Газрын зураг дээр шүлхий гарсан аймгуудыг тэмдэглэсэн болно.
Мал амьтны гоц халдварт шүлхий өвчин нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт гарчээ. Тодруулбал, өчигдөр Сонгинохайран дүүргийн 32-р хороо буюу 22-ын товчооны орчимд мал аж ахуй эрхэлдэг иргэн Т-гийн үхрээс нь шүлхийн шинж тэмдэг илэрсэн байна. Шүлхийн шинж тэмдэг илэрсэн үхрийг устгалд оруулж, холбогдох арга хэмжээг аваад байгаа аж.
Нийслэлд шүлхий өвчин гарсан мэдээлэлтэй холбогдуулан Мал эмнэлэг үржлийн газрын Мал эмнэлгийн үржлийн хэлтсийн дарга Б.Цолмоноос тодрууллаа. Тэрээр хэлэхдээ "Сонгинохайрхан дүүргийн 32-р хороонд шүлхийн сэжигтэй тохиолдол илэрсэн нь үнэн. Иргэн Т-гийн 30 гаруй үхрийн нэгнээс шүлхийн шинж тэмдэг илэрсэн. Уг бүсэд арваннэгдүгээр сард шүлхийн вакцинжуулалт хийсэн бөгөөд шүлхийн сэжиг илэрсэн үхэр нь вакцинжуулалтад хамрагдаагүй байх магадлалтай байна. Шүлхийн сэжигтэй цэг илэрсэн бүсэд өнөөдрөөс дөрөвдүгээр сарын 25 хүртэл хөл хорио тогтоосон. Одоогийн байдлаар Сонгинохайрхан дүүрэг рүү нөөцөд байсан шүлхийн вакциныг илгээгээд байгаа" гэсэн юм.
Дашрамд дурдахад, Мал эмнэлэг, үржлийн газрын дарга П.Ганхуяг энэ долоо хоног www.itoim.mn сайтад ярилцлага өгөхдөө шүлхийн вакцины нөөцгүй болсон гэдэг мэдээллийг өгсөн билээ. Өөрөөр хэлбэл, нийслэл болон бусад аймагт шүлхий өвчний шинж тэмдэг илэрвэл яаралтай ашиглах вакцины нөөц хангалтгүй байгаа юм.
Одоогийн байдлаар нийслэлийн нэг дүүрэг, 12 аймгийн 23 суманд шүлхий өвчин дэгдээд байна.