Open iToim app
Анализ | 4 мин уншина

Танилц, чиг үүрэг нь давхацсан яам, агентлагууд ба төрийн данхар бүтэц

Танилц, чиг үүрэг нь давхацсан яам, агентлагууд ба төрийн данхар бүтэц
Нийтэлсэн 2021 оны 11 сарын 8
Засгийн газрын бүтэц сүүлийн жилүүдэд улам бүр данхайж сайд, дарга нарын тоо болон төсвийн зардал нэмэгдэж, нэг асуудалд чиглэсэн давхардсан чиг үүрэг бүхий төрийн яам, агентлаг, газар, нэгжүүд олширох болов. Тэдгээр нь үндэсний гэх тодотголтой хөтөлбөрүүд хэрэгжүүлж, чиглэл өгч, тууз хайчилж, хурал, арга хэмжээ, үзэсгэлэн зохион байгуулж, дурсгалын зураг татуулсаар байгаа боловч ч хариуцсан ажил, асуудал нь огт шийдэгдэж, үр дүн гардаггүй. Ийнхүү асуудал үргэлжилж, сунжирсаар ужгарч хэвийн үзэгдэл болсноор дуусдаг.    
Мөн төрийн данхар бүтэц, давхардсан чиг үүрэг бүхий төрийн байгууллагууд нь төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд тодорхой бус байдал үүсгэж, төсвийн үр ашиггүй зарцуулалтыг нэмэгдүүлж, хариуцлагын тогтолцоог ойлгомжгүй болгодог.  
УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн үр дүнд бий болсон Ж.Эрдэнэбатын Засгийн газар 13 яам, тохируулагч 10, хэрэгжүүлэгч 17 буюу нийт 27 агентлагтайгаар байгуулагдаж байв.
Гэтэл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхий сайд бие даан кабинетаа томилдог болсон анхны Засгийн газар буюу У.Хүрэлсүхийн хоёр дахь Засгийн газар 14 яам, тохируулагч 12, хэрэгжүүлэгч 25 буюу нийт 37 агентлагтай болж өргөжсөн юм. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өнөөдөр дээрх бүтцээр ажиллаж байгаа.
undefined
Харин Монгол Улсын түүхэнд анх удаа 18 их наяд төгрөг давсан зардалтай 2022 оны төсвийн төсөлд шинээр хоёр яам, дөрвөн агентлаг байгуулах зардлыг тусгасан.
Тодруулбал, ирэх оны төсвийн төсөлд Эдийн засгийн хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцааны холбооны яам болон И-Монгол академи, Боловсролын ерөнхий газар, Ойн судалгаа, хөгжлийн агентлаг, Сахилгын хороог тус тус байгуулахаар нийт 41.6 тэрбум төгрөгийг төсөвлөсөн.
Хүснэгт: Монгол Улсын 2022 оны төсвийн төсөлд тусгасан шинээр байгуулах яам, агентлагуудын урсгал зардал
Байгууллага
Урсгал зардал/Тэрбум төгрөг/
1
Эдийн засгийн хөгжлийн яам
4.4 
2
Цахим хөгжил, харилцаа холбооны яам
1.9
3
Боловсролын ерөнхий газар
13.5
4
Ойн судалгаа, хөгжлийн агентлаг
12.5
5
И-Монгол академи
7.8
6
Сахилгын хороо
1.5
 
Нийт
41.6
Тухайлбал, Хөгжлийн яам – Үндэсний хөгжлийн газар, Цахим хөгжил, харилцаа холбооны яам – Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газартай чиг үүргийн хувьд давхардахаар байгаа юм. Гэвч төрийн бүтэц дахин томорч, үүний хэрээр төсвийн зардал нэмэгдэж байгаа ч шинээр байгуулах яам, агентлагууд нь төрийн бусад байгууллагуудтай давхардсан чиг үүрэгтэй байгаагийн дээр бусад яам, агентлаг, газруудтай хэрхэн уялдаж ажиллах нь тодорхойгүй байгаа юм.
Харин БОАЖЯ-ны дэргэд Ойн бодлого зохицуулалтын газар гэж нэгж байсаар байтал нэмж 12.5 тэрбум төгрөгийн төсвөөр Ойн судалгаа хөгжлийн агентлаг байгуулах гэж байна. Мөн аль хэдийн чиг үүргийн давхардалтай харагдаж байгаа шинээр байгуулагдах Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар дээр нэмж И-Монгол академи байгуулахад 7.8 тэрбум төгрөгийн тус тус төсөвлөөд байна.
Үндэсний аудитын газраас гаргасан “Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлт”-д: Шинээр байгуулах яам, агентлагийн чиг үүргийг одоо хэрэгжүүлж байгаа байгууллагуудын төсөвтэй уялдуулан, давхардах орон тоо, урсгал зардлыг судалгаанд үндэслэн дахин тооцоолж, зардал бууруулах боломж байна гэжээ.
Давхардсан чиг үүрэг бүхий олон төрийн байгууллага байлаа гээд асуудал шийдэгдэж, тэндээсээ дараагийн түвшний асуудал ярьдаг бол өөр хэрэг.  
Гэвч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Гадаад харилцааны яам болон Ашигт малтмал, газрын тосны газар дөрвөн талд ажиллаад циклийн чанартай шатахууны хомсдлыг шийдэж чаддаггүй болохыг бид сарын өмнө л харсан. Соёлын яам, Соёл, урлагийн газар байлаа гээд Өмнөд Солонгос шиг соёлын экспорт хийгээд байгаа зүйл алга. Соёлын яам болон Оюуны өмчийн газар байлаа гээд манайд оюуны өмчийг хамгаалах асуудал ямар билээ гэдгийг дуулдаг, жүжиглэдэг, бичдэг, бүтээдэг хүн бүр мэднэ.
Нэг аж ахуйн нэгж зөрчил гаргасан асуудалд Цагдаа, Мэргэжлийн хяналт, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар давхардан очиж торгууль, арга хэмжээ авдаг. Бас хянадаг.
Нэг барилга барихын тулд Барилга, хот байгуулалтын яам, Харьяа Газрын алба, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Мэргэжлийн хяналт, Усны газар, Эрчим хүчний яам, Дулаан дамжуулах сүлжээ, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээний үүд сахиж, тухай бүрд бичиг баримт бүрдүүлэх шаардлага үүсдэг.  
Сүүлийн үед бараг компьютер, интернэттэй болгон зах зээлд крипто койн гаргаж, олон иргэд эд хөрөнгөөрөө хохирч болзошгүй асуудалд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо гэх хариуцсан чиг үүрэгтэй төрийн байгууллагууд нь анхааруулга, мэдэгдэл хийхээс цаашгүй.   
Өөр нэг жишээ, Туулын бургасыг хашаалж, хядаад барилга, зам тавьж байгаа асуудал хөндөгдөхөд БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар, Туул голын сав газрын захиргаа, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа гэх байгууллагуудын хэн хариуцах нь ойлгомжгүй. Нэг асуудлыг хариуцсан гурван газар байх хэрнэ асуудал нь эзэнгүй. Мөн БОАЖЯ-нд Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газараас гадна яг ижил шахуу чиг үүрэгтэй Аялал жуучлалын хөгжлийн төв, Аялал жуулчлалын үндэсний төв гэх хоёр байгууллага байх жишээтэй.
Эдийн засаг, хөгжлийн яам болон Үндэсний хөгжлийн газар, Үндэсний хөгжлийн хүрээлэнтэй байлаа гээд Монгол Улсын эдийн засгийн дунд, урт хугацааны хөгжлийн төлөвлөлт, стратегийг боловсруулах гэх угаас эзэнгүй асуудал улам замхрах вий гэх болгоомжлол хэнд ч төрж байгаа болов уу.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн