Засгийн газрын ээлжит хуралдаанд Зам тээвэр хөгжлийн яамнаас баруун болон зүүн коридорын төмөр замын төсөл, Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн хурдны автозамын төслийг танилцуулж, дэмжсэн байна. Энэ талаар ЗТХ-ийн сайд Л.Халтар мэдээлэл өглөө.
Тэрээр “Монгол Улсад хэрэгжих төмөр замын бүтээн байгуулалтын ажлууд буюу 2010 онд УИХ-аас батлагдсан Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын бичиг баримтад заасан нэг, хоёрдугаар үе шатын ажлуудыг гүйцэтгэх барих, ашиглах, шилжүүлэх концессыг МТЗ ТӨХК-д олгосон. Тус тогтоолын биелэлтийг хэлэлцэж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон Шинэ сэргэлтийн бодлогод туссан баруун болон зүүн босоо чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг барих, ашиглах, шилжүүлэх нөхцөлтэйгөөр МТЗ ТӨХК-д үргэлжлүүлэн олгохоор боллоо.
Баруун босоо төмөр зам нь Арцсууриас Нарийнсухайт Шивээхүрэн чиглэлийн 1255 орчим км төмөр зам юм. Зүүн босоо төмөр зам нь Чойбалсангаас Хөөт, Хөөтөөс Бичигт чиглэлийн 420 орчим км зам баригдахаар төлөвлөлөө. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар тус замуудын дагуу байгаа уул уурхайн ашиглалт болон хайгуулын лиценз эзэмшдэг байгууллагуудтай хамтарч тус төслийг хэрэгжүүлнэ. Төсөл хэрэгжиж дууссаны дараа манай улсад 2725 орчим км төмөр замын сүлжээ нэмэгдэх юм.
Эдгээрээс гадна энэ оны эхний хагаст багтан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын тээвэрлэлтийг эхлүүлж, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг ашиглалтад оруулна. Мөн Богдхан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, Улаанбаатар төмөр замын суурь бүтцийн шинэчлэлийг хийнэ.
Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Шинэ сэргэлтийн бодлогод тусгаснаар Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн хурдны автозамын олон улсад нээлттэй тендерийг зарлах гэж байна. Өмнө нь нэг бус удаа тендер зарлаж, шалгаруулж байсан ч гүйцэтгэл тааруу байсан учир цуцлагдаж байсан. Тиймээс хурдны автозамыг барихад олон улсын нээлттэй тендер зарлахаар шийдсэн.
2020 онд Монголын автозамчдын холбоо тус төслийн ТЭЗҮ-ийн урьдчилсан тооцоог гаргаж, тухайн үедээ Засгийн газраар хэлэлцсэн. Өнөөдрийн хуралдаанаар тус тооцоо дээр ачааны урсгалын тооцоог нэмж хийх чиглэлийг өглөө. Энэ оны хоёрдугаар сарын 15-ны дотор багтааж олон улсын тендерийг зарлана” гэлээ.
Үүний дараа тэрээр сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Эрээнд гацсан ачаа барааг хэзээ татаж дуусгах вэ?
-Эрээнд 900 орчим чингэлэг саатаад байна. Нэгдүгээр сард эхний тээвэрлэлт хийснээс хойш 500 гаруй чингэлэг оруулж ирсэн. Өдөр 60 гаруй чингэлэг оруулж байгаа. Энэ чигээрээ энэ сарыг дуусахад бүх ачаа бараагаа татаж дуусгана. Өөрөөр хэлбэл, 7-8 хоногийн дотор дуусна.
-Алтанбулаг-Замын-Үүдийн хурдны зам Дарханы замын араас орох вий гэдэг шүүмжлэл байна?
-Өмнөх шиг алдаа давтагдахгүй. Гүйцэтгэгч мөнгөө гаргаад автозамаа бариад тодорхой хугацаанд монголын төрд үнэ төлбөргүй шилжүүлж өгөх юм.
-Дарханы зам хэзээ дуусах вэ?
-Засгийн газрын хуралдаанаар 2023 онд дуусгах чиглэл өгсөн. Энэ дагуу ажил төлөвлөгдөөд явж байна.