Open iToim app
Нийгэм | 4 мин уншина

Сурвалжлага: II, III бүлгийн цус хомсджээ

Сурвалжлага: II, III бүлгийн цус хомсджээ
Нийтэлсэн 2022 оны 8 сарын 30
Сүхбаатар дүүргийн цус цуглуулах төв, өглөөний 8.30 цаг. Цус цуглуулах цэгүүд өглөөний 08.30-12.30 цаг хүртэл ажилладаг тул иргэд ихэвчлэн өглөөгүүр ирдэг аж. Цусаа хандивлахаар ирсэн хүмүүс цус цуглуулах төвийн үүдний хэсэгт “Цусны донорын эрүүл мэндийн карт” бөглөнө. Ар өвөргүй асуулгатай энэ хуудас бол нэг ёсны цусаа өгөхөд тэнцэх эсэхийг сорьсон шалгуур асуулга байдаг. Ингэхдээ ямар нэгэн халдварт өвчинтэй эсэх, сүүлийн саруудад халдвар авах боломжтой шивээс, шүдний эмнэлэг зэргээр үйлчлүүлсэн үү, ойрын өдрүүдэд архи дарс хэрэглэсэн үү гэдгийн лавлана.
Ийн асуулга бөглөсний дараа Цусны бүлэг гемоглобин тодорхойлох өрөөнд орж өндөгнөөсөө цусаа авахуулж, цус багадалттай эсэхээ шинжлүүлнэ. Цус багадалтгүй байвал эмчээсээ бүртгэлийн кодоо аваад зэргэлдээх үзлэгийн өрөөнд орж, даралт болоод бусад амин үзүүлэлтээ хянуулна. Хяналтын эмч тухайн хүний цус өгөхөд тэнцэх эсэхийг давхар нягтална. Хамгийн гол нь тухайн хүнийг эрсдэлд оруулахгүйн тулд цус багадалттай бол цус авахгүй гэдгийг учирлана. Цус  багадалтай хүмүүс өрхийн эмнэлэгтээ очиж эмчилгээ бичүүлээд, цусаа төлжүүлэх арга авахыг зөвлөнө. Цусаа төлжүүлсний цусаа хандивлах боломжтойг эмч зарим зарим иргэд зөвлөж байв. 
Дээрх хоёр өрөөнд орж, шалгалтуудад тэнцсэн бол цус хандивлахаар нийт найман суудал бүхий том танхимд орно. Өглөөний 08.50 цаг гэхэд энэ өрөөний талд нь хүмүүс цусаа хандивлаж байх аж. Харин үүдний хэсэгт цусаа хандивлахаар дөрвөн хүн асуулга бөглөж байв.
Цусаа өгч буй 25 орчим насны эрэгтэйгээс хэд дэх удаагаа, хэзээнээс эхлэн цусаа өгч байгаа талаар нь тодруулбал, “Би арван найм дахь удаагаа цусаа хандивлаж байна. 17 насанд хүрсэн бол цус хандивлах боломжтой болдог. Миний хувьд 20 настайгаасаа цусаа өгч эхэлсэн. Миний өгсөн нэг удаагийн цус гурван хүний амь авардаг гэж бодохоор урамтай байдаг юм. Эрэгтэй хүн хоёр, эмэгтэй хүн гурван сар тутамд цусаа өгч болдог. Энэ хугацаанд өмнөх өгсөн цус нь бүрэн төлждөг учраас бусад залуус айх зүйлгүйгээр цусаа ирж хандивлаарай гэж уриалъя” гэлээ.
Мөн цусаа хандивлаж буй 30 орчим насны эмэгтэйгээс уг асуултыг асуухад “Цусаа хандивлах нь өөрийн цусны эрүүл мэндээ давхар хянуулаад явах боломжтой. Тиймээс цусаа өгье гэж шийдсэн. Энэ удаагийнх миний хоёр дахь хандив. Эмэгтэй хүн сарын тэмдэг ирсэн үедээ цусаа өгч болдоггүй юм билээ. Би нэг удаа ирээд буцсан учраас танай сурвалжлагыг унших уншигчдад анхааруулж зөвлөе. Мөн хүнд хоол унд идэлгүй, аль болох өлөн биеэсээ цус өгч байвал зүгээр гэж эмч зөвлөсөн. Цусаа өгснийхөө дараа сайн унтаж амарч, халуун бүлээн шингэн ууж, дархлаагаа дэмжих чухал юм билээ” гэв.
undefined
Дээрх хоёр иргэний ярианаас цусаа хандивлахаар ирсэн иргэд цус хандивлах талаар мэдлэг, мэдээлэлтэй байдаг нь харагдаж байлаа. Тэгвэл цус Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн Донор зохион байгуулалтын тасгийн Технологич их эмч Х.Мядагмаагаас цус цуглуулах төвийн өнөөгийн нөхцөл ямар байгааг тодрууллаа.
-Зуны улиралд ЦССҮТ-д цус хомсдолд ордог талаар танай төвөөс өмнө нь мэдээлэл өгч байсан. Одоогоор цусны нөөц ямар түвшинд байна вэ?
-Жил бүрийн долоо болон наймдугаар сард цусаа өгөх хүмүүс цөөрдөг. Энэ нь иргэдийн амралт, зугаалгын улирал эхэлж, хөдөө гадаа явж хөдөлгөөнд ордогтой холбоотой. Бид зургадугаар сард цусаа хандивлах 21 хоногийн аян зохиож, иргэдийг идэвхжүүлсэн. Тийм учраас наадмын 10 хоногийн амралтаар ямар нэг цус хомсдлын эрсдэлд ороогүй. Түүнчлэн наймдугаар сарын эхэн үе хүртэл цусны нөөц хэвийн байлаа. Тайван нөөцтэй үед 14-21 хоногийн нөөцтэй байдаг. Харин наймдугаар сарын 10-ны өдрөөс хойш манай төв 5-14 хоногийн нөөцтэй болж анхааруулах түвшинд ирж багаслаа.
-Хоног нь хоорондоо хол зөрүүтэй байна. Зарим бүлгийн цус хомсдолтой байна гэсэн үг үү?
-Тийм. Хоёр болон гуравдугаар бүлгийн цус ерөнхийдөө хомсдолтой байна. Нэг, дөрөвдүгээр бүлгийн цус харьцангуй нөөц хомсдолгүй. Бид авсан цусаа 42 хоног хадгалах боломжтой байдаг.
-Хэдэн насны иргэд цусаа илүү идэвхтэй хандивлаж байна вэ?
-20-35 насны иргэд хамгийн идэвхтэй цусаа хандивлаж байна. Энэ насныхан нийт цусаа өгч байгаа хүмүүсийн 60 гаруй хувийг эзэлдэг.
 
undefined
Дашрамд дурдахад, цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс 70 болон түүнээс дээш удаа цусаа өгсөн иргэнд “Хүрэл донор”, 100-аас дээш өгсөн бол “Мөнгөн донор”, 150-аас олон өгсөн бол “Алтан донор” гэх цол өгдөг байна. Харин манай улсын хувьд Хүрэл донор 100, Мөнгөн донор 53, Алтан донор найм байдаг аж. Харин дэлхий дээр хамгийн олон удаа цусаа өгсөн иргэн Австралид 1230 орчим гэж бүртгэгджээ. Манай улсын хамгийн олон удаа цусаа хандивласан иргэн 220 удаа цусаа өгсөн байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн