Монголын Хүүхдийн зохиолчдын холбооны тэргүүн, дэд профессор, хүүхдийн зохиолч Н. Энхтайвантай хийсэн ярилцлагын үргэлжлэлийг хүргэж байна. Эхний хэсгийг ЭНДээс уншина уу. -Юун түрүүнд таны уран бүтээлийн онцлогоос яриагаа хэлье. Бүтээлүүд тань ихэвчлэн шүлэглэсэн хэв маягаар бичигдсэн байдаг юм билээ. Ингэж бичих нь хүүхдэд илүү ойлгомжтой байдаг юм уу?
-Уран зохиолын төрөл зүйлээс хүүхдийн уран зохиолын төрөл хамгийн хүнд төрөл бөгөөд хүүхдийн зохиолын үг хэллэг, хэл найруулга, нас сэтгэхүйн онцлогт тохируулан бичих нь хүүхдийн зохиолчоос нөр их хөдөлмөр, авъяас шаарддаг. Нэн ялангуяа хүүхдийн бүтээл туурвихад амаргүй Хэдий жижигхэн шүлэг мэт боловч маш оновчтой үгийн сонголтоор, хорвоогийн сонин содонг таниулах хэрэгтэй болдог. Бага насны хүүхдүүд шүлэглэсэн хэлбэрээр бичсэн номыг амархан тогтоож цээжилдэг юм. Би бага ангийн хүүхдүүдэд зориулсан танин мэдэхүйн чиглэлийн “ Ногоон дэлхий” цуврал номнуудыг бичиж уншигч олон хүүхдийн хүртээл болгосон. Хүн байгаль хоёр хүйн холбоотой байдаг учраас хүүхдийг багаас нь эх дэлхий, амьтан, ургамал, жигүүртэн шувуудыг хайрлан энэрэх хүүхдэд байгаль, экологийн боловсрол олгох, танин мэдэхүйг хөгжүүлэх зорилготой номоо бичдэг. Мөн номныхоо агуулгын дагуу зургаар баяжуулдаг, хүүхдүүд зохиолоос минь жүжигчилсэн тоглолт их хийдэг. Манайд хүүхдийн номын мэргэжлийн зураач байдаггүй ч гэлээ мэргэжлийн зураачаар номынхоо зургыг зуруулдаг. Учир нь хүүхэд номоо уншиж, танин мэдэхээс гадна, дуурайж зурах дуртай байдаг.
Хүүхдийнхээ төлөө санаа тавьдаг улс үндэстэн хүүхдийн зохиол бүтээлийнхээ зураг, хэлбэр, хийцэд ихээхэн анхаарал тавьдагийг тэдний зохиол бүтээлээс харж болно.
-Хүүхдийг номоо ойлгож унших зөв дадалд суулгахгүй байснаар ямар ямар сөрөг нөлөө гардаг юм бол?
-Ирээдүйд хамгийн их амжилт гаргаж, бие хүн болон төлөвшихөд нөлөөлөх чухал зүйл бол зөв дадал хэвшил юм. Харин энэ зөв дадал хэвшлийг эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгч бид хүүхдүүддээ олгож, бий болгож өгөх хэрэгтэй. Нэн түрүүнд томчууд манай гэрт хүүхдүүдийн минь сонирхолыг татах ном зохиол хэр олон байгаа билээ, бид хүүхдүүддээ цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд нь хэрхэн тусалж байна, хамгийн сүүлд хүүхэддээ хэзээ ном авч өгч, хүүхэддээ хэзээ ном уншиж өгсөн билээ гэсэн асуултуудыг асуугаад үзэх нь зүйтэй. Өнөөдөр ахлах, дунд ангид Уран зохиолын хичээл долоо хоногт ганцхан цаг ордог. Бага ангид монгол хэлний хичээлийг унших, бичих, ярих, сонсох хэлбэрээр орж уран зохиол хавсарга болгон ордог бөгөөд унших бичиг буюу уран зохиолын хичээл хасагдсан нь даан ч харамсалтай. Үүгээр уран зохиолын соён гэгээрүүлэх, танин мэдүүлэх нийгмийн үүрэг, ач холбогдол алдагдаж байна. Энд нэг жишээ дурдъя. Хэдэн жилийн өмнө Москва хотын 263 дугаар сургуулийн ахлах ангийн сурагч сургуульдаа буутай нэвтэрч, гал нээж бусдыг шархдуулж, багшийгаа буудан хороосон хүний амь эрсэдсэн эмгэнэлтэй явдал гарсан. Энэ эмгэнэлт үйл явдлын дараа ОХУ ын ерөнхийлөгч Владимир Путин хийсэн мэдэгдэлдээ, “Энэ үйл явдал бол эмгэнэл юм. Бид залуу үеэ уран зохиол, хөгжим, театр, драмын урлагийг ойлгодог, уран сайхны мэдрэмжтэй болгон хүмүүжүүлэх хэрэгтэй юм. Хэрвээ энэ бүхэн зохих ёсоор хийгдэж байсан бол өнөөдрийн Москвад болсон эмгэнэлт явдал гарахгүй байсан билээ” гэж хэлсэн байдаг. Путин “Орос хэл, уран зохиол, соёлоо эрхэмлэн хайрлах нь даяарчлагдсан ертөнцөд өөрийн байр сууриа хадгалах үндэсний аюулгүй байдлын асуудал мөн Уран зохиол түүгээр олгох боловсрол онцгой ач тустай гэж үзээд зарлиг гаргаж ОХУ-ын Ерөнхий боловсролын сургуулиудад оросын утга зохиол заах цагийг хоёр дахин нэмэгдүүлсэн байдаг. Мөн 2017-2018 он шилжих мөчид хэлсэн үгэндээ ХХI зууны орос орныг авч явах шинэ орос хүнийг хүмүүжүүлэхэд утга зохиолын үүрэг асар их, үүнд кино, театр, музей, телевиз зэрэг бусад урлагийн байгууллага туслах ёстой. Манай эрдэмтэд үүнд судалгаа хийж хөтөлбөр боловсруулж яаравчлан ажиллах хэрэгтэй гэсэн. Ингээд эрдэмтэн судлаачдын багаар Оросын хүүхэд багачууд, өсвөр үеийнхний унших номын жагсаалтыг гаргуулсан байдаг. Уг жагсаалтад 770 орчим зохиол орсоны 70 орчим хувь нь үндэснийх нь утга зохиол багтсан байна. Ер нь иймэрхүү жагсаалт хөгжингүй улс орон бүрд байдаг. Дээр дурдсан хоёр жишээнээс үзэхэд хувь хүний, хүүхдийн хүмүүжил боловсрол, хүн чанарын асуудалд урлаг уран зохиол ямар их нөлөөлдгийг харуулж байна. Нийслэлийн боловсролын газраас энэ онд “Ухаалаг монгол хүүхэд” уншлагыг дэмжих хөтөлбөрийг ЕБС болон СӨБ-ын байгууллагын хэмжээнд хэрэгжүүлж байгаа нь сайшаалтай. Үүнд, 2-16 насны үечлэлээр 15 ангилалд 150 номын нэрсийн жагсаалтыг гаргажээ. Гэвч эдгээр 150 номын 70 орчим хувь нь гадаадын уран зохиол, орчуулгын зохиол үлдсэн хувь нь монголын зохиолчдын зохиол бүтээл байна. Уг нь монгол ухаан , монгол ёс суртахуун, өв уламжлалыг хүүхдүүд номноос л олж авч байгаа. Дээрхи оросын жагсаалттай харьцуулахад өдөр шөнө шиг ялгаатай харьцаа гарч байна. Тухайн үндэстний хэлний хөгжлийг уран зохиолоос нь ангид төсөөлөх ч боломжгүй. Уран зохиол нь үндэстний ч, хувь хүний ч хэлийг хөгжүүлдэг, бас уран сайхны сэтгэлгээ буюу хийсвэр сэтгэлгээг хөгжүүлдгээрээ онцгой үүрэгтэй. Хэл сэтгэлгээ хоёр салшгүй холбоотой. Хэл хөгжиж байж сэтгэлгээ хөгжинө.
-Тэгвэл хүүхдийн зохиолчдийн маань ном ховор хэвлэгдэж байгаа учраас төдийлөн хүүхдүүдэд хүртээмжтэй байж чадахгүй байна уу?
-Үндэсний болон гадны хүүхдийн зохиол бүтээлүүд хангалттай хэвлэгдэж байгаа болохоор хүүхдэд хүрэх хүртээмж муу гэж хараахан хэлж болохгүй. Харин манай улсад уншлагын номын сангийн хүрэлцээ хангалтгүй байгаа. Ялангуяа алслагдсан гэр хорооллын хүүхдүүд хотын төврүү явж ном уншиж чадахгүй байгаа учраас ном унших дадал зуршил суухгүй байна. Хүүхэд хөгжих, унших нөхцөл нь хангагдахгүй байна. Хүүхдийн эрхийн тухай конвенцийн үндсэн дөрвөн зарчимд Хүүхдийн дээд ашиг сонирхлыг дээдлэх, Ялгаварлан гадуурхахгүй байх, оролцоог дэмжих, эсэн мэнд амьдрах ба хөгжих гэж тодорхойлсон байдаг. Гэтэл бид хүүхэд хөгжих эрхийн зөрчиж байна. Жишээ нь, хотын төвд хүүхдийн ганц төв номын сантай, хүүхдийн уран бүтээл туурвидаг мэргэжлийн урлагийн байгууллага ганц, хүүхдийн оролцоотой театр хуруу дарам цөөхөн байхад бид яаж хүүхдийн уран зохиолын хүртээмжийг дээшлүүлэх тухай ярихад хангалтгүй байна.
-Тэгвэл та хүүхдүүдийн чадварыг хөгжүүлэх үүднээс ямар бүтээлүүд гаргахыг эрмэлздэг вэ?
-Шинэ оны босгон дээр уншигчиддаа зориулан өнгөт зурагтай, монгол, кирил бичгээр Монгол ахуйн 33 хайкутай “ХӨХ ТЭНГЭРИЙН ДООР”, байгалийн тухай 33 хайкутай “ТЭНГЭР ТЭНГИСИЙН ДУНД”, амьтдын тухай 33 хайкутай “ЖИМБҮҮРИЙН ЭГШИГЛЭН” гурван цуврал номоороо бэлэг бариад байна. Хүүхдийг соён гэгээрүүлэх, хүн байх ухаанд сургах, урлагийн сайхныг номноос олж авдаг учир тэрхүү номын ертөнцөд хүүхдүүдийг оруулахын тулд хүүхдийн уншлагын номын сантай болох юмсан гэж олон жил хүсч мөрөөдөж байна. Энэ хүслээ биелүүлэхийн тулд, хамтарч ажиллаачээ гэж Баянгол дүүргийн Засаг дарга Одонтуяад хандаад хоёр жил болж байна. Би юу хүссэн бэ гэхээр надад өөрийн өмчлөлийн газар, байшин нь байна үүнийг номын сангийн зориулалтын болгож өөрчилөхөд бага ч атугай туслаач ээ гэсэн юм. Хашаандаа өөрсдийн гараар тарьсан 20 гаруй төрлийн мод, бут сөөг, жимсний модтой, их сайхан тохижуулсан. Манай Баянгол дүүргийн 10, 11,23-дугаар хороо гэр хороолол бөгөөд ойролцоо нь 28, 48, 13- дугаар сургууль байдаг. Тиймээс эдгээр хүүхдүүдэд зориулж хүүхдийн зохиолч, монгол хэл уран зохиолын багш хүний хувьд БГД-ийн 11-р хороонд байршилтай өөрийн хашаа, амины сууцыг өөрчилж, уншлагын номын сан болгох ажилдаа зориг шулуудан орох гэж байгаа. Төрийн байгууллагыг харвал удаашралтай, үнэндээ бүтэхгүй юм билээ. Тиймээс би энэ хавраас гэр хорооллын хүүхдүүдэд зориулсан Хүүхэд хөгжлийн төв, уншлагын номын сангийнхаа ажлыг эхлүүлнэ. Манайх гэрийн баялаг номын сантай. Гэр хорооллын хүүхдүүд орчин муутай, харанхуй, тохьгүй газар ялгаварлагдахгүй байгаасай гэж боддог. Хүүхдүүд ирээд хичээл хийж, ном уншиж, өөрсдийгөө хөгжүүлж, цаашдаа бүр дугуйлан, сургалтууд үнэ төлбөргүй ажиллуулна гэж төлөвлөсөн.