Open iToim app

Оюутнууд багштайгаа хамтран ургамлын цай, батганы эсрэг тос, ам зайлагч бүтээгдэхүүн гаргажээ

Нийтэлсэн 2019 оны 3 сарын 26
undefined
МУИС-ийн Хими-Биологийн инженерчлэлийн тэнхимийн багш доктор Б.Даваапүрэв оюутнуудтайгаа хамтран ургамлын гаралтай антиоксидант идэвхтэй "Зуу наслаарай цай", батга эмчлэх "Phyto-acne" тос гаргаж, зах зээл бүтээгдэхүүнээ борлуулж эхэлжээ. Одоо тэрээр оюутнуудтайгаа хамтраад ам зайлагч бүтээгдэхүүн болон хоолойн махны үрэвслийг эмчлэх бүтээгдэхүүн гаргаж, дараагийн гарааны компаниа байгуулахаар ажиллаж байгаа аж.
Сайн багшийн гар дээр эх орны маргаашийн нар манддаг гэдэг. Тэгвэл өөрийн мэдсэн сурсан бүхнээ шавь нартаа харамгүй зааж, тэднийхээ ирээдүйн төлөө бүхнээ зориулан, Б.Даваапүрэв багштай цөөн хором ярилцлаа.
-Био инженерчлэлийн лабораторид ямар судалгаа хийдэг вэ?
-Манай Биоинженерчлэлийн хөтөлбөр маань Хэрэглээний шинжлэх ухаан инженжрчлэлийн сургуулийн Хими, Биологийн инженерчлэлийн тэнхимд харъяалагддаг. Одоогоор судалгааны дөрвөн лабораторитой. Манай Биоорганик хими-Фармакогнози болон Ургамлын Биотехнологийн лабораторит тус хөтөлбөрийн докторант, магистрант, бакалавр курсын нийт 18 оюутан хамрагдаж туршилт, судалгааны ажил хийж байна. Манай лабораторид ямар судалгаа хийдэг вэ? гэвэл Монгол орны ургамал, микроорганизмаас бактерийн эсрэг идэвхтэй, антиоксидант идэвхитэй нэгдэл илрүүлэхийг зорьдог. Сүүлийн үед олон эмэнд дасал болсон, антибиотикт тэсвэржсэн бактерийн эсрэг идэвхийн судалгаа эрчимтэй хийгдэж байна. Мөн Монгол орны эрс тэс уур амьсгалд ургаж, амьдарч чадаж байгаа ургамал, микроорганизмуудаас ховор ашигтай ген илрүүлэх чиглэлийн судалгааг Япон улсын Рикен судалгааны хүрээлэнтэй хамтран хийж байна.
-Биоинженерчлэлийн хөтөлбөрийн ихэнх оюутнууд энэ лабораторид судалгаа хийдэг гэж ойлголоо. Лекцийн анги, цаг хугацаа зэргээс хараат биш болохоор практик үр дүн хэр зэрэг байдаг вэ?
Оюутнууд маань маш идэвхтэй. Бүгдээрээ ирээдүйд инноваци шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, “Үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлнэ” гэсэн томоохон зорилготой. Тэд зуны амралтаараа хүртэл лабораторидоо туршилт судалгаагаагаа явуулдаг. Манай лаборториос одоогоор “Эм Би Пи” гээд нэг гарааны компани байгуулагдсан байгаа. Ургамлын гаралтай “100 наслаарай” цай, батга эмчлэх тос “phyto acne” зэрэг бүтээгдэхүүнийг зах зээлд гаргасан. Одоогоор бид ургамлын гаралтай антибиотикт тэсвэржсэн бактерийг устгах үйлчилгээтэй ам зайлагч бүтээгдэхүүнийг хийж байна. Тус бүтээгдэхүүн маань хөгжүүлэлтийн шатандаа явж байгаа зах зээл дээр арай гараагүй байна.
-Нэг бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хэдий хэр хугацаа шаарддаг вэ?
-Судалгаа, туршилтаар батлах гээд их хугацаа шаардана. Жишээ нь, ам зайлагч бүтээгдэхүүний суурь судалгааг 2014 оноос эхэлсэн. Нэг бүтээгдэхүүн дээр бол дор хаяж 5 орчим жил зарцуулагддаг.
-Та оюутнууддаа хандаж ямар зүйлийг хэлэх вэ?
-“МУИС-ийн оюутан” гэдэг бусад оюутнуудаас өөр байх хэрэгтэй. Хүсэл зорилго мөрөөдөл чиглэлээ тодорхойлсон. Би энэ чиглэлээр явбал ирээдүйд ийм зүйл хийнэ гэсэн зорилгоо ухамсарлаад, тэр талаараа ихийг уншиж мэдээд, өөрийн гэсэн үзэл бодлоо төлөвшүүлэх нь тухайн оюутны хувьд чухал юм. “Аливаа хүн сурах чиглэлийг эрхэм болговоос хандах зүг өөрөө тогтоно” гэж мэргэн үг байдаг.

Н.Төгөлдөр: Ажлын байр байхгүй гэж хэзээ ч бодож байгаагүй

undefined
Б.Даваапүрэв багшийн шавь, МУИС-ийн ХШУИС-ийн био инженерчлэлийн хөтөлбөрийн IV түвшний оюутан Н. Төгөлдөрөөс зарим зүйлийг тодрууллаа. Тэрээр өөрийн дурласан салбар, сонгосон мэргэжилдээ чин сэтгэлээ зориулж, “МУИС үйлвэрлэв” гэх олон арван бүтээгдэхүүнүүдийг зах зээлд гаргахад гар бие оролцож яваа юм.
-Та яагаад био инженерчлэлийн хөтөлбөрийг сонгон суралцах болсон бэ?
-Би арван жилээсээ эхлээд биологийн хичээлд их сонирхолтой байлаа. Энэ нь тус хөтөлбөрийг сонгон суралцахад үндэс суурь нь болсон байх. МУИС-ийн ургамлын био технологийн лаборатори, био органикийн формакагнозийн лаборатори бол цензур нэлээд өндөртэй. Учир нь яг сонирхолдоо хөтлөгдсөн оюутнууд л элсэн орж, судалгаа шинжилгээ хийдэг. Хамгийн гоё нь, бакалавр, магистр, докторын хөтөлбөрийн ангийн оюутнууд, багш нар гээд бүгд хамт лабораторидоо ажилладаг болохоор бие биедээ дэмжлэг туслалцаа үзүүлэх, бусад туршилтын болон судалгааны тал дээр асар их мэдлэг, мэдээлэлтэй болдог.
-Био инженерчлэлийн хөтөлбөрийн давуу талыг та юу гэж харж байна вэ?
-Манай био инженерчлэлийн хөтөлбөрийн оюутнууд “Оюутан солилцоо”-ны хөтөлбөрт маш их хамрагддаг. Ер нь бусад хөтөлбөрүүдээс арай илүү гэж хэлэхэд болох байх. Тухайлбал, Япон,  Хятад, Вьетнам зэрэг Азийн ихэнх улсын их дээд сургуулиудтай хамтын ажиллагааны хүрээнд оюутан солилцооны хөтөлбөрийг тухай бүрт нь зарладаг. Миний хувьд бол Японы ТОХО их сургууль руу  14-21 хугацаанд ахисан шатны судалгаа эхлүүлэхээр өнгөрсөн зун яваад ирсэн.
-Багштайгаа хамтран “PHYTO ACNE” гэх батганы эсрэг үйлчилгээтэй тосыг ургамлаас гаргаж авсан байна. Үүнийг хийхэд хэдий хэр хугацаа шаардав. Таны хувьд тус тосны үйлдвэрлэхэд ямар хувь нэмэр оруулав?
-Энэ батганы тосны хувьд 2008 оноос эхлэн судлагдаж байсан. Ерөнхийдөө бол Япон, Монголын хамтарсан судлаачдын арав гаруй жилийн хөдөлмөрийн үр дүн юм. Би энэ тосыг үйлдвэрлэлийн шатанд байхад нь  лабораторидоо элсэж байв. Магистр, Докторын оюутнууд голчилж ажилласан.  Миний хувьд тус тосны борлуулалт, маркетингийн хариуцан ажилладаг.
-Лабораторийн орчинд шинжилгээ, судалгаа хийх бол их нарийн, мэдрэмж шаардсан ажил байх. Таны хувьд анх тус лабораторидоо орж ирээд алдаа гаргаж байсан тохиолдол бий юу?
-Анх туршилтуудаа буруу хийгээд бүгдийг нь сүйтгэж байсан тохиолдлууд бий. Бид ямар нэгэн алдаа гаргавал тэрийгээ багш нартаа шууд хэлдэг. Багш нар маань ч биднийг загнаж, зэмлэдэггүй. “Дахиж битгий алдаа гаргаарай” гээд засаж залруулах боломж олгодог.  Жишээ нь, нэг цилиндр хагалсан тохиолдолд өрөөний тэмдэглэл дээрээ заавал бичих ёстой байдаг. Үүнийг нь багш нар маань хараад сануулж зөвлөнө. Харин туршилт судалгаагаа дахиж алдахгүйн тулд ханцуй шамлаад дахиад хийж эхэлдэг дээ. Мөн багш нартаа хандаж “их баярлалаа” гэдэг үгийг заавал хэлмээр байна. Сайн багш номноос биш зүрхнээс заадаг санагддаг. Манай багш нар  бүгд сайн багш.
-Бусад хөтөлбөрүүдийг бодвол илүү дадлага, судалгаа, шинжилгээнд суурилсан гэж харагдаж байна. Энэ нь төгсөөд ажлын байранд гарахад маш их туршлага болдог байх тийм үү ?
-Ер нь бол лабораторид орж ирсэн өдрөөс эхлээд бидний туршлага хуримтлагддаг. Бид  хамгийн түрүүнд судалгааны эд зүйлсээ бүгдийг нь угааж цэвэрлэж сурсан. Учир нь хүн шилэн юмтай анх харьцаж эхлэхээр хагалах эвдлэх явдал их гардаг.  Тиймээс бид угааж цэвэрлэснийхээ үр дүнд судалгааны эд зүйлстэйгээ зөөлөн харьцаж сураад түүнийхээ дараа биднийг хариуцаж авсан хүмүүстэйгээ ажиллаж тэднээсээ олон зүйлийг сурч ахисан шатны судалгаа хүртлээ явдаг юм.  Ажлын байр байхгүй гэж хэзээ ч санаа зовж, бодож байгаагүй. Монгол оронд ургадаг асар их микро организмуудыг агуулдаг эмийн ургамал байгаа. Энэ нь манай мэргэжлийн хувьд боломж байгаа гэсэн үг. Дан ганц бүтээгдэхүүн гаргах бус “дэлхийд танигдсан шинэ нэгдэл яагаад гаргаж болохгүй” гэж боддог.
undefined
undefined
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн