Чөлөөт бөхийн ДАШТ Норвегийн нийслэл Ослод үргэлжилж байна. Тус тэмцээний -65 кг жинд манай тамирчин Т.Тулга Энэтхэгийн бөх Р.Рохитыг 10:4-өөр ялж хүрэл медаль хүртлээ. Тэрээр өчигдөр 1/8 шигшээд 23 хүртэлх насны дэлхийн аварга Японы Кайки Ямагүчиг 3:2-оор, шөвгийн наймд 2020 оны Дэлхийн цомын аварга, Армений Вазген Теваняныг 2:1-ээр тус тус ялсан ч хагас шигшээд энэ жилийн Европын аварга ОХУ-ын Загир Шахиевт 4:4-өөр харамсалтай нь ялагдсан.Тэгвэл хүрэл медалийн төлөөх барилдаанд энэ жилийн гуравдугаар сард Ромын тэмцээнээр ялж байсан, Энэтхэгийн Рохитийг цаг дуусахаас 20 секундын өмнө цэвэр дарж дахин ялснаар хүрэл медалийн эзэн боллоо. Ингэснээр манай улс ДАШТ-ий хоёр дахь медалиа өөрсдийн болгож байна. Тэмцээний 125 кг-ын жинд уржигдар “Токио-2020” олимпийн тавдугаар байрын шагналт ОУХМ Мөнхтөрийн Лхагвагэрэл Монголын багийн анхны хүрэл медалийг авчирсан билээ.