УИХ-ын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа. Тэрээр “Та бидний эвсэл”-ээс Орхон аймагт нэр дэвшин сонгогдсон юм.
-Энэ удаагийн сонгуулийн үр дүнг та хэрхэн харж байна вэ?
-Би ийм хүнд ширүүн сонгууль өмнө үзээгүй. Их хар сонгууль боллоо. Монголын үйлдвэрчний эвлэлийн Ерөнхийлөгчийн сонгуульд анх удаа оролцож байлаа. Их хүнд ширүүн сонгууль болж байсан санагдаж байна. Дараа нь Дарханд илүүрхэж ялж байсан. Ерөнхийлөгчийн сонгуульд том тэмцээнд оролцож бараг ялсантай адилхан өрсөлдсөн. Гэхдээ энэ бүхнээс хамгийн хар сонгууль энэ удаагийнх байлаа. Намайг дундуур нь цагдаа барьж авах гэж их хөөцөлдсөн.
-Өнгөрсөн дөрвөн жилээс өнгө нь өөрчлөгдөж чадах болов уу. Тооны хувьд бараг адилхан суудал авлаа. Шинэ парламентын өнгө ямархуу байхаар харагдаж байна?
-Ганбаатартай парламент ш дээ. Сонирхолтой байх болно. Ард түмэн миний талд байна.
-“Та бидний эвсэл” мөрийн хөтөлбөртөө иргэдийг үнэгүй орон сууцанд оруулна, том ордуудын хувьцааг эзэмшүүлнэ гэсэн зүйлүүдийг тусгасан. Эвслээс ганц хүн сонгогдсон энэ тохиолдолд мөрийн хөтөлбөрөө бага сага ч гэсэн хэрэгжүүлэх боломж хэр байх бол?
-Би хүчтэй сөрөг хүчин байна. Сөрөг хүчний дуу хоолой хэзээ ч багаддаггүй. Гар хөлийг нь боосон байсан ч хүн түмний төлөө гэсэн сэтгэлтэй бол ихийг хийж чадна гэдэг үг байдаг. Үнэн миний талд байгаа. Гурван сая Монголын эрх ашиг миний талд байгаа тохиолдолд бид маш ихийг хийнэ. Би их туршлагажсан тэмцэгч.
-“Та бидний эвсэл” парламентад суудалтай нам боллоо. Ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд хүнээ нэр дэвшүүлэх эрхтэй болсон. Хэнийг нэр дэвшүүлэх бол?
-Манайд хүчтэй олон боловсон хүчин байгаа. Миний хувьд амласан, санаж бодож байгаа зүйлээ Эрдэнэтэд хэрэгжүүлнэ. Тиймээс энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийг би алгасна. Гэхдээ би Монгол Улсын Ерөнхийлөгч болно. Тэр нь дөрвөн жилийн дараа юу, найман жилийн дараа юу гэдгийг хөх тэнгэр мэднэ.
-Орхон аймагт гурван өөр статусаас нэр дэвшигчид сонгогдсон. Та гурав нийлж Орхон аймгийн иргэдийн төлөө ажиллаж чадах уу. Дөрвөн жилийн дараа ямар байх бол?
-Хамгийн түрүүнд би нөгөө хоёртоо хамтарч ажиллана шүү. Хамтдаа нэг зургаа авахуулъя, гурвуулаа нэг уулзъя гэж хэлсэн. Нэг нь инээсэн, нэг нь тэгье гэсэн. Би Эрдэнэтийн ард түмний төлөө, хийж бүтээе гэж зорьж байгаа зүйлийнхээ төлөө чөтгөртэй ч хамаагүй нэгдэнэ. Харин тэд тендер, шахааны үзүүр цухуйлгавал тэдэнтэй эвгүй хэрэлдэхээс өөр аргагүй. Эв нэгдэлгүй байхаас өөр аргагүй нөхцөл байдал гэж байдаг шүү. Хүлээн зөвшөөрч, буулт хийж болдоггүй үнэт зүйл гэж байдаг. Өнөөдөр Ганбаатарыг маш их хэрүүлч, заргач гэдэг. Гэтэл хувь хүнийхээ үүднээс нэг ч удаа юм ярьж байгаагүй. Харин Оюутолгой, Дубайн гэрээний асуудал дээр хүнтэй эвтэй байх үндэс надад байхгүй.
-Өнгөрсөн парламентад О.Баасанхүү гишүү МАХН-ыг төлөөлсөн. Та тэр хүнийг үүргээ хэр сайн биелүүлсэн гэж үздэг вэ?
-Тэр хүн үүргээ маш сайн гүйцэтгэсэн. Ямар ч эвдэрхий цаг өдөрт хоёр удаа зөв заадаг гэдэг үг байдаг. О.Баасанхүүгийн ач буянаар би МАХН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшсэн. Тэр хүнд би сайн сайхныг хүсч явдаг.