Open iToim app
Мега төсөл | 4 мин уншина

Б.Ганхуяг: Нүүрсний төлбөрөө урьдчилж авах нь хамгийн зөв, оновчтой хувилбар юм

Б.Ганхуяг: Нүүрсний төлбөрөө урьдчилж авах нь хамгийн зөв, оновчтой хувилбар юм
Нийтэлсэн 2022 оны 9 сарын 20
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягтай ярилцлаа.
-“Эрдэнэс Тавантолгой” ХК сүүлийн үед томоохон хөрөнгө оруулалтууд хийлээ. Цаашид хийхээр төлөвлөж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өгнө үү?
-Бид дэд бүтцийн гурван том компанитайгаар ажиллагаагаа явуулж байна. Үүнд “Тавантолгой төмөр зам”, “Зүүнбаян төмөр зам”, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замууд бий. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нэгдүгээр зэргийн төмөр замд 1.4 их наяд төгрөгийн санхүүжилт хийсэн. Эрдэнэс Тавантолгой 66 хувийг нь эзэмшдэг. Энэ нь цаад утгаараа “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцаа эзэмшигч 2.5 сая иргэнд харьяалагдана гэж ойлгож болно.
Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр зам 416 км. Энэ замын зүгшрүүлэх тээвэр элсний нүүдлээс үүдэн багагүй цаг авч байна. Өрваннэгдүгээр сарын 1-нээс хуурай аргаар баяжуулах үйлдвэр таван сая тонны хүчин чадалтайг нь ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа. Мөн Тавантолгой түлш компани дээр тулгуурласан хоёр сая тонны угаах, нойтон аргаар баяжуулах үйлдвэрийг 2023 оны долдугаар сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна. Харин 10 сая тонн хүчин чадалтай баяжуулах үйлдвэрийн нэгдүгээр блокийг 2024 оны нэгдүгээр улиралд авахаар ажлаа эхлүүлсэн. Үүнийг дагаад усны хоолой яригдаж байгаа. Загийн усны хоолойноос усаа татахаар гурван группийн түвшинд ажлаа эхлүүлсэн. Цаашилбал, аж үйлдвэрийн томоохон үйлдвэрүүд нээхээр Багануур дүүрэг дэх нүүрсний ордыг түшиглээд нүүрсний хими, технологийн цогцолбор үйлдвэр барих ТЭЗҮ-г дуусгасан. 2024 оны нэгдүгээр онд ашиглалтад орно гэсэн төлөвлөгөөтэй байна. Энэ үйлдвэр ашиглалтад орвол бид жилд 60 мянган тонн дизель дотооддоо үйлдвэрлэж, 20 мега ваттын уурын цахилгаан станцтай болно. Үүнээс таар болон хуванцар зэрэг эцсийн бүтээгдэхүүн гаргаж болно. Энэ төв Монголын нүүрс болон бусад баялаг ямар хэмжээний эцсийн бүтээгдэхүүн болж боловсрол боломжтойг судлах, боловсруулалтын төв байх юм.

Борлуулалтын орлого $2.1 тэрбум давбал 1072 хувьцаатай иргэн жилд 680 мянган төгрөгийн ногдол ашиг авна

-Боловсруулалтын үйлдвэр ашиглалтад орвол мөнгөн хөрөнгө хэдээр нэмэгдэх вэ. Энэ нь 1072 хувьцааны ногдол авдаг иргэдэд өгөөжтэй юү?
-Манай компанийн борлуулалтын орлого тэрбум орчим доллар гэж тооцдог. Хоёр төмөр зам, угаах үйлдвэр, нүүрс химийн үйлдвэр, гурван терминал баригдсаны дараа компанийн жилийн орлого 3.7 тэрбум долларт хүрнэ. 2026 он гэхэд “Эрдэнэс тавантолгой” компанийн өөрийн орлого 4.2 тэрбумаар эцэслэн тодорхойлогдоно.
2023 онд 22 сая тонн нүүрс олборлож 21 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн. Үүнийг 100 хувь биелүүлэх боломжтой. Төлөвлөгөөнөөс давуулан 37 сая тонн нүүрс олборлож, 35 орчим сая тонн нүүрс экспортлох ч боломж бий. Энэ тохиолдолд манай борлуулалтын орлого 2.1 тэрбумд хүрнэ. Тэгвэл 1072 хувьцаа эзэмшигчид жилд 680 орчим мянган төгрөгийн ногдол шиг авах боломжтой.
-Энэ оны нүүрс экспортлох төлөвлөгөө хэдэн хувийн биелэлттэй байна вэ. Биелэлтийг нь хангахаар байна уу?
-2022 онд 8.8 сая тонн нүүрс экспортлох тооцоотой байгаа. Өнөөдөр энэ тоо 5.2 саяд хүрч байна. Оны эцэс гэхэд төлөвлөгөөндөө хүрчих байх. Гэхдээ хилийн нэвтрэлтээс шууд хамаарна.
-Нүүрсний тухайд төлбөрөө нь урьдчилж авах нь ашиггүй гэж зарим хүн ярьдаг. Ер нь урьдчилж төлбөрөө авах нь хэр зөв бизнес модел вэ?
-Бид нүүрсний орлогынхоо 40 хувийг нь урьдчилж авсан. Урьдчилгаа төлбөр авах хэлбэр нь хамгийн зөв. Улирал бүр үнийн шинэчлэл хийгддэг. Тэгэхээр улирал бүр бид үнээ тогтоодог гэсэн үг. Монголд нүүрс авч байгаа хамгийн өндөр үнээр индексжүүлээд тооцдог. Энэ улиралд өндөр дүнгээр байгуулсан байлаа ч дараа улиралд үнэ буувал хямдарсан үнээр нь өгнө. Өндөр байвал өндрөөр нь авдаг. Үүнд урьдчилгаа өндөр авлаа, хямд авлаа гэх маргаан байхгүй. Мөн төгсгөл мөнгө гэж байхгүй бөгөөд дандаа урьдчилж мөнгийг нь авдаг хэлбэрээр нүүрсээ нийлүүлж байгаа. Оны эцэс гэхэд 800 сая орчим ам.доллар Монголбанкинд валютын эргэлтийг сайжруулахад оруулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа.
-Танай компани бүтээн байгуулалт, үйлдвэрүүдээ олон нийтэд арилжих уу?
-Бид бонд гаргасан. Өнөөдрийн байдлаар 960 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт босголоо. Бондын хөрөнгө бол олон улсын болон дотоодын зах зээлд гаргаж буй бидний бүтээгдэхүүн. Төмөр замын бүтээн байгуулалтууд болон цахилгаан станц, баяжуулах үйлдвэр, хими, технологийн үйлдвэрүүдээ үе шаттайгаар дотоодын хөрөнгийн зах зээл дээр арилжиж, хөрөнгө босгох ажлыг 2023 оноос хийнэ. Үүний 25-40 хувийг олон нийтэд арилжих төлөвлөгөөтэй байгаа. Бид төрөөс хамаарал багатай. Тэр утгаараа олон улсаас хөрөнгө босгох боломжтой.
-Уур амьсгалын өөрчлөлттэй холбогдуулан хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, нүүрсний хэрэгцээ шаардлага буурах хандлагатай байна шүү дээ. Цаашдаа түүхий нүүрс үнэд хүрэхгүй нь. Та бүхэнд ямар төлөвлөгөө байгаа вэ?
-Бидний гарт нүүрс бий. Үүнийг хоёр төрлийн хэлбэрт шилжүүлэх тооцоо бий. Нэгд, метан хий рүү шилжинэ. Ер нь бол нүүрсийг шингэрүүлнэ. Нүүрснээс эцсийн бүтээгдэхүүн гаргах чиглэлд явна. Хоёрт, метан хийн нөөц Тавантолгой орд дээр их байдаг. Үүнийг цахилгаан станц болгоход анхаарч байна. Үүнээс хэрэглээний газыг 2025 он гэхэд үйлдвэрлэдэг болохоор төлөвлөсөн. Ингэсэн тохиолдолд таны асуусан ногоон эдийн засаг, технологийн хэлбэрт шилжих бүрэн боломжтой.
-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн гол төмөр замын ажил бүрэн дууссан. Энэ замаар Тавантолгой бүлэг ордын нүүрсийг зөөнө, зардал хэмнэнэ гэж байгаа. Одоо холбох цэгийн ажил үлдсэн. Холбох цэг дээрх ачих, буулгах терминалаа компаниуд өөрсдөө барих юм билээ. Танайх ачих, буулгах цэгээ хэзээ барьж дуусгахаар байгаа вэ?
-Манайх нүүрс ачих логистикийн төв байгуулсан. Хоёр дахь төвийг жилд 20-25 сая тонныг ачих боломжтой терминалын зохион байгуулалттай төлөвлөж байна. Тавантолгой-Гашуунсухайтын өнцөг дээр шилжүүлэн ачих төв байгуулж байна. Эхний байдлаар контейнер шилжүүлэн ачих хэлбэрээр ашиглаж байгаа. Яваандаа нурмаг ачаа буулгаж тээвэрлэх ямар боломж байгааг олж өргөтгөн зохион байгуулна. Холболтын төмөр замын бүтээн байгуулалтад олон ажил дутуу байгаа учраас энэ ажил хоёр жил гарны хугацаанд үргэлжилнэ. Тэр хүртэл төмөр замаа бусад төмөр замын экспортын харилцаатай холбосон хэлбэрээр зохион байгуулж байгаа.
-Ярилцсанд баярлалаа.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн