IELTS-ийн шалгалтад хэрхэн үр дүнтэй бэлдэх талаар “IELTS with Batja” сургалтын төвийн үүсгэн байгуулагч, багш Д.Батжаргалтай ярилцлаа. -Та IELTS-ийн шалгалтыг анх хэзээнээс зааж эхэлсэн бэ?
-Анх 2013-2014 оны үед надад IELTS-ийн оноотой болох шаардлага үүсч байсан. Иймээс анх удаагаа энэ шалгалттай танилцаж, бэлдэж үзсэн. Энэ хугацаанд багагүй олон төрлийн материалууд болон өөр төрлийн эх сурвалжуудаас суралцаж зорьж байсан оноондоо ч хүрч чадсан юм. Ингээд хэсэг байж байгаад 2018 оноос хойш эргэн тойронд байдаг найз нөхөд болон хамаатнуудаас IELTS хэрхэн өгөх үү, зааж өгөөч гэсэн хүсэлтийн дагуу бусдад зааж эхэлсэн. Одоогоор нийт 500-600 төгсөгчтэй болсон байна. Энэ хугацаанд ихэнх сурагчид маань өөрсдийн хүссэн оноондоо хүрч чадсан.
-IELTS-ийн шалгалтын талаар уншигчдадаа мэдээлэл өгцгөөе. Англи хэлний ямар чадваруудыг шалгадаг вэ?
-IELTS-ийн шалгалт нь олон улсад англи хэлний хүлээн зөвшөөрөгдсөн цөөн тооны гол шалгалтуудын нэг. Судалгаагаар жил тутам 3-4 сая хүн өгдөг. Энэ шалгалтыг өгснөөр гадаадад ажиллах, суралцахад тань англи хэлний мэдлэгийг тань бататгах суурь болж өгнө. IELTS бол таныг гадаадад аваачих пасспорт чинь л гэсэн үг.
Шалгалт сонсох, бичих, ярих, уншаад ойлгох гэх дөрвөн ур чадварыг шалгадаг. Чадвар тус бүр дээр зохих оноог авч, энэ нь дундажлагдаж нийт нэгдсэн оноо гарна. Нэг ёсондоо онооны системтэй гэсэн үг л дээ.
-Шалгалт өгөх хүүхдүүдийн гаргадаг алдаа юу байдаг вэ?
-Миний анзаарснаар түгээмэл гаргадаг гурван алдаа байдаг. Нэгд, цаг хугацааны хувьд буруу тооцоолж алдаа гаргадаг. Жишээлбэл, IELTS-ийн шалгалтын дөрвөн ур чадварын гурван чадварыг нэгэн зэрэг авдаг. Ойролцоогоор хоёр цаг 40 минут үргэлжилнэ. Энэ хугацаанд шалгуулагч ямар нэгэн амралт авах, зогсоох боломжгүй. Шалгалтад бэлдэж байгаа хүүхдүүд энэ цаг хугацааг мэдэлгүй бэлдэж байхдаа өөртөө амралт өгч бэлддэг. Жишээлбэл, 30 минут дасгал ажиллачихаад амралт авч цай уух эсвэл тархиа амрааж байгаад хийж эхэлдэг. Энэ шалгалтын нөхцөл байдлаас тэс ондоо учир яг шалгалтад орох үедээ шоконд ордог. Шалгалтын үеэр тархиа амраах эсвэл зогсолт хийх боломжгүй.
Хоёрт, цахим орчинд шалгалтын маш олон материал бий. Энэ нь давуу талтай боловч нөгөө талаараа буруу материал сонгож бэлдэх эсвэл хэт амархан материал бэлдэж орох тохиолдлыг бий болгодог.
Гуравт, төлөвлөгөөгөө зөв гаргах. Хүн бүр өөртөө зорилго тавьж төлөвлөлдөг. Хэзээ шалгалт өгөхөөсөө хамаарч төлөвлөгөөгөө гаргах явцдаа шахуу байх уу аль эсвэл аажим аажмаар байх уу гэдэгт анхаарах ёстой. Жишээлбэл, би шалгалт өгч байхдаа “Burn out” болж материалаас залхаж, хийх хүсэлгүй болж байсан. Энэ нь хэт их бэлдсэнээс шалтгаалсан юм. Би гурав, дөрвөн сарын дараа өгөх шалгалтыг яг л маргааш өгөх гэж байгаа юм шиг л өөртөө хэт их ачаалал үүсгээд, улмаар үүнээсээ залхсан. Энэ бол нэг төрлийн алдаа юм. Нөгөө талдаа мөн эсрэгээрээ хэт бага давтчихдаг. Үүнээсээ болж зорьж байгаагаасаа бага оноо авах магадлал өндөр. Тэгэхээр ачааллаа тааруулж, төлөвлөгөө гаргах бол маш чухал юм.
-Дөрвөн шалгалт дээрээ хэрхэн анхаарч ажиллах хэрэгтэй вэ?
-Дөрвөн ур чадварыг тус бүрд нь тайлбарлаж, зөвлөе.
Сонсох ур чадвар – Та үндсэндээ 40 асуултад хариулна. Хэрэв бүдгийг зөв хариулбал 9 оноо авна. Асуулт өдөр тумын англи хэл дээрх харицлан яриаг сонсож ойлгох, академик орчинд очоод англи хэлийг сонсоод ойлгож чадах уу гэж хуваагдана. Миний хувьд сонсголоо хамгийн сайн сайжруулах арга бол өөрийн сонирхдог зүйлээ англи хэл дээр сонсож үүнийгээ өдөр тутмын амьдралын хэв маягаа бий болгох юм. Жишээлбэл, та эрүүл мэнддээ анхаардаг бол эрүүл мэндийн талаар подкаст сонсож болно. Үүнийгээ өдөр өдөрт сонсоод яваад байхад сонсгол тань аяндаа сайжрана.
-Унших ур чадвар- Мөн адил 40 оноотой, зөв хариулбал 9 оноо авна. Их сургуулиудын шаардлагыг хараад байхад дунджаар 6,5-7 оноог шаарддаг. Энэ оноог авахын тулд та ойролцоогоор 26-30 асуултыг зөв хийсэн байх хэрэгтэй. Таны унших материал академик түвшний сэтгүүл, ном, шинжлэх ухааны материал байна. Иймээс үг таамаглах чадвар чухал. Бүх үгийг нь мэддэг байх албагүй. Энэ угаасаа боломж багатай зүйл. Иймд сэдвийнхээ хүрээнд сайн ойлгож, таамаглах чадвар чухал юм.
Бичих ур чадвар - Хоёр төрлийн эссэ бичдэг. Эхний эссэ бол зурган мэдээллээ харж, түүнийгээ тайлбарлаж бичнэ. Хоёрт, өгөгдсөн асуултын дагуу үгийн тоондоо тааруулж эссэ бинэ. Энэ бол IELTS-ийн хамгийн хүнд шалгалтын нэг. Бичих ур чадвараа сайжруулах явдал бол тогтмол тодорхой сэдвийн хүрээнд бичиж байх чухал. Тэгээд бичсэн эссэгээ мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч, засах хэрэгтэй. Тухайн зөвлөгөөгөө авсны дараа дахин бичиж сайжруулаад дахин зөвлөгөөг аваад яваад байх чухал. Иймээс би энэ сурагч нэг бүртэйгээ тулж ажиллаж, тогтмол зөвлөгөөг өгдөг. Энэ нь сайжрах үндэс болдог юм. Хэрэв та нэг түвшиндээ л бичээд мэргэжлийн хүнээс зөвөлгөө авахгүй яваад байвал сайжрахгүй талтай.
Ярих чадвар- Нийт гурван хэсэгтэй. Эхний хэсэг нь өдөр тутмын яриаг шалгах болно, Өдөр тутам та тухайн англи хэлтэй улсын орчинд нь бусадтай ярьж чадах эсэх. Хоёрт, тасралтгүй хоёр минут ярьж чадах, гуравт, өгөгдсөн сэдвийн дагуу нилээд дэлгэрэнгүй ярина. Зөвлөмж гэвэл ярианы клубт явах мөн өөрөө өөртэйгөө ярьж бэлдэх хэрэгтэй. Утсан дээрээ дуугаа хурааж өөрөөсөө асуулт асууж түүнийгээ дэлгэрүүлж яриарай.
-Таны бодлоор энэ шалгалтад хувь хүн хэр удаан хугацаанд бэлдэх хэрэгтэй вэ?
-Тухайн хүний англи хэлний түвшнөөс шалтгаална. Анхан шатны мэдлэгтэй хүн энэ шалгалтад бэлдэх боломж бага. Учир нь түвшнөө ахиулах хэрэгтэй. Манай төв дунд болон ахисан дунд шатны мэдлэгтэй хүмүүсийг авч бэлтгэдэг. Миний зүгээс мэргэжлийн чиглүүлэг сургалтуудаа 5-6 долоо хоног заах болно. Харин цааш 1-2 сарын хугацаанд сурагчид бие дааж сурсан зүйлээ баталгаажуулж, материалууд дээрээ ажиллаад явдаг. Ингэээд харахад дунджаар гурван сар орчим бэлдэх хэрэгтэй.
-Шалгалтын өдөр юуг анхаарахыг зөвлөх вэ?
-Шалгалтын өмнөх өдөр тайван байж, тархиа амраах хэрэгтэй. Өмнө хийж байсан зүйлсээ нэг харчихад зүгээр. Харин шалгалтын үед хамгийн чухал юм бол сандрахгүй тайван байх хэрэгтэй. Бага зэргийн сандрал байж болох ч хэмжээнээсээ хэтрээд явбал хүн бэлдсэнийхээ хэмжээгээр шалгалтаа өгөх боломжгүй болно. Иймд сайн төвлөрөхийн тулд сандрахгүй, тайван байх чухал.
-IELTS болон бусад англи хэлний шалгалтыг хүүхдүүд том даваа гэж сүрдэж хүлээж авч айдастай байдаг. Тухайн хүүхдүүддээ хандаж та юу хэлэх вэ?
-IELTS бол боломжтой зүйл. Үүний бодит жишээ бол би өөрөө болон манай сурагчид юм. Манай төгсөгч дундаас 8, 7,5, 7 оноо зэрэг өндөр оноонууд авсан хүмүүс олон бий. Тэд ч мөн анх эхлэхдээ дундаж түвшинтэй ирсэн. Харин хичээл, даалгавраа сайн хийж амьдралын хэв маягаа болгож явснаар хүссэн оноондоо хүрцгээсэн. Гадаадад сурах болон туршлага нэмэхээр ажиллахаар явах бол хүний амьдралын томоохон үе. Харин энэ том үеийн хаалгыг нээх түлхүүр бол IELTS. Иймээс өдөр бүр давтаж, өөрийн хүссэн оноондоо хүрээрэй. Энэ бол боломжтой зүйл юм шүү.