АШУИС-ийн клиникийн профессор, хүүхдийн сэтгэцийн эмч Д.Энхтуяа уулзаж аутизм өвчний талаар ярилцлаа.
- Ярилцлагаа аутизм өвчнийг тайлбарлахаас эхлэе. Та энэ өвчний талаар дэлгэрэнгүй ярьж өгөөч?
-Аутизм гэдэг үг маань “ганцаардал, зожигрол” гэсэн утга илэрхийлдэг. Энэ өвчин нь анагаах ухааны тийм ч шинэ ойлголт биш. Австрийн эрдэмтэн Лео Каннер гэж хүн 1943 онд энэ өвчнийг хамгийн анх оношилсон байдаг. Түүнээс нэг жилийн дараа мөн л Австрийн эрдэмтэн Ханс Аспергер гэж хүн ийм өвөрмөц хүүхдүүд байна гэж энэхүү өвчнийг оношилсон. Ингээд энэ үеэс аутизм өвчний оношилгоо эхэлсэн гэж үздэг.
Харин Монгол Улсын хувьд энэхүү эмгэг нь сүүлийн таван жилийн хугацаанд л оношлогдож байгаа шинэ төрлийн өвчлөл. Хамгийн сүүлд АНУ-д хийгдсэн судалгаагаар 2-3 жилийн өмнө 68 хүүхэд тутмын нэг нь аутизмтай гэж оношлогдсож байсан. Харин энэ жил хийгдсэн судалгаагаар 50 хүүхэд бүрийн нэг нь аутизмтай гэсэн тооцоог гаргасан.
Үндсэндээ энэ өвчин нь XXI зууны тахал хэлбэрээр маш өргөн тархаж буй эмгэг. Мэдээж ямар ч өвчлөл, эмгэгт үүсэх шалтгаан гэж бий. Харамсалтай нь аутизм өвчин яг юунаас болж, хэрхэн үүсэж байгаа талаарх уг үндсийг нь шинжлэх ухаан олоогүй байна. Гэхдээ хэд хэдэн таамгийг эрдэмтэд дэвшүүлдэг.
Нэгт, дэлхийн цаг уурын өөрчлөлттэй холбоотойгоор хүний бие организм хурдацтай өөрчлөгдөж мутацид орж байна гэж үздэг.
Хоёрт, хүнсний аюулгүй байдал тэр дундаа хүмүүсийн хэрэглэж буй төрөл бүрийн пеститиц, генийн өөрчлөлттэй ургамал, өвс ногоог хоол хүнсэндээ ихээр хэрэглэх болсонтой холбон тайлбарладаг.
Гуравт, хэт суурьшмал амьдралын хэв маяг, хотжилтын сөрөг нөлөөтэй холбодог.
Дөрөвт, вакцинжуулалт, эмийн зохисгүй хэрэглээний асуудал хөндөгддөг.
Энэ бүгдээс эхний гуравт илүүтэй анхаарлаа чиглүүлэн судалгаа, шинжилгээний ажлыг дэлхий дахинд хийж байна.
-Аутизм өвчнийг эрт илрүүлэх боломжтой байдаг гэж сонссон. Хэрхэн оношилдог вэ?
-Аутизм өвчин нь маш бага насанд илэрдэг. Өөрөөр хэлбэл 1,6 сартайгаас 3 насны дотор баттай оношлогддог. Гэхдээ уг өвчний шинж тэмдэг нь бүр хүүхдийг таван сартай байх үеэс нь эхлэн мэдэгддэг. Үнэхээр ажигч эцэг эхчүүд энэ үед нь мэдэж болдог.
Аутизмтай хүүхдэд ямар шинж тэмдэг илэрдэг вэ гэдгийг тайлбарлая. Хүүхдийн сэтгэл хөдлөл зургаа, долоон сартайдаа их сайн хөгжчихсөн байдаг. Гэтэл аутизмтай хүүхдүүдийн хувьд энэ хөгжил удаашралтай байдаг. Өөрөөр хэлбэл бусадтай харилцаж, холбоо тогтоох гэхээр хариу үйлдэл үзүүлдэггүй. Энэ бол хамгийн энгийн шинж тэмдэг. Гэтэл зарим эцэг эхчүүд хүүхдээ аутизмтай гэдгийг мэдэлгүй “өө манай хүүхэд ингээд л унтаад байдаг юм. Их тайван, уйлдаггүй гээд анзааралгүй өнгөрөөд байдаг.
Аутизмтай хүүхдүүдийн хувьд хөлд орох процесс хэвийн явагддаг. Үүний дараа хүүхэд нэг ой 2-6 сар хүрээд ирэхээрээ хүнтэй харьцаж эхэлдэг. Жишээ нь эцэг эх нь “за миний хүү нааш ир. Тэг ингэ” гэдэг ч юм уу ийм энгийн харилцаанд харьцаа тогтоохдоо их удаан байдаг. Хүний харилцааны хэлбэр хамгийн түрүүнд нүдээр эхэлж явагддаг. Тэгэхээр аутизмтай хүүхдүүдийн хувьд нүдээр контакт үүсгэх буюу харилцаа тогтоох чадвар тааруу байдаг. Өөрөөр хэлбэл дуудаад байхад хардаггүй, буруу хардаг, жишүү хардаг зэрэг. Тэгээд юм сонсохгүй байгаа юм болов уу гэхээр сонсгол нь хэвийн байдаг. Нэг ёсондоо хүүхдийн нийгмийн харилцааны асуудалд доголдол гарч байна гэсэн үг юм. Хэл яриа үүсэхгүй байгаа учир харилцаанд орж чаддаггүй.
Дараа нь, аутизмтай хүүхдүүд нэг сонирхсон юмандаа анхаарал нь хэт их төвлөрдөг. Өөрөөр хэлбэл гурав, дөрвөн цагийн турш л нэг барьж авсан тоглоомоороо огт уйдахгүй тоглоод л байдаг. Зөвхөн ганцхан телевизийн суваг, реклам, хүүхэлдэйн киногоо байн, байн давтан үзэх зэргээр, өөр юм үзэхгүй түүндээ л татагддаг. Мөн баярлах, ууртай байна зэргээр сэтгэл хөдлөлөө илэрхийлэх чадамж их муутай байдаг. Тэгээд гэрт нь гаднаас хүн ирдэг ч юм уу, үеийнхээ хүүхдүүдтэй тоглох, харьцах чадамж муу байна. Эсвэл тоглоомын бус зүйлсээр тоглох гээд байдаг. Жишээ нь ус, түмпэн сав, халбага гэдэг ч юм уу эд зүйлсээр тоглох гээд байдаг хандлага өндөртэй байдаг.
Үүний дараа 2, 3 нас хүрээд гадуур дагуулаад явахаар аутизмтай хүүхдэд айдсын мэдрэмж их бага байдаг. Өндөр дээрээс хаа хамаагүй үсрэх, автомашины урдуур гүйчих гээд байдаг ч юм уу ийм мэдрэмжийн талын юм их султай ажиглагдана. Тэгээд өөр шинэ орчинд очихоор дасаж өгөхгүй, сандраад орилох, уйлах зэргээр сэтгэл хөдлөлөө илэрхийлдэг. Дэлгүүрт ороод заавал харсан юм аа авах гээд уурлаад, уйлаад байдаг ч юм уу, авна гэсэн юм аа заавал авч байж санаа нь амарч тайвширдаг гэх зэрэг содон шинж тэмдгүүд илэрдэг. Аутист хүүхдүүд их мэдрэмтгий байдаг. Тэгэхээр хоолны сонголт цөөн байдаг. Тэгэхээр хоолонд нь нэг өөр амтлагч, ногоо хийчихээр иддэггүй. Шинэ хүнсний бүтээгдэхүүн хоолонд нь орсон байгааг үнэрлээд л мэдчихдэг.
Үүнийг мэдэхгүй хүн бол “өө, хүүхдээ сайн хүмүүжүүлээгүй байна. Энэ ямар өөрийнхөөрөө, сонин хүүхэд вэ” гэдэг ч юм уу буруугаар ойлгоод байдаг.
- Аутист хүүхдүүдэд цэцэрлэг, сургуульд ороход ямар бэрхшээл тулгардаг вэ. Хэрвээ тэднийг ойлгоод, зөв харьцаж чадвал оюуны асар өндөр потенциалтай, зарим тохиолдолд итгэмээргүй гоц чадвар харуулдаг гэдэг?
-Ингээд цэцэрлэг, сургуульд орлоо. Аутизмтай хүүхдүүдийн хувьд энэ насан дээрээ нарийн булчингийн хөгжил бага зэрэг саадтай байдаг. Тиймээс үзэг, харандаагаа зөв барьж хэвших дадал сул байдаг. Тиймээс нарийн булчин хөгжүүлэх дасгал хөдөлгөөн хийлгэж байх хэрэгтэй.
Аутист хүүхдүүдийн оюуны чадамж хэвийн байдаг. Сургуульд ороход энэ нь хадгалагдсан хэвээр л байна. Гэвч “за би сургуульд орлоо шүү, ийм шинэ орчинд орж ирлээ, сурах ёстой шүү” гэдэг үүрэг, хариуцлага, ойлголтоо сайн авч өгдөггүй учир анх сургуульд ороход жоохон бэрхшээлтэй байдаг. Тэр үед нь энийг нь зөвөөр ойлгоод багахан дэмжээд өгөхөд л бусадтай яг ижил суралцах бүрэн боломжтой.
Зарим аутист хүүхдүүдэд үнэхээр гоц авьяастай байдаг. Жишээ нь ой тогтоолт, юмыг цээжлэх, уран зураг, хөгжмийн гайхалтай сонсголтой, нарийвчилсан зүйлсэд төвлөрөх зэрэг онцгой чадвартай хүүхдүүд зөндөө бий.
-Манай улсад оношлогдож буй аутизмын тохиолдлуудад ямар онцлог шинж тэмдэг илэрч байна вэ. Монголд аутист хүүхдүүдийн авьяасыг нээх, хөгжүүлэх чиглэлд ямар ажлууд хийгддэг вэ. Аутизмтай гэж оношлогдсон хүүхдүүдийн эцэг эхчүүд юуг анхаарах хэрэгтэй байдаг вэ. Ер нь нийгэм тэднийг хэрхэн хүлээн авах хэрэгтэй вэ?
-Ер нь дэлхий дээр тохиолдож буйтай яг ижил. Энэ эмгэгээр өвчилсөн таван хүүхэд тутмын дөрөв нь эрэгтэй хүүхэд байдаг онцлогтой.
Манайд аутист хүүхдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг гурван том төрийн бус байгууллага ажиллаж байна. Анд хүүхдүүд ТББ гэж байна, Монголын Аутизм судлалын хүрээлэн, Монголын Аутизмын холбоо ТББ гээд гурван байгууллага бүгд нэг нэг чиглэлийг бариад авчихсан маш хүчирхэг ажиллаж байгаа.
Энэ хэд маань өөрсдийн төвүүд дээрээ аутизмтай хүүхдүүдэд чиглэгдсэн янз бүрийн сургалтууд явуулж байна. Аутист хүүхдүүдэд зориулсан тусгай цэцэрлэг ажлуулдаг. Нийгэмд тэднийг зөвөөр ойлгуулах олон чухал ажлыг хийдэг. Үүний ачаар аутизм өвчнийг, аутист хүүхдийг ойлгох хандлага нийгэмд жилээс жилд нэмэгдсээр байна.
Жил бүрийн дөрөвдүгээр сарын 2-ны өдрийг Дэлхийн аутизмын өдөр болгон тэмдэглэдэг. Эдгээр байгууллагууд маань сүүлийн жилүүдэд энэ өдрийг утгаад эрдэм шинжилгээний бага хурал, уулзалт зэрэг үр дүнтэй ажлуудыг их хийсэн. Дэлхий дахинд бол аутизм өвчнийг маш эрт илрүүлж, тохирсон арга хэмжээг санал болгодог. Харамсалтай нь манай Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд энэ зүйл хараахан байхгүй байгаа. Нөгөө гурван байгууллага маань л нэгээс хоёр настай хүүхдүүдэд илрүүлэг хийдэг оношилгооны аргыг ашиглаж байна. Зөвхөн сэтгэцийн эмч, сэтгэл зүйч нар аутизмыг оношилно гэдэг нь өнөөдрийн хувьд нэн бүдүүлэг, хоцрогдсон арга юм даа.
Нэг үеэ бодоход аутист хүүхдүүдийг ажилд авдаг компаниуд олширсон байна. Аутист хүүхдүүд нь анхаарлаа сулруулж, ийш тийш сатаардаггүй, нэг зүйлдээ сайн төвлөрч, үр бүтээмжтэй ажиллаж чаддаг, техник ажиллагаанд маш сайн байдаг нь ажил олгогч нарт их таалагддаг. Ердөөсөө л эдгээр хүүхдүүд маань нэг юмыг эхлүүлсэн л бол яг гараасаа гаргадаг.
Энэ хүүхдүүдийг өвчтэй, солиотой гэж болохгүй. Тийм биш. Үнэндээ бид л дэмжээд өгвөл маш өвөрмөц, онцгой хүүхдүүд юм. Аутист хүүхдэд бусдыг хууран мэхлэх, худлаа ярина гэсэн ойлголт огт байдаггүй. Тиймээс өндөр ёс суртахуунтай, үнэнч, хөдөлмөрч хүмүүс болж төлөвшдөг.
- Сүүлийн үеийн судалгаагаар 50 хүүхэд тутмын нэг нь аутизмтай байна гэж та хэлсэн. Дэлхийн банкны зүгээс хийсэн 2017 оны судалгаанд дэлхийн нийт 7,7 тэрбум хүн амын 2 тэрбум орчим нь 0-14 насны хүүхэд байна. Үүнээс багцаалбал дэлхий дээр өнөөдөр 38,5 сая хүүхэд энэ эмгэгээр өвчилжээ. Харин ердөө 3,3 сая хүн амтай манай улсын хувьд нийт хүн амын гуравны нэг орчим нь 0-14 насны хүүхдүүд. Эндээс харвал манайд өнөөдөр хамгийн багадаа 20.000 орчим хүүхэд аутизмтай байх магадлалтай. Энэ бол манай улсын нийт хүн амын 0,8 хувьтай тэнцэх буюу маш өндөр тоо юм шиг. Хэрвээ бид бүгдээрээ оюуны өндөр чадамжтай эдгээр хүүхдүүдээ зөвөөр нийгэмшүүлж чадвал 20.000 Мозарт, Бетховен, Пикассо, Эйнштейнтэй болох бололцоо байгаа юм байна. Гэтэл бид тэдэнтэй буруугаар харьцвал ямар сөрөг нөлөөтэй вэ. Учир нь одоо хэрнэ аутизмтай хүүхдийг сэтгэцийн өвчтэй, гажиг гэх зэргээр тусгаарлан, ялгаварлан гадуурхах хандлага манай нийгэмд мэр сэр байсаар байна?
-Тэгэхээр, манайд ердөө 2011 оноос эхлэн аутизмыг оношилж эхэлсэн. Үүнээс өмнө 2008 онд нэг тохиолдол гарч ирэхэд манай сэтгэцийн эмч нар гайхаж хүлээж авч байлаа. Бид бүр АШИУС-ийн эмч нартайгаа хамтраад тухайн үедээ хүүхдэд эрт илэрдэг шизофрени юм болов уу гэж л оношилж байсан юм. Анх ингэж л энэ өвчинтэй танилцаж, мэдээлэл авч байлаа. Ингээд 2011 оноос хойш Сэтгэцийн эрүүл мэндийн төвөөр аутизмтай гэж оношлогдсон хүүхдүүдийн тоо үндсэндээ 600 гаруй орчим болчихоод байна. Энэ тоо өөрөө бид үүнийг анхаарах болсон шүү гэдгийг харуулаад байгаа юм. Анх оношлогдож байсан хүүхдүүд маань одоо эхнээсээ насанд хүрч эхэлж байна.
Мэдээж эмнэлгийн нарийн зүйлсийг иргэд төдийлөн сайн ойлгохгүй. Гэхдээ аутизм өвчин маань хөнгөн, хүнд гэх зэрэг хэд хэдэн төрөл байдаг. Түрүүн ярьж байсан оюуны өндөр чадамжтай хүүхдүүд маань бол хөнгөн хэлбэрийн аутизмын тохиолдлууд юм.
Хүнд хэлбэрийн аутизмтай хүүхдүүдэд мэдээж нийгмийн асаргаа шаардлагатай. Манай боловсролын салбар сүүлийн үед хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ бусадтай адил тэгш сургах тактик барьж байгаа нь сайшаалтай. Зөвхөн аутизмтай гэлтгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд жирийн хүүхдүүдтэй хамт суралцах бололцоо бий болсон гэдэг нь бидний яриад байгаа сайн сайхан зүйлийн эхлэл болж байгаа юм. Тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй болон энгийн хүүхдүүд нэг ангид хамт суралцсанаар аажимдаа нийгэм тэднийгээ ойлгох суурь болно. Өөрөөр хэлбэл хүүхдүүд багаасаа хөгжлийн бэрхшээлүүдийн онцлогуудыг мэдэж, ямар онцлогтой хүнтэй яаж харьцах ёстой вэ гэдгийг ойлгож, нэг анги танхимаасаа тэдний чадамж, нөөц бололцоог хараад ирэхээрээ хүлээн зөвшөөрч эхэлнэ.
Бид аутизмыг нийгмээрээ эмчилнэ. Түүнээс эмээр эмчилчихдэг байсан бол аль хэдийн эмчилчихсэн байгаа шүү дээ. Тэдэнд чадвар байгаа. Тиймээс түүнийг нь хэрхэн хөгжүүлэх, нийгэмшүүлэх тал дээр л боловсролын салбар маань ажилчихвал болчихно. Дараа нь манай хувийн хэвшлийн компаниуд маань нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нийт ажилчдынхаа тодорхой хэмжээний хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэнээр бүрдүүлнэ гэдэг хуулиа хэрэгжүүлж, хүн бүрт тэгш боломжийг олгох хэрэгтэй байх. Өмнө нь хэлсэнчлэн ийм хариуцлагатай мундаг компаниуд өнөөдөр зөндөө бий болжээ. Тэд маань аутизмтай хүүхдүүдийг хүнд, хөнгөн гэж ялгалгүй ажлын байраар хангаж байгаа нь л өөрөө энэ өвчнийг нийгмээрээ эмчлэх ганц арга юм. Бид үүнд дээр дооргүй л анхаарах хэрэгтэй.
Манай боловсролын салбарын багш нар ч мундаг байна. Зарим нэг хайхрамжгүй эцэг эхчүүдээс түрүүлээд тэд маань л аутизмтай хүүхдүүдийг анзаарч мэргэжлийн эмчид хандахыг зөвлөдөг. Мэдээж энэ бол багш нарын сурган хүмүүжүүлэх арга зүй, мэргэжилдээ хэр зэрэг хариуцлагатай хандаж байгааг илэрхийлж байгаа нэг хэмжүүр гэж би боддог.