Open iToim app
Парламент | 4 мин уншина

Чуулган: Мал хулгайлсан этгээдэд зургаан сар, ихдээ 5-8 жилийн ял онооно

Чуулган: Мал хулгайлсан этгээдэд зургаан сар, ихдээ 5-8 жилийн  ял онооно
Нийтэлсэн 2020 оны 1 сарын 16
УИХ-ын нэгдсэн чуулганаар Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа. Тус хуулийн төсөл батлагдсанаар малын хулгай хийсэн этгээдүүдийг эрүүгийн хуулиар шийтгэж, ял оноох заалтыг орууллаа. Эцсийн хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асууж, хариуллаа.
-УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Ер нь энэ Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль гэж гарснаас болж, маш их ноцтой үр дагаврууд хууль эрх зүйн орчинд бий болсон. Өнөөдөр бид зөвхөн нэг хэсэгт л өөрчлөлт оруулж байна. Малчин иргэдэд малын хулгайн асуудал их гарснаас үүдэн энэхүү хуулийг өөрчилж, засаж байна. Бас нэг заалт оруулж ирсэн шүү дээ. Гэвч түүнийг гүйцэд засаагүй байна. Энэ нь хүн гүтгэх асуудлыг өнгөрсөн их хурлаар зөрчил гэж үзэж, 2.5 сая төгрөгөөр торгодог болсон. Онц ноцтойгоор гүтгэхэд хуучин Эрүүгийн хуулийн шийтгэгдэж, 3-5 жилээр ял оноодог байсан.  Харин одоо больсон. Хүн амины хэрэгт холбогдсон гэж гүтгэсэн ч Зөрчлийн хуулиар шийддэг болжээ. Хүн гүтгэнэ гэдэг чинь нийгмийг зөрчилтэй, үл итгэлцэлтэй, тогтворгүй байлгадаг учраас хатуу ялтай байх ёстой юм. Манай их хурлын гишүүд үүн дээр ял тавьж чадахгүй байгаад би гайхаж гүйцлээ. Өмнө нь яагаад ялладаг байсан гэвэл, нэг гаалийн ажилтан эмэгтэйг ДОХ-той гэж гүтгэснээс болоод тэр эмэгтэй амь насаа алдсан. Хүний алтан амиар 111 дүгээр заалт бичигдэж байсан. Гэтэл хүний амиар бичигдсэн заалтыг аваад хаячихсан. Яагаад хүн гүтгэхтэй эвлэрээд байдаг юм бэ.
-Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар: Өнгөрсөн долоо хоногт Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ  хэлэлцээд баталчихсан. Ц.Даваасүрэн гишүүний хэлснээр гүтгэх гэдэг асуудал торгуулийн ялтайгаар батлагдсан. Мөн зорчих эрхийг хязгаарлах ялтай.
 Мал хулгайлах гэмт хэргийг амьжиргааны эх үүсвэрээс салгасан бол хүндрүүлэх нөхцөл байдал болгож оруулж ирэхийг өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдаан дээр хэлэлцээд УИХ-ын дарга чиглэл өгсөн. Нэгд, галт зэвсэг хэрэглэж мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн бол хүндрүүлэх, хоёрт, хүний амьжиргааны эх үүсвэрээс салгасан бол хүндрүүлэх гэсэн чиглэл өгсөн. Ажлын хэсэг үүнийг хэлэлцээд амьжиргааны эх үүсвэрээс салгасан тохиолдлыг хүндрүүлэх бүрэлдэхүүнд оруулж байгаа. Томьёоллын хувьд ноцтой хохирол, хор уршиг учруулах гэж бий. Энэ нь өмнө батлагдсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5.3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан ноцтой хор хохирол, хор уршиг гэж хохирогчийн амьдралын эх үүсвэр болсон эд хөрөнгийн эрхэд, эсвэл улс орон, хүн амын аюулгүй байдалд ач холбогдол бүхий хохирол хор уршиг учирсныг” гэж томьёолсон байгаа. Энэ дагуу Эрүүгийн хуулийн мал хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болгож 2.5-д ноцтой хохирол, хор уршиг учруулж гэж ажлын хэсгээс томьёолоод байнгын хороо дэмжин та бүхнээр батлуулах гэж байна. Зэвсэг хэрэглэсэн гэдгийг хүндрүүлэх гэсэн хэсэгт оруулах тухайг ажлын хэсэгт хэлэлцээд дэмжлэг аваагүй.
-УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар: Уг хэлэлцүүлгийг манай орон нутгийн малчид анхааралтай ажиглаж байгаа. Энэ үүднээс гишүүд рүү хандаж, холбогдож байна. Өмнөх хэлэлцүүлэгт олон тооны мал, хүндрүүлэх гэсэн хэсэгт нухацтай ярилцсан. Тэр тухайд иргэд ташаа ойлголт авсан байна лээ. Хоёр бод буюу 8 богоос дээш л бол хорих ял оноох юм байна гэж иргэд ойлгожээ. Үүнийг тодруулахад, хэдэн ч мал хулгайлсан шийтгэл амсах нь зөв. Долоон ямаа, нэг бод хулгайлсан тохиолдолд зургаан сараас таван жилийн хугацаатайгаар ял оногдуулна. Хоёр бод буюу найман богоос дээш мал хулгайлбал, 2-8 жил хорих ялтай. Харин хүндрүүлэх нөхцөл байдлыг хууль санаачлагчид дөрвөн зүйлээр оруулж ирсэн. Үүнд, ажлын хэсэг, гишүүдээс хоёр санал нэмэгдээд байгаа. Нэгд, улсын хил нэвтрүүлж мал хулгайлсан бол хүндрүүлэх нөхцөлд оруулж, ял оноох, хоёрт, Ц.Даваасүрэн гишүүний гаргасан амьжиргааны эх үүсвэрээс салгасан буюу таван ямаа, нэг сайлын үнээг нь авбал яах вэ, хоёр бог, найман бодын тоонд хүрэхгүй бол хулгайд тооцохгүй юм уу гэсэн санал оруулсан. Үүнийг ажлын хэсэг, байнгын хороо ярилцан ноцтой хохирол учруулсан бол хэмээн оруулж ирсэн байгаа. Үүнийг хэлэлцэн 2-8 жил хорих ял онох эрхзүйн үндэс бүрдэж байгаа. Мөн малчдын бухимдлыг төрүүлдэг нийтэд тусгай хөдөлмөр эрхлүүлэх ял оноодог заалтыг хассан. Ер нь цаашид хохирол нөхөн төлүүлэхэд ихээхэн анхаарал хандуулах хэрэгтэй гэдгийг хууль хяналтын байгууллагуудад анхааруулж хэлье.
-УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж : Би Л.Мөнхбаатар гишүүнтэй санал нэг байгаа. Статистикаас харах юм бол малын хулгайчид ойролцоогоор таван хүний бүрэлдэхүүнтэй байна. Цагдаа, прокурор дээр очихоор хоёулаа, шүүх дээр ганц хүн болж очиж, бүлэглэсэн хэрэг биш болж хувираад байгаа юм. Энэ нь шүүх дээр очоод шийтгүүлэхээр голцуу найман бод, 24 богоос доош тооны мал хулгайлж, нэг нь хэргээ хүлээж, нийтэд тустай хөдөлмөр эрхлээд, дээд тал нь 30 хоног хөдөлмөрлөж байгаад гараад ирэхээр малчид дургүй байгаад байгаа юм. Үүнийг авч хаяж байгаа нь маш чухал зүйл болж байгаа юм. 17.12.1 дэх заалтаар өнчин ишиг хулгайлсан ч ял авах заалт өмнө ч байсан, одоо ч байгаа. Ер нь бол шорон руу явж, хийсэн хэргээ хүлээдэг хууль бий болж байгаа шүү. Өнгөрсөн онд 1809 малын хулгайн гэмт хэрэг гараад, өргөдөл өгснөөс 1010 нь хуулийн байгууллагаар орж, шийдэгдсэн. Зарим нь мөрдөн байцаалтын шатанд хэрэгсэхгүй болоод нийт 520 хэрэг шүүхээр шийдэгдсэн байгаа юм. Ер нь малын үнэ цаашдаа өсөх магадлалтай байгаа учраас хууль чангарахаас өөр аргагүй нөхцөл байдалд оруулж байна. Мөн малчид хууль хяналтын байгууллагад мэдээлэл өгч, хамтарч ажиллах нь чухал юм.   
УИХ-ын гишүүн С.Жавхлан: Уг хуулийг хүндрүүлж байгаад зөвшөөрч байгаа. Хөдөөний хоёр хөгшин мянган малтай үлдчихсэн байх үед хулгайчид хэдэн малыг нь аваад явахаар дараа нь дахиад их мал авах бий гэж айсандаа цагдаагийн байгууллагад хэлдэггүй тал байна. Малын хулгай 70 хувь ихэссэн нь манай нийгэм ажилгүйдэл ихтэй, хоолгүй байгаад ирэхээр мал руугаа дайрч эхэлж байна. Тэгэхээр одоо төрөөс бодлогоор мянган малаа 60-70 нас хүртлээ харж, тэнхэл нь хүрэхээ болиод байгаа иргэдэд хотод байгаа ажилгүй залуучуудыг илгээлтийн эзэд гэсэн зарчмаар ажилтай болгох хэрэгтэй байна.
 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн