Х.Баттулгын дараагийн улс төр нь хэн Ерөнхийлөгч болохоос дутуугүй сонирхолтой. Биологийн нас, Ерөнхийлөгч болтлоо явж муу-сайнаар бүтээсэн улс төрийн капитал нь Х.Баттулгыг шууд улс төрийн тэтгэвэрт гарчихгүй байх. Алх барьсан хүнд бүх юм хадаас болж харагддаг шиг сул иргэнээс улсын Ерөнхийлөгч болж чадсан, төрийн тэргүүний сандлаас 65 суудалтай МАН-ын Засгийн газрыг, УИХ-ын даргатай нь огцруулж, сайд захиалж, АН-аа хуваахад оролцсон улс төр, туршлага нь түүнд бүх зүйлийг боломжтой болгож харагдуулна. Иймд Х.Баттулгын дараагийн улс төр юу байхыг таамаглаж үзье.
1. Тэр Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшилтээс эхлээд ялагч тодрох, шинэ Ерөнхийлөгч тангараг өргөх хүртэл, өөрөө Төрийн ордноос яван явтлаа улс төр хийнэ. Сүүлийн секунд дуустал тэмцдэг нь тамирчин хүний чанар. Бүх хувилбар дээр боломж гаргаж чаддаг нь улстөрчийн онцлог. Чанар, онцлог хоёр хоёулаа Х.Баттулгад бий.
2. О.Цогтгэрэл АН-ын дарга болох, Н.Алтанхуяг Ерөнхийлөгчид нэр дэвшихэд үзүүлсэн дэмжлэгийнхээ “хэрэг”-ийг одоо л гаргана. АН-ын нөгөө талтай хэлэлцээрт орно. Эндээс С.Эрдэнэ Ерөнхийлөгчид явж, Сонгинохайрханы УИХ-ын нөхөн сонгуульд Х.Баттулга нэр дэвших мандат авч болох. Энэ нь Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагч аль намаас, хэн байхаас үл хамаарах тохироо. АН-д, С.Эрдэнийн талд энэ нь төрийн тэргүүний сонгуульд оролцохгүй хаягдсанаас дээр хувилбар, бас татгалзахгүй санал.
3. Сонгинохайрханы нөхөн сонгуульд тохироо ёсоор МАН-аас Н.Энхбаярын Батшугар, АН-аас Х.Баттулга өрсөлдлөө гэхэд экс Ерөнхийлөгчийн хүү биш, экс Ерөнхийлөгч ялах магадлалтай.
4. Х.Баттулга ялаад УИХ-д орж ирвэл гишүүн Д.Ганбатад хадгалуулсан УИХ-ын бүлгийн даргаа авна, С.Эрдэнийн АН-д “Элсний 13” гэж харагдах болсон бүлгийн албан бус ахлагчаас албан ёсных болно.
5. Х.Баттулгын дараагийн нүүдэл нь намын тамга атгах. С.Эрдэнэ Ерөнхийлөгчид нэр дэвшээд ялагдвал түүний талынхан хэсэгтээ чимээгүй суухаас аргагүй. Намаа УИХ, Ерөнхийлөгчиийн сонгуульд дараалж ялагдуулсан улс төрийн хариуцлагаа хүлээж таарна. Ер нь л Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдвал АН дотор УИХ-ын бүлгээс нь өөр хүчтэй нэгдэл үлдэхгүй, хэсэгтээ шинээр үүсэхгүй, завсарлана. Энэ завсрыг ашиглаж намын даргаа авна.
6. Хэрвээ Х.Баттулга АН-ын дарга болбол Н.Алтанхуягт УИХ-ын даргыг, С.Ганбаатарт Оюутолгойг аваанзаар амлаад, МАН ба Засгийн газрыг балбаж 2024 онд АН-ыг ялуулах кампанит улс төрдөө “Шадар гурав” шиг зүтгэнэ, бас тийм боломжтой.
7. Эцэст нь, 2024 онд АН ялбал, /ялбал шүү/ намын дарга-Ерөнхий сайд болно гэнэ.
8. Нөгөө хувилбарт, АН-аас Н.Алтанхуяг Ерөнхийлөгчид дэвшвэл Х.Баттулга түүний ялалтын төлөө байдгаа зориулна. Н.Алтанхуяг Ерөнхийлөгч болбол түүний дэмжлэг дор УИХ-ын нөхөн сонгууль-бүлгийн дарга-АН-ын дарга, магадгүй 2024 онд нам нь ялбал Ерөнхий сайд гээд улс төрийн бүх төлөвлөгөөнийх нь өмнө “ногоон гэрэл” асах боломж илүү нэмэгдэх хамгийн сайн хуилбар нь.
9. Н.Алтанхуяг Ерөнхийлөгчид явж ялагдах нь АН дотроо ч Х.Баттулга ба УИХ-ын бүлэгт хамгийн муу, ашиггүй. Н.Алтанхуяг дэвшээд ялагдсанаас зөвшилцөл, тохироогоо хийгээд С.Эрдэнийг Ерөнхийлөгчид явуулж, эцэст нь ялагдлын хариуцлагыг түүний багт бүтэн үүрүүлсэн нь Х.Баттулга нарт ашигтай хувилбар. Ийм зургаар л явах байх.
10. С.Эрдэнэ дэвшихэд, МАН, ХҮН хоёрын өрсөлдөөн дундаас улс төрийн өр нэхэх боломжтойгоор нь, бас болзолтойгоор У.Хүрэлсүхтэй тохироо хийх боломжит ганц хувилбар Х.Баттулгад үлдэнэ. Энэ нь түүнд дараагийн улс төрд нь АН-ын нэр дэвшигч ялагдсанаас илүү өгөөжтэй хувилбар.
Энэ мэтээр таавал Х.Баттулгад байж болох дараагийн улс төрийн боломжит эдгээр дарааллыг зогсоох хүч АН-д байхгүй. МАН-ын бүлэгт ч хэсэгтээ үгүй. Сая гэхэд, 62-уулаа байж анх хуулиа батлахдаа л “өмнөх болон одоогийн Ерөнхийлөгчийн нэр дэвших эрх”-ийг хааж Үндсэн хуульдаа нийцүүлэх боломж байсаар байхад Цэцээр “гал атгуулах” жишээтэй. Өөрсдөөсөө ингэж зугтуулсан нь мэдэхгүй, чадахгүй, санаагүйдээ биш юм. Заримдаа МАН-ынхан нь АН-ын арчаагүйтэл, дотоод хагаралын дэмээр буюу сөрөг хүчнийхээ муу дээр л тодорч харагдаж яваа. Сая л, нэр дэвших эрхийг нь хаасан Цэцийн дүгнэлтийг хүлээж авсныг эс тооцвол 2017 оноос хойш, хоёр парламент дамжин МАН-ын бүлэг нь Ерөнхийлөгчийн өмнө, өөдөөс нь Ерөнхийлөгчийнх шиг хариу улс төр хийж ер чадаагүй. Х.Баттулгыг Ерөнхийлөгчийн ажлаа өгсний дараа ч МАН-ын бүлгийн зарим гишүүн энэхүү контр мэхэнд хэсэгтээ явах байх. “Үхсэн буурын толгойноос амьд ат айна” гэдэг шиг л.