Open iToim app
Таны сонорт | 6 мин уншина

Зөвлөмж: Хоёр настангуудын адармаатай занг хэрхэн засах вэ

Зөвлөмж: Хоёр настангуудын адармаатай занг хэрхэн засах вэ
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2020 оны 1 сарын 29
Балчир насны хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн үлгэр дууриал, зөв хандлага, хүмүүжлийн эерэг аргуудын мэдлэг ихээхэн нөлөөлдөг. 
Та хүүхдийнхээ МангааБиш харин Бахархан дуурайх ээж аав нь болоорой. Ингээд 2 настангуудад гардаг адармаатай занг хэрхэн эерэгээр засаж болохыг эндээс уншаарай!
Хоёр настай хүүхэд маань этгээд зан гаргаад, үг авахаа болилоо. Хэрхэн зөв хүмүүжүүлэх вэ?
Зөвлөмж: Хоёр нас бол нялх үеэс балчир насанд шилжих шилжилтийн үе. Энэ насны хүүхдэд бие бялдар болон оюун ухаан, нийгэмшихүйн хувьд олон өөрчлөлт гардаг. Тэдний үгийн сан идэвхтэй нэмэгдэн, 300-400 үгийн баялагтай болж, “Энэ юу вэ”; “Тэр хэн бэ” гэх зэргээр асуулт тавин төлөөний нэр, тэмдэг нэр, үйл үгийг ашиглан, богино өгүүлбэрээр ярьж харилцаж эхэлнэ. Үүгээрээ өөрийгөө бусдаас ялгаатай, бие даасан хувь хүн гэдгийг зохих хэмжээгээр мэдэрч, аливаа зүйлийг бие даан хийхийг оролдоно.
Өөрийнхөө хэмжээнд биеэ дааж, “би өөрөө” хэмээн өөрийгөө илэрхийлэн, бүх зүйлийг ганцаараа хийх гэж оролдоно. Өмнөөс нь хийх, өөрийг нь хийлгэхгүй байхад дургүйцнэ. Уураг тархины хөгжлийн хувьд тархинд саатлын үйлээс илүүтэй хөөрлийн процесс давамгайлна. Энэ нь аливаа зүйлд анхаарлаа төвлөрүүлэх, тэвчээртэй хандах, өөрийн үйлдлийг эзэмдэх чадвар суугаагүй байна. Мөн хөөрлийн үйл нь хүчтэй учир амархан цочирч, удаан тайвшрах нь бий. Хүүхэд өмнө нь үгэнд ордог дуулгавартай байсан бол зөрүүдлэн, “Үг дуулахаа болино”. Тэд харилцаандаа ихэвчлэн “Үгүй” гэдэг үгийг хэрэглэнэ, заримдаа ааш нь олдохгүй, “олон ааш” гаргаж, томчуудын тэвчээрийг барах нь энүүхэнд. Энэ үед нь эцэг эх, насанд хүрэгчид хэрхэн харилцаж, тэдэнд аливаа зүйлийг яаж ойлгуулах вэ?
Дараах зүйлийг анхаараарай.
  • Хоёр настай хүүхэд эцэг эхээсээ анхаарал, хайр, халамжийг хүсдэг. Иймд эцэг эх нь тэднийг ойлгож, тааламжгүй байдлыг нь хамтдаа хуваалцаж байна гэдгийг мэдрүүлэх нь чухал.
  • Хүүхдийнхээ сэтгэлийн хөдөлгөөнийг чөлөөтэй илэрхийлэх боломжоор хангаарай. Хүүхэд бүр сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлэх өөр өөрийн онцлогтой гэдгийг санаарай. Энэ насандаа тэд ихэвчлэн баярлах, хөөрөх, уурлах эгдүүцсэнээ чанга хашхирах байдлаар илэрхийлнэ. Хүүхдийн аливааг эсэргүүцсэн сэтгэлийг хүчлэн хориглох биш тэдэнд ойлгомжтой “хэлээр” тайлбарлан ойлгуулаарай.
  • Хүүхдийнхээ сэтгэлийн хөдөлгөөн, мэдрэмжийг хүндэтгэж харилцаарай. Бага насны хүүхэд ”уур, бухимдал”, “айдас” гэж юу байдгийг сайн ойлгоогүй байдаг. Энэ насанд бие даах гэсэн хүсэлтэй холбоотой илрэн гаргаж буй зан араншинг насанд хүрэгчид дэггүй болж байна, сахилгагүй гэж үзэх өөрийн байр сууриас хандах хэрэггүй.
  • Хоёр настайдаа хүүхэд өлсөж байгаагаа тэр болгон ойлгодоггүй, ядарснаа ч тэр бүр мэдэрдэггүй. Иймээс тэдний амрах, хооллох цагийг эцэг эх, насанд хүрэгчид зохицуулан тогтмол цагт унтуулж амраан, шим тэжээлтэй хоол хүнсийг, тохиромжтой цагаар өгөхөд анхаараарай.
  • Хүүхдийн хүмүүжлийн талаар гэр бүлийн гишүүдийн баримталдаг арга барил нь нэгдмэл байх шаардлагатай. Эцэг эхийн шаардлага зөрөх, нэг нэгнийгээ үгүйсгэх, хүүхдийнхээ хажууд нэг нь өмөөрч, нөгөө нь буруу гэх мэтээр хүүхдэдээ ойлгомжгүй байдлыг бүү үзүүлээрэй. Ийм хоёрдмол байдал нь хүүхдийг таагүй нөхцөлд оруулж, өөртөө итгэх итгэлийг бууруулдаг.
Хүү маань цэцэрлэг дээрээ хүүхэд хазаад байна. Хэлээд, заагаад нэмэр алга. Аав нь багадаа тийм байсан гэсэн. Буруу гэдгийг яаж ойлгуулах вэ?
Зөвлөмж: Ямар үед танай хүүхэд хазах зан үйл гаргаж байгааг ажиглах хэрэгтэй. Цэцэрлэгт хажуугаас нь барьж байсан тоглоомыг нь булаагаад авах, эсвэл түүнийг түлхэх зэрэг үйлдэлд хүүхэд өөрт бодогдож, мэдрэгдэж байгаа зүйлээ хүүхэд үгээр тайлбарлан ойлгуулж чадахгүй болохоороо бухимдаж, гомдлоо бусдыг хазах, цохиж авах зэргээр илэрхийлэх нь байдаг. Хэл ярианы хөгжил тааруухан дотогшоо чиглэсэн хүүхдэд ийм байдал илүү ажиглагддаг. Мөн хүүхэд заримдаа ядрах, өлсөх, урам хугарах, эсвэл бухимдсан тохиолдолд өөрийгөө удирдах чадвар дутмагаас дээрх авир, үйлийг гаргах нь бий. Хэрэв энэ зан байдлыг нь засах оролдлого үр дүнгээ өгөхгүй байвал хүүхдийн түрэмгий үйлдэл бас өөр шалтгаантай байж болно. Гэр бүлийнхэн нь маргадаг, амьдралын нөхцөл байдал өөрчлөгдөх (байр сууц нь өөрчлөгдөх, дүүтэй болох гэх мэт) зэрэг нөхцөлд мөн иймэрхүү зан авир гаргаж өөрийгөө илэрхийлэх талтай. 
Эцэг эхийн хийж болох зүйл: Хүүхдийнхээ хаздаг зан авирыг өөрчлөхийн тулд та дараах аргыг хэрэглээд үзээрэй. Эхлээд хазуулсан хүүхдэд нь анхаарал тавь. Хазуулсан хүүхдийг энхрийл, аргад. Өөрийг нь нэг их тоохгүй бай. Ингэснээр хүүхэд тань миний хазах ч нэг их сайн зүйл биш гэдгийг мэдэрнэ. “Болохгүй” гэдгийг хэл. Хазсан тохиолдол бүрт нь хариу үйлдэл үзүүл. Хүүхдээ холдуулаад тур зуур тайвшрах хугацаа олго. Тэгээд хүүхдийнхээ харааны түвшинд очиж явган суугаад, “Хазаж болохгүй”, “Хазах нь бусад хүүхдийг өвтгөдөг” гэсэн цөөхөн үгийг тууштай бөгөөд хатуухан өнгө аястайгаар хэлж бай. Хазмаар байвал үүнийг хаз гээд тоглоом, алчуур өгөөд хазуулж үз. “Дахиад хазаж болохгүй” гэдгийг давтан хэлж бай. Энэ нь эхний үедээ үр дүнгүй байж болно. Гэхдээ яваандаа хүүхэд үүнд анхаардаг болно. Хаздаг хүүхдийг уурлаж, зодож хашраана гэж байхгүй. Тэгээд ч хүүхэд хазъя гэж хазахгүй бөгөөд хүмүүжилгүйдээ ч хазаж байгаа хэрэг биш юм. Хазах бол өөрийгөө илэрхийлэх, хамгаалах байдал. Хазах зан үйлийг засахгүй орхивол, цаашдаа гайгүй болох байлгүй дээ гээд зөнд нь орхивол, “ингэж болдог юм байна, зүгээр хэвийн зүйл” гэж ойлгоод дадал хэвшил болж болзошгүй. Тиймээс хазуулахыг болиулахад таны уйгагүй, тэвчээртэй харилцаа, дэмжлэг хэрэгтэй.
Тиймээс хаздаг хүүхэдтэй аль болох элэгсэг дотно хандаж, тэдэнд яавал “сайн” үйл байж болох вэ гэдэг тухай ярилцаж, өөрийгөө мэдрүүлж, өөрийгөө илэрхийлэх өөр арга замаа олоход нь туслах чухал.
Манай охин юмаа их харамладаг. Би уг нь охиноо бусдад юмаа өгч авалцдаг хүн болоосой гэж бодох юм. Аль нь зөв бэ?

Зөвлөмж:  Дийлэнхдээ, аливаа зүйлээ бусдаас харамлах үе бол 2-3 насанд илүү их ажиглагддаг. Учир нь энэ үедээ хүүхэд тойрон хүрээлж буй орчноосоо өөрийгөө салган авч үзэж чаддаггүй ба бүх зүйл өөртэй нь нэгдмэл нэг зүйл мэт харагдаад байдаг. Энэ бол хүүхдийн насны онцлог буюу хөгжлийн нэгэн үе шат гэдгийг ойлгох нь чухал. Хүүхэд бие даан, “Энэ миний тоглоом, энэ миний ээж, миний ахынх” гэх мэт өөртэй нь хамааралтай юм бүхнийг өмчлөх, харамлах зан байдал их гаргадаг. Энэ асуудал дээр санаа зовох хэрэггүй, хүүхэд бүрт байдаг зан авир, хөгжлийнх нь нэг үе шат, балчир насны бие даах хүслээ хэрэгжүүлэх гэсэн оролдлогын илэрхийлэл гэдгийг л ойлгох хэрэгтэй. Энэ насны хүүхэдтэйгээ элэгсэг дотно байдлаар аливаа зүйлийн учрыг тайлбарлан таниулж харилцах хэрэгтэй. Ингэхдээ эцэг эхчүүд өөрсдөө тэвчээртэй, амгалан тайван байдлаар хүүхэдтэйгээ харилцаж, “Энэ бол миний охины тоглоом энэ бол аавын цамц, энэ бол ээжийнх, энэ ахын дэвтэр” гэх мэтээр тайлбарлан, өөрийн болон хүний юмыг илүүтэй ялгаж салгаж ойлгоход туслах нь зөв. Ингэснээр бусадтай тоглоомоо хуваан тоглож болох юм байна. Энэ бол миний тоглоом, энэ хүүхэд бүрмөсөн авч явахгүй юм байна гэдгийг аажимдаа ойлгож эхэлдэг. Харин охинтойгоо сайн ярилцаж, өөрийн юмаа бусдаас хамгаалах гэдэг бол зөв боловч бүх зүйлийг харамлаж, хамгаалах гэдэг энэ зан байдлыг аажмаар засан тайлбарлаж ойлгуулах замаар энэ зан байдлыг арилгаж, илүү нийтэч болгон хүмүүжүүлэх боломжтой. Аливаа зүйлийг танин мэдэж байгаа энэ насанд хүүхдийнхээ танин мэдэхүйн хөгжлийн явцад нь тулгамдаж буй энэ мэт асуудлыг тайлбарлаж, үлгэрлэн зааж, тэвчээртэй хандахгүй бол хүүхдийн хөгжилд сөргөөр нөлөөлж, өөрийн тоглоом болон эд юмыг нуух, бусадтай нийцтэй тоглож чадахгүй болох, эсвэл хэт өөрийн тоглоом болон эд зүйлийг тоохгүй хаяж, эмх цэгцгүй болох зэрэг сөрөг нөлөөтэй тул өөрийн эд зүйл болон хүний эд зүйлд зөв хандах харилцаа хандлагыг сайн суулгахад таны хичээл зүтгэх ихээхэн чухал юм.
Зөвлөмжийг Хүүхдийг Ивээх сангаас бэлтгэв.
www.iToim.mn
+ Дагах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн