ОХУ-ын тэнгисийн цэргийн хүч дэлхийн хамгийн том шумбагч хөлөг онгоцоор зэвсэглэлийн хүчээ тэллээ.
Оросын хөлөг онгоц үйлдвэрлэгч “Севмаш” компанийн мэдээлснээр энэ сарын 8-ны өдөр 184 метр урт, 30 мянган тонн жинтэй, цөмийн хөдөлгүүрт Оскар-II ангиллын “Белгород” шумбагч хөлөг онгоцыг тэнгисийн цэргийн хүчинд хүлээлгэн өгсөн аж. ТАСС агентлагийн мэдээлснээр уг хөлөг онгоц нь далайн гүнээс цохилт өгч, эрэгт 500 метр өндөр цөмийн цацрагт идэвхит долгион бүхий давлагаа үүсгэн цохилт өгөх чадвартай, үл үзэгдэгч “Poseidon” торпедогоор зэвсэглэсэн байна.
Кремлийн тэргүүн Владимир Путин 2018 онд “Poseidon бол маневарлах чадвар өндөртэй, дайсны радар илрүүлэх боломжгүй, үл үзэгдэгч, ямар ч сул талгүй зэвсэг. Цөмийн цэнэгт бус ердийн хошуугаар зэвсэглэсэн тохиолдолд нисэх онгоц тээвэрлэгч болон цэргийн объект, дэд бүтцүүдэд нарийвчилсан цохилт өгөх боломжтой” гэж мэдээлж байв.
Хэрэв далайн эргийн хотуудад цөмийн цэнэгт хошуу бүхий “Poseidon” торпедогоор цохилт өгсөн тохиолдолд бүрэн хэмжээний сүйрэл учруулж, хэдэн арван жилийн турш дахин амьдрал цэцэглэх боломжгүй болон хэмжээний хохирол үзүүлнэ гэж тооцдог.
Гэхдээ АНУ-ын Эрдэмтдийн холбооны Цөмийн мэдээллийн төслийн захирал Ханс Кристенсений үзэж байгаагаар Белгород шумбагч болон Поседон торпедо аль аль нь бүрэн дуусаагүй, хөгжүүлж буй технологи аж.
АНУ-ын Конгрессын судалгааны албаны тайланд дурдсанаар Белгород шумбагч нь найман “Poseidon” торпедо тээвэрлэх хүчин чадалтай аж. Гэхдээ зарим зэвсгийн шинжээч уг хөлөг онгоц нь дээд тал нь зургаан “Poseidon” тээвэрлэх даацтай гэж үздэг байна.
Харин АНУ-ын шумбагч онгоцны шинжээч Хал Эван Саттоны үзэж байгаагаар “Poseidon” торпедо нь ойролцоогоор 20 метр урт, 2 диаметртэй буюу ердийн хүнд жингийн торпедотой харьцуулахад 30 дахин том аж. Тэрээр цөмийн цэнэгт “Poseidon” торпедог “хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аюултай, хөнөөлт зэвсгүүдийн нэг” гэж тодорхойлсон байна. Хал Эван Саттон өнгөрсөн гуравдугаар сард “Poseidon бол зэвсэглэлийн цоо шинэ ангилал. ОХУ ийм төрлийн зэвсэг хөгжүүлж эхэлснээр Хүйтэн дайны үеийн зэвсгийн өрсөлдөөн дахин эхэлсэн. Одоо АНУ тэргүүтэй барууны орнууд бүгд энэ төрлийн зэвсэг хөгжүүлэхийг зорьж байгаа” гэж мэдээлсэн юм.
Белгород шумбагчаар ахлуулсан тэнгисийн цэргийн флот нь “Poseidon” торпедогоор зэвсэглэсэн ОХУ-ын дөрвөн флотын эхнийх нь юм. Үүний нь хоёр нь номхон далайд, үлдсэн хоёр нь хойд мөсөн далайн флотод харъяалагдах аж.
ОХУ-ын шинээр хөгжүүлж буй Хабаровск ангиллын шумбагч хөлөг онгоц нь уг зэвсгийг тээвэрлэхэд зориулан бүтээгдэж байгаа юм. 2024 онд ОХУ-ын тэнгисийн цэргийн зэвсэглэлд нэвтрүүлэхээр таамаглаж буй уг шумбагч нь өнөө цаг үеийг тодорхойлсон, орчин үеийн хамгийн дэвшилтэт хөлөг онгоц гэж тодорхойлогддог.