдүүлгээсээ зөрсөн гэдэг асуудал гарч ирж байна. Тэгэхээр дахиж үнэн зөвөөр гаалийн бүрдүүлэлтээ эхнээс нь хийх зэргээр цаг хугацаа алдах асуудал үүсэж байна.
-Эрээн-Замын-Үүд боомт дээрх чингэлэгт тээвэр хэр хэмжээний хүчин чадалтай вэ. Процессын хувьд тээвэрлэлт яаж явагдах вэ. Чингэлэг тээвэр явагдлаа гээд халдварын эрсдэлийг 100 хувь байхгүй болгож чадахгүй шүү дээ. Тиймээс дахиж халдвар гарч, боомт зогсоохгүйн тулд анхаарах гол зүйлс юу байна вэ?
Чингэлэгт тээврийн “0” цэгийн зассан талбай 35-50 чингэлгийн хүчин чадалтай. Үдээс өмнө Эрээн талаас чингэлгүүдээ байршуулна. Манай тал үдээс хойш Монголын хил рүү татах процесс явагдана.
Эрээн-Замын-Үүд дээр манай талаас нэвтэрч байгаа бүх хүн “0” цэг дээр тамхи татахгүй, хог хаяхгүй, хувийн хамгаалах өмсгөлөө бүрэн гүйцэт өмссөн байх ёстой гэх зэрэг тодорхой дүрэм журам мөрдөгдөж байгаа. Хэрэв энэ байдал алдагдвал Эрээн талаас “0” цэгийг халдвартай бүс гэж үзэж байгаа. Тиймээс хүн бүр хариуцлагатай байх ёстой. Тээвэрлэлтэд оролцож байгаа хүн бүр халдвар хамгааллын талаасаа илүү хариуцлагатай байх нь нийтлэг эрх ашигт хэрэгтэй.  
Мөн Монгол Улс болон БНХАУ-ын ковидтой тэмцэж байгаа бодлого, стратеги хоёр өөр байгаа гэдгийг ойлгох нь зүйтэй. Манай улс вакцинжуулалт хийх замаар дасан зохицох стратеги баримталж байгаа. Харин асар том эдийн засагтай, 1.4 тэрбум хүн амтай БНХАУ-ын хувьд нэг ковид алдахад цаашаа асар өргөн хүрээтэй тархах эрсдэлтэй гэдэг утгаараа “Zero COVID policy” буюу “Ковидыг үл тэвчих” бодлого хэрэгжүүлж байна. Нэг тохиолдол илрэхэд л тухайн хотыг тэр чигт нь хөл хорьж байгаа. Жишээ нь, Эрээн хотод ковидын тохиолдол илэрсний дараа тэр чигт нь хөл хорио тогтоож, 30 гаруй хоног тэг зогсолт хийсэн. Саяхан 13 сая хүн амтай хотыг бүхэлд нь карантилсан. Гэтэл манайд зарим хүн өөрсөдтэйгөө адилхан санаад “Ямар сүртэй юм бэ. Жолооч нараа хурдан явуулъя” гэдэг зүйл ярьж байгаа. Гэтэл тийм бололцоо байхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.      
Жолооч нар Эрээн талд тусгаарлагдаад, дундын цэгээс машин авч орж ирдэг өмнөх горимоор явж байхад халдвар гарч, Эрээн хот хөл хорионд шилжиж, боомт хаагдсан. Тиймээс хоёр тал илүү халдвар хамгааллын шаардлагад нийцсэн хувилбар нь чингэлэг тээвэр юм байна гэдэг дээр тохиролцсон. Чингэлэг тээвэр бол одоогоор хамгийн эрсдэл багатай тээвэрлэлтийн хувилбар гэж үзсэн учраас.     
Хамгийн түрүүнд чингэлэг тээвэр явагдаж, голидролдоо орох буюу хэвийн үйл ажиллагаатай болох нь чухал байгаа. Мэдээж шинэ зүйл дээр тооцоолоогүй асуудал, бэрхшээл гарч ирэхийг үгүйсгэхгүй. Үүн дээр хүлээцтэй хандаж, тогтвортой явуулах бэлтэл ажил, хэвийн үйл ажиллагааг хангах арга хэмжээнүүдээ авч явах нь илүү чухал.
Мөн Ковидын өмнө бид Эрээн-Замын-Үүд автозамын боомтын нэвтрэх чадвар болж байгаа юм шиг хандаж ирсэн. Бүх худалдаагаа ганц боомт дээр хэт ачаалалтайгаар төвлөрүүлчихсэн байсан. Бусад боомтуудад ачааллыг хуваарилж, төрөлжүүлэх ёстой юм байна гэдэг асуудал ковидын үеийн хамгийн том сургамж байлаа. Тийм ч учраас Засгийн газар шинэ сэргэлтийн бодлогын тэргүүн эгнээнд боомтын шинэчлэл хийж, боомтуудыг өргөжүүлэх, нэвтрэх чадварыг сайжруулах асуудлыг оруулж ирсэн. Тиймээс Гадаад харилцааны яам бусад боомтууд дээр Эрээний ачааллыг жигд хуваарилах тал дээр илүү их хүч, нөөц дайчлан идэвхтэй ажиллаж байна.    
-Хятадын талаас халдвар хамгааллын дэглэмээ сулруулж, хилийн урсгал, аялал жуулчлал хэзээ хэвийн болох талаар гадуур янз бүрийн таамаг явж байгаа. Ихэнх нь “Бээжин-2022” өвлийн олимпын наадмын дараа буюу ирэх оны хоёрдугаар улирлаас Хятад улс ковидын бодлогоо зөөлрүүлнэ гэдэг хүлээлттэй байх шиг байна. Тэгвэл БНХАУ-ын албаны талаас яг энэ асуудал дээр тодорхой байр суурь хэлж байгаа юу?       
-Албаны байр суурь буюу БНХАУ-ын зүгээс бид халдвар хамгааллаа яг тэднээс сулруулна гэдэг үг хэлэхгүй байгаа. Өөрөөр хэлбэл, ковид хэзээ дуусахыг би, та, эсвэл манай урд хөршийн хэн нь ч тодорхой хэлж мэдэхгүй байна. Анх бүгд л ковид 2020 ондоо дуусна гэж харж байсан. Гэтэл өнөөдөр Омикрон хувилбарын тархалтаас шалтгаалаад халдвар хамгааллаа сулруулаад байсан Европын орнууд дахиад хөл хорио тогтоож эхлээд байна. Урьдчилан таамаглах бололцоогүй вирусийн нөхцөл байдал бүгдэд хүндрэлтэй байгаа. Тиймээс дасан зохицох буюу ковидоос болоод маш олон зүйл саатаж байна гэдгийг тооцож ажил амьдралаа зохицуулж явах шаардлага бид бүгдэд үүсч байна.
ДЭМБ-ын Ерөнхий захирал, доктор Тедрос Гебрейсус цар тахал 2022 онд дуусна гэж “найдаж байна” гэж хэлж байгаа болохоос яг хэзээ дуусна гэдгийг хэн ч хэлж чадахгүй байна.  
Цар тахлын өмнө иргэд УАЗ-469, эсвэл өөрсдийн хувийн унаагаар Эрээн-Замын-Үүд автозамын боомтоор чөлөөтэй зорчдог байсан. Эрээнд очоод худалдан авалт хийгээд, ачаагаа ачуулаад орж ирдэг байсан. Одоо бол тийм бололцоо байхгүй. Учир нь БНХАУ нэг ч жуулчин хүлээж авахгүй байгаа. Тэр байтугай Хятадад сурдаг манай улсын 10 мянган оюутан гэлтгүй дэлхийн бүх орны оюутнуудыг хүлээж авахгүй байна. Оюутнууд бүтэн хоёр жил хүнд байдалд байгааг маш сайн ойлгож байгаа.
undefined
-Манай улс гадаад харилцааны хувьд хоёр хөрштэйгөө ойлголцож чадахгүй байна уу гэдэг асуулт, эсвэл эргэлзээ нэлээд харагдаж байна. Үнэхээр бид урд хөрштэйгөө бүрэн ойлголцож чадаж байгаа юу?
-Хамгийн амархан зүйл бол хардалтад тулгаарлаж дүгнэлт хийх. Та нар чадахгүй байна гэдэг ч юм уу. Мэдээж хүн бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Бусдын үзэл бодолд хүндэтгэлтэй хандана. Гэхдээ гадаад харилцаа дээр ийм асуудал даамжрах нь нөгөө улсын талаарх нэр хүндэд нь нөлөөлөх эрсдэлтэй байдаг. Хэрэв ийм нөлөөлөл үүсвэл хоёр орны нийт харилцаанд сөрөг үр дагавар гарах эрсдэлтэй.
Тэгвэл нэг хэсэг шатахуун тасалдахад бид БНХАУ-аас яаралтай горимоор бензин оруулж ирсэн. Энэ бол хоёр орны хооронд ойлголцол байгаагийн илрэл. Ковидоос болоод Тяньжин боомт дээр гацалт үүсэж, манай 4800 гаруй чингэлэг саатсан. Тухайн үед хоёр улсын Ерөнхий сайд нар видео уулзалт хийх үедээ, энэ асуудлыг яриад сарын дараа гэхэд 5000 чингэлэг татаж чадсан. Энэ бас л ойлголцлын илрэл мөн. Хэрэв хүмүүсийн хардаад байгаа шиг харилцаа муу байсан бол энэ ажлууд урагшлахгүй байсан.
-Одоо хоёулаа төрийн айлчлалуудтай холбоотой сэдвээр ярилцъя. Саяхан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д айлчиллаа. Эдийн засаг болон эрчим хүчний хамтын ажиллагааны хувьд ямар үр дүнд хүрсэн бэ. Төрийн тэргүүн нарын хамтарсан тунхаглалаас харахад төмөр зам болон хийн хоолойн асуудлууд дээр тодорхой ойлголцолд хүрсэн нь харагдсан. Та айлчлалыг хэрхэн дүгнэж байна вэ?
-Байгалийн хийн хоолойн төсөл яагаад чухал вэ гэдгийг эхлээд хариулах нь зүйтэй. Манайд яг хэрэгтэй юу, үгүй юу гэдэг асуулт их байдаг. Энэ бол ардчилсан улсад зүй ёсоор асуух ёстой асуулт бөгөөд холбогдох хүмүүс нь албан ёсны хариулт өгч байх нь чухал. Бид энэ төслийг сүүлийн 30 жил ярьж байгаа. Нэгт, зах зээлийн эрэлт хэрэгцээ нь байна. Монгол Улсын газар нутгаар дамжин БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх нь хамгийн богино маршрут, нөгөө талаас байгалийн бэрхшээл багатай тал нутгаар явах тул зардлын хувьд ч боломжийн буюу эдийн засгийн үр ашигтай гэдэг судалгаа хийгдсэн. Хоёрт, Монгол Улс улс төр, нийгмийн хувьд тогтвортой буюу объектод баталгаа гаргаж өгөх бололцоотой улс гэж үзсэн учраас Монголын нутгаар дамжуулах шийдвэр гаргасан гэж боддог. Гуравт, Төв Ази, зарим хэсгээрээ Зүүн өмнөд Азид харьяалагддаг манай улсад энэ төсөл бүс нутгийн интеграцчилалд оролцох боломж бий болж байгаа. Бид эрчим хүчний интеграцын нэг хэсэг болж байгаа юм.          
Өөрөөр хэлбэл, алслагдсан Монгол Улс байж болохгүй. Бид бүхнээс зугтаагаад энэ чинь аюулгүй байдлын асуудал, аюултай гээд зугтаагаад байвал энэ бүс нутагт бусдын дунд орох бололцоогүй болж, хөгжлийн хувьд бүхнээс хоцорно. Тиймээс байгалийн хийн хоолойн төсөл биднийг бүс нутгийн эрчим хүчний интеграцчилалд бодитой оролцуулах боломж гэдэг утгаараа чухал ач холбогдолтой.
Төмөр замын хувьд айлчлалын хүрээнд Сангийн сайд Б.Жавхлан ОХУ-ын Сангийн сайд Антон Силуановтой уулзаж төмөр замын санхүүжилтийн асуудлыг ярьсан. Хоёр талаас тодорхой үнийн дүн бүхий хөрөнгө оруулалт хийе. Манай талаас “MОН-П1” “MОН-П2”-ын асуудлыг Засгийн газар, УИХ-аас шийдсэн. Тиймээс ОХУ нь УБЗТ ХНН-ийн 50 хувийг эзэмшигчийнхээ хувиар үүнтэй дүйцэх хэмжээний санхүүжилтийг оруулъя гэдэг зарчмын байр суурь дээр нэгдсэн. Төмөр замын салбарт чухал хөрөнгө оруулалт болох тохиролцоонд хүрч чадсан амжилттай айлчлал боллоо.
Усан цахилгаан станц болон эрчим хүчний хангамжийн асуудлаар айлчлалын хүрээнд мөн ярилцсан. Манай талаас цаашид эрчим хүчний асуудлыг яаж харж байгаа болон ОХУ-ын талаас иймэрхүү байдлаар оролцож болох юм гэдэг өөрсдийн байр сууриа илэрхийлсэн. Мэдээж нэг удаагийн айлчлалаар бүх асуудал шийдэгдэхгүй. Зарим асуудал олон шат дамжлага, цаг хугацаа, мэргэжилтнүүдийн шатанд хэлэлцэж, академик орчинд яригдаж, судалгаа хийгдсэний үндсэн дээр хийгдэх ёстой. Улмаар нөхцөл нь бүрдсэний дараа төрийн тэргүүн эсвэл Ерөнхий сайд нарын уулзалтаар эцэслэж тохиролцоно.
Ер нь Монгол, Оросын хамтын ажиллагааны бүхий л салбарыг хамарсан дунд хугацаандаа хийх ажлыг тодорхой болгох зорилгоор ирэх онд замын зураглал боловсруулж байгуулахаар хоёр улсын төрийн тэргүүн нар тохиролцсон. Цэрэг, батлан хамгаалах, улс төр, худалдаа, эдийн засаг, тээвэр, эрчим хүч, боловсрол, хүмүүнлэгийн харилцааны бүхий л чиглэлээр хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны цаашдын чиг хандлагыг тодорхойлохоос гадна хооронд нь уялдаа холбоотой зохицуулах нь чухал юм.
-ОХУ-тай хийж байгаа харилцаа, тус улсын удирдлагуудтай хийж байгаа манай удирдлагуудын сүүлийн үеийн уулзалтууд дээр батлан хамгаалахын салбарт хамтран ажиллах гэдэг асуудал нэлээд яригдах болсон. Мэдээж терроризмтой тэмцэх чиглэлд батлан хамгаалахын харилцаа явагдаж байгаа. Гэвч нөгөө талд, манай хоёр хөрш барууны ертөнцтэй сөргөлдөх болж, ялангуяа ОХУ сүүлийн саруудад Украины асуудлаар НАТО-тай маш таагүй нөхцөл байдалтай байна. Тиймээс батлан хамгаалахын чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх гэдэг нь шууд өөр утгаар тайлбарлагдаж болно. Та ОХУ-тай хийх батлан хамгаалын харилцаа ямар хүрээнд явж байгааг тайлбарлаж өгөхгүй юу?
-ОХУ болон Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтсоны 100 жилийн ой энэ онд тохиож байгаа. Зуун жилийн түүхтэй энэхүү дипломат харилцааг бүхлээр нь эргээд харвал цэрэг, батлан хамгаалахын хамтын ажиллагаа манай улсын тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдалд ямар хэмжээний үүрэг гүйцэтгэсэн бэ гэдэг нь харагдана. Маш үнэ цэнэтэй хамтын ажиллагаа. ОХУ-тай хийх батлан хамгаалахын хамтын ажиллагаа манай түүхийн эгзэгтэй мөчүүдэд чухал үүргийг гүйцэтгэсэн. Би хувьдаа энэ хамтын ажиллагаа цаашдаа өрнөөд явах ёстой гэдэг бодолтой байдаг.
НАТО эсвэл өөр сөргөлдөгч хүчнүүд байна гэж үзвэл Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал өөрөө аливаа зэвсэгт мөргөлдөөн сөргөлдөөнд оролцохоос зайлсхийх бодлоготой. Гэхдээ үүнийг яг төвийг сахих гэж хатуу хайрцаглах боломжгүй. Зарим төрлийн элементийг нь шингээсэн уян хатан бодлого юм. Гэхдээ манай гадаад бодлогод нэг чухал зарчим байдаг нь энхийг эрхэмлэсэн олон тулгуурт бие даасан гадаад бодлого. Энхийг эрхэмлэсэн гэдэг нь дайн хийхгүй, гэхдээ өөрийгөө хамгаална гэдэг санаа. Өөрөөр хэлбэл манай цэргийн хүч өөр газар гүйж очихгүй гэсэн үг.
Энхийг сахиулах үйл ажиллагаа бол тусдаа. Энэ бол НҮБ-ын мандаттай буюу дэлхийн нийтийн нийтлэг хүчин чармайлтын нэг хэсэг болж, энгийн иргэдийг зэвсэгт халдлагаас хамгаалах чиг үүрэг хэрэгжүүлдэг.
-Дэлхий нийт шинэ Хүйтэн дайн руу гулсан орж байгаа нь мэдрэгдэх болсон. Улмаар манайх шиг жижиг орнуудын гадаад харилцаа маш хумигдмал, эмзэг болж байна гэдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа. Тэгэхээр Монгол Улс шинэ нөхцөл байдалд хэрхэн хандах вэ. Бэлтгэлтэй байгаа юу гэдэг асуулт гарч байна. Нөгөө талаасаа Монгол Улс сөргөлдөгч талуудтай жигд найрсаг харилцаатай гэдэг утгаараа найдвартай зуучлагч, түнш байх боломж их байгаа. Ер нь бидэнд ямар давуу болон сул тал байна вэ?  
-Дэлхийн ертөнцөд өрнөж байгаа үйл явдлууд өмнөх Хүйтэн дайн руу аваачих эрсдэл бодитоор бий болж байгаад санаа зовинож байгаа. Ийм нөхцөл байдалд Монгол Улс яаж оршин тогтнолоо хадгалах вэ. Бие даасан гадаад бодлогынхоо чадавхийг хэрхэн бататгаж явах вэ гэдэг хамгийн том сорилт болж байгаа нь үнэн.
Дэлхийн эдийн засаг, аюулгүй байдлыг шийдэхэд голлох нөлөө үзүүлдэг улсууд хоорондоо сөргөлдөж байгаа нь тэдэнд ч ашиггүй. Бусдад нь ч ашиггүй. Энэ нөхцөл байдалд Монгол Улс хаана нь байх вэ гэдэг асуудал хүчтэй тавигдаж байгаа. Нэг талд, эдийн засгийн эргэлт, улсын орны хөгжилд гадаад таатай орчин бүрдүүлэх ёстой. Нөгөө талд, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа улс төр, дипломатын аргаар хангах ёстой гэдэг асуудал хоёулаа чухал болоод байгаа энэ үед ГХЯ-ны дипломат албаны боловсон хүчнийг сайжруулж, илүү мэргэжлийн болгох шаардлага тулгарч байгаа.  Мөн хүний нөөц тал дээр туршлагатай, чадварлаг боловсон хүчнээр багаа бүрдүүлж, үүнд илүү хөрөнгө оруулалт хийх шаардлага үүсэж байна.
Улс төрийн аюулгүй байдлаа хангах тал дээр Монгол Улс шинэ Хүйтэн дайны нөхцөлд сөргөлдөгч талуудын зуучлагчийн үүрэг гүйцэтгэх нь байж болох нэг хувилбар мөн. Гэхдээ чадварлаг боловсон хүчнээр идэвхтэй гадаад бодлого явуулах замаар энэ зорилтыг хэрэгжүүлэх бололцоотой. Хүний нөөц, боловсон хүчнийг бүрдүүлнэ гэдэг системтэй, тодорхой хугацаа шаарддаг ажил. Гадаадад сургууль төгссөн баахан залуусыг нэг доор авснаараа энэ асуудлыг шийдэхгүй. Тогтмол давтамжтай чадавхжуулах, шинэ цаг үеийг шинэ сорилтуудад бэлтгэх системтэй ажлууд хийсний үр дүнд идэвхтэй гадаад бодлого явуулж, дуу хоолойгоо хүргэж, бусдад хүлээн зөвшөөрүүлэх, манлайлах бололцоо бүрдэх бүрэн боломжтой. Үүнээс наана бидэнд хийх ёстой хэд хэдэн зүйл буюу гэрийн даалгавар байна. Нөгөө талд дипломат албаны сахилга бат, нэр хүндийн асуудал дээр тогтмол тодорхой алхмууд, арга хэмжээ аваад явж байгаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олимпын үеэр БНХАУ-д айлчилна. Зөвхөн ажлын айлчлал байна. Олимпын дараа албан ёсны айлчлал хийж, хэлэлцээ хийнэ гэдэг ойлголттой байгаа. Айлчлалын бэлтгэл ажил хэр хангагдаж байгаа вэ. Ямар асуудлууд хэлэлцэх вэ?
-Нөхцөл байдал буюу хүлээж авч байгаа талаас хэрхэн хариу хэлэхээс айлчлалын формат шалтгаална. Манай зүгээс Ерөнхий сайд олимпын нээлтэд оролцож, ажлын айлчлал хийнэ гэдэг саналаа хэлсэн. Би өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын Гадаад хэргийн дэд Сайд У Жанхаутай стратегийн яриа хэлэлцээ хийх үеэр энэ асуудлыг ярьсан. Хятадын талаас ковид цар тахал намжсаны дараа Ерөнхий сайдыг албан ёсны айлчлал хийхийг урьж байна гэдгээ илэрхийлсэн.
Ерөнхий сайдын БНХАУ-д хийх айлчлал эдийн засаг болон улс төрийн харилцаанд маш чухал түлхэц болох ач холбогдолтой учир айлчлалын бэлтгэлийг сайтар хоёр талаас хангасны үндсэн дээр хэрэгжүүлэх нь чухал. Айлчлалын хүрээнд хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, экспортын бараа бүтээгдэхүүний гарцыг нэмэгдүүлэх, том том төслүүдийн хамтын ажиллагааг урагшлуулах тал дээр шинэ түлхэц өгнө гэж найдаж байна.
-АНУ, Их Британи, Канад, Австрали, хамгийн сүүлд Япон улс Бээжингийн олимпыг дипломат аргаар бойкотлохоо мэдэгдсэн. Барууны нэр бүхий улстөрчид Хятадын олимпод оролцсон ардчилсан орнууд өөрсдийн зарчмаас няцсанд тооцогдоно шүү гэдэг хандлагыг хэлж байна. Энэ талаасаа Ерөнхий сайдын олимпын айлчлал манай улсын гуравдагч хөршүүдтэй хийх харилцаанд ямар нэгэн өөрчлөлт авчрахвий гэдэг болгоомжлол байна?  
-Хүйтэн дайны сөрөг үр дагавар нь дэлхий ертөнцийг хуваагдалруу түлхдэг явдал. Товчхондоо бол, чи нэг бол намайг сонго. Эсвэл нөгөөг сонго. Дунд нь байж болохгүй. Нэг бол миний найз, эсвэл миний дайсан гэдэг тулгалт ахиж битгий давтагдаасай гэж үзсэн учраас улс орнууд шинэ хүйтэн дайн эхлэх гээд байна, үүнийг зогсоох ёстой гэдэг зүйл ярьж эхэлсэн. Бид ч гэсэн зовинолоо илэрхийлж байгаа.  
Монгол Улсын хувьд бие даасан олон тулгуурт гадаад бодлогоо хэрэгжүүлнэ. Өөрийн эрхээр, өөрийн толгойгоор гадаад харилцаагаа явуулна. Тэрийг манай түншүүд ойлгох ёстой, тэд ч бас ойлгодог. Бид ийм л зарчмыг баримтална. Бусдын зөрчил бидэнд наалдаж болохгүй.       
-Нээлттэй ярилцаж, бүх асуултад хариулт өгсөнд баярлалаа.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн