Open iToim app
Бүтээгч | 5 мин уншина

Импортыг орлох эмнэлгийн нэг удаагийн хэрэгсэл үйлдвэрлэж, дотоодын зах зээлийн 25 хувийг хангаж эхэлжээ

Импортыг орлох эмнэлгийн нэг удаагийн хэрэгсэл үйлдвэрлэж, дотоодын зах зээлийн 25 хувийг хангаж эхэлжээ
Нийтэлсэн 2018 оны 12 сарын 28

Буух эзэн, буцах хаягтай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна

Манай сурвалжлах баг  Монголдоо эмнэлгийн нэг удаагийн хэрэгсэл үйлдвэрлэж, импортыг орлосон бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа “Мөнхийн тун” компанийг энэ удаагийн “Монгол хүний гараар бүтээв” буландаа онцолж байна. Тус компани Монгол Улсын Хөгжлийн банкнаас 2.2 тэрбум төгрөгийн бага хүүтэй зээлээр энэхүү үйлдвэрээ байгуулсан аж.
Тодруулбал, тэд одоогоос таван жилийн өмнө Монгол Улсын Хөгжлийн банкны импортыг орлох, экспортыг дэмжих төслийн хөнгөлөлттэй зээлд хамрагдсанаар, 20 гаруй ажилтантай Монголын анхны эмнэлгийн нэг удаагийн хэрэгслийн үйлдвэрийг байгуулжээ.Төрөөс халдварт өвчин, түүнээс учирч болох эрсдэлээс сэргийлж эмнэлгийн нэг удаагийн хэрэгсэл ашиглахыг эмнэлгүүдэд чиглэл болгосон байдаг. Монгол Улс 2014 он хүртэл эмнэлгийн нэг удаагийн хэрэгслийг 100 хувь импортоор авч ирсэн байна. Харин “Мөнхийн тун” компанийн эмнэлгийн нэг удаагийн хэрэгслийн үйлдвэр ашиглалтад орсноор Монголдоо анх удаа импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж, эмнэлгийн нэг удаагийн стандартуудыг батлуулж чаджээ.
Тус үйлдвэрийн хамт олон эмнэлгийн малгай, маск, халад, улавч, хагалгааны багц бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ багцлан ариутгаж, Улсын 1, 2, 3 дугаар эмнэлэг, ГГСҮТ, улсын 1, 2, 3 дугаар төрөх эмнэлгүүд болон хөдөө орон нутгийн эмнэлгүүдийг нэг удаагийн хэрэгслээр хангаж байна.
Эмнэлгийн нэг удаагийн хэрэгслийг эмнэлгүүдэд багц бүтээгдэхүүн хэлбэрээр нийлүүлдэг байна. Мэс заслын багц, хагалгааны цомог, эх барихын цомог, ариутгалын бүтээгдэхүүн зэрэг цогц бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. Жишээ нь, төрөх эмнэлэгт зориулж эх барих эмч болон өвчтөн хоёуланд зориулсан халдвар дамжихаас сэргийлсэн эмнэлгийн нэг ариутгасан хувцсыг хийдэг юм байна. Мөн өөрөөрөө төрж чадахгүй мэс заслын заалтаар төрж байгаа эмэгтэйчүүдэд зориулсан нэг удаагийн эмнэлгийн хэрэгслүүдийг хийдэг аж.
Манай улсад жилд  дунджаар 70-75 мянган эх төрдөг байна. “Мөнхийн тун” компанийн үйлдвэрлэж байгаа эмнэлгийн нэг удаагийн хэрэгсэл буюу эх барих эмэгтэйчүүдийн цомог нийт зах зээлийн 20 гаруй хувийг хангаж байна. Өөрөөр хэлбэл, нийт төрж байгаа эхийн 25 хувийг эмнэлгийн нэг удаагийн хэрэгслээр хангаж байна гэсэн үг. Мөн мэс заслын практикт жилд  200 мянга гаруй хагалгаа хийгдэж байгаагаас 20 гаруй мянгыг эмнэлгийн нэг удаагийн хэрэгслээр нь хангах боломжийг бүрдүүлсэн байна.  
Цаашдаа нийт зээлийнхээ 60-аас илүү хувийг хангах үйлдвэрийн чадал бүрдсэн гэдгийг тус компанийн захирал Ц.Алтанцэцэг онцолж байсан. Мөн тэрээр “Эргээд буух эзэн, буцах хаягтай бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа учраас олон улсын чанар стандартад нийцүүлж, хэрэглэгчийнхээ итгэлийг алдахгүй байх зарчмыг баримталж ажилладаг” гэдгээ нуугаагүй юм.

Эмнэлгийн нэг удаагийн хэрэгслийн үйлдвэрээ өргөжүүлж, шприцын үйлдвэр байгуулна

undefined
Ингээд Мөнхийн тун” компанийн захирал Ц.Алтанцэцэгтэй ярилцсанаа хүргэж байна зарим зүйлийг тодрууллаа.
 -Зах зээлээ хэр сайн судалж, бизнесээ эхлүүлсэн бэ. Ер нь эм эмнэлгийн нэг удаагийн хэрэгсэл 100 хувь гаднаас хараат байсан уу?
-Ер нь бол 100 хувь импортоос хараат байсан. Өөрсдөө үйлдвэрлэдэггүй бүх зүйлийг урдаас авдаг. Энэ нь нэг талаар хүндрэлтэй байдлыг бий болгодог. Зарим үед нийлүүлэлт тасарна, зарим үед чанар муутай ирдэг. Гэхдээ Хятадын бүх барааг муу гэж хэлж болохгүй.  Бидний хувьд Монголд орж ирж байгаа Хятадын барааны дэргэд илүү чанартай, найдвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа юм.
-Үйлдвэр байгуулаад ажиллахад хамгийн хүндрэлтэй байсан зүйл юу байсан бэ. Одоо хэчнээн хүнийг ажлын байраар хангаж байна вэ?
-Манай компанийн хувьд тендерийн дагуу эмнэлгүүдэд бүтээгдэхүүнээ нийлүүлж байна. Хөдөө орон нутгуудын хувьд бага зэргийн дутагдалтай байна. Өнөөдөр нийт төрж байгаа эхчүүдийн 25 хувийг нь нэг удаагийн эмнэлгийн хэрэгслээр хангаж байна гэдэг бол бага тоо. Бид  хамгийн багадаа 60 хувьд хүргэх боломж байна. Үйлдвэрийн хүчин чадлын хувьд ч хангалттай төвшинд хүрээд байна. Хамгийн гол нь эмнэлгүүд өөрсдөө санаачилга гаргаж, салбарын яам нь бодлогоороо эмнэлгүүдийг дэмжих хэрэгтэй. Үндэсний үйлдвэрээ дэмжиж, ижил төстэй барааг хил гаалиар оруулж ирэхдээ татварын ялгавартай тариф тогтоох арга хэмжээг авч ажиллавал үндэсний үйлдвэр хөгжих бүрэн боломжтой.
Манай эмийн үйлдвэр 70 гаруй ажилчин байгаагаас үүний 20 гаруй нь эмнэлгийн нэг удаагийн хэрэгслийн үйлдвэрт ажилладаг. Нэг бүтээгдэхүүн үйлдвэрээс гарахдаа хамгийн багадаа 5-6 дамжлагатай.  Бид бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулбал ажлын байр тэр хэрээр нэмэгдэх боломж байгаа. Учир нь, үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүндээ тааруулж хүн хүчээ дайчилж байна.
-Зарим иргэн үндэсний үйлдвэрлэлтэй ижил төстэй импортын барааг сонгох нь элбэг байдаг. Учир нь, үнэ өртгийн хувьд хямд гэдэг. Танай үйлдвэрлэж буй эмнэлгийн нэг удаагийн хэрэгсэл импортын бүтээгдэхүүнээс юугаараа ялгаатай вэ?
-Хятадад үйлдвэрлэсэн Монголд үйлдвэрлэсэн хоёрт чанарын хувьд асар том ялгаа бий. Монголд үйлдвэрлэсэн бараанд ямар орц найрлага орсон бэ гэдгийг мэргэжлийн хяналтаас эхлээд бүх байгууллага хянаж, тогтоодог. Чанар, аюулгүй ажиллагаагаа шалгуулж, бүх шатны хяналтаар оруулсны дараа зах зээлд гаргадаг. Харин Хятадад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний чанарыг хэн хянаж байгаа вэ. Хил гаалийн хаагуур нь ороод ирэв, улсад хэдий хэмжээний татвар төлж байгааг тогтооход эргэлзээтэй л байдаг. Бид бүтээгдэхүүнийхээ чанарын баталгааг 100 хувь хариуцдаг учраас ямар нэгэн асуудал гарахад хариуцлагаа хүлээдэг. Гэтэл урдаас оруулж ирсэн бараанд хариуцлага хүлээх ойлголт байхгүй. Гол ялгаа нь энэ.
Үндэсний үйлдвэр гэхээр муу юм үйлдвэрлээд байна гэж ойлгож болохгүй. Монгол хүмүүс бие биедээ итгэж, дэмжиж байх хэрэгтэй. Хамгийн гол нь чанар, стандарт сайтай байх ёстой.
-Таны хувь үйлдвэрлэгч хүний хувьд баримталдаг гол зарчим юу вэ?
-Баталсан стандарт, дүрэм журмын дагуу бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх ёстой. Манай бизнес бол тэс өөр сэтгэлзүйтэй. Хүмүүст хэрэгцээтэй, нэн яаралтай, шаардлагатай зүйлийг мэс заслын практикт хэрэглэдэг. Хэвлийн хөндийг хагалж байхад манай бүтээгдэхүүнийг тэнд хэрэглэж байна шүү дээ. Энэ талаас нь харвал бид маш өндөр сахилга, хариуцлагатай, хагас цэргийн зохион байгуулалттай ажилладаг.
Миний хувьд 37 дахь жилдээ эрүүл мэндийн системд ажиллаж байна. Монголд эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрийг хөгжүүлэхийн төлөө бүхий л насаараа ажиллаж байна. Ашиг хайхаасаа илүү Монголдоо үйлдвэр эхлүүлж, бидний дараа, дараагийн үе маань улам сайжруулаад авч явах ёстой. Бид юу ч хийхгүй суугаад байж болохгүй. Юм хийж, эхлүүлж байж л үр дүн гарна. Хамгийн гол нь үйлдвэрлэгч болохын тулд биесээ хүндэтгэдэг, дэмждэг байх ёстой.
-Нууц биш бол цаашдын зах зээлийн хэтийн төлөвлөгөө хуваалцаж болох уу?
-Цаашдаа бид эм эмнэлгийн нэг удаагийн хэрэгслээс гадна эмнэлгийн ажилчдын хувцас хийх чиглэлд илүү анхаарч ажиллах төлөвлөгөөтэй байгаа. Манай үйлдвэр ариутгалын маш том баазтай болсон учраас үүнийгээ ганцхан нэг удаагийн хувцас, хэрэгсэл гэхгүйгээр цаашдаа бид шприцны үйлдвэр байгуулахаар ажиллаж байна. 2019 оны сүүл юм уу, 2020 оны эхээр шипризний үйлдвэрийг ашиглалтад оруулна. Монголд шприцны жижиг үйлдвэр байгаа ч дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж чадахгүй, дийлэнхийг нь хоёр хөршөөсөө авч байгаа. Гэтэл манай хоёр хөрш хамгийн их ДОХ-той байна. Энэ нөхцөлд гаднаас шприц авах нь аюултай. Тиймээс дотооддоо дуслын систем, шприц хийх нь хамгийн чухал.
Бидний бизнесийг гол дэмжигч байгууллага бол арилжаа банк. Хамгийн авууштай нь жил ирэх тусам банкны зээлийн хүү буурч байна. Дээр нь, Хөгжлийн банкнаас олгосон импортыг орлох, экспортыг дэмжих зээл маш том дэм болсон. Нийтдээ 2.2 тэрбум төгрөгийг жилийн 9 хувьтай зээл авч, үйлдвэрлэлээ байгуулсан. 2019 оны есдүгээр сар гэхэд ямар ч асуудалгүйгээр зээлээ бүрэн төлж дуусна.
undefined
undefined
undefined
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн