АН-ын даргын сонгуулийн сурталчилгаа гурав дахь өдрөө үргэлжилж байна. Энэ удаагийн Арлчилсан намын даргыг сонгох сонгуульд шинэ залуу 70, 80 оны залуус тунан үлдэж, шинэчлэлийн мөрийн хөтөлбөрөө танилцуулж байгаад гишүүд, дэмжигчид нь талархалтай хандаж байна.
АН-ын даргад нэр дэвшигч УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Ардчилсан залуучуудын холбооны тэргүүн С.Эрдэнэболд, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, Нийслэлийн Ардчилсан намын дарга Д.Пүрэвдаваа нар өнөөдөр АН-ын ахмадууд болон Говь-алтай, Говь-сүмбэр, Баян-өлгий аймгийн гишүүд, дэмжигчидтэй цахимаар уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Нэр дэвшигчид хэлсэн үгэндээ АН-ын дараалсан ялагдал, уналт, хагарал, бутралын шалтгаанд дүн шинжилгээ хийж, даван туулах гарц шийдлийн талаар өөрсдийн байр суурийг илэрхийлж, эв, нэгдэл, хамтын удирдлагын тогтолцоог бий болгох ёстой гэдгийг онцолж байсан юм.

-АН-ын даргад нэр дэвшигч О.Цогтгэрэл: Миний бие АН-ын даргын сонгуульд "Цуг шинэчилье" гэсэн уриатайгаар оролцож байна. Шинэчлэл бол зөвхөн АН-ын бус, Монгол Улсын асуудал. Энэ намд бүрэн шинэчлэл шаардлагатай гэж боддог. АН илүү хөдөлгөөнтэй, үзэл баримтлалтай, цахим, хурдтай нам болж өөрчлөгдөх ёстой. Боловсон хүчний бодлогоор, иргэн, төрийг холбох ёстой. Шинэчлэл гэдэг дарга солихын төдийхөн ойлголт биш. Ялангуяа Ардчилсан намын шинэчлэл бол хэлбэрийн төдийхөн ажил биш. Бид иж бүрэн шинэчлэл хийж чадвал үлдэх, үгүй бол “арчигдах” том сорилтын өмнө байна.
Ардчилсан хөнгөн, хурдан, хүртээмжтэй, холбогддог болж байж сонгогчдын ой тоонд дахин өөрөөр байршина, ахин сэргэн мандана. Энэ өөрчлөлтийг шат шатны гишүүдтэйгээ цуг шинэчлэхээр энэхүү сунгаанд өрсөлдөж байна. Ардчилсан Монгол Улсаа, Ардчилсан намаа “мосттой” болгох Шинэчлэлийн 4Х хөтөлбөрөө танилцуулж байна.
Ардчилсан намын бодлого чиглэл намын дэмжигчид гишүүддээ хүртээмжтэй болж нийгмийн бүхий л бүлэгт хүрэх ёстой. Сонгууль болохоор ухуулагч болох, ухуулгын материал тараагаач хэмээн ахмадууд дээрээ очдог төдий нам байх ёсгүй. Бодлого чиглэлдээ оролцуулдаг байх хэрэгтэй. Олон зүйл яригдана. Өнөөдрийн Ардчилсан намын уналт доройтол, сэргэлт зэрэг олон зүйл дээр бид гарц гаргалгаа гаргаж ажиллана. Жишээ нь, сумын намын хороо бараг л байргүй шахуу байдаг. Энэ бүгдэд гарц гаргалгаа хийж ажиллана.
АН-ын даргад нэр дэвшигч С.Эрдэнэболд: Намын байрнаас яриагаа эхэлье. Намын байр гэдэг зөвхөн намын дотоод үйл ажиллагаанд зориулахаас гадна олон нийтэд хандах гол газар байх ёстой гэж үзэж байна. Тэгж байж бид ардчиллыг түгээн дэлгэрүүлнэ. Бид ардчилсан намын шилэн байр гэх концепц хийж байна. Үүнийхээ төсөл хөтөлбөр судалгааг гаргачихсан байна. Би намын даргын сонгуульд ялсан эс ялснаас үл шалтгаалж энэ төслийг хэрэгжүүлнэ.
Дараагийн төсөл нь 21 аймагт байгуулах Ардчилсан намын төсөл хөтөлбөрийн төв гэж бий. Төрийн ордон тойрч өндөр цамхаг дотор тамгаа булаацалддаг биш, Улаанбаатар хотын гэр хороолол зонхилсон төвүүдэд асуудал шийддэг төсөл хөтөлбөрүүдийн төв байгуулах болно. Энд ахмадуудын төвийг байгуулна гэж үзэж байна.
Мөн тэтгэврийн реформ хийх ёстой. Өнөөдөр аль нэг банкинд өргүй, зээлгүй ахмад байхгүй. Гэхдээ тэд өөрөө тансаглах гэж зээл аваагүй. Үр хүүхдийнхээ сургалтын төлбөр, байрны зээлийг төлөх гэж яваад байгаа. Монгол Улсад мөнгө байхгүй биш байгаа. Хөшөө бунхан барихдаа баруун, солгойгүй мөнгө зарцуулдаг хэрнээ ахмадуудаасаа мөнгө харамладаг Монголын төр байж болохгүй. Ахмадуудаасаа мөнгөө харамладаг Ардчилсан нам байж болохгүй.
Миний мөрийн хөтөлбөр “Шинэ Ардчилсан нам” гэсэн нэртэй. Үүнд гурван зорилтыг дэвшүүлж байна. Нэгд, бид жинхэнээсээ эв нэгдэлтэй байх ёстой. Хуурамч эв нэгдэл, хэлбэрийн төдий эв нэгдэл биш жинхэнээсээ эв нэгдэлтэй байх ёстой. Хоёрт, бодлогын сөрөг хүчин. Бид сөрөг хүчний ажлыг сөрөхийн төлөө, бусдыг муулах, популизм хийхийн төлөө биш харин ард түмнийхээ эрх ашгийг хамгаалахын тулд, Монгол Улсын язгуур ашиг сонирхол болсон ардчилал хүний эрх, эрх чөлөө парламентын засаглалыг хамгаалахын тулд хэрэгжүүлдэг нам байх ёстой.Гурав. Ялагч 24 гэдэг хөтөлбөрийг дэвшүүлж байна. Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийг ил тод болгоно. Улс төрийн намыг бодлогын шинэ төвшинд гаргахад хичээж ажиллах ёстой. Ардчилсан нам ялахын тулд хүн ам руугаа орох ёстой. Төрийн ордон тойрч тауэр, цамхаг хэсч тамга тэмдэг булаацалддаг биш ард түмнийхээ дунд асуудал шийддэг тогтолцоо руу орно.

АН-ын даргад нэр дэвшигч О.Амартүвшин: Ахмадын үг алт гэж бий. Манай нам гишүүдээсээ холдчихсон. Мөн ахмадынхаа үгийг сонсдоггүй. Ахмадынхаа үгийг сонсдог зөвлөл заавал байх ёстой. Тэтгэвэр гэдэг та бүгдийн залуу насандаа хөдөлмөрлөсний дараа үед хэрэглэх ёстой мөнгө шүү дээ. Үүнийг татвар мэт авч байгаа нь үнэхээр харгис төрийн шийдвэр гэж үздэг. Тэтгэвэр гэдэг татвар биш юм. Тэгэхээр бид хамтын тэтгэврийн сан гэдгийг дахин зайлшгүй хөндөж ярих ёстой.
Хамгийн гол бидний алдаа бол нөгөө л эв нэгдэл хагарал бутрал байлаа. Миний мөрийн хөтөлбөрт эв нэгдэл, санхүүжилтийн талаар маш тодорхой орсон байгаа. Энд өрсөлдөж байгаа дөрвөн залуус намын шинэчлэлийн төлөө л өрсөлдөж байна. Эв нэгдлийг сахихын тулд өөрөөс шалтгаалах бүгдийг хийж ажиллана.
Санхүүжилт ил тод байх ёстой. Мөн намын байрны асуудал. Өөрөө орох оронгүй байж бусдыг яаж сайхан амьдруулах юм. Өөрсдөө айлын хаяанд байж бусдыг яаж сайхан амьдруулах юм. Тэгэхээр намын байрыг шийдэх, санхүүжилтийг шийдэх мөн энэ өөрөө ил тод шилэн байх бидэнд олон том боломж бололцоо бий. Бид улс орныхоо хөгжлийг ярьдаг болмоор байна. Сүүлийн арав гаруй жил бид дандаа л тулга тойрсон гэр бүл жижиг асуудлаа яриад байна. Асуудлаа томоор нь багцалж ярьдаг. Том асуудлыг шийдэх зарчмаар жижиг асуудал нь шийддэг хөгжил дэвшил ярьдаг улс үндэстэн болох юмсан гэж хүсэж мөрөөддөгөө мөрийн хөтөлбөртөө би маш тодорхой заасан. Миний бие ардчиллын таван ялалт, цаашлаад энэ нь ард түмний таван ялалт юм гэдэг үндсэн үзэл санааг дэвшүүлж байна. Үүнд эв нэгдэл, үзэл санаа, Ерөнхийлөгчийн сонгууль, УИХ-ын сонгууль, үндэстний ялалт хэмээх таван зорилтыг тавьж ажиллана.

АН-ын даргад нэр дэвшигч Д.Пүрэвдаваа: Миний хувьд "Зогсолтгүй урагшилж, Тогтвортой хөгжье" гэсэн уриатай, "Тогтвортой хөгжил" мөрийн хөтөлбөртэй оролцож байна. Богино, дунд, урт хугацааны бодлого гэж ажлаа эрэмбэлсэн. Богино хугацаанд, өнөөдөр үүсээд буй талцлыг шийдвэрлэхэд оршино. Ялангуяа, намын дарга төвтэй бодлогоос, гишүүн төвтэй бодлогод шилжих ёстой гэж үзэж байна. Өмнө нь намын дарга гишүүн хасах, нэмэх зэрэг асуудлыг дангаар шийддэг байсан. Тэгвэл намын гишүүд хамтаар шийдвэр гаргадаг байгууллага болох ёстой. Намын талцал эрх баригчдад боломж олгож байна. Дунд хугацаанд, 2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийг маш сайн боловсруулж, 76 боловсон хүчнээ бэлдэхдээ иргэдийн дунд нэр хүндтэй хүмүүсээс сонгох ёстой. Одоо нийт сонгогчдын 44 хувийн саналыг авсан нам парламентын 80 хувийг бүрдүүлж байна. Тиймээс дунд хугацаанд энэ асуудлыг шийдвэрлэнэ. Урт хугацаанд, зарим оронд хүсээд ч олдохгүй байгаа энэ ардчиллыг "тордож" авч явна".
Ээж маань 90 оны намын гишүүн учраас намын жаргал зовлонг сайн мэднэ. Ярихаасаа илүү үр дүнтэй байх ёстой гэж бодож байна. Ахмадын хороо гэх ямар ч төсөвгүй хороо гаргаад тавьчихдаг. Ерөнхийдөө боловсон хүчний мэдэл, төсвийн мэдэл өгөхгүйгээр үр дүн нэхээд хэрэггүй гэж харж байна. Тийм учраас ахмадын хороондоо боловсон хүчний мэдэл өгөх ёстой.
Хэрэв намынхан маань Пүрэвдаваа надад итгэл үзүүлж, ялбал намын төв байрандаа тодорхой хэмжээгээр ахмадын төлөөллийг байлгах болно. Ахмадын хороондоо төсвийн эрх өгнө. Манай ахмадууд хүндлэл, үйл ажиллагааны санхүү, эрүүл мэндийн чиглэлд анхаараач хэмээн хардаг. Миний хувьд энэ гурван асуудлыг цогцоор нь шийдэж болно гэж хардаг.
Цахим уулзалтад оролцсон гишүүд, дэмжигчид эв нэгдлээ эрхэмлэж, намаа эрс шинэчлээрэй гэдэг захиасыг хэлж, нэр дэвшигчдэд амжилт хүслээ.