Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтад хамаардаг хөрөнгийн зах зээлийн үнэлгээ, даатгал, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоодын хөрөнгө ДНБ-ий 20.7 хувьд хүрсэн талаар 2022 оны гуравдугаар улирлын тайлангаараа танилцууллаа. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 1.4 пунктээр буурсан үзүүлэлт юм. Үүнээс, хөрөнгийн зах зээлийн үнэлгээг ДНБ-д харьцуулахад 11.1, даатгалын зах зээл 1.1, ББСБ 7.9, ХЗХ 0.6 хувьтай тус тус байна. Санхүүгийн зохицуулах хороо нь чиг үүргийнхээ хүрээнд 3,686 зохицуулалттай этгээд, 2,298 даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаанд зохицуулалт, хяналт тавин ажиллажээ. Иймд Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан салбар бүрийн тоон мэдээллийг тоймлон хүргэе.
Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өмнөх оны мөн үеэс 3.7 хувь буюу 181.6 тэрбум төгрөгөөр буурч 4,788.3 тэрбум төгрөгт хүрсэн ба хувьцааны хөрвөх чадвар 2.7 хувьд хүрчээ. Нийт 328.4 тэрбум төгрөгийн үнэт цаас зах зээлд арилжаалагдсан ба арилжааны 45.8 хувийг хувьцаа, 32.0 хувийг компанийн бонд, 21.2 хувийг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, нэг хувийг хөрөнгө оруулалтын сан эзэлж байна. ТОП 20 ХК-уудын зах зээлийн үнэлгээг салбараар ангилан харахад аж үйлдвэр 56.3 хувь, уул уурхай 19.7 хувь, банк санхүүгийн салбар 17.4 хувь, худалдаа үйлчилгээ 4.4 хувь, харилцаа холбоо 2.2 хувийг тус тус эзэлжээ. Биржийн бус зах зээлийн үйл ажиллагаа эхэлсэн өдрөөс 2022 оны гуравдугаар улирлын байдлаар биржийн бус зах зээлд нийт 54 үнэт цаас гаргагчийн 67 компанийн бонд гарсан бөгөөд 681.7 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлжээ.
Даатгалын салбарын хөрөнгийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.1 хувиар өсөж 449.6 тэрбум төгрөгт хүрсэн бол, нөөц сан 2.1 хувиар өсөж 209.0 тэрбум төгрөгт хүрчээ. Ердийн болон урт хугацааны даатгалын салбар 127.2 их наяд төгрөгийн даатгалын үнэлгээтэй 2,948,989 зүйлийг даатгаснаар нийт хураамж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.7 хувиар өсөж 216.3 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн байна. Даатгалын нөхөн төлбөрийн зардал өмнөх оны мөн үеэс 50.7 хувиар өсөж 69.0 тэрбум төгрөгийг нөхөн төлбөрт олгосон нь нийт хураамжийн 31.4 хувийг эзэлж байна гэв.
Нийт 522 банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээрийн нийт хөрөнгийн хэмжээ 3.4 их наяд төгрөг хүрсэн ба нийт харилцагчдын тоо давхардсан байдлаар 4.9 саяд хүрч, тэдгээрийн 92.2 хувийг финтекийн харилцагчид эзэлж байна. Салбарын зээлдэгчдийн тоо өмнөх оны мөн үеэс 5.2 хувиар нэмэгдэж 1.6 саяд хүрсэн ба 88.8 хувийг финтекийн зээлдэгчид байна. Зээлийн нийт үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 51.0 хувиар өсөж 2.7 их наяд төгрөг байгаа бөгөөд нийт зээлийн үлдэгдлийн 88.9 хувийг иргэдийн зээл, 11.1 хувийг хуулийн этгээдийн зээлийн үлдэгдэл эзэлж байгаа бөгөөд чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хувьд 7.3 хувьд хүрчээ. Ингэснээр өнгөрсөн оны мөн үеэс 1.0 пунктээр буурсан байна. Нэг зээлдэгчид ногдох дундаж зээлийн хэмжээ 1.6 сая төгрөг, финтекийн нэг зээлдэгчид ногдох дундаж зээлийн хэмжээ 237.5 мянган төгрөг байна.
Нийт 202 ХЗХ-д 72,770 гишүүддээ санхүүгийн үйлчилгээ үзүүлжээ. ХЗХ-дын нийт хөрөнгө өмнөх оны мөн үеэс 7.8 хувиар буурч 266.7 тэрбум төгрөгт хүрсэн ба үүнээс хадгаламжийн хэмжээ 189.8 тэрбум төгрөг буюу 71.2 хувийг эзэлж байна. Нийт зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 3.9 хувиар өсөж 216.1 тэрбум төгрөгт хүрснээс 3.6 хувийг чанаргүй зээл эзэлж байна.
Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэй 295 компани, тэдгээрийн 309 брокер, 1,413 агент ажиллаж байна. Давхардсан тоогоор 295 ҮХЭХЗ-ын байгууллага нийт 5,446 хэлцлээр 1.4 сая м.кв талбай, 930.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг зуучлан худалдан, шилжүүлжээ. Харин нийт 3,304 хэлцлээр 300.1 мянган м.кв талбай, 88.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг зуучлан хөлслүүлж, түрээслүүлсэн байна.
Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчид гуравдугаар улирлын байдлаар 213.3 тэрбум төгрөгийн үнэт металлыг борлуулж, 216.4 тэрбум төгрөгийн үнэт металлыг худалдан авчээ. И-баримтын мэдээгээр 410 үнэт металл болон үнэт чулуугаар хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч иргэн, хуулийн этгээд 24,830 бүтээгдэхүүнийг 5.1 тэрбум төгрөгөөр худалдан борлуулсан байна.
Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль 2022 оны хоёрдугаар сарын 25-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж, шилжилтийн үеийн зохицуулалтад зааснаар хууль батлагдахаас өмнө үйл ажиллагаа явуулж байсан ВХҮҮ-д гурван сарын хугацаанд багтаж Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлэх үүрэг хүлээсэн юм.
Тус зохицуулалтын дагуу зах зээлд үйл ажиллагаа явуулж байсан 24 компаниас 13 нь бүртгүүлэх хүсэлт ирүүлснээс есөн биржийг бүртгэж, дөрвөн компанийг бүртгэхээс татгалзжээ. Бүртгүүлсэн есөн биржид дотоодын 19, гадаадын 160 виртуал хөрөнгө арилжаалагдаж байна. Давхардсан тоогоор ойролцоогоор 800 мянга орчим харилцагч байгаагаас бүртгүүлсэн есөн биржид 300 мянга орчим харилцагч байна. Тэдгээрээс 140 мянга орчим харилцагч нь идэвхтэй арилжаа хийдэг аж.
Зах зээлийн үнэлгээний хувьд 2021 оны оргил үедээ нэг өдөрт дунджаар 1.0-1.4 их наяд төгрөгийн арилжаа хийгдэж байсан бол 2022 оны гурав дугаар улирлын байдлаар нэг өдөрт дунджаар 300 орчим тэрбум төгрөгийн арилжаа хийгдэж байна. Мөн нийт гүйлгээний 99 хувь нь Хороонд бүртгүүлсэн Coinhub, X-Meta, Digital Exchange Mongolia болон iDax гэсэн биржүүд дээр хийжээ.
Сэндбоксын үйл ажиллагааг 2021 оны есдүгээр сараас эхлүүлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд сэндбоксод оролцох нийт 15 хүсэлт ирснээс Сэндбокс зохицуулалтын орчинд цахим мөнгөнд суурилсан дижитал бондын үйлчилгээ болон репо хэлцлийн платформын үйлчилгээ туршигдаж байна. Сэндбоксын туршилтад байгаа энэхүү хоёр бүтээгдэхүүн нь өрийн хэрэгсэл худалдах, худалдан авах үйл ажиллагааг цахимжуулан хөнгөвчлөх, мөн Монгол улсад мөнгөний зах зээл үүсэж хөгжих эхлэлийг тавьж буйгаараа онцлог гэж СЗХ-ноос онцлон дурдлаа.