УИХ-ын өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн дөрвөн гишүүнийг шинээр томилсон. Тодруулбал, Б.Буяндэлгэр, Г.Туулхүү, Ц.Нанзаддорж, Ш.Солонго нарыг Цэцийн гишүүнээр томилсон. Энэ талаар болон цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэтэй ярилцлаа.
-УИХ Цэцэд дөрвөн гишүүнийг томиллоо. Мэргэжлийн бус хүмүүс томилж байна гэсэн шүүмжлэл байсан боловч хоёр намын бүлэг хоёулаа энэ дөрвөн хүнийг дэмжинэ гэдгээ анхнаасаа илэрхийлсэн. Та Цэцийн шинэ дөрвөн гишүүний талаар байр сууриа илэрхийлэхгүй юу?
-Үндсэн хуулийн Цэц бол хуулийн нэршил нь Үндсэн хуулийн шүүх. Үндсэн хуулийн Цэц бүх шүүхийн дээр байна гэсэн үг. Бүх шүүхийн дээр байна гэхээр Цэцийн гишүүд хуулийн салбарынхандаа хүлээн зөвшөөрөгдсөн байх ёстой. Дэлхийн аль ч улсад ийм л байдаг. Тийм ч учраас тусгай дүрэмт хувцастай, Цэцийн дээр хөх тэнгэрээс өөр юу ч байхгүй гэж ярьдаг. Харамсалтай нь манай Цэц өнгөрсөн хугацаанд тийм байж чадсангүй. Улс төрийн захиалгаар шийдвэр гаргадаг, Үндсэн хуулийн Цэцийг улстөрчид нь ч тоодоггүй, иргэд нь ч тоодоггүй. Аймгийн Засаг даргын томилгоо руу хүртэл давхиж ордог болсон. Цэцийн гишүүд улстөрчдийн арын өрөөнд согтуу байхад нь хүртэл таарч байна. Өчигдөр Цэцийн дөрвөн гишүүнийг шинээр томиллоо. Тухайлбал, Ц.Нанзаддорж “Говь-Алтай аймгийн АН-д ажилласан улс төрийн туршлагатай учраас Үндсэн хуулийн Цэцийн гишүүн болж байна” гэж парламентын танхимд ярьж байхыг нь сонслоо. Энэ бол Монгол төрийн эмгэнэл. Өнөөдөр олон олон хуулчьд үүнийг хараад, өчнөөн жил ажилласан шүүгч, хуульчдын дээр ийм хүний суулгаж байгаад харамсаж байгаа өдөр гэж би бодож байна. Хэн нэгэн хүнийг албан тушаал томилохдоо бүгдээрээ зарчим ярьдаг мөртлөө тэр зарчмаа биелүүлэхгүй яваад байна. Энэ байдлаар яваад байвал хэзээ ч тасрахгүй үргэлжлээд л байна. Ер нь Үндсэн хуулийн Цэцийн гишүүн болоход улс төрийн болон төрийн албанд ажилласан гэдэг шалгуурыг авч хаях ёстой. Энэ бол зөвхөн хуульчдын ажил. Дээд шүүхийн дээр байдаг байгууллага шүү дээ. Цаашдаа Үндсэн хуулийн Цэцийн гишүүд парламентад томилогдохдоо тангаргаа олон нийтийн өмнө уншдаг байх ёстой. Энэ асуудлыг Дэгийн тухай хуульд оруулах хэрэгтэй. Цэцийн гишүүд мэргэжлийн болон улс төрийн аль ч шалгуурыг хангахгүй томилогдлоо. Энэ яах вэ олон нийтийн анхааралд оролгүй ингээд өнгөрөх байх. Гэхдээ Цэц гэдэг бол тэтгэвэрт гарсан улстөрчдийн хоргодох байр биш. Цэц гэдэг бол төрийн өмчит компанийн захирал хийж байсан, аль нэг улс төрийн намын сонгуульт ажил хийж байсан хүний хийдэг ажил биш. Өөрийгөө тийм өндөр төвшинд үнэлээд орж ирж байгаа эр зоригийг гайхаж байна. Цаашдаа л ийм байх болих хэрэгтэй.
-Цэцийн гишүүнд Ерөнхийлөгчийн санал болгосон гурван хүнийг бүлгээр хэлэлцсэн. Бүлгийн хуралдаанд та байр сууриа илэрхийлсэн үү?
-Бүлэг дээр асуудлаа яриад олонхоороо шийддэг. Бүлгийн шийдвэр гарсан. Гэхдээ би чуулганы санал хураалт дээр өөрийнхөө байр суурийг илэрхийлээд санал хураалтад ороогүй.
-Үндсэн хуулийн Цэцийн гишүүн асан Д.Сугартай холбоотой асуудлууд байдаг. Бүрэн эрхийнх нь хугацаа өчигдөр дууслаа. Энэ хүнийг шалгах уу, үгүй юү гэдэг асуудал яригдаж байгаа. Та үүн дээр ямар байр суурьтай байна вэ?
Үнэхээр л ямар нэгэн хэрэгт холбогдсон бол хэн ч байсан шалгуулах ёстой. Гэхдээ улс төрийн хилс хэргээр хэлмэгдүүлж болохгүй. Цэцийн гишүүн байсан учраас шалгаж болохгүй байсан бол одоо шалгах ёстой. Стандарт банктай холбоотой асуудлыг шалгах хэрэгтэй. Шалгана гээд хэн нэгний мууг үзэх гээд байгаа юм биш. Монголын төр тэр төлбөрийг төлж болохгүй. Олон нийтийн дунд яваад байгаа энэ асуудлуудыг хууль хяналтын байгууллагынхан шалгаад эцэслэх хэрэгтэй. Тухайлбал, С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарыг Дубайн гэрээтэй холбогдуулан шалгаж байгаа. Хуулийнхнаас асуухаар тайлбар өгөх боломжгүй гээд яваад байдаг. Өөрсдөө тайлбар өгдөггүй. Тэгж байснаа л хорьдог, буцаагаад сулладаг. Гэм буруутай байсан уу, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй үлддэг. Хууль хяналт, шүүхийн байгууллага эцэслэн шийдвэр гаргах тогтолцоо. Оюутолгойн гэрээг хийхэд авилга авсан юм уу, үгүй юу гэдгийг л ард түмэн сонирхож байгаа шүү дээ. Авилга авсан бол тэр хүмүүс ял авах ёстой. Аваагүй бол аваагүйг нь тогтоогоод олон нийтэд ил болгох хэрэгтэй. С.Баяр дарга дээр ч ийм тодорхойгүй асуудал үүсч байгаа шүү дээ. Тэр олон хаустай холбоотой асуудлаа тайлбарлаач ээ гэж байгаа. Хуулийн дагуу орлого олсноо нотолчихвол байж болох л асуудал. Хэрвээ нотлогдохгүй, авилгын хэрэг бол хэн ч байсан хариуцлага хүлээх л хэрэгтэй.
-С.Баяр даргын бие муудаад эмнэлэгт хүргэгдсэн гэсэн мэдээлэл гарсан. Дарга нар ямар нэгэн хэрэгт холбогдоод шалгагдахаар дандаа бие нь мууддаг. Гэтэл жирийн иргэд хуулийн дагуу шалгуулаад, хариуцлага хүлээгээд явдаг шүү дээ?
-Энэ асуудал хоёр талтай л даа. Шүүхээр гэм буруутай нь эцэслэн тогтоогдоогүй байхад хэнийг ч гэм буруутай гэж үзэж болохгүй гэдэг заалттай. Тиймээс хорьж, саатуулаад улс төрийн залхаах байдлаар хандаж байгаа бол буруу. Таслан сэргийлэх арга хэмжээ аваад хууль хяналтын байгууллагууд зайлшгүй шалгаж тогтоох ёстой гэж үзсэн бол энгийн иргэдийн л адил байх ёстой. Тэр хүн ямар ч албан тушаал хашч байсан хуулийн өмнө тэгш эрхтэй байх ёстой шүү дээ.