Интермед эмнэлэг зайн дүрс оношилгоо буюу телерадиологийн үйлчилгээг нэвтрүүлээд байгаатай холбоотой уг үйлчилгээний талаар Интермед эмнэлгийн Дүрс оношилгооны тасгийн эрхлэгч С.Дэлгэрэхтэй ярилцлаа.
-Юуны өмнө манай уншигчдад телерадиологийн үйлчилгээ гэж юуг хэлж байгааг тайлбарлаж өгнө үү?
-Дүрс оношилгооны зургуудыг цахим аргаар газарзүйн нэг байрлалаас нөгөөд зөөвөрлөн зургийг уншуулах, зөвлөгөө авах үйлчилгээ юм. Сүүлийн жилүүдэд дүрс оношилгооны салбарт дижитал системүүд нэвтрэн, сүлжээгээр их хэмжээний мэдээллийг дамжуулах хурд сайжирсантай холбоотой телерадиологийн үйлчилгээ явуулах боломжийг бүрдүүлсэн юм.
Тодруулбал, манай эмнэлэгт хийгдсэн рентген, компьютер томографи, MRI шинжилгээний зургийг Энэтхэг болон бусад оронд ажиллаж байгаа дүрс оношилгооны эмч нар зайнаас уншин, хариуг илгээж байгаа үйлчилгээг хэлж байгаа юм.
-Энэхүү шинжилгээг нэвтрүүлснээр ямар ач холбогдолтой вэ? Хэрэгцээ шаардлагын хувьд?
-Манай эмнэлэг долоо хоногийн 24 цагийн турш дүрс оношилгооны шинжилгээ хийдэг. Энэ утгаараа телерадиологийн үйлчилгээ манай эмнэлэгт нэвтэрснээр шөнө, ажлын бус цагаар, амралтын өдрүүдэд яаралтай журмаар хийгдсэн дүрс оношилгооны шинжилгээний хариуг цаг тухайд нь авах боломжийг олгож байгаа юм. Яаралтай шинжилгээний хариуг дунджаар хоёр цагийн дотор гарган өгөх бололцоо бүрдэж байна.
Түүнчлэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нарийн мэргэжлийн дүрс оношилгооны эмчийн үйлчилгээг авах боломжтой болсон. Тухайлбал, зарим эмнэлэгт нарийн мэргэжлийн дүрс оношилгооны эмч дутагдалтай байдаг. Энэ тохиолдолд хийгдсэн шинжилгээний зургаа явуулаад нарийн мэргэжлийн эмчийн дүгнэлтийг авах боломжтой. Энэ нь нэг талаараа иргэдийн хөрөнгө мөнгө, цаг хугацааг хэмнэх давуу талтай.
Мөн эргэлзээтэй хариу, олон эмнэлгээр дамжсан хүнд тохиолдлуудад заавал гаднын аль нэг улсыг зорихгүйгээр эндээс зөвхөн дүрс оношилгооны зургийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын баг руу явуулах гүүр нь Интермед эмнэлэг болж байгаа юм. Хамгийн чухал ач холбогдол нь энэ юм.
Цаашилбал бид олон улсын сайн туршлагаас суралцах боломж гэж харж байна.
-Танай эмнэлэг гаднын ямар байгууллагатай хамтран телерадиологийн үйлчилгээг нэвтрүүлж байгаа юм бэ?
-Манай эмнэлэг БНЭУ-ын Аполло групп эмнэлэгтэй энэ оны зургадугаар сард хамтран ажиллах гэрээ байгуулж, эхний ээлжинд телерадиологийн үйлчилгээг амжилттай нэвтрүүлээд явж байна. Аполло групп нь 50 гаруй эмнэлгээс бүрдсэн Энэтхэг улсдаа хамгийн томд тооцогддог хувийн эмнэлгийн сүлжээ бөгөөд эмч нар нь Английн боловсролын стандартаар сургагдсан, тусламж, үйлчилгээндээ хамгийн орчин үеийн технологи ашигладаг сүлжээ эмнэлэг юм. Аполло эмнэлэг нь олон улсын JCI магадлан итгэмжлэл авсан ба 10 гаруй орны эмнэлэгт телерадиологийн тусламж үзүүлдэг юм билээ. Цаашдаа телемедицины үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
-Зарим иргэдийн хувьд өвчний онош нь тодорхой болохгүй байна гэсэн шалтгаанаар ихэвчлэн гадны улсын эмнэлгийг зорьдог. Энэ хэрээр зардал мөнгөний асуудал хүнд байдаг шүү дээ. Тэгэхээр эргэлзээтэй байгаа дүрс оношилгооны зургаа танайхаар дамжуулаад олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эмнэлэг рүү явуулах боломжтой юм байна гэж ойлголоо. Зөв үү?
-Тийм ээ. Энэ нь уг үйлчилгээг нэвтрүүлж байгаа гол ач холбогдлын нэг нь энэ юм. Иргэд заавал гадаадын аль нэг улс руу явахгүйгээр дүрс оношилгооны зургаа манай эмнэлгээр дамжуулан дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Аполло эмнэлэг рүү явуулаад богино хугацаанд хариугаа авах боломжтой болж байна.
-Шинжилгээний зургаа явуулснаас хоёр цагийн дараа шинжилгээний хариугаа авч болно гэж ойлгож болох уу. Ер нь сардаа хэчнээн хүн энэ үйлчилгээг авч байгаа вэ?
-Ажлын бус цагаар яаралтай журмаар хийсэн шинжилгээний хариуг дунджаар хоёр цагийн дараа ирдэг. Зарим эргэлзээтэй, хүнд тохиолдолд зургийг өглөө нь заавал тэндээ ахлах эмчтэйгээ ярилцаж хариугаа баталгаажуулан илгээдэг журамтай. Тэгэхээр маргааш нь ахлах эмчийн баталгаажуулсан хариу ахиж ирдэг юм. Сард дунджаар 150 орчим хүний зургийг Аполлоод явуулж оношлуулдаг ба үүнд манай эмнэлгийн үйлчлүүлэгч нараас гадна бусад эмнэлгүүдээс яаралтай журмаар зураг авахуулах өвчтөнүүд бас ордог.
Гэхдээ манай эмнэлэг авсан бүх зургаа Аполло эмнэлэг рүү явуулж уншуулдаг гэж ойлгож болохгүй. Дараах 3 тохиолдолд бид зураг явуулдаг, үүнд:
Ажлын бус цагаар яаралтай журмаар орж байгаа хүмүүсийн дүрс оношилгооны зургийг явуулж уншуулдаг. Ажлын цагаар яаралтай журмаар хийгдсэн шинжилгээний зургийг манай эмнэлгийн дүрс оношилгооны эмч нар өөрсдөө уншдаг.
Үйлчлүүлэгч өөрөө хүсэж, Энэтхэг эмчээр шинжилгээний хариугаа уншуулна, гэхдээ яаралтай биш гэсэн тохиолдолд явуулж, уншуулах боломжтой.
Ямар нэгэн хүндрэлтэй, онош нь тогтоогддоггүй тохиолдолд анхны уншилтан дээр авсан зурагт хоёр дахь хариу хүсэж байгаа тохиолдолд зургийг нь явуулж байна. Энэ гурван тохиолдолд Энэтхэгээс хариу авч болно.
-Интермед эмнэлгийн хувьд дүрс оношилгооны тоног төхөөрөмж, шинжилгээнүүд нь хэр олон улсын түвшинд нийцсэн байгаа вэ?
-Манай эмнэлэг 2014 онд байгуулагдахдаа дэлхийн шилдэг брэнд болох Siemens брэндийн MRI, компьютер томограф, рентген, хөхний маммографийн аппарат,төрөл бүрийн эхо зэрэг дүрс оношлогооны аппаратуудыг шинээр нь, цогцоор нь суурилуулж оношлогоо, эмчилгээндээ ашиглаж байна. Хүчин чадлын хувьд өндөр хөгжилтэй улс орнуудын хэмжээнд байгаа. Тиймээс манай тоног төхөөрөмжүүдээр авсан зураг, дүрсийг аль ч орны эмч нар хүлээн зөвшөөрч оношилгоо хийх боломжтой байдаг.
Бид Аполлогийн эмч нар руу үйлчлүүлэгчийн дүрсийг явуулахаас гадна түүний эмчийн үзлэгийн бичилт, өвчний түүх, өмнө авахуулсан зураг, лабораторийн шинжилгээний өөрчлөлт зэргийг хавсарган өгдөг. Ингэснээр шинжилгээний дүгнэлтийг илүү найдвартай болох нөхцөл бүрддэг юм.
Хамгийн сүүлд хэлэхэд манай эмнэлэг энэ хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж ард иргэддээ эх нутагтаа байж байхдаа дэлхийн нэртэй эмнэлгээс үйлчилгээ авах боломж олгож байгаад эмч хүнийхээ хувьд баяртай байгаа.