Хүүхэд өсгөх амаргүй ажил, тэр тусмаа эмэгтэй хүүхэд өсгөж, хүмүүжүүлэхэд олон хэцүү зүйл тулгарах ч охиноо аль болох ойлгож, энгийн харилцах нь насанд хүрэх үйл явцыг нь дэмжихэд чухал нөлөөтэй. Өсвөр насны охидын сэтгэл санааны байдал, хөвгүүдийнхээс олон төрлөөр ялгардаг бөгөөд охидын хувьд өөртөө итгэх итгэл, гоо сайхны үнэлэмж зэргийн суурь хүмүүжлийг өсвөр насандаа олж авдаг байна. Тиймээс Girls Leadership байгууллагаас гаргасан охиноо өсвөр насанд хүрэхээс өмнө заавал зааж өгөх ёстой долоон зүйлийг орчуулан хүргэж байна.
- Өөрийгөө зөв илэрхийлж сурах
Сонирхолтой нь эмэгтэйчүүдийн шийдвэр, хандлага ихэвчлэн сэтгэл хөдлөлтэй уялдан гардаг бөгөөд охидоо сэтгэл хөдлөлөө хянаж, бусдад уруу татагдалгүй, дуртай бол дуртай, дургүй бол дургүй гэх шийдвэрээ өөртөө итгэлтэйгээр хэлж сургах хэрэгтэй. Гэхдээ энэ нь бүдүүлэг бай гэсэн үг биш, ууртай бол дургүйцлээ соёлтой илэрхийлж, хэнийг ч үгүйсгэхгүй, үзэл бодлоо илэрхийлэхдээ бусдын бодлыг хүндэтгэдэг болгож сургаарай. Энэхүү алхмыг охинтойгоо сайтар ярилцаж, хамт кино үзээд аль нэг дүр нь таалагдсан эсэхийг асууж өөрт таалагдсан өөр дүртэйгээ харьцуулах зэргээр хэрэгжүүлж болно
-Өөрийгөө бусадтай харьцуулахгүй байх
Судалгаагаар өсвөр насны охид сэтгэлийн дарамтад өртөх нь хөвгүүдийнхээс хоёр дахин их байдаг бөгөөд охид гадаад төрх, нийгмийн гарлаа өөр хэн нэгэнтэй харьцуулж сэтгэл санаагаар унах тохиолдол их байдаг. Мөн өөрийнх нь тухай үеийн хүүхдүүд болон эргэн тойрныхон нь муугаар хэлэх, гоочилсон тохиолдол ч сэтгэл санаагаар унаж, стресстэх, нийгмээс айх айдастай болох магадлал өндөр. Тийм учраас охиндоо өөрийнх нь тухай хүмүүсийн ярьж буй зүйлс үргэлж үнэн байх аргагүй. Нийгэмд тогтсон гоо сайхны үнэлэмж ч мөн адил хэн болж хүмүүжихээс чухал учир өөрийгөө хэнтэй ч харьцуулах хэрэггүй гэдгийг ойлгуулаарай.
-Өөрийнхөө биеийг бүрэн гүйцэд ойлгоход нь туслаарай
Шилжилтийн насны үед охидын биед маш олон өөрчлөлт гардаг. Тэр бүрийг энгийнээр хүлээн авч, насанд хүрэх явцын нэг хэлбэр гэдгийг сайн ойлгуулаарай. Түүнчлэн биеийн хүчний дасгал хийж, биеэ хөгжүүлэх, бие махбодынхоо онцлогийг таних үйл явцыг нь дэмжих хэрэгтэй. Спортоор хичээллэдэг байнгын эрчимтэй хөдөлгөөнд ордог хүүхдийн өөртөө итгэх итгэл хамаагүй өндөр байдаг бөгөөд бэлгийн бойжилт нь эрүүл явагдахад ч нэмэртэй байдаг. Бэлгийн харьцааг ч мөн хэвийн зүйл гэдгийг бага насанд ойлгуулж, сайтар тайлбарлах хэрэгтэй бөгөөд ингэж чадсан тохиолдолд охин тань санамсаргүй бэлгийн хавьтал, хүсээгүй жирэмслэлтээс өөрийгөө хамгаалах чадвартай болох болно.
-Хүмүүстэй хэрхэн нөхөрлөх, найз гэдэг үгийг утгыг ойлгуулаарай
Охидын хувьд найз нөхөд нь ертөнцийн цөм байдаг. Сургуульдаа ямар ч найзгүй байх нь хүүхдийн сэтгэл санааны байдалд ч хүндээр нөлөөлдөг. Тиймээс олон нийттэй хэрхэн харилцах, хүн болгон өөрийнх нь хүссэнээр түүнтэй харилцахгүй учир сайн найзтай байхын тулд өөрөө сайн найз байх ёстойг ойлгуулаарай.
Мөн охиныхоо нийгмийн амьдралд хөндлөнгөөс оролцож, хэнтэй найзлах, найзлахгүйг нь шийдвэрлэх гэж оролдоод хэрэггүй. Үнэхээр таагүй хүүхэдтэй нийлээд байвал аядуухан ярилцаж, тэр найзынх нь тухай сайн асууж, охинд тань хэрхэн ханддаг, үнэхээр муу хүүхэд эсэхийг сайн лавлах хэрэгтэй. Томчууд хүүхдүүдийн ертөнцийг сайн мэдэхгүй шүү дээ.