Open iToim app
Зочин | 8 мин уншина

С.Мөнхнасан: Монгол Улс дээгүүр нисэн өнгөрөх онгоцны тоог 10 дахин нэмэх боломжтой

С.Мөнхнасан: Монгол Улс дээгүүр нисэн өнгөрөх онгоцны тоог 10 дахин нэмэх боломжтой
Нийтэлсэн 2022 оны 11 сарын 21
Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга С.Мөнхнасантай нисэхийн салбарын нөхцөл байдал, хэрэгжүүлж буй бодлогын талаар ярилцлаа. 
-Цар тахлаар нисэхийн салбар хүнд байдалд байлаа. Одоо агаарын тээврийн компаниудын үйл ажиллагаа сэргэж, тогтворжсон уу, өнөөгийн нөхцөл байдлаас яриагаа эхэлье? 
-Иргэний нисэхийн ерөнхий газар Монгол Улс дахь агаарын тээвэр, иргэний нисэхийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй байгууллагууд болон манай улсаас навигацийн үйлчилгээ авч буй агаар тээврийн байгууллагуудын аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтыг хийдэг. Мөн орон нутгийн нисэх буудлын өдөр тутмын үйл ажиллагааг хэрэгжүүлдэг.  
Цар тахлын үед зөвхөн Монгол Улс гэлтгүй дэлхийн хэмжээнд агаарын тээврийн салбар хүнд нөхцөлд орсон. Дэлхийн хэмжээнд агаарын тээврийн салбар харьцангуй сэргэж байгаа бол манай улсын сэргэлт дэлхийн хэмжээнд хүрч чадахгүй байгаа юм. Үүнд хөрш улсуудын нөхцөл байдал их нөлөөлж байна. ОХУ-д дайны нөхцөл байдал үргэлжилж, нислэгүүд хийгдэх боломжгүй болсон. БНХАУ-д “Тэг ковид” бодлого үргэлжилсээр байгаа учир нислэгийн тоо төдийлөн нэмэгдэхгүй байна. Бусад чиглэлд нислэгийн тоо, зорчигч урсгал, шинэ чиглэл нэмэгдсэн. Тухайлбал, БНСУ-ын чиглэл бол манай агаарын тээврийн гол чиглэл байдаг. Өнгөрсөн зунаас БНСУ-ын дөрвөн агаарын тээвэрлэгч нислэг үйлдэж эхэлсэн бол манай талаас МИАТ ТӨХК-ийн онгоц долоо хоногт 16 нисэж байна.  
Энэ өвөл үндэсний агаарын тээвэрлэгчид шинэ чиглэлд нисэж эхэлнэ. "Air Mongolia" компани Вьетнамын чиглэлд, МИАТ ТӨХК Бангкок, Пукет чиглэлд нисэж эхэлсэн. 2023 оны нислэгүүдийг төлөвлөх, борлуулалтаа эхлүүлэхээр ажиллаж байна. Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил”-ээр зарласан. Үүнтэй холбогдуулан агаарын тээврийн салбарын либералчлалыг эрчимжүүлж байна.  
-Агаарын тээврийн салбарын хоёр хөршийн нөхцөл байдлаас болоод өмнөх шигээ сэргэж чадахгүй байна гэлээ. Энэ нь танай орлогод хэрхэн нөлөөлж байна вэ. 2022 онд танайх 150 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэх зорилттой ажиллаж байгаа юм байна. Үүнийгээ бүрэн төвлөрүүлж чадах уу? 
-Иргэний нисэхийн ерөнхий газрын үндсэн үйл ажиллагааны нэг нь Монгол Улс дээгүүр нисэн өнгөрөх болон Монгол Улсад бууж, хөөрөх бүх нислэгийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагаа, нислэг хөдөлгөөн удирдлагаар хангах (навигаци) үйлчилгээг үзүүлэх. Хөөрөх, буух нислэгүүд тодорхой хэмжээний өсөлттэй, сайн байна. Харин Монгол Улсын дээгүүр нисэн өнгөрдөг буюу бидний хэлж заншсанаар утаатай онгоцны нислэгүүд ОХУ-ын дайны нөхцөл байдлаас шалтгаалаад цар тахлын өмнөхөөс 80 хүртэлх хувиар буурсан. 
Цар тахлын өмнө 2019 онд хоногтоо 400-450 онгоц манай улсын дээгүүр нисэн өнгөрдөг байсан бол одоо 70-80 онгоц л өнгөрч байна. Иргэний нисэхийн ерөнхий газрын нийт орлогын 95 хувь нь навигацийн орлогоос бүрддэг. Нислэг 80 хувиар буурсан учир орлого ч мөн 80 хувиар буурсан. Бид сардаа долоо орчим тэрбум төгрөгийн орлоготой ажиллаж байна.  
-Тэгвэл танай салбар хүнд нөхцөлд байгаа хэвээрээ юм биш үү? 
-Өнгөрсөн арван сарын хугацаанд байж болох бүхнийг хэмнэн ажиллаж байна. Хамгийн бага зардлаар хамгийн үр ашигтай байх зарчмыг баримталж байна. Санхүүгийн хүндрэлийг даван туулахын тулд иргэний нисэхийн зарим үйлчилгээг сул зогсоож, заримыг нь хэсэгчилсэн байдлаар сул зогсоож байна.  
-Тухайлбал? 
-Тухайлбал, нислэггүй байгаа орон нутгийн нисэх буудлуудын тодорхой хэсгийг сул зогсоогоод эхэлсэн. Шаардлагатай тохиолдлоос бусад үед нисэх буудал ажиллахгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, онцгой шаардлага гарах, түргэн тусламжийн нислэгтэй тохиолдолд нисэх буудал хэвийн ажиллана. Харин хуваарьт нислэг байхгүй учир бусад үед сул зогсоно. Ажиллагсад Хөдөлмөрийн тухай хууль, Иргэний нисэхийн тухай хуулийн дагуу 70 хувийн цалингаа авч байна. 
-Орон нутгийн нисэх буудлуудын хэдийг нь сул зогсоогоод байна вэ? 
-ИНЕГ нийт 20 нисэх буудал хариуцдаг. Үүний 19 нь орон нутагт. Тэнд 400 гаруй ажилтан бий. Үүнээс 98 ажилтныг арванхоёрдугаар сарын 31-ийг дуустал сул зогсоосон. Ингэснээр сардаа 100 орчим сая төгрөг хэмнэж байгаа юм.  
-Орон нутагт зорчих тийзний үнийг буулгахын тулд бага оврын онгоц нисгэнэ гэж яригдаж байсан. Энэ ажил юу болсон бэ? 
-Эхлээд ИНЕГ-аас хэрэгжүүлж буй “Хил хязгааргүй нисэх” бодлого буюу 2030 он хүртэл иргэний нисэхийн салбарт баримтлах бодлого чиглэлийг танилцуулъя. Үүнд үндсэн зургаан чиглэл бий.  
Нэгд, салбарын эрх зүйн шинэчлэлийг хийнэ. Эрх зүйн орчин нь эрүүл байж үйл ажиллагаа нь эрүүл зөв байна. Үйл ажиллагаа нь зөв байвал зөв үр дүн гарна гэж үзэж байгаа юм. Иргэний нисэхийн тухай хуулийг шинэчлэн найруулна. Хуулийн төслийг Зам, тээврийн хөгжлийн яам боловсруулж байна. Энэ ондоо багтан Засгийн газарт өргөн барина. Хууль батлагдсаны дараа холбогдох дүрэм, журамд өөрчлөлт оруулаад явна.  
Хоёрт, Монгол Улсын агаарын зайн ашиглалтын сайжруулна. “Easy busy” бодлого буюу агаарын зайн багтаамжийг нэмэгдүүлж, нэвтрэн өнгөрөх чадварыг нэмэгдүүлнэ. Ингэснээр улс дээгүүр нисэн өнгөрөх нислэгийн тоог нэмэгдүүлэх замаар навигацийн орлогоо нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлнэ. 
-Гуравт, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нисэх буудлуудын хөгжлийг түргэсгэхэд хувийн хэвшилтэй хамтран ажиллана. Шаардлагатай нисэх буудлуудыг орон нутгийнх нь өмчлөлд шилжүүлнэ. Зарим нисэх буудлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд урт хугацаанд хувийн хэвшилд ашиглуулна. 
Дөрөвт, таны асууж буй бага орын агаарын тээврийг хөгжүүлнэ. Бага оврын агаарын тээврийг хөгжүүлснээр маш олон боломж нээгдэхээс гадна хэрэгцээ шаардлага нь ч бий. Өргөн уудам нутагтай, тархай суурьшилтай манай улсын хувьд том оврын онгоц аймаг бүр рүү нисэх боломжгүй. Зах зээл байхгүйгээс гадна өртөг ихтэй. Тиймээс хэрэгцээ шаардлагатай байгаа цөөн тооны зорчигчоо бага оврын онгоцоор хүргэдэг болох юм.  
Монгол Улс 2018 онд Дэлхийн агаарын хөлөг худалдааны хэлэлцээрт нэгдэн орсон. Энэ хэлэлцээрийн дагуу агаарын хөлөг, түүний хөдөлгүүр, сэлбэг хэрэгсэлд гаалийн татвар болон НӨАТ төлдөггүй. Ингэснээр бага оврын онгоцыг оруулж ирвэл татваргүй болсон. Мөн бага оврын агаарын тээврийн нисгэгчийн бэлтгэх хэрэгцээ шаардлага бас бий. Буянт-Ухаа нисэх буудал, орон нутгийн нисэх буудлуудыг түшиглээд нисгэгч бэлтгэх боломж, агаарын зай байна. Үүнийг хөгжүүлэх хэрэгтэй.  
Мөн бага оврын онгоц нисэх дэд бүтцийг бий болгох шаардлагатай. Хаана аялал жуулчлалын цэгүүд байна, хаана хилийн боомт байна тэр болгонд бага оврын онгоц буух боломжийг бүрдүүлнэ.  
Тавд, үндэсний агаарын тээвэрлэгчдээ дэмжинэ. Үндэсний агаарын тээврүүд 10 гаран агаарын хөлөгтэй байгаа нь гадаадын агаарын тээвэрлэгчдийн хажууд маш бага байгаа юм. Тиймээс үндэсний агаарын тээвэрлэгчдээ нэгдэн нийлүүлэх бодлого баримтлан дотооддоо өрсөлддөг бус гадаадад өрсөлдөх боломжийг бодлогоор дэмжинэ. 
Зургаад, агаарын тээврийн салбарын боловсон хүчинг дотооддоо бэлтгэж, сургах, мэргэшүүлэх тал дээр анхаарна. Өнгөрсөн хугацаанд иргэний нисэхийн салбар техник технологидоо хангалттай хөрөнгө оруулалт хийсэн. Энэ хөрөнгө оруулалтын үр өгөөжийг гаргахын тулд хүнээ бэлтгэх шаардлагатай болсон. 

Орон нутгийн нислэгийн тийзний үнийг гурав дахин бууруулах боломж бий

undefined
Түүнчлэн, агаарын тээврийн либералчлал гэж яригдаж байгаа энэ үед зорьж буй томоохон зорилтын нэг бол АНУ-ын “Open Sky” конвенцид нэгдэх. Одоо хэлэлцээрийн шатанд явж байна. Ирэх оны эхний улиралд эцэслэн гарын үсэг зураг төлөвлөгөөтэй. Ингэснээр 2024 оны эхний хагаст багтаад АНУ руу шууд нислэг үйлдэх юм.  
-Агаарын зайн урсгалыг нэмэгдүүлнэ гэж байна. Яг яаж нэмэгдүүлэх вэ? 
-Монгол Улсын агаарын зайг хянахад хөрөнгө оруулж, техник технологийг нь нэвтрүүлсэн. Улс дээгүүр нисэн өнгөрч буй агаарын хөлгүүдтэй холбоо барих, нислэгүүдийг дэлгэцээр харж удирдах боломжтой болсон. Ингэснээр манай улсын дээгүүр нисэн өнгөрч буй агаарын хөлгүүдийг байж болох хамгийн шулуун замаар явуулах боломжтой болж буй юм. Үүний үр дүнд агаарын зайн урсгал нэмэгдэж, богино хугацаанд олон онгоц нэвтрэн өнгөрөх боломжтой болно. Ингээд энэ нь навигацийн орлогыг нэмэгдэж, нисэн өнгөрч буй онгоцны аюулгүй байдал хангагдах боломжтой.  
Нөгөөтэйгүүр дэлхийн дулаарал, хүлэмжийн хийг багасгах бодлогын хүрээнд энэхүү хөрөнгө оруулалт бас нэмэр болно гэж харж байна. 2019 онд манай улс дээгүүр 133 мянган онгоц нисэн өнгөрсөн. Энэ тоог хоёр дахин нэмэгдүүлэх боломж бий. Одоо харамсалтай нь хоёр хөршид үүсээд буй нөхцөл байдлаас болоод нөхцөл байдал өөрчлөгдсөн. 2022 оны хүлээгдэж буй дүнгээр энэ жил 35 мянга орчим онгоц өнгөрөх нь. Хоёр хөршийн нөхцөл байдал сайжирсан, хэвийн болсон үед энэ 35 мянган онгоцыг 7-10 дахин нэмэгдүүлэх боломж бололцоо бий хэмээн тооцоолж байна.  
-Төр, хувийн хэвшлийн түншлэлээр орон нутгийн нисэх буудлуудыг шинэчилнэ гэж ярилаа. Аль нисэх буудлаас эхлэх вэ, яаж хөгжүүлэх юм бэ. Яг энэ нисэх буудлаас эхлээд ингэж ажиллана гэсэн төлөвлөгөө бий юү? 
-Орон нутгийн нисэх буудлуудыг нээлттэй сонгон шалгаруулалтаар концессын гэрээгээр ашиглах тооцоо судалгааг нь хийгээд ЗТХЯ, ЭЗХЯ руу хүргүүлсэн. Яамдууд Засгийн газарт уг асуудлыг танилцуулаад, шийдвэр гарна.  
Бидний тооцоолж буйгаар бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд баруун, төв, зүүн, говийн аймгуудад нэг нэг нисэх буудлыг эхний ээлжид төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд ашиглуулахаар төлөвлөсөн. Зөвхөн орон нутгийн бус цаашид олон улсын статустай болгож, бүс нутгийн хэмжээний үйл ажиллагаатай болгох чиглэл барьж байна. Өнгөрсөн хугацаанд Ховд, Хөвсгөл, Дорнод, Өмнөговийн нисэх буудлуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, том оврын онгоц хүлээн авах боломжтой болгох талаар ярьж ирсэн ч хэрэгжээгүй. Холбогдох зураг, ТЭЗҮ-ийг боловсруулсан. Одоо хөрөнгө оруулалт хийж ажил болгох шаардлагатай байна. Нисэх буудлын бизнес нь ихээхэн хэмжээний эхлэлийн хөрөнгө оруулалт шаарддаг. Тиймээс улс орны эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалаад төр өөрөө шууд хийх боломжгүй учир хувийн хэвшилтэйгээ хамтрах нь үр дүнтэй, цаг хугацааны хувьд оновчтой байна гэж харж байна.  
Түүнчлэн, нисэхийн салбарыг аялал жуулчлалын салбарын бодлоготой уялдуулахад анхаарч ажиллаж байна. Дэлхий дахинд шатахууны үнэ өссөн, инфляц өндөр байгаа энэ үед үнэ тариф буурсан гэдгийг дурдах нь зүйтэй. Тухайлбал, БНСУ чиглэлийн тийз 1.8 саяас гурван сая байсан бол энэ зун 1-1.5 сая болж буурсан. Туркийн чиглэлийн нислэгийн тариф цар тахлын үед 3-5 сая байсан бол одоо 2.5 сая орчим болжээ. Ингэж тариф буурснаар аялал жуулчлал эрчимжих нөхцлийг бүрдүүлж байна. Энэ нь орон нутгийн агаарын тээвэртэй холбогдох ёстой. Орон нутгийн нислэгийн тариф үнэтэй байгаа нь хэд хэдэн шалтгаантай. 
Үндэсний агаарын тээвэр бол зардалд суурилсан тийзний үнийг санал болгодог. Гэсэн ч жин дараад буй зардлуудыг буулгахад ИНЕГ болон холбогдох төрийн байгууллагаас бодлого хэрэгжүүлэх шаардлагатай. Гол зардал болох шатахууны зардлыг анхаарч байна. Мөн НӨАТ-аас чөлөөлөх, зардлыг хамгийн бага хэмжээнд байлгах, боломжит татаасуудыг агаарын тээврийн компаниудад өгснөөр нислэгийн тариф буурна.  
-Энэ бүгдийг хэрэгжүүлснээр орон нутгийн нислэгийн тариф хэдэн хувиар буурах боломжтой вэ? 
-Өнөөдрийн байдлаар Баян-Өлгий, Ховд руу нисэхэд нэг талдаа 500-700 мянган төгрөгийн үнэтэй байна. Авто тээврээр явбал 130 мянга орчим байгаа юм. Тэгэхээр агаарын болон авто тээврийн үнийг зөрүүг ойртуулах хэрэгцээ байна. Орон нутгийн нислэгийн үнийг гурав дахин бууруулж байж авто тээврийн тариф руу дөхөж очно. Хэрэв шатахууны үнийг бууруулаад, татварын хөнгөлөлтийг үзүүлснээр энэ боломжтой болно.  
-Орон нутаг руу бага оврын онгоц нисгэвэл үнэ буух боломжтой гэж та хэлж байсан. Одоогийн байдлаар ийм онгоц оруулж ирэхээр төлөвлөсөн агаарын тээвэрлэгч байгаа юу? 
-Манай агаарын тээврийн компаниуд саяхан том оврын онгоцууд оруулж ирсэн. Цаашдаа ч оруулж ирэхээр төлөвлөж байна. Ирэх жилүүдэд бага оврын онгоц, нисдэг тэргүүд орж ирэх төлөвтэй байгаа юм.  
-Үндэсний агаарын тээврийн компаниудыг дэмжинэ гэсэн. Хэрхэн дэмжих юм бэ? 
-Үндэсний агаарын тээвэрлэгчдийн олон улсын нислэг дээр нь улс хооронд явж буй агаарын харилцааны хэлэлцээр буюу нисэх боломжуудыг нь нээж өгөх юм. Үндэсний агаарын тээвэрлэгчдийн зах зээлийн хуваарилалтыг харилцан зөвшилцөж, тохиролцоонд хүрснийх нь хүрээнд хийдэг. Үндэсний агаарын тээвэрлэгчид дотооддоо өрсөлдөж, зах зээлээ тэгш бус хуваарилаад байгаа асуудлыг шийднэ.  
-Ярилцсанд баярлалаа.
Үнэний талд
itoim-facebookSaruul_dul-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн