Open iToim app
Бүтээгч | 7 мин уншина

О.Золжаргал: Аюулгүй байдлаа алсын зайнаас хянах боломжтой ухаалаг төхөөрөмжийг бүтээсэн

О.Золжаргал: Аюулгүй байдлаа алсын зайнаас хянах боломжтой ухаалаг төхөөрөмжийг бүтээсэн
Нийтэлсэн 2018 оны 4 сарын 11
Монгол инженерүүдийн эх орондоо хийж бүтээх эрмэлзлийг дэмжиж, өндөр ур чадвараар дэлхийд үнэлэгдэх бүтээгдэхүүн, технологийн шийдлийг хүргэх зорилготой “Ай Ти Зон” компанийн хөгжүүлж буй NetEMS буюу орчны хяналтын системийн төхөөрөмжийг энэ удаагийн “Монгол хүний гараар бүтээв” буландаа онцолж байна.
Цаг, минутаар шинэчлэгдэж буй мэдээлэл технологийн эрин үед монгол инженерүүд мэдлэгт суурилсан оюуны бүтээл болох NetEMS буюу орчны хяналтын системийн төхөөрөмжийг зохион бүтээж, зах зээлд амжилттай нэвтрүүлжээ. Уг төхөөрөмж нь аливаа нэгэн объектод гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой ухаалаг систем юм.
Энгийнээр тайлбарлавал, NetEMS хяналтын системийн төхөөрөмжийг суурилуулсан объектын цахилгаанд ямар нэгэн асуудал үүслээ гэхэд тухайн байгууллагын хариуцагч ажилтанд цаг алдалгүй мэдээлэл очиж байгаагаараа давуу талтай юм байна. Уг төхөөрөмж нь таны объектын аюулгүй байдал буюу орчны температур, гал, чийгшил, ус, системийн доголдлыг хянаж, дата цуглуулдаг. Хэрвээ дээрх параметрүүдэд доголдол үүсэх, цаашлаад гэнэтийн эрсдэл гарахаас нь өмнө урьдчилан сэргийлэх дохиог хэрэглэгчдэд өгч байгаагаараа ухаалаг гэсэн үг. Ингээд NetEMS орчны хяналтын системийг Монголдоо өөрсдийн гараар зохион бүтээсэн Ай Ти Зон компанийн систем интеграцлалын хэлтсийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн ахлах инженер  Отгонбаярын ЗОЛЖАРГАЛ-тай ярилцлаа.
-NetEMS орчны хяналтын системийн хөгжүүлэлт дээр хэзээнээс эхлэн ажилласан бэ. Монгол хүний гараар бүтээсэн орчны хяналтын систем бүтсэн түүхээс ярилцлагаа эхэлье.
-Миний бие 2012 оноос Монгол Улсын Их сургуулийн багш нар болон инженерийн ангийн оюутнуудтайгаа хамтран NetEMS орчны хяналтын системийг зохион бүтээх судалгаагаа хийж эхэлсэн. Тухайн үед  МУИС-ийн багш Баярпүрэв болоод хэсэг багш нар, нийт нөхөд маань “Хайрхан Семикондакторс” гарааны компани байгуулсан. Анхандаа гарааны бизнесийн маань зорилго нь бодит электрон систем бүтээх биш, Chip Designing хийж, түүнийгээ гаднын компаниудад борлуулах зорилготой байсан. Гэхдээ явцын дунд дата центерийг алсын зайнаас хянах NetEMS систем болж өөрчлөгдсөн. Маш сайн судалгааны үндсэн дээр NetEMS орчны хяналтын системээ амжилттай бүтээсэн. Тэр үеэс эхлэн  “Ай Ти Зон” компаниас бидэнд технологийн гарааны бизнес гэдэг утгаар нь хөрөнгө оруулалт хийж, зах зээлд нэвтрүүлж, өдийг хүртэл хөгжүүлээд ажиллаж байна.
undefined
-Тухайн үед орчны хяналтын системээ хэрхэн туршиж, зах зээлд амжилттай нэвтрүүлсэн бэ?
-Манай багийнхан гарааны бизнесийн компаниа байгуулсны дараа  МОБИКОМ ХХК-ийн уулын орой дээрх 20 бааз станцын нэгдсэн хяналтыг хангах томоохон төсөл дээр ажилласан юм. Уулын орой дээр байгаа станцууд гаднын нөлөөлөл, дотоод гэмтэл, температурын доголдол зэрэг олон шалтгааны улмаас саатал гардаг. Энэ хэрээр маш их зардал гаргадаг байлаа. Бид энэхүү асуудлыг шийдэхийн тулд алсын зайнаас тухайн станцын хэвийн ажиллагааг хянах зориулалттай электрон систем, төхөөрөмжийн хамт зохион бүтээсэн нь NetEMS юм. Энгийнээр бол бидний бүтээсэн NetEMS хяналтын систем нь тусгай орчин бүрдүүлэгч (Airconditioner, UPS, Diesel generator, Rectifier г.м) төхөөрөмжүүдээр дамжуулан Улаанбаатараас орон нутаг, алсын зайн станцууд дотор болж буй доголдол, гарч болзошгүй гэмтлүүдийг урьдчилан мэдэх боломжтой болсон. Гэмтлийн шалтгааныг тогтоосноор үр зардлын хэмжээг бууруулж, төхөөрөмж амжилттай туршигдсан.
-NetEMS орчны хяналтын системийн төхөөрөмжийг иргэн аж ахуйн нэгж, компаниудын хувьд хэрхэн зөв зохистой ашиглах боломжтой юм бэ?
-Хүн алхам тутамдаа аливаа зүйлийг хэмждэг. Тухайлбал, өглөө ажилдаа гарахаасаа өмнө цаг агаар ямар байгааг харж, хэмжсэнийхээ дараа шийдвэр гаргадаг. Хүйтэн байвал дулаан хувцаслана, дулаан байвал хувцсаа нимгэлэх зэргээр шийдвэр гаргадаг. Үүнтэй адил хүний хэрэгцээний бүхий л зүйл мэдээллийн технологи руу шилжиж байна. Интернэт, и-мэйлгүй бол ажил явуулахад хүндрэлтэй болсон байна. Үүнийг дагаж интернэтийн дэд бүтэц буюу серверийн өрөөнүүд Монголд том, жижиг янз бүрээр байгуулагдаж байна. Серверийн өрөөний аюулгүй, найдвартай ажиллагаа нь бидний өдөр тутмын хэрэглээтэй зайлшгүй холбоотой. Тиймээс серверийн өрөөний найдвартай ажиллагааг хангахын тулд тодорхой хэмжүүрээр хэмжих шаардлага үүсч байгаа. Бидний хөгжүүлсэн NetEMS хяналтын системийг суурилуулж серверийн өрөөнийхөө чухал параметрүүдийг хэмжиж, түүндээ анализ хийж аюулгүй байдлаа хангах боломжийг олгож байгаа юм. Давуу тал нь орчны хяналтаа ч хийнэ, төхөөрөмжийн хяналтаа ч давхар хийх боломжтой.
undefined
-NetEMS орчны хяналтын систем нь ямар хэмжүүр, параметрүүдийг ашиглан аюулгүй байдлыг хангах юм бэ?
-Ер нь бол  программын бүтцийн хувьд чухал зургаан үзүүлэлтийг суулгасан байгаа. Үүнээс гадна шаардлагатай бусад параметрүүдыг хянах боломжтой. Тухайн захиалагчийн хүсэлтийн дагуу параметрийг хэд л бол хэдээр нь суурилуулж, холбох боломжтой. Тухайлбал, NetEMS хяналтын системийн төхөөрөмжийг тавьснаар температур, чийгшил, хулгайгаас сэргийлсэн зарим дохиоллыг хаалга, цонхонд байршуулж хэмжиж болно. Мөн тухайн оффист ажиллаж байгаа сервер, UPS, зэрэг гуравдагч төхөөрөмжүүдэд тодорхой хэмжээс суулгаж аюулгүй ажиллагааг хянах боломжтой. Төхөөрөмж бүрийг нэг секундын давтамжтайгаар аюулгүй байдлыг хангаж, хэмжинэ. Хэрвээ хэмжүүрийн заасан утгаас зөрөх, дээшээ, доошоо зааж эхэлбэл тухайн объектын холбогдох ажилтны дугаар руу мессежээр  дохио очно.
-Хулгай дээрэм гарахаас сэргийлж олон нийтийн үйлчилгээний газрууд, ялангуяа арилжааны банкуудад суурилуулбал тохиромжтой юм байна. Ер нь энэ төхөөрөмжийг суурилуулаад эрсдэлээс хамгаалсан тохиолдол гарсан уу?
-Одоогоор Голомт банкны нэг салбар дээр суурилуулсан байгаа. Бүтээгдэхүүнээ анх хийхдээ нэгдсэн хяналтын системтэй хийсэн. Ингэснээр суурилуулсан бүх байгууллагууд харагдаж, давхар хянагдаад явна гэсэн үг.
Гарч болох эрсдэлээс хамгаалсан кэйс нэлээд бий. Тухайлбал, NetEMS  төхөөрөмж суурилуулсан өрөөний эйр кондишныг  унтраагүй явснаас болж тухайн өрөөнд маш их халалт үүсээд температурын параметрт өөрчлөлт мэдрэгдэж тухайн объектын харилцагчид мессежээр дохио өгсөн. Мессежний дохиогоор ажил дээрээ ирэхэд эйр кондишн эвдэрсэн байсан. Энэ нь гал түймрийн гарах эрсдэлээс урьдчилан сэргийлж чадсан гэсэн үг.
undefined
-Одоогоор уг төхөөрөмжийг хэрэглэж байгаа хэчнээн байгууллага байна вэ?
-Ойролцоогоор 30 гаруй байгууллагын дата центер, чухал онцгой объектууд дээр байрлуулаад байна. Эдгээр төхөөрөмжийнхөө найдвартай ажиллагааг хангаж, хөгжүүлэлтээ сайжруулаад ажиллаж байна. Энэхүү төхөөрөмж маань илүү байгууллага руу чиглэсэн учраас том биш, жижиг зах зээл дээр борлуулж байгаа. Манай бүтээгдэхүүний гол давуу тал нь үнийн хувьд өрсөлдөх чадвартай байгаа. Чухал объектод зориулж хийвэл тухайн объектоо таарсан үнэлгээгээр зарж борлуулах боломжтой. Бүтээгдэхүүнээ хөгжүүлж байгаа ноу-хау мэдлэгээ ашиглан илүү хялбарчилж энгийн хэрэглэгчдэд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр концепцоо судалж байна. Цаашид гэр автоматжуулалтын системийг хөгжүүлэх төлөвлөгөө бий.
-Амины орон сууц, авто машинд NetEMS  төхөөрөмжийг суурилуулах чиглэлд ажиллана гэсэн үг үү?
-Бүтээгдэхүүнийхээ хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс өргөжүүлэх боломжтой. Манай Ай Ти Зон  компани автомашины хяналтын системийг зах зээлд нэвтрүүлсэн байгаа. Уг бүтээгдэхүүний программ хангамжийг бид өөрсдөө хөгжүүлсэн. Техник хангамж буюу hardver гаднаас авч ашигладаг. Түүнтэйгээ зохицох программ хангамжаараа дамжуулан тухайн машины шатахууны шаталт, эд ангийн хяналтыг хийдэг.
-Гадаад зах зээлд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ нэвтрүүлэх боломжтой юу. Ер нь хүнээ хөгжүүлэх чиглэлд танай компани болон хувь хүний зүгээс хэрхэн анхаарч ажилладаг вэ?
-Гадаад зах зээлд гарах чиглэлд бид судалгаа хийж байгаа. Гадаад зах зээлд зөвхөн бүтээгдэхүүн борлуулах биш, үйлчилгээгээ хүргэх нь манай компанийн нэг зорилго мөн. Тиймдээ ч дэлхийн жишигт нийцсэн инженер бэлтгэж, тухайн инженер нь дэлхийн жишигт дүйцэхүйц ажиллахыг зорилго болгодог. Энэ хүрээнд онлайн сургалтаар байнга өөрсдийгөө хөгжүүлж, мэдээллийн технологийн сургалтуудад байнга хамрагддаг.
Технологийн салбар дотроо гурван төвшинд хуваагдаж байна. Эхнийх буюу өндөр технологийн салбар нь бидний хэрэглэдэг чип дизайныг гарган ажилладаг. Тухайн чипийг ашиглан хавтан, төхөөрөмж хийж байгаа нь технологийн хоёр дахь төвшинд ажиллаж байна гэсэн үг. Дараагийнх нь хийсэн төхөөрөмжийг нь авч ашиглаад автоматжуулалтын систем, системийн интеграцлалын ажил хийж байгаа нь гуравдагч төвшин болно. Өөрөөр хэлбэл бид систем интреграцлалын бүтээгдэхүүн хийж байгаа нь нэг шат ахиж ажиллаж байна гэж ойлгож болно.
 -Ажиллах арга барилаасаа уншигчдадаа хуваалцаж болох уу. Ер нь инженер мэргэжлийн хамгийн сайхан нь юу вэ?
-Инженер мэргэжилтэй хүн төрөлхийн аливаа зүйлийг ухаж, ойлгох, эцсийг нь үзэх зорилготой байдаг. Нэг ажил эхэлсэн бол хэдэн ч цагаар хамаагүй нухаж  сууна. Энэ нь инженер мэргэжлийн онцлог юм болов уу. Инженер хүн нэг зүйлийг нухаж хийсний дараа эцсийн үр дүнг нь үзэж “би үүнийг хийсэн шүү” гэж бахархах, онгирох тэр агшин, мэдрэмж маш гоё. Гэхдээ тэр хүртэлх зам мэдээж дардан байхгүй. Ажлынхаа эцсийн үр дүнг үзэх процесс маш удаан. Тиймээс ирээдүйн инженерүүд аливаа зүйлийг хийхэд тууштай, эцсийг нь үзнэ гэсэн зорилготой байх ёстой.  Миний хувьд  “Ай Ти Зон” компанийн  систем интеграцлалын хэлтэст бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн чиглэлд гурван жил ажиллаж байна. Орчны хяналтын системээ хөгжүүлээд гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Бүтээгдэхүүнээ анх юу ч байхгүй, оргүй хоосноос нь хөгжүүлж эхлээд, одоо зах зээл дээр зарагдахуйц бүтээгдэхүүн болсон байна шүү дээ.
Гэхдээ бидэнд одоог хүртэл өндөр технологийн ноу-хау, мэдлэгтэй инженер, талентууд хэрэгтэй хэвээр байна. Одоо аль болох гадаадад суралцан, ажиллаж буй инженер, бүтээгч залуус маань Монголдоо ирж гар бие оролцож, мэдлэгээ түгээх хэрэгцээ байна гэж хардаг. МУИС-ийн 6 багш, 7 төгсөгч нийлээд NetEMS хяналтын систем, электрон төхөөрөмж бүтээж байгаа бол түүнээс илүү орчин үеийн шилдэг технологийг бид ирээдүйд бүтээх боломжтой гэж харж байна.
Ажиллах арга барилын хувьд багийн SCRUM менежментийг ашиглан өглөө бүр асуудлаа ярилцан, долоо хоног бүр ажлаа дүгнэдэг. Ажлыг хамгийн жижиг хэсэг хүртэл нь хувааж жижиглээд зарцуулах цагийн тооцоогоо гаргадаг.
 NetEMS хяналтын системийн төхөөрөмжийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг  эндээс уншина уу. 
undefined
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн